Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

      2021       06         21                                     2021/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч/хохирогч Г, Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г, Ц нарт холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Winsway” гэх газарт хохирогч Цгийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр хамар ясны хугарал, хамрын нуруу, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, баруун хацрын төвгөр, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Winsway” гэх газарт хохирогч Гын нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, дотор буланд, цээж, зүүн бугалга, гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г, Ц нар нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Winsway” гэх газарт харилцан цохилцож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Хохирогч Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 06-ны орой Д 18 цаг өнгөрч байхад уулзаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Winsway” гэх газарт хоол идээд сууж байхад Д надад хоёр найзыгаа дуудчихлаа гэсэн. ...С гэх эмэгтэй, Заяа гэх эмэгтэйтэй хамт ирсэн. ...С гэх эмэгтэй хүн болгоныг загнаад дээрэнгүй харьцаад байхаар нь би Сд хандаж чи хүн болгон руу битгий дээрэнгүй зандраад харьцаад бай гэхэд С чамд ямар хамаатай юм чамаас цаадахтай нь харьцдаг шүү гээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон би буйдангаас газар руу унахад С миний дээр гараад сууж байгаад гараараа нүүр хэсэгт хэд хэд удаа цохисон тэгээд хажууд байсан хүмүүс салгах гээд салгаж чадаагүй тэгээд би зууралдаад дээр нь гараад салаад босоход миний хамарнаас цус гараад байсан тэгээд цусаа тогтоогоод маргалдаж байгаад уг газраас гараад би гэртээ харих гээд явж байгаад цагдаагийн газарт дуудлага өгөхөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ирж аваад уг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Хохирогч Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед намайг Д Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Winsway” нэртэй пабад байна хүрээд ир гэхээр нь найз Этай очиход Д, Т, Ц нар нэг шил архи уугаад дуусч байсан тэгээд дахин нэг шил архи аваад бид тав хувааж уугаад гараад караоке руу нь ороод нэг шил архи аваад дахин хуваагаад ууж дуулж байхад Ц согтолттой миний микрофоноороо миний урдаас далайх шиг болсон би надад өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд би Цтэй зууралдаад нэг нэгнээ үсдэлцээд өнхрөлдөөд зууралдаж байхад хажуунаас Э, Т нар салгасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Гэрч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байх үед Цтэй хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Winsway” нэртэй пабад ороод хоол идээд нэг шил архи аваад талыг нь ууж байхад миний дуудсан ЭнхТ ирсэн тэгээд удаагүй Г, Э нар ирээд хамт хоол идээд үлдсэн архиа уугаад дахин нэг шил архи аваад хувааж уугаад доод талд нь байрлах караокед ороод дахин нэг шил архи аваад хувааж уугаад дуулаад сууж байхад Ц доор нь орчихсон Г дээр нь гараад суучихсан зууралдаад үсдэлцээд байж байсан тэгэхэд гаднаас Э орж ирээд бид нар Г Ц нарыг салгаад бөөнөөр гараад явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 тал/,

 

Гэрч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай найз Г хүнтэй танилцуулан гээд хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Winsway нэртэй пабад очиход Д, Ц, Т гэх хүмүүс байсан уг гурав нь эмэгтэй архи уучихсан байсан бид нар танилцаад юм яриад хоёр шил архи авч хувааж уусан тэгээд доод талд нь байрлах караоке руу ороод дахин нэг шил архи аваад ууж байгаад би ариун цэврийн өрөө ороод буцаад караокены өрөөрүү ороход Ц Г хоёр нэг нэгэн рүүгээ орилж хашгираад байж байсан тэгээд салгаад гаргасан. Бид нар архи согтууруулан ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2145 дугаартай “...Гын биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, дотор булан, цээж, зүүн бугалга, гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Баруун нүдний зовхи, дотор булан, цээж, зүүн бугалга, гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 000000 дугаартай “...Цгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, баруун хацрын төвгөр, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

 

Шинжээч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч Гын биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд дангаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

 

Хохирогч Ц, Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 54-55, 57 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч нарын гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 95, 96 тал/,

 

Шүүгдэгч Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 07-нд найз Д Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Winsway нэртэй пабад уулзаад хоол идээд нэг шил шил архи аваад уугаад сууж байхад Т ирсэн тэгээд араас нь Г Э хоёр ирээд бид нар юм яриад сууж байгаад дахин нэг шил архи авч уусан тэгээд доод давхарт нь байрлах караоке руу нь ороод дахин нэг шил архи аваад ууж дуулж байгаад Г хамт байсан хүмүүс рүү дээрэнгүй харьцаад байхаар нь би боль гээд хэлсэн тэгээд маргалдаад Г миний нүүр хэсэгт гараараа цохисон тэгээд би газар унасан тэгээд бид зууралдаад үсдэлцээд зодолдож байхад хамт байсан хүмүүс салгаад уг караокегоос гараад гэрийнхээ гадаа очоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон....” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 07-нд манай найз Д Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Winsway нэртэй пабад найзтайгаа сууж байна хүрээд ир гэхээр нь би Этай хамт очиход Д Ц Т нартай хамт байсан тэгээд бид нар танилцаад нэг шил архи аваад хувааж уусан бид нарыг очиход нэг шил архи уучихсан байсан тэгээд бид нар бөөнөөрөө доод давхарт нь байрлах караоке руу орохоор болоод ороод нэг шил архи аваад хувааж уугаад дуулж байхад Ц дуулж байсан тэгээд нэг нэгнийхээ дээр гарах гээд юм яриад Ц микрофоноо над руу өгөх гэж байна гээд урагшилахад миний шүд хэсэгт цохисон тэгээд Ц бид хоёр маргалдаад нэг нэгнээ үсдээд өнхрөлдөөд зууралдаж зодолдож байхад хажуунаас салгасан тэгээд уг караокегоос гараад гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон....” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Цгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 73 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 75 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 76 тал/,

 

Шүүгдэгч Гын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 90 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 91 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 92 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 93-94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г, Ц нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26-27, 28, 29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Г, Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг, гэрч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2142, 2145 дугаартай дүгнэлтүүд, шинжээч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Цгийн үйлдлийн улмаас хохирогч Гын биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, дотор булан, цээж, зүүн бугалга, гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан,

Шүүгдэгч Гын үйлдлийн улмаас хохирогч Цгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, баруун хацрын төвгөр, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2142, 2145  дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Г, Ц нар нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн шүүгдэгч Г, Ц нар нь нар уг өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд шүүгдэгч Г нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Winsway” гэх газарт хохирогч Цгийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр хамар ясны хугарал, хамрын нуруу, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, баруун хацрын төвгөр, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Winsway” гэх газарт хохирогч Гын нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, дотор буланд, цээж, зүүн бугалга, гуя шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г, Ц нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г, Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2142, 2145 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

 

Хохирогч Г, Ц нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Г, Ц нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г, Ц нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г, Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 95, 96 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 100-101 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г, Ц нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г, Ц нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Г, Ц нар нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г, Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г, Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г, Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Ц 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Ц нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г, Ц нарт сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г, Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г, Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ