| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00513/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 516
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг гудамжны 16 тоот, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 6-12 тоотод түр оршин суух, 1994 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, РД:ИД94011305, Чимэддоо овогт Эрдэнэбилэгийн Пүрэвдуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театрт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Пүрэвдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чимэддоо овогт Эрдэнэбилэгийн Пүрэвдулам миний бие нь Ойрад Хөгжимт Жүжгийн Театрт 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр охин Солонгоог төрүүлсэн. Одоо охин маань 3 сартай болж байна. Би 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орно гэдгээ байгууллагын даргадаа мэдэгдэж бичгээр хүсэлтээ гаргасан боловч намайг жүжигчний дамжаагаар мэргэжлийн чиг баримжаагаа өөрчилж ирсэн тохиолдолд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жүжигчнээр ажиллуулах боломжтой, бүжигчний орон тоо байхгүй гэсэн хариу өгсөн. Миний ажилдаа орох хүсэлтэд хариу өгөхдөө ямар нэгэн гарын үсэг, баталгаагүй “Шийдвэрлэсэн нь” нэртэй, 2017 оны 6 дугаар сарын 16 гэсэн огноотой 1 хуудас баримт өгсөн болно. Миний бие тус байгууллагад бүжигчнээр ажиллах хүсэл сонирхолтой тул Ойрад Хөгжимт Жүжгийн Театрын даргын эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу Ойрад Хөгжимт Жүжгийн Театрын бүжигчний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан боловч ажил олгогч буюу тус театрын дарга Б.Лхагвасүрэн нь хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй бэйна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцлүүдийг хуульчилж өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д “Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахаар зохицуулагдсан байхад миний ажлын байр байхгүй гэсэн хариу өгч намайг ажиллуулахгүй байгаа нь үндэслэлгүй ба хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Иймд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж намайг Ойрад Хөгжимт Жүжгийн Театрын бүжигчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өнөрдулам шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театрт нь нэхэмжлэгч Э.Пүрэвдуламыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон болно” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Пүрэвдулам шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театрын дарга нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 90 тоот тушаалаар намайг тус театрын бүжигчний ажилд эгүүлэн томилж нэмэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь үнэн. Энэ үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Пүрэвдулам нь хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театрт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театр нь нэхэмжлэгч Э.Пүрэвдуламын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавстаст хэрэгт авагдсан Увс аймгийн Хөгжимт Жүжгийн театрын даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар тус тус нотлогдож байна. Иймд хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театрт нь нэхэмжлэгч Э.Пүрэвдуламын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Пүрэвдуламын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Пүрэвдуламын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Пүрэвдуламын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Ойрад Хөгжимт Жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР