| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0120/э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И ургийн овогт Чгийн Гт холбогдох эрүүгийн 2135000730135 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 6-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, И ургийн овогт Чгийн Г, регистрийн дугаар: ОЮ88091635.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Саяана” зочид буудлын өрөөнд 2020 оны 10 дугаар сарын эхээр иргэн М.Отой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад түүний эзэмшлийн “Хувай Вай-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч түүнд 451,223 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар 2135000730135 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Эд зүйл /Хар өнгийн гадна хэрэглээний сэвтэй, нүүрэн талдаа шилэн наалттай, ногоон шаргал өнгийн усан онгоцны зурагтай кэйстэй “Хувай Вай-7” загварын 1 ширхэг гар утас/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р хуудас/,
2. Хүн болон эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-34-р хуудас/,
3. Гар утас /хохирогч М.Оын алдсан гэх гар утас/-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36-р хуудас/,
4. Хохирогч М.Оод гар утсыг буюу эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-р хуудас/,
5. Гэрч Б.Аын эзэмшлийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44-р хуудас/,
6. Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ найз Г, Буянт нарын хамтаар гадуур хоёр шил 750 граммын “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад явж байгаад манай гэрт очиж гэрийн тавилга зөөж янзалчихаад тэндээсээ гараад Улаангом сумын 11-р багийн нутагт байх “Саяана” нэртэй дэн буудалд очиж дахин 750 граммын “Соёрхол” нэртэй архийг хувааж ууж байтал Буянт “манай эхнэр дуудаад байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд манай найз Г бид хоёр үлдсэн архиа ууж байгаад би согтоод унтчихсан. Тэгээд сэртэл манай найз Г байхгүй мөн миний “Хувай Вай-7” загварын гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би буудлын жижүүрийг дуудаад “манай найз яасан юм бол, бас дээрээс нь миний гар утас байхгүй байна” гэхэд “мэдэхгүй өрөөнд чинь орж харъя” гээд буудлын өрөөнд орж хайгаад олоогүй. Тэгсэн буудлын жижүүр танай найз чинь аваад явсан байх гэхээр нь би буудлаас гараад найз Гийн гэрт очиж утсаа асуухад “хэн мэддэг юм бэ, би чамайг утастай байсныг чинь мэдэхгүй байна” гэхээр нь “чи бид хоёроос өөр хүн байгаагүй” гэхэд “маргааш очиж камер шүүж үзье” гэж надад хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Миний утас 2019 оны “Хувай Вай-7” загварын хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шилэн наалт кэйстэйгээ байсан. Би тухайн гар утсыг 2019 оны 10 сард Мобикомоос лизингээр 669,000 авсан. Шилэн наалтыг зах дээр 5,000 төгрөгөөр наалгасан, кэйсийг бас захаас 15,000 төгрөгөөр худалдаж авсан /ягаан өнгийн гадна талдаа жижиг шигтгээтэй/. Имей код 865755048639390, 865755048649399 гэсэн дугаартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
-хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надтай хамт сүүлд Г ганцаараа үлдсэн байсан. Түүний дараагаар 23 цагийн орчимд байх сэрсэн бөгөөд буудлын өрөөнд Г байхгүй, миний гар утас байхгүй байсан. Утсаа хайгаад олоогүй бөгөөд буудлын ресепшнээр ажиллаж байсан хүүхнээс “манай найз яасан юм бэ?, би гар утсаа танд хадгалуулсан уу?, өрөөнд ороод хамт хайгаад өгөөч” гээд буудлын ресепшн эмэгтэйг дагуулж ороод нэг бүрчлэн шалгахад байхгүй байсан. Буудлын ресепшн эмэгтэйгийн гар утасны дугаараас өөрийн 99213399 дугаар луу залгахад холбогдохгүй байсан, Гийн гар утас руу залгахад дуудаад авахгүй болохоор нь Гийн гэр лүү гүйгээд очиход Г нь гэртээ байсан бөгөөд хаалгаар нь дуудахад гараад ирсэн. Тэгээд “миний гар утас хаана байна” гэхэд “би мэдэхгүй байна, буудалд байгаа биз, би тэрүүхэн зуур бас согтчихсон байна лээ, одоо унтлаа маргааш болъё” гэхээр нь би Гт хандаад “чи маргааш камерыг нь шүүгээд харчихаарай, би гэр хол учраас ирж чадахгүй шүү” гэж хэлээд явсан. Г нь “за” гэж хэлсэн. ...Гээс утсаа нэхэхэд “би аваагүй, чи цагдаадаа өгөөд шалгуулахгүй юу” гэхээр нь “чи бид хоёр хоёулахнаа байхад хэн авдаг юм бэ?” гэхэд “би аваагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи аваагүй бол өглөө очоод камер үзээд өгнө гэчхээд яагаад очиж камер үзээгүй юм” гэхэд “харин би өглөө босоод үүрээр архи уучихлаа” гэж хэлсэн. ...Би цагдаад хандах гээд очиход тог тасарчихсан байсан учраас яваад дахиж очиж чадаагүй. Би Г авчхаад надад өгөхгүй байх шиг байна, өгчих байх гэж бодоод яваад байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,
-хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад учирсан хохирлыг манай найз Г бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Г нь надаас уучлалт гуйсан, их гэмшсэн байсан. Би хохирлоо бүрэн төлүүлсэн тул одоо гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би 2 сим ордог гар утас авах гэхэд нөхөр А фэйсбүүкийн өөрийн хаягнаас “2 сим уншдаг гар утас авна” гэж зар тавиад миний 80030382 дугаарыг бичсэн. Фэйсбүүкийн постны дагуу удалгүй нэг залуу “гар утас авах уу?” гэхээр нь “ямар утас вэ?” гэхэд “Хувай Вай” гэхээр нь “үзье” гээд би нөхөр Аын хамтаар Улаангом сумын нутагт байрлах “Намир” дэлгүүрийн гадна очиход утас зарах хүмүүс машинтай ирсэн. Манай нөхөр машинаасаа буугаагүй бөгөөд цонхоор тухайн гар утсыг жолооч болох бор царайтай залуу манай нөхөрт өгсөн. Тэгэхээр нь би тэр гар утсыг шалгуулахаар “Намир” дэлгүүрийн хажуу талын хулдаасан хэвлэлийн залуу руу ороод “би энэ утсыг авах гэж байгаа юм ямархуу утас байна, шалгаад өгөөч” гэхэд уг газрыг ажиллуулдаг залуу гар утсыг авч үзээд 2019 оны “Хувай Вай-7” загварын гар утас мөн гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Аын хамт бэлэн мөнгөтэй явсан бөгөөд 200,000 төгрөгийг жолооч залууд бэлнээр тоолж өгөөд уг утсыг авсан. Жолооч залуу уг гар утсыг аваад “бүх зүйлийг нь устгачихъя” гэж хэлээд аваад оролдоод байсан ба уг утаснаас ямар нэгэн зураг хуулж аваагүй. Жолоочийн хойд талын суудалд суусан залуу симийг /сим карт/ гаргаад авчихъя гэж хэлээд утсыг авч сим картыг авсан. Тэгээд тэд нар явсан. Нөхөр бид хоёр ярилцахдаа “эд нар нэгнийхээ гар утсыг зараад шоудах гэж байгаа юм байна, гар утасны эзэн гэртээ 100,000 төгрөгтэй очих болов уу?” гэж ярилцаж хэлээд явж байсан. Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй, би утас засварчин залууд үзүүлж байхдаа ямар үнэтэй байдаг талаар асууж байсан санагдаж байна. ...Миний урьд нь таньсан 2 эрэгтэйн нэг нь жолоо барьж явсан, туранхай нь жолоочийн арын хэсэгт сууж явсан залуу сим гаргасан авсан залуу мөн байсан. Ямар нэг эргэлзэхгүйгээр сайн таньж байна, би харсан хүнээ андахгүй таньдаг. Тэд нар тавуулаа хамт явсан. Урд нь хоёр, хойно нь гурван хүн сууж явсан. Автомашины улсын дугаарыг мэдэхгүй байна, миний санаж буйгаар хөх гэхээр хөх биш, ягаан гэхээр ягаан биш завсрын өнгийн автомашин байсан. Орой болчихсон харанхуй байсан болохоор тухайн автомашины өнгө сайн ялгагдаж харагдаагүй. Гэхдээ уг автомашиныг харвал таних байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад учирсан хохирлыг Ч.Г гэх хүн төлж барагдуулсан. Данснаас 200,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,
8. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Фэйсбүүкт зар тавихад над руу нэг эрэгтэй хүн яриад “2019 оны “Хувай Вай-7” загварын гар утас байна” гэхээр нь “хэдэн төгрөгөөр өгөх вэ” гэхэд “200,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байх “Намир” дэлгүүрийн үүдэнд ирчихсэн байна, чи хаана байна гэхэд би одоо очлоо гээд Намир дэлгүүрийн үүдэнд тухайн өдөр ойролцоогоор 20, 21 цагийн үед очсон /би цагийг нь сайн санахгүй байна/ би машиных нь марк өнгийг санахгүй байна. Тэгээд тухайн машины жолооч талын суудал дээр байсан танихгүй залуугаас манай эхнэр утас аваад “Намир” дэлгүүр лүү орж тухайн утсыг ямар утас байна гэдгийг нь шалгуулаад 2019 оны “Хувай Вай-7” загварын гар утас байна гэж хэлээд гарч ирсэн. Тэр хооронд би машин дотроо сууж байсан. Тэгээд машин дотор мөнгөө тоолоод 200,000 төгрөгийг бэлнээр тухайн залууд өгсөн. Тухайн залуу утсан дотор байсан юмнуудаа бүгдийг нь устгачхаад надад өгсөн. Би тухайн машины жолоочийг харвал танина. Мөн ард нь сууж байсан хүнийг бас харвал танина. Миний утас авсан гэх залуугийн машин дотор 5 эрэгтэй хүн байсан, ойролцоогоор 30-аас дээш насны хүмүүс байсан, алаг бичигтэй барилгын ч юм шиг тийм хувцастай хүмүүс байсан. Миний худалдаж авсан утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,
-Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн “Amarbold Batsuuri” гэх фэйсбүүк хаягаас Увс аймгийн группт “2 симтэй гар утас авна” гэж зар тавьсан. Тэгтэл удалгүй зарын дагуу эхнэр Огийн 86030381 дугаар луу одоо дугаарыг санахгүй байна гэж эрэгтэй хүн залгаад 2019 оны “Хувай Вай-7” загварын гар утас байна 200,000 төгрөгөөр авах уу? гэхээр нь үзээд авъя гээд тэд нартай холбогдоод галын 4 замын зүүн хойд талын хэсэгт байрлах “Намир” дэлгүүрийн гадна би эхнэр Огийн хамтаар өөрийн автомашинтай очиход харанхуй болчихсон байсан. Тэд нар машинтай ирсэн тухайн үед ямар машинтай ирснийг нь анзаарч хараагүй, би машинаас буухгүй цонхоор тэд нартай харьцсан бөгөөд машины жолооч нь махлаг бор царайтай залуу хар өнгийн гар утсыг “200,000 төгрөгөөр зарна, 2019 оны “Хувай Вай-7”, сайн утас, та нар Мобикомын салбараас ороод асуу, 2 сим хоёулаа мобикомын сим уншдаг. Харин миний энэ утас нэг нь юнител уншдаг, программ суулгачихсан гэж хэлсэн. Манай эхнэр О тухайн гар утсыг аваад утас засварын залууд үзүүлээд гарч ирээд “Хувай Вай-7” 2019 оных мөн байна гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд мөнгийг нь бэлнээр тоолоод жолооч гэх бор царайтай залууд өгсөн, харин тэд нар гар утас дээрх зүйлээ устгачихъя гэж хэлээд туранхай бор залуу жолоочийн арын хэсэгт суугаад сим гаргасан. Тэгээд тэд нар мөнгөө аваад явчихсан. Эхнэр бид хоёр тэдгээр залуусыг нэгнийхээ утсыг зараад тухайн мөнгөөр нь шоудах гэж байгаа юм байна, утасны эзэн гэртээ 100,000 төгрөгтэй харих болов уу? гэж яриад явж байсан. Уг гар утсыг хулгайн гэмт хэргийн улмаас олсон гар утас гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84-87-р хуудас/,
9. Гэрч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Г буюу Б гэгчийг танина. Б бид хоёр хамт “Хар тарвагатай” ХХК-д хамт ажилладаг, нэг хороололд багаасаа өссөн багын найзууд юм. Би Гийн хамтаар тус аймгийн Улаангом сумын нутагт “Хувай Вай-7” загварын гар утас худалдан авч борлуулаагүй. Тухайн үед манай байгууллагын ажилчид тус аймгийн Улаангом сумын нутагт байсан нь үнэн. Гэхдээ би Гийн хамтаар гар утас зарж борлуулаагүй. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгуульд саналаа өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Улаангом сумын нутагт Гтэй уулзсан. Хамт гадуур явсан, 12 дугаар багт манай байгууллагын дарга С.Б орон нутгийн сонгуульд өрсөлдөж байсан учраас 12 дугаар багийн нутгаар машин дагаж, хяналт тавьж явж байсан. Би Гийг 2020 оны 10 дугаар сард “Саяана” зочид буудалд байхад очоогүй. М.Оыг зүс танидаг. Би М.Оын гар утас хулгайлагдсан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,
-Гэрч Б.Нн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орой 20 цагийн үед байх тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн гэр хороолол дундуур машинтай явж эргүүл хийсэн юм. Тэр үед Г нь хамт явсан. Г нь надтай хамт эргүүл хийж явахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба оройхон цаг хугацааг нь тодорхой санахгүй байна хүнтэй уулзана гээд зам дагуу буугаад үлдсэн. Буцаж ирнэ гэж хэлчхээд тэр орой ирээгүй явчихсан. Би шөнийн 1 цаг хүртэл эргүүл хийгээд явж байгаад гэртээ очоод амарсан. Тухайн үед би Э гэгчийн машинтай эргүүл хийж явсан. Би Гийн хамтаар “Хувай Вай-7” загварын гар утас зарж борлуулсан зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/,
10. Гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сард өдрийг тодорхой санахгүй байна. Орой болчихсон байхад тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Намир принт” ХХК-ийн байранд үл таних эмэгтэй хүн гартаа утас барьчихсан орж ирээд “би утас худалдаж авах гэж байгаа юм, чи энэ утсыг үзээд өгөөч, хэр гар утас вэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг авч үзээд “сүүлд гарсан загварын 2019 оны “Хувай Вай-7” загварын гар утас байна, гайгүй утас байна” гэж хэлэхэд тэр эмэгтэй утсаа авсан. Би “хэдээр зарна гэж байна” гэж асуухад “200,000 төгрөг” гэж хэлсэн. Би “боломжийн өгч байна” гэж хэлэхэд тэр эмэгтэй манайхаас гараад явсан. Тэр үед би гар утас завсварлаж байсан. Одоо гар утас засахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,
11. Гэрч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “07-04 ХОҮ улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Уг автомашиныг би 2020 оны 02 дугаар сард Ховд аймгаас Г гэх хүнээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний 07-04 ХОҮ улсын дугаартай суудлын машиныг би тус аймгийн Дулааны цахилгаан станц дээр үлдээсэн байсан. Би түлхүүрээ Н гэх залууд өгсөн байсан ба уг автомашиныг Н ашиглаж байсан. Өөр хүн уг автомашиныг ашиглаж байгаагүй. Миний автомашиныг юунд ашигласан талаар би сайн мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би “Хар тарвагатайн уурхай”-д ажиллаж байсан юмаа. Би Н, Г /Б/ нарыг танина. Бид нэг байгууллагад ажилладаг юм. Би 2011 оноос хойш “Хар тарвагатайн уурхай”-д ажиллаж байгаа юм. Г ямар нэгэн гар утас зарах талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Миний мэдэхээр хамтарч ажиллаж байх хугацаанд хулгай хийж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/,
12. Гэрч Б.Ганхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Гийг буюу Б гэгчийг танина. Г бид хоёр “Хар тарвагатай” ХХК-нд хамт ажилладаг. Мөн Алтан шонхор сагсан бөмбөгийн багт хамт ажилладаг учраас танидаг юм. 2020 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуульд тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багт нэр дэвшиж байсан С.Бын сонгуулийн хэсгийн хороонд ажилласан. Уг хэсгийн хороонд би, Б, Н, Г, Б, М, Ч, М, Б, нарын хамт ажилласан. Мөн дулааны цахилгаан станцад ажилладаг эмэгтэй хүмүүс мөн байсан. Сонгуулийн ажилд би өөрийн 77-99 УВХ улсын дугаартай, саарал өнгийн “KIL LOTZE” загварын автомашинтай, мөн 07-04 ХОҮ улсын дугаартай, цайвар ногоон өнгийн “CIVIK” гэсэн машин ашигласан. 07-04 ХОҮ улсын дугаартай автомашиныг Н ах жолоодож байсан. Уг машины эзэмшигч нь Э гэх залуу байсан бөгөөд тухайн үед байгаагүй, “Хар тарвагатайн уурхай”-д байсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийнхөө автомашинтай, 07-04 ХОҮ улсын дугаартай автомашинтай Н, Б буюу Г нар гадуур явж эргүүл хийж ажилласан. Дулааны станцад ажилладаг М өөрийн машинтайгаа, Н, Г хоёр тусдаа машинтай, би эхнэрийнхээ хамтаар өөрийн автомашинтай эргүүлээр явсан. Бусад намуудын сонгуулийн хэсгийн ажилтан нарт хяналт тавьж ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,
13. Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сард манай нөхөр Б буюу Г гэгч нь М.Отой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа надад хэлсэн. Тухайн үед би гэртээ байгаагүй, хүүхдийнхээ хамтаар өөрийн төрсөн аав Дгийн гэрт байсан. М.О нь манай гэрт очсон эсэх талаар мэдэхгүй. Тэр талаар надад ямар нэгэн зүйл яриагүй, цагдаагийн газраас дуудаад гар утастай холбоотой хэрэгт шалгаад байна гэхээр нь өөрийн нөхөр Ч.Гээс “чи тухайн гар утсыг авсан юмуу, яагаад чамайг дуудаад байгаа юм бэ” гэж асуухад Г би М.Оын утсыг аваагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/,
14. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Гийг зүс таних бөгөөд хамт сагс тоглодог байсан юм. Оыг нь танихгүй. Г, О нартай найз, нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Би “Саяана” зочид буудлыг 2019 оноос хойш ажиллуулж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажиллуулж байсан. Б буюу Г, О нар нь манай байгууллагаар үйлчүүлж байсан. ...Би тухайн үед гэр лүүгээ харьчихаад 21 цагийн үед буудалдаа буцаж ирсэн. Би буудалдаа ирээд өрөөнүүдээ шалгаад явж байхад Б буюу Г, О хоёрын орсон өрөөнд ороход зодоон хийсэн байдалтай нэг ор эвдэрчихсэн байсан. Би Бд “чи гуйж орчихоод наад ор яаж байгаа юм бэ” гэхэд Б “би явлаа” гэхээр нь би “энэ нөхрөө аваад яв” гэхэд Б “наад хүн чинь унтаж байна, одоо сэргэчихнэ” гээд гараад явсан. Тэгэхээр нь би нөгөө залууг нь сэрээгээд “одоо яв, ор эвдсэн байна” гэхэд нөгөө залуу “Б хаачсан юм, энд байсан хүмүүс хаачсан юм бэ” гэж асуусан. Тэгээд “миний гар утсыг Б аваад явсан юм байхдаа” гэж хэлээд яваад өгсөн. Би тэгээд буудлын жижүүрт өрөөгөө ирж, цэвэрлэ гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р хуудас/,
15. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “2020 оны 10 дугаар сарын байдлаар Улаангом суманд “Хувай Вай-7” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 446,223 /дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин гурав/ төгрөг, шилэн наалт, утасны кэйс нийт 5,000 /таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-р хуудас/,
16. Шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Бид нар М.Оын гэрт очоод тавилга зөөж байгаад орны хөл хугалчихсан. Тэгээд больё, маргааш болъё гээд М.Оын гэрт 1-2 шил архи уусан. Тэгээд би нэлээн согтчихсон “Саяана” зочид буудал руу яаж очсон талаараа болон түүнээс хэзээ хэрхэн яаж гарч явсан талаараа мэдэхгүй байна. Би гэртээ унтаж байхад О манай гэрт ирээд “миний гар утас алга болчихлоо” гэж хэлсэн, тэгэхээр нь би “миний өмдөнд байна уу? үзээч” гэж хэлэхэд О үзчихээд “байхгүй байна” гэж хэлчхээд гэрээс гараад явчихсан. Би тухайн өдөр нэлээн олон шил архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхдаа өөрийн найз М.Оын мэдрэгчтэй гар утсыг авчихсан юм байна лээ, надад байхаар нь би санаа зовоод хэлж чадаагүй, гаргаж өгч чадаагүй юм. ...Би унтаж сэрээд эрүүл болсны дараа надад хар өнгийн мэдрэгчтэй гар утас байхаар нь би Оынх байж магадгүй гээд санаа зовоод ичээд хэлж чадаагүй. Түүний дараагаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхдаа надад мөнгөний хэрэг гарахаар нь би такси барьсан шиг санагдаж байна, фэйсбүүк дээр утас авна гэсэн хүн рүү яриад уулзаад утсыг зарсан. Одоо би хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа, хамт явсан таксины жолоочийг, машиныг, утас худалдаж авсан гэх хүмүүсийг танихгүй байна. Мөн таксинд ямар хүмүүс байсан, уг таксины автомашины загвар, өнгө зэргийг мэдэхгүй байгаа. ...Би М.Оод учирсан хохирлыг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч М.Од учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, архины балгаас болж өөрийнхөө найзын эд зүйлийг авсандаа харамсаж байна, би М.Ооос уучлалт гуйсан, хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157, 159-р хуудас/,
-Шүүгдэгч Ч.Гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Гэм буруугийн болон хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Саяана” гэх зочид буудлын өрөөнд хохирогч М.Отой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад түүний эзэмшлийн “Хувай Вай-7” загварын гар утсыг хулгайлж авсан үйл баримт болжээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Шүүгдэгч Ч.Г нь хохирогчийг архи ууж, биеэ хянах чадваргүй болж, унтсаны дараа түүний эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хялбар аргаар шилжүүлэн авч байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Оод нийт 451,223 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээгээр хохирол учирсан болох нь шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдсон тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 451,223 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт, тодорхойлолт /хх-ийн 135-р хуудас/-оор нотлогдсон бөгөөд хохирогч М.Оод халдлагын зүйл болсон эд хөрөнгө /гар утсыг/-ийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн /хх-ийн 37-38-р хуудас/, хохирогч нь “гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/ гаргажээ.
Мөн иргэний нэхэмжлэгч М.Од учирсан 200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь түүний “...надад учирсан хохирлыг Ч.Г гэх хүн төлж барагдуулсан. Данснаас 200,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх /хх-ийн 80-р хуудас/ мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 190-р хуудас/-уудаар шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч Ч.Гээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай төрсөн хүү Ч.Г нь манай 3 дахь хүүхэд. ...Манай хүү Ч.Г нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, аймхайдуу, ямар нэг зүйлд хүрдэггүй, хулгай хийдэггүй, хүмүүстэй зөв боловсон харьцдаг, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, хүний эзэмшлийн зүйлд гар хүрдэггүй, гэртээ байхдаа дуу цөөтэй, хэлэх зүйлээ шулуухан хэлчихдэг, хүний хэлсэн үгийг сайн сонсдог, өөр ямар нэгэн зан аашгүй, эхнэр, хүүхдүүдтэйгээ сайн харилцаатай, найз нөхөдтэйгөө байх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, их хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, гэрээс гадуур хаа хамаагүй яваад байдаггүй, хэрэгт холбогдож шалгагдсанаас хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Хүү Г урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн чийрэг биетэй, архаг хууч өвчингүй. Одоогоор Г нь аавтайгаа хамт гэрээр хувиараа гэрийн модон хаалга хийж, хажуугаар нь өөрийнхөө охиныг харж байгаа. Манай хүү Г нь сагсан бөмбөг тоглодог, аймгийн аваргын тэмцээнээс медаль авч байсан, олон медальтай, гарын ур дүйтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/, гэрч Д.Дгийн “...Ч.Г нь миний нөхөр юм. ...Бид хоёр нэг хүүхэдтэй бөгөөд 3 настай, цэцэрлэгт явдаг. Г ажилгүй, манай сарын орлого хүүхдийн мөнгө ороод одоогоор 620,000 төгрөг, өөр ямар нэгэн орлогын эх үүсвэр байдаггүй, зээл байхгүй, хүнсний талонд хамрагддаггүй, өрхийн амьжиргааны түвшин дунд зэрэг айл өрх юм... Зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, хүмүүстэй зөв боловсон харьцдаг, аливаа зүйлийг хийж эхэлсэн бол заавал хийж дуусгадаг зантай, надтай болон үр хүүхэд, аав, ээж, гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай, халамж сайтай, элдэв муу зуршилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172-р хуудас/, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 175-179-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүхийн хуралдааны шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.Г нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Г 2020 оны 10 дугаар сарын эхээр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.
Хэдийгээр шүүгдэгч нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас /хх-ийн 172-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 175-179-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч Ч.Г нь хамрагдаж байгаагүй болно.
Мөн шүүгдэгч Ч.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гийг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Г нь хохирогчийн гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн хууль бусаар авч, бусдад цааш нь зарж борлуулсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон орлого, ашиг гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгчээс хөрөнгийн үнэлгээчний үнэлсэн гар утасны үнэ 451,223 төгрөг, ашиг 200,000 төгрөг, нийт 651,223 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны кэйс буюу гэр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ургийн овогт Чгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гийг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Гээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны кэйс буюу гэр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашиг болох нийт 651,223 төгрөгийг шүүгдэгч Ч.Гээс хурааж улсын орлого болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН