Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/662

 

 

 

 

 

 

 

 

 

2021          09           21                                         2021/ШЦТ/662

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            улсын яллагч Н.Булганчимэг,

            иргэний нэхэмжлэгч Г.Энхтайвангийн өмгөөлөгч Д.Очирваань,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909010771280 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Б, /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Ардчиллын гэгээ” ХХК-ны эрх олгосон, хэвлэмэл маягт ашиглан захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийн хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгч хохирогч П.Ганцэгийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70/б байрны 2 тоот 74.854.502 төгрөгийн 2 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийг,

үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Ариг банк” ХХК-нд баримт бичиг ашиглан хуурч, барьцаа, зээлийн гэрээ байгуулан хохирогч П.Ганцэгийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70/б байрны 2 тоот 2 өрөө орон сууцыг  барьцаалан “Ариг банк” ХХК-наас 29.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч Н.Сарантуяад “200 ширхэг замаск, гипс зээлээр өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч 2018 оны 10 дугаар сарын 09, 17-ны өдрүүдэд 1.300.000 төгрөгийн бараа материалыг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “БНХАУ-аас 200 ширхэг барилгын хөөс оруулж ирж өгнө” гэж 8.080.000 төгрөгийг залилан авч нийт 38.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 100 айл дээр цонхны шахдаг хөөс нийлүүлдэг байсан. Тэр үедээ Сарантуяа гэдэг эгчтэй танилцсан. Сарантуяа эгчид надад замаск хэрэгтэй байна зээлээр өгөөч 14 хоногийн дотор буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгтэл Сарантуяа эгч зөвшөөрч би нийт 1.300.000 төгрөгийн замаск гипс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан. Үүнээс 2-3 хоногийн дараа Сарантуяа эгч над руу залгаад чи урдаас бараа оруулж ирж байгаа юу би хөөс захья гэхээр нь би оруулж ирж байгаа таны хөөсийг 7 хоногийн дараа оруулж ирээд өгье гээд Сарантуяа эгч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банкны 5034747593 дугаарын данс руу 8.080.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-26/,

 

Хохирогч П.Ганцэгийн “...Би хувиараа Сант пасат гэх барилгын компанитай. Манай компани нь Сипоко гэх бар“илгын компанитай хамтран ажиллаж тэдний компанид барилгын материал нийлүүлж түүнийхээ оронд бартерын байрыг авдаг юм. Энэ Сипоко компани нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд Очир 2 нэртэй хотхоныг барьсан юм. Манай компани энэ хотхоноос 2 өрөө байрыг 2015 онд анх бартераар авч байсан. Тэгээд энэ байрны гэрчилгээг Сипоко компани нь хариуцаж гаргаж өгөх ёстой байсан боловч эцсийн байдлаар тооцоо хийж гаргаж өгнө гээд хүлээлгээд байсан. Сипоко компаниас энэ байрыг зарж борлуулж болно гэсэн зөвшөөрлийг бид нарт олгосон. Тэрний хүрээнд бид нар Очир 2 хотхоны 2 тоотод байрлах 2 өрөө байрыг 2015 оны 08 сард Гомбо-Очир гэх хүнд урьдчилгаа 30 сая төгрөгийг авч худалдсан юм. Үлдэгдэл байрны мөнгийг тухайн байрны гэрчилгээг гарахаар өгнө гэж тохиролцсон. Энэ хугацаанд Гомбо-Очир гэх хүн тухайн байранд амьдарч байсан. Бид нар Сипоко компанид барилгын материалаа нийлүүлж хамтран ажиллах хугацаа ерөнхийдөө дууссан. Бид нар тухайн байрныхаа гэрчилгээг авъя гэсэн боловч Сипоко компани санхүүгийн алба руу шилжүүлсэн байгаа санхүүгийн албатай уулзаад тооцоогоо дуусгаад гэрчилгээг авч болно гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны манай байрыг худалдан авсан Гомбо-Очир гэх хүн бид нар руу залгаад надад зарсан байрныхаа гэрчилгээг гаргаад Ариг банканд барьцаанд тавьчихсан юм уу. Та нар нийлээд залилан хийгээд байгаа юм уу гэж уурласан. Тэгээд Ариг банкин дээр очиж шалгуулахад зүс таних Баярсүрэн гэх хүн тухайн байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж тухайн банканд 2017 оны 07 дугаар сард барьцаанд тавьсан байсан. ...Сипоко компани дээр очиж уулзаж яагаад байрны гэрчилгээ Баярсүрэнгийн нэр дээр гаргаж өгсөн юм бэ гэж асуусан тэгэхэд Сипоко компани Баярсүрэн манай ажлаас гарчихсан манайх Баярсүрэнд огт бичиг баримт гаргаж өгсөн асуудал байхгүй. Баярсүрэн хуурамч бичиг баримт гаргасан юм байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67/,

 

Хохирогч Н.Сарантуяагийн “...Миний бие 2003 оноос хойш Алтаншагай худалдааны төвийн В1-1 дүгээр павильонд барилгын материалын худалдааны ажил эрхэлж байгаа юм. 2016 оноос хойш Баярсүрэн нь барилгын материал бөөндөж зардаг байсан ба 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр над руу 95057520 дугаарын утсаар яриад 200 ширхэг хар замаскийн хэрэг байна, барилга руу шахах хэрэг байна гэхээр нь үйлдвэрээсээ Баярсүрэнгийн явуулсан машинд 200 ширхэг замаск ачуулж явуулсан. Тэгээд мөнгийг нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгнө гэж хэлсэн ба тухайн өдрөө мөнгөө өгөөгүй ба 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 шуудай гипсийн хэрэг байна гэхээр нь би ажил дээрээсээ өгөөд явуулсан. Маргааш дахин ирээд уулзахаар нь би БНХАУ-аас барилгын материал оруулж ирж байгаа юу гэж асуухад том машин авчихсан оруулж ирж байгаа гэсэн. Тэгэхээр нь би эгчдээ 200 хайрцаг хөөс авчраад өгөөч гэсэн чинь манай машин дүүрч байгаа авчраад өгье гэж хэлсэн. Тэгээд Баярсүрэн нь хөөсний үнийг хэлээд техникийн зардалтай хамт 8.080.000 төгрөг болно гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 7-7 тоот буюу гэрээсээ мобайл банкаар мөнгийг нь 5034747593 дугаарын данс руу шилжүүлсэн. БНХАУ-аас ирэх барилгын материал нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орчим ирнэ гэж байсан ба 10 дугаар сарын 22-ны өдөр залгахад гар утас нь холбогдохгүй байсан. ...200 ширхэг замаск 1.300.000 төгрөг, ...бэлэн 8.080.000 төгрөг дансаар өгсөн. ...Г.Б надад 1.300.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67 хуудас/,

 

Гэрч Ц.Мөнгөнхөлөгийн “...Ганцэг манай компанитай хамтран ажилладаг хүн юм. Манай зайсанд баригдаж байсан Энхжин хотхоны дээврийн ажлыг П.Ганцэг гэх хүн хариуцан ажилласан юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгэсний хөлс болгож Очир 2 хотхонд байрлах 2 өрөө байрыг тухайн Ганцэг гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн хоёр өрөө байрыг хүлээлгэн өгөхдөө байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Зүгээр тухайн байрыг П.Ганцэг захиран зарцуулах эрхтэй гэсэн гэрээн дээр үндэслэн хүлээлгэж өгсөн. П.Ганцэг ажлаа хийж дуусгасан боловч манай компанитай тооцоогоо албан ёсоор нийлүүлж дуусгаагүй байгаа. Яагаад гэвэл хийдэг ажлаа хийчихсэн боловч санхүүгийн албаар нэмэн өртгийн албан татвар болох 10 хувийг төлж барагдуулаагүй тэгээд тухайн байрын гэрчилгээг Ганцэгийн нэр дээр гаргаж өгөөгүй байсан юм. Миний мэдэж байгаагаар бол тухайн байрны гэрчилгээ хэний ч нэр дээр гараагүй байх ёстой. Хэрвээ нэр дээр гарсан тохиолдолд Г.Сүх-Очир болон компанийн захирлуудын зөвшөөрлөөр гарах ёстой байдаг. Орон сууцыг хүний нэр дээр гаргах тохиолдолд Сүх-Очир гэх хүнээр заавал дамжсан байх ёстой.. ...Манай байгууллагын зүгээс бол Сант фасад ХХК-д өгөх ёстой гэхдээ Сант фасад ХХК-ны хүсэлтийн дагуу мөн 2015 оны 07 дугаарын сарын 07-ны өдөр 14/203  дугаартай гэрээний дагуу Гомбосүрэнгийн Энхтайван гэх хүний нэр дээр гарган өгнө. 203 дугаартай гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ байгаа юм. Энэ гэрээний драпт өөрөө нэрийн хувьд алдаатай хийгдсэн тэрийг би залруулж байна. Санхүү эрхэлсэн захирал нь Ц.Мөнхбаяр юм. Харин нэр нь Мөнхтөр гээд гарсан. Гэхдээ энэ гэрээ хүчин төгөлдөр мөн манай захирал өөрийн гараар Энхтайван гэх хүнд гарган өгнө гэж бичин өгсөн. Өөрөө ч гэрчилнэ...” мэдүүлэг /1хх-ийн 74, 181/,

 

Гэрч Г.Сүх-Очирын “...манай байгууллагаас уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгөөгүй байгаа юм. Уг тоотод хэн амьдарч байгаа талаар мэдэхгүй байна.  Манай байгууллагын мэдэлд хэвээрээ байгаа. Энэ байрыг анх Сант фасад ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд сүүлд Г.Энхтайван гэх хүний нэр дээр шилжүүлэн өгнө гэсэн гэрээ дахин хийсэн ...Сант фасад ХХК-нд бартерын дагуу гэрээний төлбөрт өгөх ёстой байсан Очир 2 хотхоны 1 дүгээр орцны 2 тоот байр нь 2 давхрын наад талдаа цонхтой 70б байрны 2  тоот байр мөн байна...” мэдүүлэг /1хх-ийн 180/,

 

Гэрч П.Лхагвадоржийн “...Ганцэг манай компанид бараа материал нийлүүлж ажил үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд хэд хэдэн байруудыг авч байсан. Тэрний дунд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Очир 2 хотхоны 49б-2 тоотод 2 өрөө байрыг авч байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэний ч нэр дээр байх ёсгүй. Ганцэг манай компанитай хийсэн гэрээнийхээ дагуу тооцоогоо нийлүүлсний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх болно. Харин тухайн 49б-2 тоот үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Ганцэг гэх хүнд олгосон. Баярсүрэнгийн нэр дээр гаргаж өгөөгүй, манай компанийн эзэмшилд байх ёстой...” мэдүүлэг /1хх-ийн 78,  2хх-ийн 86-87/,

Гэрч Н.Уранцэцэгийн “...Г.Б нь Ардчиллын гэгээ ХХК-ны үл хөдлөх хөрөнгийг гаргаж өгдөг ажлыг хариуцсан менежер ажилтан байсан. Харин манай ажлын хөлсөнд авах ёстой байртай ямар ч хамааралгүй, харин манайхыг авна гэдгийг бол мэдэж байсан. ...Г.Б нь барьцаанд тавьсан талаар барьцаалсан хугацаанаас 1 жилийн дараа буюу 2019 онд мэдсэн...” мэдүүлэг /2хх-ийн 84-85/,

 

Гэрч П.Энхтөрийн “...албан бичигт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Г.Бд би үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж барьцаанд тавих болон Баярсүрэнгийн нэр дээр гарган өгнө үү гэсэн албан бичиг хийн өгч байгаагүй...” мэдүүлэг /3хх-ийн 49/,

 

Гэрч Б.Ариун-Энхийн “...Тухайн үед банкны хууль байгууллагын дотоод журмын дагуу зээл хүсэж ямар материал бүрдүүлэх ёстой тэр бүгдийг бүрдүүлж зээл олгосон. Ямар баримт зээл хүсэгчийн анкет, хувийн мэдээлэл орлого тодорхойлолт эд хөрөнгийн барьцаалж байгаа үед үл хөдлөхийн бичиг баримт эх хувиараа үл хөдлөх хөрөнгийн лавлагаа баримтыг үндэслэнэ. Г.Б нь яг ямар баримт бүрдүүлж өгсөн нь зээлийн материалд байгаа. Миний хувьд банкны журмын дагуу материалыг бүрдүүлж зээл олгосон. ..” мэдүүлэг /1хх- ийн 205-206/,

 

Гэрч М.Билгүүний “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Ханын материал 70б-2 тоот Ү-2201054849 бүртгэлтэй уг байрыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ганбат овогтой Баярсүрэн гэх хүн манай банкны Сонгинохайрхан салбарт барьцаалан 29.300.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлж авсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй утсаар холбогдох гэхээр утсаа авахгүй мессеж бичиж холбогдохоор удахгүй төлнө гээд хойшлуулаад яваад байгаа хүн юм. Өөр ямар нэгэн хүн хамтран зээлдэгчээр ороогүй бөгөөд дансны хуулгаараа өөрөө өөрийгөө батлан даагаад уг зээлийг авсан..” мэдүүлэг /2хх-ийн 4-5/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №635 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн П.Энхтөрийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд болон М.Нямтулгын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт туршилтын загварууд шинжилгээнд тэнцэнэ. ...Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдах Ү-2201054849 дугаартай хувийн хэргийн баруун дээд буланд 6, 7, 8 гэж дугаарласан хуудсанд авагдсан “2015.07.07” гэсэн огноотой “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн баримтын “Гэрээ байгуулсан:...М.Нямтулга” гэсний дор зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн М.Нямтулгын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. ...Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдах Ү-2201054849 дугаартай хувийн хэргийн баруун дээд буланд 9 гэж дугаарласан хуудсанд “2018.07.30” гэсэн огноотой “Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг”-т гэсэн баримтын “П.Энхтөр” гэсний урд зурагдсан шинжилж бй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн П.Энхтөрийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна...” гэх дүгнэлт /3хх-ийн 185-200/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-133/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-137/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1хх-134-136, 138-140/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-132/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-8-9/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Ардчиллын гэгээ” ХХК-ийн эрх олгосон, хэвлэмэл маягт ашиглан захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийн хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгч хохирогч П.Ганцэгийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70/б байрны 2 тоот 74.854.502 төгрөгийн 2 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Ариг банк” ХХК-нд баримт бичиг ашиглан хуурч, барьцаа, зээлийн гэрээ байгуулан хохирогч П.Ганцэгийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70/б байрны 2 тоот 2 өрөө орон сууцыг  барьцаалан “Ариг банк” ХХК-наас 29.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч Н.Сарантуяад “200 ширхэг замаск, гипс зээлээр өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч 2018 оны 10 дугаар сарын 09, 17-ны өдрүүдэд 1.300.000 төгрөгийн бараа материалыг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “БНХАУ-аас 200 ширхэг барилгын хөөс оруулж ирж өгнө” гэж 8.080.000 төгрөгийг залилан авч нийт 38.680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч П.Ганцэг, Н.Сарантуяа нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Бгийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Бг буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн хуурч, баримт бичиг ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч “Ариг банк”-ны төлбөрийг бүрэн барагдуулсан, мөн хохирогч Н.Сарантуяад учруулсан 9.380.000 төгрөгөөс 6.780.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Г.Бгээс 2.600.000 төгрөгийг хохирогч Н.Сарантуяад олгох нь зүйтэй.

Харин хохирогч П.Ганцэгийн тухайд шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Бг хохирогч П.Ганцэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Иргэний нэхэмжлэгч Г.Энхтайваны тухайд шүүгдэгч Г.Бтэй харилцан тохиролцож “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 2 тоот байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны Ариг банк дахь зээлийн үлдэгдэл төлбөр болох 25.000.000 төлж, “Үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд уг орон сууцыг шууд шилжүүлэн өгөхөөр тохирсон болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Бг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Бгийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн нөхцөл журмыг заасан байна.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Харин шүүх шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний тус эрүүгийн хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 64 хоногийн 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д “...цагдан хоригдсон нэг хоногийг..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу цагдан хоригдсон  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, баримт бичиг ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 64 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгээс 2.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Сарантуяа (РД:ТГ71013061)-т олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байрны 2 тоот 60 м.кв талбайтай 2 өрөө бүхий            Y-2201054849 дугаарын гэрчилгээ”-тэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                                      

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР