| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Аварзэд |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Рааш овогт Өын Чд холбогдох эрүүгийн 2117000080102 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн ......... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Р. овогт Өын Ч /РД:........./, гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 12-1221 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн Buyanbat Erdenee гэх нэртэй цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн ХААН банкны бүртгэлтэй 5025845058 тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 650.000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Яллагдагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 12-1221 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн Buyanbat Erdenee гэх нэртэй цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн ХААН банкны бүртгэлтэй 5025845058 тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 650.000 төгрөгийн ашиг олсон буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээс яг хэдний хугацаанд гэдгийг нь сайн санахгүй байна өөрийнхөө Buyanbat Erdenee гэх цахим хаягаар мөрийтэй тоглоом тоглуулдаг байсан. Нэг тоглолтонд 2-5 хүн ордог бөгөөд би өөрийн цахим хаягаар лайв буюу шууд бичлэг явуулж тухайн тоглоомын тоглох ширээг бэлтгэн засаж, тухайн ширээнд тоогоор хувиарлан тэр тоог тоглогчид сонгож оролцохдоо миний өөрийн Хаан банкны 5028845058 тоот дансанд 5000, 10000, 20000 төгрөгийг байршуулан орох эрхээ авч тоглодог байсан. Тухайн бооцооны мөнгөнөөс нэг тоглолтонд надад 3000-5000 төгрөг үлдэж тэр мөнгийг би өөртөө авдаг байсан, бусад мөнгийг хожсон хүнд шилжүүлдэг байсан. Би тухайн мөрийтэй тоглоомыг 2020 оны 12 дугаар сарын сүүл үе хүртэл /он сарыг нь сайн санахгүй байна/ нэг сарын л хугацаанд тоглуулсан. Энэ хугацаанд надад унасан мөнгө нь 650.000 төгрөг байсан. Сарын хугацаанд 20 орчим тоглолт тоглуулсан. Би тухайн үед LG маркын андройд утаснаас тоглуулдаг байсан. Тэр утсыг би хөдөө унагаад эвдчихсэн тэгээд тэр утас хаягдсан. Би тухайн цахим мөрийтэй тоглоомыг тоглуулахдаа бусдын туслалцаа авч байгаагүй. Лайв хийхдээ гар утсаа цаасан хайрцаг ашиглан тогтоочихдог байсан юм. Тоглолтыг би өөрөө хөзөр ашиглан явуулдаг, дансны мэдээллийг би гар утсан дээрээсээ өөрөө хянаад харчихдаг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64-р хуудас/
2. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “******* манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч байна. Манай нөхөр ******* нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн барьдаг байсан Samsung маркын гар утаснаас фэйсбүүкийн Buyanaa Erdenee нэртэй хаягаар лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь үнэн. Тухайн өдөр манай нөхөр өөрийнхөө 5025845058 дугаартай Хаан банкны дансаар уг тоглоомонд оролцсон хүмүүсээс мөнгө авсан бөгөөд хэдэн хүнээс мөнгө авсан, хэдэн хүнийг азтан болгож мөнгө буцааж өгсөнийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр манай нөхөр ширээд дээр 1-2 гэсэн дугаартай цааснууд тавьж байгаад хөзөр ашиглан poker нэртэй тоглоом тоглож хожсон хүнд нь мөнгө өгч байсан. Нэг хүнээс 20000, 50000, 100000 гэх зэргээр янз янзаар мөнгө авдаг бөгөөд 50000 төгрөгөөр ороод хожсон хүнд нь 95000 төгрөг, 100000 төгрөгөөр ороод хожсон хүнд нь 195000 төгрөг өгөх гэх мэтээр явдаг байсан. Нэг тоглоомноос 5000 төгрөгний ашиг олдог юм. Үүнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Би дээрх тоглоомонд оролцож байгаагүй. Тухайн өдөр манай нөхөр миний 5018471088 дансруу өөрийнхөө данснаас 220000 төгрөг шилжүүлсэн. Дээрх тоглоомыг тоглоод олсон ашиг нь байгаа юм... Манай нөхөр ******* 2020 оны 12 дугаар сарын дундуур 10 гаран хоног фэйсбүүк ашиглаж покер гэдэг тоглоомыг тоглуулсан нь үнэн. Эхлээд фэйсбүүк группүүдэд лайв хийдэг. Лайв хийхдээ 5025845058 дугаарын данс болон өөрийн нэрээ цаасан дээр бичээд камерын өмнө тавьчихдаг юм. Ерөөсөө 2 хүнийг л хооронд нь тоглуудаг. Тэгээд хүмүүс тоглох мөнгөө манай нөхрийн 5025845058 дугаарын дансруу шилжүүлсний дараа тоглоомоо эхэлж 1-2 гэж дугаарласан тоо тус бүрт 2 ширхэг хөзөр тараагаад голд нь 5 хөзөр тавьдаг. Тэгээд эхлээд хүмүүст тараасан хөзрөөс 1 ширхэгийг нь нээгээд дараа нь газарт байх хөзрүүдээ дэлгэдэг. Түүний дараа хүмүүст тараасан 2 дахь хөзрийг дэлгэж хожсон хүнийг тодруулдаг юм. Хожсон хүнд нь мобайл банк ашиглаж хожлын мөнгийг шилжүүлдэг юм. Жишээ нь 2 хүн 10000, 10000 төгрөг шилжүүлээд тоглосон гэж бодоход тухайн тоглолтын дараа хожсон хүнд нь 17000 төгрөгийг шилжүүлээд 3000 төгрөгийн ашиг авч үлддэг юм билээ. Манай гэрт гэр интернет байдаг. Лайв хийх утсаа гэр интернеттэй холбочихдог. Тэгээд манай нөхөр өөрийн 89210710 гэсэн дугаараа nokia загварын утсанд хийдэг. Тэгээд тэр утасны мобайл банкыг ашиглаж хожсон хүмүүст мөнгийг нь шилжүүлдэг юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-30-33 хуудас/
3. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фэйсбүүкийн Buyanaa Erdenee нэртэй хаягнаас цахим орчинд Хаан банхкны 5025845058 дугаартай данс ашиглан лайв хийж TEHAS гэсэн хөзрийн тоглоом тоглосон. Уг лайв тоглоомонд би тухайн үед оролцож Хаан банкны 5025845058 тоот дансанд 20000 төгрөг шилжүүлж 15000 төгрөгөөр 2 удаа нийт 30000 төгрөг хожсон байна. Уг TEHAS гэсэн хөзрийн тоглоомыг хэдэн хүн тоголсон ч болно яг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэдэн хүн тоглосныг би сайн санахгүй байна. Тоглоомын зарчмын хувьд хүн бүрт 2 хөзөр хуваагдана газраас 5 хөзөр хуваагдаад хамгийн том мод нь дийлэх зарчмаар явагддаг. Би 20000 төгрөгөөр нэг удаа орж 2 удаа 15000 төгрөөөр нийт 30000 төгрөг хожсон, алдсан зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/
4. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би яг ямар хаягнаас болон ямар данснаас зохион байгуулсан гэдгийг сайн санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын үед сонирхлоор цахимаар мөрийтэй тоглоом тоголсон нь үнэн. 2 хүн оролцдог TEHAS гэх нэртэй тоглоом байсан. Би хэдэн төгрөг алдсан, авсан эсэхээ сайн санахгүй байна. Уг тоглоом нь 5000 төгрөгөөр оролцдог тоглоом байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/
5. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фэйсбүүкээр лайв үзэж байгаад Техас покер тоглуулж байхаар нь тухайн дансруу нь 30000 төгрөг, 20000 төгрөг, 50000 төгрөг шилжүүлж нийт 3 удаа оролцож тоголсон юм. Тэгээд тухайн мөнгөнүүдээ алдсан. Нийт 100000 төгрөг алдсан байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг хожоогүй. Тухайн тоглоом нь утсаараа шууд лайв хийгээд 1-6 тоо тавиад тоглогч өөрөө аль нэгийг нь сонгоод мөнгөө шилжүүлж тоглож байсан, тухайн тоглоомыг тэр өдөр л тоглосон өөрөөр ямар нэг байдлаар дахиж тоглоогүй ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/
6. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нийт 6-7 өдөр тоголсон. 2021 он гаргаад огт тоглоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67-68 хуудас/
7. *******ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрийтэй тоглосон гэх этгээдүүдийн банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 87-95, 98-100 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
Шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 650 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ровогт Өын Чыг мэдээллийн технологи ашиглаж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон 650 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ