Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Г-т холбогдох эрүүгийн 2117000000104 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 16-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Д аймгийн Ө сум, З тоотод түр оршин суух, Н С дүүргийн  дугаар хороо, Тосгоны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан гэх Б овогт Б-н Г /РД:........../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөтөлийн булаг гэх газар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Р.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөтөлийн булаг гэх газар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Р.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шивээговь сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 30 км зайд байх Төмөрөө ахаас очиж 7 тооны /3 ямаа, 4 ишиг/ малаа аваад Starix маркийн машиныхаа ард тээшинд ачсан. Тэгээд буцаад Шивээговь сум руу явж байх замд машин эвдрээд Шивээговь суманд байх засварын газар очиж машинаа янзлуулсан. Машинаа засуулж байх хоорондоо дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай 3 шил Ерөөл, 2 литрийн савлагаатай 3 ширхэг том пиво аваад машинаа янзлуулж дуусаад Шивээговь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 5-6 км зайд хөдөө очиж уг архиа Б-той хувааж ууя гээд машинтайгаа явсан ба тухайн үед хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан гэгээ тасарчихсан харанхуй болчихсон байсан. Тэгээд архиа уух гээд зогсож байтал нэг улаан мотоциклтой хүн ирээд манай машинд суусан. Тэр хүн өөрийгөө Э гэж танилцуулж байсан. Тэгээд Б, Э бид 3 нөгөө авсан архиа хувааж уугаад би нилээн согтсон ба Этай хэрэлдэж муудалцаад Э-ыг цамцаар нь боогоод нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

1.3. Хохирогч Р.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 03-нд би Шивээговь сумын төвөөс баруун урагшаа 50 км газар байдаг айлаас 2 эм хонь худалдаж авчихаад буцаад Шивээговь сум руу явж байтал 23 цагийн үед Шивээговь сумын төвөөс баруун урд зүгт 3-4 км зайд зайд нэг машин гэрлээрээ анивчаад дохиод байхаар нь яваад очтол Starix маркийн саарал өнгийн машинтай 2 залуу байсан ба өндөр залуу нь өөрийгөө Б, арай настай бололтой намхан залуу нь өөрийгөө Г гэж танилцуулж байсан. Тэгээд Б Г 2-г машинд 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи Боргио нэртэй 2 литрийн пиво байсан ба бид 3 тэр архийг хуваагаад ууж байтал манай үеэл дүү А-гийн машин яг хажуугаар өнгөрөөд явахаар нь А рүү залгаад буцаж ирээд ахынхаа 2 хонийг авч яваад гэрт хүргээд өгчих гэж хэлээд 2 хонио өгөөд явуулсан. Тэгээд бид 3 архи ууж байтал Б Г 2 архиндаа согтоод Г миний цамцаар хоолойг боогоод нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Г-ийн боосон гарыг арай гэж тавиулаад байж байтал Б миний хутгыг гутлын түрийнээс сугалж аваад баруун хөл рүү 2 удаа хутгаар дүрэх шиг болсон. Тухайн үед согтсон байсан болохоор юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан Г намайг гараараа боогоод нүүр рүү хэд хэд цохиод, үүний дараа Б миний хөл рүү хутгаар дүрсэн. Г Б нар намайг бүлэглэн нийлж зодоогүй. Г намайг боогоод цохиод дууссаны дараа Б намайг хутгалсан. Г Б нарын үйлдэл тус тусдаа болсон. Тэгээд нэг мэдсэн чинь үүр цайж байсан ба миний өмсөж байсан хувцас нилээн цус болсон хөл гараар маш их өвдөж байсан. Тэгээд байгаа газраа тойруулж хартал Н гэх айлын баруун хойно хэвтэж байсан ба Н ах эхнэртэйгээ над дээр ирээд намайг Шивээговь сумын эмнэлэгт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өглөө 8 цагийн үед Г ахтай Шивээговь сумаас ертөнцийн зүгээр хойд зүгт 30 км зайд байх Г ахын хуучин хадам ааваас нь очиж 3 ямаа 4 ишиг аваад Starix маркийн машиных нь арын тээшинд ачсан. Тэгээд буцаад Шивээговь сум руу явж байх замд машин эвдрээд Шивээговь сумын засварын газар очиж машинаа янзлуулсан юм. Машинаа засуулж байх хугацаанд дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай 3 шил Ерөөл, 2 литрийн савлагаатай 3 ширхэг том пиво аваад машинаа янзлуулж дуусаад сумын төвөөс баруун урд зүгт 5-6 км зайд хөдөө очиж архиа хувааж уух гээд явсан. Тэгээд архи уух гээд зогсож байтал улаан мотоциклтой эрэгтэй хүн хүрч ирээд манай машинд суусан ба тэр хүн өөрийгөө Э гэж танилцуулж байсан. Тэгээд Э Г бид гурав нөгөө архиа хувааж ууж байтал Г Э хоёр гэнэт муудалцсан. Ямар шалтгааны улмаас муудалдцсаныг мэдээгүй. Гэнэт бие биенийгээ боогоод өшиглөөд байсан. Яг хэд хэдэн удаа биенийгээ өшиглөж зодсоныг би согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан Г Э нар зодолдоод Э гутлынхаа түрийнээс бор өнгийн иштэй хутга гаргаад ирэхээр нь би хутгыг булааж аваад нөгөө хутгаар нь Э-ын өвдөг дээр нь 2 удаа цохисон ба Э манай машинаас буугаад Г ах бид 2 машинтайгаа цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

1.5. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Улаанбаатар хотод ажил гараад Шивээговь сум руу орж байтал замын хажууд Старекс маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба түүний ард улаан өнгийн мотоцикл зогсож байсан. Тус улаан өнгийн мотоцикл ардаа хонь тохчихсон зогсож байсан ба би хажуугаар өнгөрөөд Шивээговь сум руу явж байтал Э ах миний утас руу залгаад саяын Старекс маркийн саарал өнгийн машин дээр хүрээд ир гэхээр нь би буцаад очтол Э ах нөгөө улаан өнгийн мотоциклийн ард тохчихсон байсан 2 хонийг авч яваад манай гэрт хүргээд өгчих гэхээр нь би зөвшөөрөөд хонийг хүргэж өгсөн. Тухайн үед Э ахтай уулзаж байхад бага зэрэг архи уучихсан байх шиг байсан. Мөн Старекс маркийн саарал өнгийн машинд 2 хүн байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

1.6. Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний бие Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  гэх газар мал маллаж амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7 цагийн үед Шивээговь сум руу хонь харах санаатай өөрийн эзэмшлийн 65-51 УНЦ улсын дугаартай Rimmon маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Ц.Н-н хамт явж байтал манай гэрийн баруун хойд талд хар өнгийн шувуу шиг юм хөдлөөд байхаар нь очтол Э гутал хувцас нь цус болчихсон байж байсан. Тэгээд нөхөр бид 2 Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

1.7. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6 цагийн үед манай хонь хойшоо бэлчээрт гараад манай гэрээс нилээн зайтай явчихсан байхаар нь буцааж эргүүлэхээр өөрийн эхнэр О-той цуг машинтайгаа гэрээсээ хойш гараад явж байтал эхнэр тэр баруун талд мал уначихсан дээрээс нь шувуу суучихсан байна, хоёулаа тийшээ очъё гэхээр нь би эхнэрийнхээ заасан зүг рүү яваад очтол цагаан цайвар өнгийн өмд цамцтай нэг танихгүй эрэгтэй хүн хэвтэж байсан ба хувцас нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр шууд машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү аваад явсан. Замдаа нөгөө залуу танихгүй хүмүүстэй муудалцаад хутгалуулчихлаа гэж ярьж байсан. Өөр юм яриагүй. Тэгээд нөгөө залууг эмнэлэгт хүргэж өгчихөөд цагдаад дуудлага өгөөрэй гэж эхнэр О-доо хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай дүгнэлтэд:

- Р.Э-ын биед баруун шуу, баруун гуянд зүсэгдсэн шарх,  зүүн нүдний зовхи дээд уруулд дотор салстанд цус хуралт гэмтэл учирчээ.

- Баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

1.9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 296 дугаартай дүгнэлтэд:

- *******-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/,

1.10. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Р.Э-ын биед учирсан зүсэгдсэн шарх гэмтлүүд баруун гарын шуу, баруун гуяны 2 тооны зүсэгдсэн шарх гэмтэл болон зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруул болон дотор салстын цус хуралт гэмтлүүд нь тус бүр гэмтлийн зэрэгт хамаараахгүй гэмтлүүд болно... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27 дугаар хуудас/

1.12. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-32 дугаар хуудас/

1.13. Хохирогч Р.Э-ын гаргасан хохирлын баримт /хх-ийн 85-89 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч ******* нь хохирогч Р.Эын хүзүүг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Р.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч Р.Э нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн, хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,

2.2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 436  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-81 дүгээр хуудас/,

2.3. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

2.4. Шүүгдэгч *******-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

2.5. Хохирогч Р.Э-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ