| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00531/И |
| Дугаар | 514 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 514
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг Өндөрхангай сумын Батсайхан багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОК57073011, Таван шарынхан овогт Бишүүдэрийн Дэлгэрсодномын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрсодном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Би 1965 онд Увс аймгийн Өндөрхангай сумын сургуульд элсэн орж 1971 оноос Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад мал маллаж байгаад 1974 оны 8 дугаар сард цэргийн албанд татагдаж 1977 оны 7 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад ажиллаж байгаад 1990 онд мал хувьчлагдаж хувиараа мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрсодном нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1971 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн цалинг шүүн үзэхэд Бишүүдэр овогтой Дэлгэрсодномтой холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
4. Гэрч Ш.Борын шүүхэд өгсөн: “Би 1967 оноос Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад 1980 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Б.Дэлгэрсодном нь 1971 оноос Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд намайг 1980 онд ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Бид нэг нутгийн хүмүүс, тус нэгдэлд хамт ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ. Б.Дэлгэрсодном ажиллах хугацаандаа цэргийн алба хаасан санагдаж байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч С.Бямбабаатарын шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад 1988-1989 оны хооронд бага эмчээр, 1993-1994 онд Өндөрхангай сумын Батсайхан бригадын Тахилтын Давсны “Хүлэг” компанид нярав, борлуулагчаар тус тус ажиллаж байсан. Б.Дэлгэрсодном нь намайг 1988 онд шилжиж очиж ажиллахад тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би Увс аймгийн Өндөрхангай суманд төрж өссөн, тэндээ дунд сургууль төгссөн, нэгдэлд ажиллаж байсан учраас Б.Дэлгэрсодномыг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ш.Бор, С.Бямбабаатар Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Дэлгэрсодном нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь 1971 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж цалин авч байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж цалин авч байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ш.Бор, С.Бямбабаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Дэлгэрсодномын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал 3 жил, 7 сар малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 13 жил, 6 сар малчнаар, нийт 17 жил, 1 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрсодномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Дэлгэрсодномд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Улаанбаатар хотод амьдардаг учир хол замд явж чадахгүй даралт ихтэй учир шүүх хуралд оролцож чадахгүй нь ээ. Энэ шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таван шарынхан овогт Бишүүдэрийн Дэлгэрсодномын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1971 оны 1 дүгээр сараас 1974 оны 7 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 7 /долоо/ сар малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 13 /арван гурав/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, нийт 17 /арван долоо/ жил, 1 /нэг/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрсодномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР