Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0568

 

 

 

 

 

 

 

                           Г.Д***гийн нэхэмжлэлтэй

                                   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д***,

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Д.Ч***, Д.Ч***, С.Э***, С.Л***, Э.Х***,  С.Б***, С.О*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар  захирамжийг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2023/0023 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***, гуравдагч этгээд Х.Р***, Д.Ч***, Д.Ч***, гуравдагч этгээд Х.Р***гийн өмгөөлөгч Б.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*** нар.

Хэргийн индекс: 118/2022/0023/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д***гаас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2023/0023 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны/-ийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдааг засах тухай” А/486 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Г.Д***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Маргаан бүхий актыг танилцуулаагүй, мэдэгдээгүй, 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн үед хэргийн материалтай танилцахдаа мэдсэн,

3.2. Маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг үндэслэсэн байх бөгөөд тухай газар 3 үеэрээ өвөлжин амьдарч байхад нийтийн эдэлбэр газар гэсэн нь үндэслэлгүй,

3.3. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаа явуулаагүй, Газрын албаны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар мэдэгдэл нь захирамж гарсан хугацаанаас хойш Засаг даргын Тамгын газарт хүргэгдсэн, нэхэмжлэгчид хүргэгдээгүй хууль зөрчсөн,

3.4  Маргаан бүхий А/486 дугаартай захирамж нь Их уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн эрх зүйн үйлчлэлийг  2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс сэргээж, 2 дахь заалтаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй, үндэслэлгүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамж,  Г.Д***гийн Завхан аймгийн Их-Уул сумын Үржил баг, Хуягтын амны “Улаан энгэрийн өвөлжөө” хаягт байрлах 10000 м.кв /га/, Газар эзэмших эрхийн 000095601 дугаар гэрчилгээнээс үзвэл тус газрын хамтран эзэмшигчээр Д***гийн Ч***, Д***гийн Ч***, Санжрагчаагийн С***, Санжрагчаагийн Э***, Санжрагчаагийн Л***, Эрдэнэцэцэгийн Х***, С***ийн Б***, С***ийн О*** нар бичигдсэн байх бөгөөд эдгээр иргэд уг газрыг хамтран эзэмшигч болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх зөвхөн Г.Д***гийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгч тухайн газрын өөрт холбогдох хэсэгт маргаж байна уу эсхүл  эдгээр иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулалгүйгээр тэдний хамтран эзэмшиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэртэй холбогдох маргааныг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.

3. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр магадлалд “...анхан шатны шүүх эдгээр иргэд нэхэмжлэгчтэй адил байр сууртай эсэх, нэхэмжлэлийг дэмжиж байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь эдгээр иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулалгүйгээр тэдний хамтран эзэмшиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэртэй холбогдох маргааныг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй” гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх дээр нэр бүхий иргэдийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээд гэж ойлгохоор байхад маргаан бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоогдсон этгээдүүдийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, шаардах эрхийн үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2023/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА