Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/659

 

 

 

 

 

 

    2021          10           14                                       2021/ШЦТ/659

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: А.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Л холбогдох эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л нь “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим гражид машин оруулсангүй гэх шалтгаанаар иргэн Өын биед халдаж гараараа нүүр тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Л нь “2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим гражид машин оруулсангүй гэх шалтгаанаар иргэн Өын биед халдаж гараараа нүүр тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өын хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00000 хорооллын 0000 дүгээр байрны СӨХ-ны харуулын үүрэг гүйцэтгэдэг. 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд харуулын байр руугаа явж байхад 51 дүгээр байрны 3 тоотын Л таараад үгийн зөрүүгүй “ална” гэж хэлээд миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд цохих гэсэн боловч хүрч чадаагүй. Тэгээд хогийн шүүрийн нарийн иш аваад Лийн мөр хэсэгт нь нэг удаа цохиход иш нь хугарсан. Гэтэл Л цементийн хагархай бариад цохих гэхэд үл таних 2 залуу салгасан. Тэгээд Л яваад өгсөн. Би хамрын цусаа тогтоогоод цагдаад дуудлага өгсөн. Юунаас болж намайг цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Өмнө нь Лийн машиныг зогсоолгүй учир зогсоол руу оруулахгүй байхыг харуулуудад би хэлж байсан. Түүнээс болж намайг занаад байдаг юм шиг байна лээ. Номилон бас түүнээс болж нэг удаа муудалцаж байсан. Тэгээд сая зодохдоо нодилон чамайг дутуу зодсон байна лээ гэж хэлсэн. Чамайг ажлаас чинь халуулна, ална гэж байсан. Тэгж зодуулснаас болж миний хамар цөмөрсөн. Би эмчилгээ хийлгэсэн бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлэгт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн томографийн 130.000 төгрөг, шинжээч эмчийн 8.000 төгрөг, толгой бариулсны 60.000 төгрөг, бензин хийж явсан 100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын гэрчээр өгсөн “...Тухайн үед би Хархорин хорооллын доод талын машины зогсоолд машин байрлуулчхаад гарч ирэхэд Ө нэг залуутай муудалцаад хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм бэ, больцгоо” гэж хэлээд Л гэх залууг хөөж явуулаад, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Ө хамраас нь цус гоожоод 00 өрөө орж цусаа цэвэрлэсэн. Тэр 2 хүнийг юунаас болж, яагаад маргалдсан талаар би сайн мэдэхгүй. Өтай ганц 2 удаа жижүүрт гарч байснаас илүү сайн танихгүй. Лид ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй бөгөөд Өын хамраас цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...Өын биед хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Лийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би дэлгүүр орчхоод гэр рүүгээ явж байгаад Өтай тааралдаад машин гражид оруулах, оруулахгүй дээрээс болж маргасан. Ингээд нүүр тус газарт нь нэг удаа цохисон. Өын биед гэмтэл учруулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 25 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л нь “2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим гражид машин оруулсангүй гэх шалтгаанаар иргэн Өын биед халдаж гараараа нүүр тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Л таараад үгийн зөрүүгүй “ална” гэж хэлээд миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд цохих гэсэн боловч хүрч чадаагүй. Тэгээд хогийн шүүрийн нарийн иш аваад Лийн мөр хэсэгт нь нэг удаа цохиход иш нь хугарсан. Гэтэл Л цементийн хагархай бариад цохих гэхэд үл таних 2 залуу салгасан. Тэгээд Л яваад өгсөн. Би хамрын цусаа тогтоогоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, гэрч Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед би Хархорин хорооллын доод талын машины зогсоолд машин байрлуулчхаад гарч ирэхэд Ө нэг залуутай муудалцаад хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм бэ, больцгоо” гэж хэлээд Л гэх залууг хөөж явуулаад, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Л гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Лийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим гражид машин оруулсангүй гэх шалтгаанаар иргэн Өын биед халдаж гараараа нүүр тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Миний хохирол барагдсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 49 тал/ гэх бөгөөд шүүгдэгч Лийг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим гражид машин оруулсангүй гэх шалтгаанаар иргэн Өын биед халдаж гараараа нүүр тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Лид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 50 тал/

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Лид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лийг 450 /дөрвөн зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ