Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00876

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03820 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 238 дугаар магадлалтай,

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Г.Д, Г.Чнарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, Ч.Мөнхзул нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Цэдэвдорж, өмгөөлөгч С.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Бадамцэцэгээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 32-Б байрны 6 тоот хаягт байрлах байрыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж худалдан авсан. Гэтэл миний нэр дээр шилжүүлэх явцад буюу О.Бадамцэцэгийн нэр дээр байх үед байрны хаалганы түлхүүрийг Г.Д, Г.Чнар дур мэдэн эвдлэн орж, өмчлөх эрхэд халдаж, хаалганы түлхүүрийн голыг солин хууль бусаар амьдарч байна. Тус байрыг суллаж өгөөгүйн улмаас арга буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Санни таун хотхоны 157, 158 тоот байрыг хөлслөн ажлаа явуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буцааж өгсөн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу уг байрыг худалдан авч, албан ёсны өмчлөгч болсон. Гэтэл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч Г.Д, Г.Чнар дээрх байранд амьдарч, байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хохиролд нэхэмжилсэн 5.500.000 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Г.Чшүүхэд гаргасан тайлбартаа: Өмчлөгч Б.Ганбаярын зөвшөөрлөөр уг орон сууцанд сууж байгаа. Энэ байр маргаантай, эрүүгийн хэрэг үүсгээд, шалгагдаж байна. Тус байрыг худалдан авсан гэх Б.Ганболд бусдыг хууран мэхэлж авсан. Анх 3 ширхэг орон сууцыг Б.Ганболд барилгын арматур төмөр нийлүүлнэ гээд төлбөртөө авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Худалдах худалдан авах гэрээтэй ямар ч хамааралгүй, О.Бадамцэцэгийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. О.Бадамцэцэг орон сууцанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй зөвхөн нэр дээрээ байруудыг шилжүүлэн авч, дээрх хэрэг үүссэнийг мэдсээр байж Ц.Э-т шилжүүлсэн нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ байр маргаантай, эрүүгийн хэрэг дуусаагүй учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03820 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 32-Б байрны 6 тоот хаягт байрлах, 3 өрөө байрнаас хариуцагч Тавинтай овогт Ганданбаатарын Должинсүрэн, Боржигон овогт Ганбатын Чимэдцэен нарыг албадан гаргаж, нэхэмжлэгч Хар адуудынхан овогт Цэцэгмаагийн Энхцэцэгт орон сууцыг хүлээлгэн өгч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 238 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Тавинтай овогтой Ганданбаатарын Должинсүрэн, Боржигон овогтой Ганбатын Чимэдцэен нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32-Б байрны 6 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э- 5.500.000 төгрөг хариуцагч Г.Чимэдцэеэн, Г.Д нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай захирамжийн үйлчлэл нь тухайн хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, Ч.Мөнхзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба тус шүүхийн 2018 оны №03820 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны №238 дугаар магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Ц.Э- нь О.Бадамцэцэгээс ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр, хэрхэн худалдан авсан болох нь тогтоогддоггүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “дээрх орон сууцыг бараа солилцоогоор худалдан авсан” хэмээн дурдсан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг бараа солилцоогоор авсан гэх гэрээ, хэлцлийг шүүхэд ирүүлээгүй байдаг ба О.Бадамцэцэг болон Ц.Э- нарын хооронд дээрх орон сууцыг шударгаар, хууль ёсны дагуу шилжүүлэн авсан болох нь тогтоогддоггүй. Үүнээс үзэхэд Ц.Э- нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх орон сууц нь өмчлөл болон бодит эзэмшлийн талаар маргаантай болохыг мэдсээр байж, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд Ц.Э- нь өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан юм. Мөн энэхүү Байр дамжуулан түрээслэн хамтран ажиллах гэрээг байгуулсан талууд болох С.Отгонсайхан болон О.Бадамцэцэг нар нь эцэг, охин 2 байр бөгөөд дээрх байдлаар гэрээ хэлцэл хийх замаар өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан байдаг. /Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нь иргэн Б.Ганбаярын захиалсан орон сууцыг гэмт хэргийн замаар олж авсан болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогддог./ Тухайлбал: Бишрэлт пропертиз ХХК болон О.Бадамцэцэг нарын хооронд байгуулагдсан 2017.06.23-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, уг гэрээний Ерөнхий нөхцөл /х-93/ “Бартер: 2017.06.09 өдрийн албан хүсэлтийн дагуу”, гэрээний 2.1 дэх хэсэг Гүйцэтгэгчид 2014.07.09-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнгээс хасаж тооцсоноор баталгаажна”, Бишрэлт пропертиз ХХК-ийн тодорхойлолт зэргээр уг орон сууцны О.Бадамцэцэг болон Ц.Э- нар төлөөгүй болох нь тогтоогддог. М.Ганболд гэх этгээд нь Б.Ганбаярыг хууран мэхлэх замаар залилж, түүнтэй арилжааны гэрээ гэх хэлцлийг байгуулж, уг хэлцлээр халхавчлан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 326 байрны 6 тоот орон сууцны өмчлөх эрхийг залилан авч, анхны өмчлөгчөөр нь О.Бадамцэцэгийг бүртгүүлсэн байдаг. Улмаар М.Ганболдын үйлдлийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018.04.03-ны өдрийн №312 тоот “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 326 байрны 6 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ИХШХШтХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн /өмнө нь хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа/ байна. Хэрэв М.Ганболд нь иргэн Б.Ганбаярыг залилан мэхэлсэн нь эрүүгийн журмаар тогтоогдох тохиолдолд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 326 байрны 6 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ганбаяр тогтоогдох бөгөөд Ц.Э-т өмчлөх эрх үүсэхгүй ба Ц.Э- нь тухайн орон сууцны өмчлөлийг хэн нэг этгээдээс шаардах эрхгүй юм. Хэрэв тухайн орон сууцны өмчлөх эрхийг Ц.Э- шударгаар олж авсан гэж үзэх тохиолдолд иргэн Б.Ганбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөж байгаа тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ИХШХШтХ-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай юм. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс иргэн Б.Ганбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны №238 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, ИХШХШтХ-ийн 65.1.8, 117.1-д тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Ц.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.500.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч Г.Д, Г.Чнарт холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Э- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32Б байрны 6 тоотын 3 өрөө орон сууцыг  О.Бадамцэцэгээс 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр худалдан авч, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 111-118 дугаар тал/.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т нийцсэн, гэрээ болон улсын бүртгэл хүчин төгөлдөр, энэ талаар маргаагүй байна.

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...анхны захиалагч, эзэмшигч Б.Ганбаярын зөвшөөрлөөр тухайн орон сууцыг эзэмшиж байгаа” гэсэн тайлбар гаргасан боловч татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, зарим шаардлагыг орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг анхан шатны шүүх  шийдвэрийн тогтоох хэсэгт “...албадан гаргаж...” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн боловч хариуцагч Г.Чимидцэеэгийн нэрийг Г.Чимидцэен гэж бичсэнийг дурдах нь зүйтэй.

Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, Ч.Мөнхзул нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ