Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  хөтлөн,

Улсын яллагч: А.Марал,

Хохирогч Н.Д, түүний өмгөөлөгч М

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч М.М нь “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Дийн “....Би М.Мид 100.000 төгрөг өгсөн, мөнгөө авах гэтэл манайд ирээд ав гэсэн. Би дансаар өгсөн юм чинь дансаар өгчхөөд гэхэд ирээд ав гээд байсан. Надад унтъя гэсэн шаардлага тавиад байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтуу, уусан байсан. Тэр өдөр гэрт нь очсон. Тэгээд би мөнгөө нэхээд байж байсан чинь чамтай унтана хэвтэнэ гээд янз бүрийн юм хэлээд байсан. Тэгээд би нэг явдаг юм уу гээд байж байсан чинь такси дуудаад өгье гээд байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад намайг одоо яв, зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхэд бид хоёр тус тусдаа унтсан. Тэгээд би яаж явах билээ гээд байж байгаад өглөө болсон. Өглөө болоод би мөнгөө авъя гэсэн чинь гарчхаад ирье гээд гараад явсан. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэгээд гарч орж ирэхдээ архи аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би архи авч байхаар миний мөнгийг өгөөч гэсэн чинь удаагүй миний толгой руу хүчтэй цохисон. Би ширээний цаана сууж байхад давж ирээд цохисон. Тэгээд би цохиулчхаад айгаад нөгөө өрөө рүү зугтаагаад ороход араас орж ирчхээд өшиглөөд, үс зулгаагаад байсан. Намайг тархи толгой руу хүчтэй цохиход юу болсныг мэдээгүй би хэсэг манарсан. Тэгээд би баруун гараараа болиоч гээд түлхсэн чинь миний гарыг хойш нь эргүүлж дарж мушгисан. Гар маань тэгэхэд мэдээгүй болсон байсан. Тэгээд би айгаад явах л ёстой юм байна гэж бодоод үүд хэсэг рүү явсан чинь араас ирээд хаалгаар түлхэж гаргасан. Тэгж намайг түлхэж гаргахдаа миний гутлыг араас шидсэн. Тэгэхэд миний гадуур хувцсыг араас шидээгүй байсан. Хувцас маань үүдэнд нь байж байсан. Тэгээд би дээгүүр өмссөн байсан хувцсаа авъя гээд хаалгыг нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд юм үүдэнд нь байж байсан чинь одоо цагдаа ирнэ гэсэн, тэгэхээр нь би за гээд хүлээж байсан. Тэгээд тухайн өдөр ийм хэрэг болоод өнгөрсөн. Удаа дараа намайг хүчирхийлж, тархи толгойд минь хүрч байсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн “…Би Н.Д гэж бүсгүйтэй аялал жуулчлалын шугамаар танилцсан. Н.Д тухайн үед гадаад нөхөртэй, тэр хүн нь Монголд байдаг байсан. Тэгээд бид хоёр фейсбүүкээр харилцаж эхэлсэн. Би Н.Дт тусалчихъя гэж боддог байсан. Н.Д өөрөө гадагшаа явах сонирхолтой байсан. Би Н.Дийг гадагшаа авч яваад магистрт сургаад өөрөө тэндээ орших суух эрхээ авчихна гэж бодож байсан юм. Би эхлээд гадагшаа явсан бөгөөд 3 хоногийн хугацаатай Монголд ирээд гэрлэлтээ батлуулаад явчихсан юм. Тэгээд би Н.Дийг хүүхэдтэйгээ хамт манай аавыг хараад манай гэрт байж бай гээд үлдээгээд явсан юм. Сарын дараа энэ хүний тар нь танигдаад сарын дараа би буцаад хүрээд ирсэн. Тэгээд тэрнээс хойш 2 жил гаран хугацаанд буюу 2019 оноос хойш байнгын хэрүүлтэй байсан. Намайг утсаар дарамталсан гээд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Байнгын цагдаа дуудаж намайг өгч явуулдаг байсан. Би аавдаа хүн орхоодойтой архи авч өгөөд тэрнээсээ би хааяа өөрөө татчихдаг байсан юм. Н.Д өөрөө архи барьж орж ирчхээд зөрүүлээд намайг цагдаад өгчихдөг байсан. Манай нөхөр намайг зоддог гээд Б дүүргийн Цагдаад өгсөн байсан. Хуурамч дуудлага өгсөн гээд Н.Д өөрөө торгуулж байсан. Дуудлага өгөх болгонд нь ирдэг цагдаа байдаг юм, тэр цагдаа нь байнга ирж намайг авч явдаг. Н.Д ирээд байнга буудлын мөнгө өгчих, түрээсийн мөнгө өгчих, түрээсийн мөнгө өгөхгүй бол байрны эзэн надтай унтчих гээд байна гээд хүрээд ирдэг байсан. Тэр өдөр гэрт ирчхээд намайг чимхээд надад мөнгө өгье, ааваас 1.500.000 төгрөг өг гээд байсан. Аавыг минь хэл амаар доромжилсон. Би тэр үед аятайхан хэлээд явуулсан бөгөөд маргааш өдөр нь 13 цагийн үед гэрт ирсэн. 30-40 минут болсон бөгөөд би тэр өдөр өөрөө цагдаа дуудсан. Намайг Солонгос явахаас өмнө 6 хоног баривчлуулж байсан. Би дээд боловсролтой хүн, эмэгтэй хүнийг зодох юм бол учраа мэднэ шүү дээ. Би энэ хүнийг үнэхээр зодоод, балбаад байвал энэ хүн надаас салахгүй байгаад байх уу. Намайг дандаа хэлмэгдүүлдэг юм. Нэг удаа хаалга тогшоод салфетка байна уу гэж асуусан. Би гэртээ оруулдаггүй учраас байна гээд гаргаад өгсөн. Тэгсэн чинь өөрөө хамраа ухаж байгаад цус гаргачхаад чи намайг зодчихлоо гээд цагдаа дуудсан. Тэр үед би 100.000 төгрөгөөр бас торгуулсан. Би зодсон юм байхгүй. Хаана явж байгаад зодуулсныг би мэдэхгүй, би огт гар хүрээгүй. Би байнгын дарамттай байна. Сая гэхэд над руу залгаад дарамталсан. Хуурамч дуудлага өгсөн гээд цагдаа намайг 50.000 төгрөгөөр торгочихлоо гэж гэрт орж ирээд намайг зодсон. Янз утсаар залгаж, янз бүрийн хүмүүсээр намайг дарамтлуулна. Би утсыг нь блок хийчихсэн байгаа. Манай найз, дүү нартай хүртэл харилцаж, янз бүрийн юм бичдэг. Би эвээр яриад өргөдлөө өгөөд салъя гэхээр үгүй гэдэг байсан. Нэг болохоор мөнгө өг гэдэг нэг болохоор визэнд оруулж өг гэдэг байсан. Утсаар өдөр шөнөгүй дарамталдаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ ерөөсөө оруулаагүй, хаалга нүдээд байсан. Хажуу айлын хүмүүс бүгд сонсож байсан. Орцны цэвэрлэгч хүртэл мэдэж байгаа. Н.Д хашхираад согтуу байсан. Би гэртээ оруулаагүй, би өөрөө цагдаа дуудсан ” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Дийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр М надаас мөнгө зээлж авсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад буцааж мөнгөө авмаар байна гэхэд “манайд ирээд ав” гэхэд нь би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Мийн гэр болох Б дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод ирэхэд М мөнгө өгөхгүй байсан. Тэгээд би “мөнгөө авъя” гэхэд миний хажууд хүлээж бай гээд архи уугаад байсан. Тэгээд “өнөөдөр мөнгө өгч чадахгүй юм байна, маргааш ав, чи хоноод яв” гээд гараад явсан. Иргэж орж ирэхэд нь би “мөнгөө авмаар байна” гэхэд “чи надаас мөнгө нэхдэг хэн бэ” гэж хэлээд миний толгой хэсэгт гараагаа хүчтэй цохисон. Би манараад байж байтал үснээс зулгаагаад хажуу өрөө рүүгээ оруулаад дахин толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би “чи яаж байна аа” гэхэд миний гарыг мушгиад эвгүй болгосон. Дахиад толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Миний гадуур хувцсыг гэрээсээ гаргаад шидчихсэн. Тэгээд би гар эвгүй болсон болохоор хөлөөрөө юмаа авах гэж 2 удаа өшиглөсөн. Удаагүй цагдаа ирээд би цагдаагийн газар руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Дийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  хохирогчоор өгсөн “...Би нөхөр Мид зээлдүүлсэн мөнгөө авах гээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр очиход намайг хоноод яв гэсэн. Би хоноод явахаар болсон. Тэр үед аавтайгаа хамт архи уусан, согтуу байсан. Тэгээд шөнө нь намайг зодож цохиод, доромжлоод байсан. Өглөө нь сэрээд намтай секс хиймээр байна гэхэд нь би цаашаа бай гээд хийгээгүй. Тэгээд аавын тэтгэвэр буухаар мөнгө өгье гэсэн, өглөө нь намайг архи, пиво, тамхи аваад ир гэсэн. Би мөнгө байхгүй гэхэд гичий минь гээд хараагаад байсан. Тэгээд намайг зодохоор нь би айгаад жижиг өрөө рүү нь орсон. Гэтэл араас орж ирээд би чамд мөнгө өгөхгүй, зайл гээд үүрээр миний хамаг хувцсыг гаргаад хаячихсан, тэгээд намайг хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн. Би цагдаад хандсан. Бид 2 гэрлэлтээ батлуулснаас хойш намайг цохиж зодоод байхаар нь бид тусдаа амьдрах болсон. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.У өгсөн “...Би 0 дугаар байранд жижүүрийн ажил хийгээд 7 сар болж байна. 0 тоотод М гээд нэг өндөр ах аавын хамт амьдардаг. Харилцааны хувьд гайгүй юм шиг санагддаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 0 тоотын үүдэнд 30 гаран насны эмэгтэй хаалгыг нь тогшоод байсан. Тэр эмэгтэйн нүүр, ам нь хэвийн байх шиг байсан. Харин баруун гараа бариад ёооё гээд байсан. Хаалгыг нь тогшоод хувцсаа авъя гээд байх шиг байсан. Би цэвэрлэгээгээ дуусгаад явсан бөгөөд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

 

Б дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дуудлага лавлагааны хуудасны хуулбар /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Дийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...Би тухайн өдөр Мийг чихсэн зүйл байхгүй. Анх 2018 онд ажлын шугамаар Мтэй танилцаж байсан. Тэгээд 2019 он билүү 2020 оны 01 дүгээр сарын үед гэрлэлтээ батлуулсан. БНСУ-руу биз хөөцөлдөж өгнө, миний визийг гаргаж өгнө гэсэн юм огт ярьж байгаагүй. Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авмаар байна. Нийт 1.330.218 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г гэрчээр өгсөн “...Манайх 2016-2020 оны хооронд 0 дугаар байрны жижүүрээр ажиллаж байгаа. Эхнэр Өлзийсайхан цэвэрлэгээ хийдэг байсан. 2020.07.28-нд нас барчихсан учир би мэдүүлэг өгч байна. 0 тоотын М гэх залууг Маск гэж хочилдог. 2018 билүү 2019 оны үед БНСУ яваад ирсэн гэж хэлж байсан. Сүүлд эхнэртэй болсон гээд орж гарахдаа нэг эмэгтэй хүнтэй яваад байдаг болсон. Хааяа архи хэрэглэсэн байдаг. Зан аашны хувьд тогтуун санагддаг. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Г гэрчээр өгсөн “...Би Б дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчийн ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийсэн. 0 тоотын Мийн хувьд хааяа архи хэрэглэдэг болохоос биш зан байдлын хувьд тогтуун хүн. 2020 оноос эхнэр Дтэй хамт амьдагдаг байсан. 2020 оны 12 дугаар сараас хойш Д нь М гэртээ оруулахгүй байна, намайг зодчихлоо, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэтээр удаа дараа дуудлага өгдөг байсан. Одоогоор хамт амьдрахаа больсон юм шиг байна лээ. Мөн биш 2-3 удаа эхнэр Д хаалга тогшоод амраахгүй байна гэж дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Н.Т гэрчээр өгсөн “...Дийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гараараа эсхүл хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой, нарийвчлан тодорхойлох боломжгүй бөгөөд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Дийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух, баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Мийн яллагдагчаар өгсөн “...2017 онд аялал жуулчлалын шугамаар Дтэй танилцаж байсан. Түүнээс хойш өөрөө над руу чат бичиж, утсаар ярьж холбогддог байсан. Тэгээд нөхөртөө зодуулсан гэж хэлдэг байсан. Надаас БНСУ-руу гаргаж өгөхөд туслаач гэсэн. Би тухайн үед нь чи бид 2 гэрлэлтээ батлуулчихвал виз гарахад хялбар болдог гэж хэлсэн. Тэгээд 2019 онд гэрлэлтээ батлуулахаар Монголд ирээд буцсан. Монголд ирснийхээ дараа Дийг БНСУ-руу явуулах талаар хөөцөлдөхөд энд сурдаг сургууль, надад хэлсэн бүх зүйл нь худлаа байсан. Тэгээд гаргах боломжгүй болсон. Хэсэг хамт амьдарч үзсэн ба манай ааваар хүүхдээ харуулаад өөрөө архи ууж хүүхдээ хайхрахгүй орхиод байсан тул би салахаар болсон. Гэтэл “салахгүй, нэг бол виз гаргаж өг, нэг бол мөнгө өг” гэдэг болсон. Тэгээд энэ асуудлаас болж мөнгө өгөхгүй гэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зодсон гэж цагдаад дуудлага өгөөд байдаг болсон. Энэ асуудлаас нь болж би 6 хоног баривчилгаанд явж байсан. Тухайн өдөр манайд ирэхдээ пиво, архитай ирсэн. Тэгээд түүнийгээ уугаад сууж байхдаа “виз гаргаж өг” гэж хэлээд миний баруун, зүүн гуяыг дотор талаас нь чимхээд байсан. Тэр өдөр би аргадаад гэрээсээ гаргасан. Маргааш нь ирээд “мөнгө өг” гэж хэлээд хаалга нүдээд, өшиглөөд байсан. Явсных нь дараа гараад хаалгаа харахад хаалга хонхойсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б дүүргийн 3 дугаар хорооны 0 дугаар байрны 0 тоот хаалганд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгч байсан эсэхийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шалгасан шалгах хуудас /хх-ийн 100-101 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 тал/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 103 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 122-124 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 126 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Мид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  “ Шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч Н.Дийн мэдүүлгүүд, гэрч Ш.У мэдүүлэг, Б дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дуудлага лавлагааны хуудасны хуулбар /хх-ийн 6 тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-35 тал/,  гэрч Г.Г мэдүүлэг /хх 89-90 тал/, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Д “....Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авмаар байна....” гэж мэдүүлж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М “…би уг гэмтлийг учруулаагүй тул гэм буруугүй  …” гэж мэдүүлж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.А гэм буруугийн дүгнэлтдээ “…Хавтаст хэргийн 19-20 дүгээр хуудас, хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас, хавтаст хэргийн 6 дугаар хуудас, хавтаст хэргийн 26 дугаар хуудас, хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас, хавтаст хэргийн 35 дугаар хуудас, хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас, хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү…” гэсэн байр суурьтайгаар,

Хохирогчийн өмгөөлөгч Д.М гэм буруугийн дүгнэлтдээ “...Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас, хавтаст хэргийн 6 дугаар хуудас, хавтаст хэргийн 7 дугаар хуудас, хавтаст хэргийн 8 дугаар хуудас, хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас, хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас, хавтаст хэргийн 3 дугаар хуудас, хавтаст хэргийн 2 дугаар хуудас, хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас, хавтаст хэргийн 5 дугаар хуудас, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас, хавтаст хэргийн 26 дугаар хуудас, хавтаст хэргийн 27 дугаар хуудас, хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас, хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас, хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, хавтаст хэргийн 39 дүгээр хуудас, хавтаст хэргийн 43 дугаар хуудас, хавтаст хэргийн 44 дүгээр хуудас, хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас, хавтаст хэргийн 30 дугаар хуудас, хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас, хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас, хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас, хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас, хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас, хавтаст хэргийн 96 дугаар хуудас, хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас, хавтаст хэргийн 107-117 дугаар хуудас, хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас, хавтаст хэргийн 120-124 дүгээр хуудас, хавтаст хэргийн 132-133 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, улсын яллагчтай санал нэг байна...” гэсэн байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч М.М болон хохирогч Н.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох гэрлэлтийн баталгааны гэрчилгээний хуулбараар /хх-103 тал / тогтоогдож байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягтлан дүгнэхэд шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Н.Дт гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан нь хохирогчийн мэдүүлэг, 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгч байсан эсэхийг шалгах хуудас /хх-101 тал/, гэрч Г.Ганзулын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Б дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч М.Мид холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 745 дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч М.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 745 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгчийг учруулаагүй гэж маргах ба хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай гэдгийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарсан байдлыг нотлоогүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах талаар мэтгэлцсэн бөгөөд Б дүүргийн хяналтын прокуророос ирүүлсэн шүүгдэгчид холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал хангагдсан гэж шүүх дүгнээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 1.330.218 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

 

Шүүхээс хавтаст хэргийн 107-113 талд авагдсан хохирол төлбөрийн баримтуудыг шинжлэн судлаад нийт 2021 оны 01 сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 сарын 11-ны хооронд огноологдсон дараах баримтуудыг үнэлж шийдвэрлэлээ. Үүнд: Лазер мед” эмнэлгийн толгойн томоргафийн зураг авхуулсан 200.000 төгрөгийн баримт, Баяндалай Оюу ХХК- с олгосон  толгойн томографийн зураг авхуулсан  150.000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлэгт бүсэлхий нуруу CT64 зураг авхуулсан 120.000 төгрөгийн баримт, Монфатрэйд ХХК-с олгосон 9200төгрөг болон 3500 төгрөгийн эмийн баримт, Болор эмийн сангаас олгосон 2700 төгрөг, 18620 төгрөг, 500 төгрөгийн эмийн баримт нийт 504.520 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцон хангаж үлдэгдэл 825.698 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 504.520  төгрөгийн хохирол төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хавтаст хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.330.218 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун арван найм / төгрөг нэхэмжилснээс 504.520 /таван зуун дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийн иргэний  нэхэмжлэлийг хангаж үлдэгдэл 825.698 /найман зуун хорин таван мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ