Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/334

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ...С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...С холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг 5-4а тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ...С /РД: .../

 

Шүүгдэгч ... овогт ...С нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим согтуугаар Королло маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний 19 дүгээр талбайн зүүн урд байрлах сайжруулсан замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. б-д заасан “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч ...Б-ын амь насыг хохироож, ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ...С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад осол гаргасан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би талийгаач Б төрсөн ганц эгч нь бөгөөд дүү бид хоёр эцэг, эхээс хоёулаа байсан юм. ... манай гэр бүлийн гишүүдийн зүгээс гаргах гомдол, санал байхгүй, яагаад гэхээр санамсаргүй болсон асуудал учраас жолоо барьж байсан С-д гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, аль болох хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 33 тал/

 

 

Гэрч Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхээ: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... найз Э над руу залгаад манай гэрт Б ирээд байна чи манайд хүрээд ир хоёулаа Б-ийн машиныг янзалж өгье гэсэн юм. ... Б 0,5 граммын Хараа гэх архи гаргаж хувааж уусан ба архи дуусаагүй байхад гаднаас Сорж ирсэн. Ингээд бид дахин нэг шил архи хувааж уусан. Улмаар Э-ын гэрээс гарч Б-ийн гэрт ирэхэд Б нь С гэх залууг машин барьж хэлээд С гэх залуу нэлээд хурдтай явж байтал гэнэт машин онхолдсон. Б урд талын суудал дээр суугаад явж байсан...” гэжээ /хх-ийн 243-44 тал/

 

Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20201 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн орчим Б манай гэрт ганцаараа ирээд хоёулаа манай гэрт очиж миний машины гуперийн урд талыг наая би ганцаараа чадахгүй байна гэж хэлсэн. Улмаар Ж-ийг дуудаад бид гурав Б-ийн гэрт орсон. Б 0.5 литрийн Хараа гэх нэртэй архи гаргаж ирсэн бид гурав архиа уугаад байж байхад гаднаас С орж ирээд бид хамт архи уусан. ...манай гэрээс бид нар гараад Шатахуун түгээх станц ороод буцаад явж байхад С нэлээн ширүүн яваад байхад нь би С-д хандаж дүү арай ширүүн явж байна зөөлөн яв гэж хэлсэн тэгэхэд Сзүгээр гэж хэлсэн бөгөөд удалгүй машин шарваад онхолдсон...” гэжээ. /хх-ийн 46-47 тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаанд: “......С нь Матад сумын 6 дугаар багийн нутаг Газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урагш байрлах сайжруулсан шороон зам дээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...ДОР улсын дугаартай цагаан өгийн “Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон  автоамшин жолоодохдоо, хамгаалах  бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7. б-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоолох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлсэн”, 12.3-т зааснаар  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 1.3-т зааснаар  “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд  осолтой байдал бий болохгүйгээр зорчино...” гэх заалтуудыг зөрчсөн байна...” гэжээ. /хх-ийн 50 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 124 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач ...Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь яс, нүүрний яс олон тооны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, их тархины суурь хэсгийн тархины зөөлөн эдийн тархмал няцрал, 2 тал бөмбөлгийн суурь, баруун зүүн дагз, духны дэлбэн, бага тархийг нэлэнхүйд нь хамарсан аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, хатуу хальсны урагдал, хүзүүний 3,4-р нугалмын салсан хугарал, нугасны бүтэн тасрал, зүүн эгэм, зүүн шуу ясны хугарал, нүүр, хүзүү, баруун зүүн чихний дэлбээ, зүүн шууны язарч урагдсан гүн шарх, баруун чамархайн булчингийн цус хуралт, нүүр, хүзүү, зүүн бугалга, сарвууны зулгаралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гавлын орой болон суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, их тархины суурь хэсгийн тархины зөөлөн эдийн тархмал няцрал, 2 тал бөмбөлгийн суурь, баруун зүүн дагз, духны дэлбэн, бага тархийг нэлэнхүйд нь хамарсан аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, хатуу хальсны урагдал гэмтэл, 3.1.5, 3.1.7-д зааснаар хүзүүний 3,4-р нугалмын салсан хугарал, нугасны бүтэн тасрал, 3.5.4-д зааснаар нүүрний язарч урагдсан гүн шарх гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар хүзүү, баруун зүүн чихний дэлбээ, зүүн шууны язарч урагдсан гүн шарх, баруун чамархайн булчингийн цус хуралт, нүүр, хүзүү, зүүн бугалга, сарвууны зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархи, хүзүүний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1,6 промилли спиртын алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно” гэжээ. /хх-ийн 68-71 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар тал/

-Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11-18 дугаар тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий 23-25 дугаар тал/

-...С-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-38, 84-85 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ...С нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд согтуурсан үедээ Королло маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний 19 дүгээр талбайн зүүн урд байрлах сайжруулсан замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. б-д заасан “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч ...Б-ын амь насыг хохироож, ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н, гэрч Ж, Э, М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 124 тоот задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ...С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ...С-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ...Б-ын амь нас хохирсон бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчээс оршуулгын зардал болон бусад /автомашины эвдрэл гэмтлийн/ зардалд нийт 11000.000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ...С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч ...С-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ...С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ...С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ...С-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТЖАРГАЛ