Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/032

 

Ж.Иөд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч Ж.И

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/301 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №08 тоот эсэргүүцлээр Ж.Иөд холбогдох эрүүгийн 1714003200056 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хэцүү шар овогт Ж.И, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 1989 оны 8 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих, 1997 оны 5 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих, 2002 оны 3 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил хорих, 2012 оны 7 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, 2015 оны 12 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар хорих ялаар тогтоож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлэгдэж байсан,

Ж.И нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг, 5 дугаар цэцэрлэгийн урд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Иөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ж.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ж.Иөд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т “яллагдагч энэ зүйлийн 1-д заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ж.Иийн прокурорт гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд дээр дурдсан баримт хавсаргаагүй, тухайн хэргийн материалд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа зэрэг нь огт байхгүй байхад хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэхийг заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

Ж.Иөд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэрэгт хамаарагдаж байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Ж.И нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч прокурорын шатанд хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг нь шууд хялбаршуулсан журмаар буюу уг хэрэгт мөрдөн байцаалт болон бусад ажиллагааг түргэн шуурхай явуулах хуулийн зорилт байгаа тул 17.1- 17.4-д заасан журмыг баримтлах шаардлагагүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулхаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Ж.И нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг, 5 дугаар цэцэрлэгийн урд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн, Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Ж.И нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтэндээ хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргаагүй байхад прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-т заасныг зөрчсөн гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Учир нь: Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах, мөрдөгч болон прокурор нь хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхэд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2 дугаар зүйлүүдэд хуульчилсан бөгөөд прокурор гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянан шийдвэрлэх үүргийг шүүгчид мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд зааснаар хүлээлгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, тогтоогдоогүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх зэрэг хуульд тусгайлан заасан шаардлагад нийцсэн байх шаардлагатай юм. Хэрэв хуульд заасан дээр дурдагдсан аль нэг үндэслэл хангагдаагүй тохиолдолд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй болохыг анхаарвал зохино.

Гэтэл аймгийн прокурорын газраас Ж.И нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад түүний хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн нь буруу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/301 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******ын бичсэн 2018 оны 4 дүгэр сарын 11-ний өдрийн №08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ