Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00878

 

К.Е, Корчанав Андрей нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 361 дүгээр магадлалтай,

К.Е, К.А нарын нэхэмжлэлтэй,

М.Дд холбогдох,

Орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох тус бүр 17.368.250  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъягийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Е түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъя түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч К.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр М.Нарантай 1963 онд нэг гэрт орж, 53 жил хамт амьдарсан ба хүү Андрей 1964 онд, хүү Сергей 1967 онд, охин Н.Наталъя 1974 онд төрсөн. Тухайн үед М.Наранд паспорт байгаагүй тул бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй. М.Наран нь 2014 онд харвалт өгч гэртээ хэвтэрт байж байгаад 2016 оны 8 дугаар сард 83 насандаа өвчний учир нас барсан. Миний нөхөр М.Наранд 1995 онд Монгол улсын банкны систем, ХОТШ банкинд олон жил идэвх зүтгэл гарган ажилласныг нь сайшаан тэмдэглэж, Баянзүрх дүүргийн 5 хороо,16 хороолол, 69б байрны 35 тоот орон сууцыг олгож, эзэмшүүлэх шийдвэр гарсан. Энэ байранд охин Н.Наталъя биднийг хуурч орсон ба намайг оруулахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байна.  М.Д нь Н.Наталъягийн охин юм. Н.Наталъя нь биднийг хуурч байгаад байрны гэрчилгээнд охиныхоо нэрийг оруулсан боловч энэ талаар маргаагүй. Уг байрнаас өөрт ногдох хэсгийг гаргуулж, эмчилгээндээ зарцуулах хүсэлтэй байна. Орон сууцны зах зээлийн ханш 80.000.000 төгрөгөөр үнэлж үүнээс өөрт оногдох хэсэг болох 20.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 67.473.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, надад ногдох 17.368.250 төгрөгийг М.Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Корчанав Андрей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч К.Егийн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. К.Егийн том хүү бөгөөд хариуцагч М.Дгийн нагац ах юм. Энэ байрны хамтран өмчлөгч. Орон сууцыг байгаа 3 өмчлөгч хуваагаад эвлэрэх боломжтой байсан боловч Н.Наталъя эвлэрэхгүй байгаа тул 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэхдээ одоо шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн орон сууцны үнэ 69,473,000 төгрөгийн 4/1 хувь буюу 17,368,250 төгрөгийг М.Дгаас гаргуулж К.Андрейд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Наталья нь хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 16 дугаар хорооллын 69Б байрны 35 тоотод 2013 оны 9 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа болно. Тус байрны хууль ёсны эзэмшигч нь эцэг М.Наран, охин М.Д, К.Е, К.А нар бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар 4 хүний өмч болсон. Тус байр 1990 оны эхээр баригдсан бөгөөд олон жил түрээслүүлсэн, маш их элэгдэлтэй, нэг ч удаа засвар хийгдээгүй учраас шууд амьдрах боломжгүй байсан тул 2013 оны 9 дүгээр сард би өөрийнхөө мөнгөөр 6.000.000 гаруй төгрөгийн дотоод засвар хийж, 10 дугаар сард нь 2 хүүхдийн хамт нүүж орсон. Дээрх байрны эзэмшигч К.Е, К.Андрей нар нь уг байрыг олон жил түрээслүүлж ашиг олсон, улмаар байрыг бүрэн эзэмших санаатай юм. Миний эцэг М.Наран 2013 онд өөрөө надад санал болгож тухайн үед 14 настай байсан М. Дариаг өөрийн эзэмшлийн 35 тоот орон сууцны эзэмшигч болгосон. Миний аав 1994 онд К.Еагаас салж, улмаар амьдарч байсан байраа бидэнд үлдээгээд Шайдорова Зинаидагийн байранд хамт амьдарч эхэлсэн. Шайдорова Зинаида нас барахад аав өөрийн эзэмшлийн байранд буцаж ирсэн, тухайн үед уг байранд К.Е болон К.Андрей амьдарч байсан бөгөөд аавыг буцаж ирэхэд дургүйцэж, дарамталдаг байсан. К.Е нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй, гэр оронтой хүн юм. Ганц хүний цалин бидний амьдралд хүрэлцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Дгаас 17.368.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Ед, хариуцагч М.Дгаас 17.368.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Ад тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Егаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгөөс 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч К.Ед олгож, нэхэмжлэгч К.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Дгаас нийт 489.582 төгрөгийг гаргуулж, үүнээс 244.791 төгрөгийг нэхэмжлэгч К.Ед, 244.791 төгрөгийг нэхэмжлэгч К.Ад тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Егаас 393.800 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК /Худалдаа хөгжлийн банкан дахь 499009345 тоот данс/-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 361 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъя хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Корчанов Елизабета, К.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 болон мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн өмчийг өмчлөгч нар нь дундаа хэсгээр өмчилж байна уу, эсхүл хамтран өмчилж байна уу гэдгээс хамааран шүүх ямар хуулийг хэрэглэх вэ гэдгийг тогтоох ёстой. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 696 байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Наран, К.А нар бүртгүүлсэн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн “Орон сууцанд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцлээр Корчанова Элизабета, М.Д нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамтран өмчилж байгаа болохыг тэмдэглэсэн. Үүний учир Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 696 байрны 35 тоот орон сууцыг нэхэмжлэгч хийгээд хариуцагч нар нь дундаа хамтран өмчилж байсан гэж үзэх үндэслэлтэй. 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр нэхэмжлэгч К.Е хариуцагч Корчанова Андрей болон М.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 101/Ш32018/11261 дугаартай захирамжаар “...нэхэмжлэгчийн хариуцагчаар К.Андрейг татахаас татгалзсан татгалзсан татгалзлыг баталж”, “нэхэмжлэгч Корчанова Елизабетагийн нэхэмжлэлтэй М.Дд холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр К.Андрейг оролцуулах”-р захирамжилсан. Өөрөөр хэлбэл манай тохиолдолд М.Дгаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Корчанова Андрей дэмжиж байвал түүнийг хамтран нэхэмжлэгчээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан журмын дагуу татан оролцуулж болно. Гэтэл Корчанова Андрей нь 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдөр “хамтран өмчлөх орон сууцнаас өөрт оногдох хэсгийн 20,000,000 төгрөгийг гаргуулах, нас барсан эцэг М.Нарангийн оногдох хэсгийг бусад өмчлөгчдөд хуваах" гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Ингэснээр Корчанова Елизабетагийн нэхэмжлэлээр үүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 40,000,000 төгрөг болж, “нас барсан эцэг М.Нарангийн оногдох хэсгийг бусад өмчлөгчдөд хуваах" гэсэн дахин нэг шаардлагаар нэмэгдсэн. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан журмыг хэрэглэх боломжгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч Корчанова Андрейн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “нас барсан эцэг М.Нарангийн ногдох хэсгийг бусад өмчлөгчдөд гаргуулах шаардлагаасаа татгалзаж..." байгаа тухай хүсэлтийг2 шүүхэд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Содончимэг нь зөвхөн хариуцагчийг төлөөлөх эрх бүхий итгэмжлэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа мөртлөө өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж Корчанова Андрейн 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсан байдаг. Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг нягтлан шалгалгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шинжээчийн гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүссэн хүсэлтийг хариуцагчийн Н.Номин-Эрдэнэ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүйгээр хянан шийдвэрлэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрвөл дахин шинжилгээ хийлгэх боломжтой байтал шүүх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг үгүйсгэж түүний нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн үйлдэл.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 361 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч К.Е, К.А нар нь хариуцагч М.Дс тус бүр 17.368.250 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа орон сууцны өөрт ногдох хувь гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

М.Наран, К.Е, К.А, М.Д нар нь Баянзүрх дүүргийн 5 хороо, 16 хороолол, 69б байрны 35 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгч байна /хэргийн 9 дүгээр тал/.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-т “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан, маргааны зүйл болж буй орон сууц зохигч талуудын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч М.Д дээрх орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК уг байрны зах зээлийн үнэ цэнийг 69.473.333 төгрөгөөр тогтоосон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгч нарт ногдох хэсгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Нэхэмжлэгч К.Е нь хариуцагч К.А, М.Д нарт холбогдуулан анх  нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К.А нь тус байрыг эзэмшиж чадахгүй байгаа гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Үүний дараа К.А нь хариуцагч М.Дд холбогдуулан тухайн байрны өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 11261 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, К.Аг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 27 дугаар зүйлийн 27.1.-г зөрчөөгүй байна.

К.А нь тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Ч.Содончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон, тэрээр К.Агийн нэхэмжлэлийн “...эцэг М.Нарангийн оногдох хэсгийг бусад өмчлөгчдөд хуваах” шаардлагаасаа татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг зохицуулсан ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь хэргийн оролцогчид хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...Ч.Содончимэг нь хариуцагчийг төлөөлөх эрх бүхий итгэмжлэлээр оролцож байгаа мөртлөө өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсан...” гэх гомдол үндэслэлгүй.

Орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийн “...дахин шинжээч томилуулах” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 361 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наталъягийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 332.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ