Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0650/З |
Дугаар | 221/МА2023/0569 |
Огноо | 2023-08-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2023/0569
2023 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2023/0569 | Улаанбаатар хот |
“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, Б.Х***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “О***” ХХК,
Хариуцагч “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0464 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, Б.Х***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***.
Хэргийн индекс: 128/2022/0650/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас шүүхэд хандан “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0464 дүгээр шийдвэрээр “Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.3, 252.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О***” ХХК-иас “Геологийн төв лаборатори” Төрийн өмчит үйлдвэрийн газар /хуучин нэрээр/-ын захиралд холбогдуулан гаргасан “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаалын “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Маргаан бүхий захиргааны акт болох “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаалаар “О***” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Гаалийн төв лабораториос ирүүлэх зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх ажлын /НӨАТ-гүй/ үнийг хавсралтаар баталж, уг тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.
4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “О***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 20 дугаар зүйлийн 20.1.9 болон 20.1.10-т зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь ажил үйлчилгээний үнэ тарифыг тогтоох эрхтэй боловч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж тогтоох нь хууль тогтоомжид нийцэхгүй. Хариуцагч байгууллага нь гаалийн байгууллагаас экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд магадлан шинжилгээ хийлгэх захиалга өгдөг нөхцөл байдлыг өөрийн давуу тал болгож бусад мэргэжлийн лабораториудын санал болгодог үнээс хэт өндөр буюу бодит нөхцөл байдалд үндэслээгүй экспертиз шинжилгээний үнэ тогтоосон нь шударга ёсны болон адил тэгш байх, бодит нөхцөлд тохирсон байх өрсөлдөөний зарчимд харшилж байна гэсэн агуулгаар эс зөвшөөрч маргаж байна.
5. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2-т “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 252.4-т “Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна” гэж,
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно. Дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж,
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” А/226 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 1.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 2.3-т “мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана”, 4.1-т “Гаалийн тухай хуульд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл ... гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ”, 8.3-т “магадлан шинжилгээний ажлыг бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн тохиолдолд төлбөрийг мэдүүлэгч хариуцна” гэж,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-т “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох”, 10-т “эрх хэмжээний асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэж,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Үндэсний геологийн албанаас “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан контрактын 3 дугаар зүйлийн 3.1.9-д “эрх бүхий байгууллагаас тогтоосноос бусад өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг зохих журмын дагуу тогтоох” гэж тус тус заасан.
6. Хууль, тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзэхэд гаалийн байгууллага гаалийн хяналтад ирүүлсэн зэсийн баяжмалын дээжид магадлан шинжилгээ хийх этгээдээр хамтран ажиллах гэрээ байгуулсан нэр бүхий лабораториуд дундаас Геологийн төв лабораторийг сонгон дээжийг шилжүүлэхээр илгээсэн тохиолдолд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлын 2021 оны “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаалаар тогтоосон төлбөр төлөх үүрэг мэдүүлэгч этгээдэд үүснэ.
7. Тухайн тохиолдолд хариуцагч “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллагынхаа үйлчилгээний үнэ, тарифыг тогтоосон. Гаалийн ерөнхий газар болон Геологийн төв лаборатори хооронд хамтран ажиллах гэрээг 2022 оны 4 дүгээр сард байгуулсан бөгөөд маргаан бүхий тушаал гарснаас хойш нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэсэн үйл баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА