Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Л.Амарсанаа

                                                                       Г.Давааренчин

                      Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдэлгэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    Н.Өлзийнасан

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй “Эй Жи Ар Өү” ХХК-д холбогдох “Гэм хорын хохирол 42.827.810 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдэлгэр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Эй Жи Ар Өү ХХК-д тракторын жолоочоор 2012 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. Энэ гэмтлийн улмаас одоог хүртэл бие эрүүл мэнд сайжрахгүй, гэмтэл эдгэхгүй, нүд бүр гэрэл мэдрэхгүй байдалд хүрч, толгой байнга өвдөж, тэнцвэрээ алдан эргэж босож явж чадахгүй байдалд хүрч, байнга хэвтэрт бусдын асаргаанд байна. Гэтэл компаний гүйцэтгэх захирал Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр Монголд эмчлэхгүй гэснийг мэдсэн. Улмаар Солонгос улсруу явж эмчлүүлэх зардлыг хөрөнгө оруулагч буюу компанийхаа Япон захиралтай яриад шийдэж өгнө гэж хэлж байсан хэрнээ, хурлаас хойш хэд хэдэн удаа уулзаж байхад асуудлыг шийдвэрлэхгүй эцэст нь утсаа хааж миний эрүүл мэндийн талаар ямар ч анхаарал тавихгүй байгаад гомдолтой байна. Бид тухайн үед түүний энэ үгэнд итгэж хүнийг хориулж ял шийтгэл оногдуулаад яах вэ?, Тариа хураалт ид явагдаж эхэлж байгаа үед ажилд нь хүндрэл учирна, хугацаа алдана гэж тариа будаагаа хурааж авчихаад надад Солонгос явах зардлыг нэн даруй өгчих байх гэж түүний үгэнд итгэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг хохирогч би болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Би өөрийн эрүүл мэндийн асуудал цаг мөчөөр муудаж, таг хараагүй болчих байсан тул хугацаа алдахгүйн тулд мөн залуу хүний цаашдын амьдрал хувь заяа, насан туршдаа эрүүгийн ял шийтгэл хүлээж байсан гэсэн муу нэр зүүлгээд яах вэ? гэж ярилцаж түүнд хүнлэг сэтгэлээр хандаж байхад миний эрүүл мэндийг хөсөр хаяж, ажилтнаа гэсэн өчүүхэн төдий сэтгэл гаргахгүй байгаад маш их гомдолтой байна.

Уг нь бол эрүүгийн хэрэг үүссэн, үүсээгүй нэгэнт үйлдвэрлэлийн осол гэдэг нь тогтоогдсон тохиолдолд компани  бүх зардлыг гаргаж эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл Монгол хүний үнэ цэнэ амь насыг гудамжны нохойн гөлөгнөөс дор үзэж байгаа япон захиралд ч гомдолтой байна. Гүйцэтгэх захирал нь өөрийгөө өмч хөрөнгө захиран зарцуулах эрхгүй гэж шүүх хурал дээр мэдүүлж япон захиралдаа асуудлыг танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн тул би ийм дүгнэлтэд хүрч байна. Нэгэнт Монгол хүний амь нас эрүүл мэндийг уландаа гишгэж байгаа тул бид японы элчин сайдад хүртэл хандана.

 Миний биед учирсан гэмтлийг Монгол улсад эмчлэх боломжгүй тул Солонгос улс руу материалаа явуулж тэнд эмчлэх боломжтой талаар хариу авсан талаар анхан шатны шүүх хурлаас өмнө нэг бус удаа компаний гүйцэтгэх удирдлагад хандсан, шүүх хурал дээр ч яригдсан тул би энэ мөнгийг хүлээсээр эмчилгээнд явж чадахгүй өдийг хүрлээ. 2016 онд улсын хэмжээнд зуншлага сайн, ургац арвин байсан. Компаний удирдлагуудад хүнээ гэсэн сэтгэл байсан бол /нэг тонн будаа 400.000-450.000 төгрөгөөр гурилын үйлдвэрүүд авч байгаа учир/ миний эмчилгээний зардал 10 тонн будааны мөнгө зарцуулахад хангалттай байсан.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу Солонгос улсад эмчлүүлэх зардал 39.991.200 төгрөг шүүх хурлаас хойш гарсан зардал 514.000 төгрөг нийт 40.505.200 төгрөгийг “Эй Жи Ар Өү” ХХК-с гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Д.Бат-Эрдэнэ энэ гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Гүйцэтгэх захирлыг “Монгол-Хьюндай” эмнэлэгт үзүүл гэсний дагуу үзүүлсэн боловч эмчилж чадахгүй гээд өөрийн харьцдаг “Гурван Солонгос” эмнэлэгт хандсан  ч бас эмчлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул бид эмнэлэг зуучлалын төвд хандахад энэ эмнэлэг эмчилгээний зардлыг урьдчилсан байдлаар гаргаж явуулсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед воны ханш 2.07 төгрөг байсан тул 39.991.200 төгрөг болж байсан. Гэтэл одоо 2017 оны 03 дугаар сарын байдлаар вонын ханш 2.14 төгрөг болж нэмэгдсэн тул Солонгос явж эмчлүүлэх зардал 41.342.660 төгрөг болж байгаа тул 1.505.650 төгрөгийн нэмж 42.827.810 төгрөгийг нэхэмжилж байна. Үйлдвэрийн осол гэдэг нь тогтоогдсон тул хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын тухай хууль, аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлыг зохион байгуулах журмын 3.1.Б заалтын дагуу компани бүх зардлыг гаргаж өгөх зориулалттай байгаа. Д.Бат-Эрдэнийн нэг нүд нь хараагүй болж, нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа. Хацрын яс маш олон тооны хугарал бяцралттай байдаг. Компьютерийн оношлогоо хийсэн шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон комиссын шийдвэрээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

“...одоогийн байдлаар Д.Бат-Эрдэнэд 16.755.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Нэхэмжлэлийн талаар тайлбар хэлэхэд “Эй Жи Ар Өү” ХХК-д Япон захирал гэж байхгүй. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй хөрөнгө оруулагч юм. Нэхэмжлэгч байнгын хэвтэр бусдын асаргаанд байгаа нь худлаа. Над дээр ирж агсам тавьж, зун хадлангийн ажилд явж байсан. Намайг утсаа хаагаад алга болсон гэж байна. Би утасныхаа дугаарыг солиод энэ хүний эхнэрт нь хэлсэн. Гадаад явж эмчлүүлэх зардлын тал дээр компаний зүгээс оношийг баталгаажуулах үүднээс нүдний эмч, эрүү нүүрний гажиг заслын эмчид үзүүлэх хүсэлт өөрт нь тавьсан боловч өөрөө очиж үзүүлээгүй. Сүүлд “Монгол Хьюндай” гэдэг эмнэлэгт очиж үзүүлсэн тэр хариугаа өгөөгүй байгаа. Манай зүгээс заавал гадаадад эмчлүүлэх ёстой гэсэн үндэслэл нь хангалтгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө тэр эмнэлэгт очиж үзүүлсэн. Заавал гадаад эмчлүүлэх шаардлагатай байна гэж амаараа хэлсэн. Тийм учраас манайд Улсын төв эмнэлгийн дүгнэлт шаардлагатай байна. Өмгөөлөгчийн зардлыг тэр хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан тул тэр зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл дээр нэг тонн будаа 400.000-450.000 төгрөгний үнэтэй байдаг эмчилгээний зардалд 10 тонн будааны мөнгө байхад хангалттай гэсэн байна. Энэ бол ташаа ойлголт ба энэ жил ургац арвин байсан тул будаагаа хямд борлуулсан...” гэжээ.

 

Анхан шатны шүүх Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, “Эй Жи Ар Өү” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 64 дугаартай шийдвэрээр:

-Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “Эй Жи Ар Өү” ХХК-наас 40.754.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.073.720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эй Жи Ар Өү” ХХК-наас 361.721 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж,

-Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг болохыг дурдаж,

-Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

-Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гаргах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдаж,

-Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг хэлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийнасан  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадсангүй. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор мөрдөн байцаах ажиллагааны явцад “Эй Жи Ар Өү” ХХК хохирогч       Д.Бат-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулж 16.755.000 төгрөг өгсөн нь тогтоогдсон ба Д.Бат-Эрдэнэ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дээрх үнийн дүнг                 Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой. Д.Бат-Эрдэнийн шүүхэд гаргаж өгсөн Солонгос улсын “Эй Жи Ар Өү” ХХК “Сүн Чон Хян Сөүл” эмнэлгээс ирүүлсэн хариу бичигт ямар зардал гарах нь тодорхой бус байхад ямар үндэслэлээр өдрийн 322.000 воныг өрөөний зардалд нэхэмжилснийг хангаж байгаа нь тодорхойгүй, өндөр үнээр бодож байгаа нь эргэлзээтэй, шударга бус байна. Иймээс гомдлын дагуу хянан үзэж, хуулийн дагуу компаний зүгээс төлсөн мөнгийг шүүхийн шийдвэрээс хасч тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан хариу тайлбартаа:

“...Ослын улмаас манай нөхрийн эрүүл мэнд хохирч хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь тогтоогдсон, хорвоог харах нүдгүй болчих гээд хоног хугацаа алдахгүй гэж өөрт нь хүнлэг хандаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналаа тавьж ялаас чөлөөлүүлээд байхад энэ байдлыг ойлгохгүй байгаад маш их гомдолтой байна. Ослын дараа гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад толгой тархи, нүдэнд учирсан гэмтлийг ГССЗҮТ-д эмчлэх, хагалгаа хийх боломжгүй гэсэн тул 1 дүгээр эмнэлэгт хандан, хагалгаанд орсон боловч Монголд энэ хагалгааг хийх боломжгүй гээд одоог хүртэл биеийн эрүүл мэнд сайжраагүй. Нэг нүд маань дөнгөж гэрэл мэдрэх төдий байгаа бөгөөд нөгөө нүдэндээ нөлөөлж эрүүл байсан нүд маань харааны 20-30 хувийн бууралттай болоод байна. Толгойн гавлын тулгуур яс хугарсан, нүдний ухархайн яс бяцарч үүрсэн үүний улмаас нэг нүд хараагүй болсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар зөвлөлдөөд 3 удаа хагалгаа хийнэ гэсэн боловч эхний хагалгаанд ороод Монголд энэ хагалгааг хийх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Эмчилгээ хийлгэх зйлшгүй шаардлагатай болоод л  иргэний нэхэмжлэл гаргасан. Энэ нэхмэмжилж байгаа мөнгө бол зөвхөн Солонгос явах эмчилгээний зардал байгаа юм.  Эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө компаниас 16.800.000 төгрөг өгсөн үүнийг нь эмчилгээндээ зарцуулсан тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.      

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь “Эй Жи Ар Өү” ХХК-д холбогдуулан  үйлдвэрлэлийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд  40.505.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 42.827.810 төгрөг  болгожээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

 Хэргийг судлан үзвэл нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Эй Жи Ар Өү” ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байхдаа  2016 оны 05-р сарын 20-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, ослын улмаас түүний бие махбодод нь  хүнд гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа  70 хувь  алдсан, хариуцагч тухайн осол гаргахад зохих гэм буруутай болох нь  шүүхээр тогтоогдсон байна.  

 

Зохигчид нь хохирол учирсан, цаашид эмчилгээ шаардлагатай эсэх талаар болон хариуцагчийн гэм буруугийн талаар  маргаагүй бөгөөд  харин  нэхэмжлэгчийг Монгол улсад эмчлүүлэх боломжтой, гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байх явцад хариуцагчаас хохиролд төлсөн 16.755.000 төгрөгийг нэхэмжилж байгаа эмчилгээний зардлаас хасаж тооцох талаар маргажээ.

  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:

Хариуцагч “Эй Жи Ар Өү” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас Д.Бат-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь өвчний оношийн дагуу Монгол улсад эмчилгээ хийлгэх боломжгүй болсонтой холбогдуулан “ВЭЙД  Монголиа” ХХК-аар дамжуулан   Бүгд найрамдах Солонгос улсын эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ хийлгэх талаар хүсэлтээ илгээжээ.

 

Ийнхүү хүсэлт илгээсний дагуу Бүгд найрамдах Солонгос улсын хэд хэдэн эмнэлэгт хандсан бөгөөд  түүний эмчилгээ хийлгэх саналыг Солонгос  улсын “Сүн Чон Хян Сөүл” эмнэлэг нь хүлээн авч, улмаар  эмчилгээ хийх болон амбулаторын үзлэг, нөхөн сэргээх мэс засал, шинжилгээ, хэвтэж эмчлүүлэх зардалд нийт 18.756.000 вон төлбөр гарах талаар урьдчилсан төлбөрийн саналын хамт хүргүүлсний дагуу хариуцагчаас дээрхи эмчилгээний зардлыг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”  гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зайлшгүй зардлаа урьдчилан /ирээдүйд гарах зардал/  төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.2-т “мөнгөн тэмдэгтийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдрийн Монгол банкнаас зарласан ханшийг   Бүгд Найрамдах Солонгос улсын үндэсний мөнгөн тэмдэгт вон-ы  2017 оны 03-р сарын 13-ны өдрийн төгрөгтэй тэнцэх ханш 2.14 төгрөг байна гэснийг үндэслэн  шүүх  эмчилгээний төлбөр 18.756.000 воныг төгрөгт хөрвүүлэн төлбөрийг тооцон хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийг Монгол улсад эмчлүүлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад  Д.Бат-Эрдэнийн  эмчилгээний зардалд өгсөн 16.755.000 төгрөгийг тус нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой гэж тайлбарладаг боловч дээрхи татгалзал түүнтэй холбоотой  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага нь осол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацааны эмчилгээний зардал бус харин  ирээдүйд гарах зардлаа урьдчилан гаргуулах тухай шаардлага байх тул энэхүү шаардлагаас нь  хариуцагчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад  хохирогчийн эмчилгээний төлбөрт төлсөн гэх 16.755.000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж,  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байх тул  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч “Эй Жи Ар Өү” ХХК-ний  давж заалдах гомдлыг  хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч “Эй Жи Ар Өү”     ХХК-ний  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 361.721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

                                                                                    Г.ДАВААРЕНЧИН