| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00428/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 515
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОП67021501, Гэгээн овогт Жамсрангийн Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 16 настайгаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1989 онд гэр бүлтэй болсноос хойш ажил хийгээгүй билээ. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Жамсрангийн Уранчимэгийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Итгэмжлэл,
3. Гэрч М.Даваажавын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос эхлэн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид барааны нярав, сумын эвлэлийн хорооны дарга, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, Засаг даргын орлогч, засаг дарга зэрэг ажлуудыг 2004 оныг дуустал хийсэн хүн юм. Ж.Уранчимэг нь багаасаа аав ээжийн хамтаар Ховд сумын “Хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадын мал маллаж байгаад 1989 онд Т.Готовтой гэр бүл болж нөхрийн хамтаар сумын төвийн Халиунбулаг бригадад шилжин тэндээ олон жил мал малласан, одоо ч Халиунбулаг багт амьдарч байгаа хүн юм. Түүний аав нь Ж.Жамсран нь өртөөний адуучин, ээж н.Оргодол гэж нэгдлийн саальчин хүмүүс байлаа. Би Ж.Уранчимэгийг нэг нутгийн хүмүүсийн хувьд мөн аав, ээжийг нь сайн таньж мэдэхийн хувьд таньдаг бөгөөд тэрээр бог мал голдуу маллаж байсан, ажилдаа их сайн хүн юм. Би өөрөө сумын Засаг даргын орлогчоор ажилладаг байсан учраас нэгдлийн малчдын ажилтай танилцаж зөвлөгөө өгдөг, малчидтай шууд харьцдаг байсны хувьд сумын иргэдээ сайн таньж мэддэг юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ч.Манжаагийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд боловчсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Ж.Уранчимэг нь 1983 онд намайг “Хөгжил” нэгдэлд ажилд ороход тэнд саальчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хүртэл ажилласан юм. Түүний нөхөр н.Готов нь мөн нэгдлийн малчнаар, аав н.Жамсран нь адуучин, ээж н.Оргодол нь саальчин хийж байсныг би санаж байна. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдлийн даргаар Г.Хөхөө, Э.Жасран, Г.Батхүү гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч М.Даваажавын Увс аймгийн Ховд суманд, Ч.Манжаагийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Жамсрангийн Уранчимэгийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч М.Даваажав, Ч.Манжаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Уранчимэгийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайндаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Т.Сайндаа нь Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор танай шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод эмчилгээнд явах болсон тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гэгээн овогт Жамсрангийн Уранчимэгийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР