Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Хохирогч Ө.Б,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Г овогт Д.Б-д  холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, З суманд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн З сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл Г овогт Д.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Д.Б нь 2021 оны 10-р сарын 13-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Д аймгийн З сумын ... байрны гадна Ө.Б-тэй маргалдан улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний 2 хүүхдийн эцэг болох Б бид хоёр шүүхээр хоёр тийшээ болсон байсан. Тухайн машин Б-ны машин. Шүүхийн шийдвэр 10 сарын 06-ны өдөр гараад 14 хоног давж заалдах хугацааг хүлээнэ гээд хүлээж байсан. Одоо Б нь Б-тэй хамт амьдардаг. Би харих гээд явж байтал Б-ны машин зогсож байхаар нь энэ одоо юу хийж яваа юм бол гэж бодоод очтол Б машины ард хүнд мах хиллэж өгөөд зогсож байсан. Б-аас хашаа байшин гэрийнхээ түлхүүрийг авъя гэхээр өгөхгүй байсан юм. Тэгээд би машинаас нь хашаа байшингийнхаа түлхүүрийг авах гээд сугалж аваад явсан. Ер нь миний зүгээс Б-т гомдолтой явдаг. Хүний нөхөр булаасан, гэр бүл үймүүлж 2 хүүхдийг маань өнчрүүлсэн гээд. Тэр гомдолдоо түлхүүрийг нь аваад цаашаа явсан. Тэгээд явж байхад нөгөө мах авч байсан хүн нь хөөе түлхүүрийг чинь авчихлаа гэсэн чинь Б араас гүйж ирээд яагаад түлхүүр аваад явж байгаа юм гэхээр нь миний 2 хүүхдийн унааг яагаад чи авдаг юм гээд маргалдаж, хоорондоо зодолдоод үсдэлцээд би замын хажуу руу хальт гишгээд уначихсан. Тэгээд унасан чинь энэ дээрээс өвдөглөөд чулуугаар цохих гээд байсан. Эхлээд хий цохьсон. Дараа нь М гэж эгч боль гээд больсон. Тэр эгч бол бид хоёрыг салгаагүй. Өөрсдөө салсан. Тэгээд Б дахиад зууралдаад тавь гэхээр тавихгүй чи явах гээд байна цагдаа дуудчихсан байж бай гэхээр нь би явахгүй машины чинь дэргэд очоод байж байя гээд хамт машиных нь дэргэд очсон. Тэгсэн чинь Б ахиад цагдаад дуудлага өгсөн. Тэгж залгасныхаа ар дээр Б руу залгаад энэ гичийдээ машинаа өгөхгүй яасан юм бэ? энэ гуйлгачин гичий чинь ирээд түлхүүр авчихлаа гээд намайг элдвээр хэлээд байж байтал гэрч М хөөе махныхаа мөнгийг өгье гээд яваад өгчихсөн. Тэгээд би үүнтэй хэрэлдэж байгаад түлхүүрийг нь аваад явсан. Би Морсын 8 айлд байр түрээслэдэг. Хашаа руугаа орох гээд явж байтал цагдаагийн машин хөдлөөд явсан. Гэр рүүгээ ороод 2 хүүхдээсээ цагдаа ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн. Тэгээд бага хүүхдээ хөхүүлээд байж байтал 2 цагдаа ирээд түлхүүрийг нь аваад явсан. Өгөхдөө амбаарынхаа түлхүүрийг аваад үлдсэн. Амбаарынхаа түлхүүрийг авъя гээд нэхэхээр өгөхгүй байхаар нь би гадаа цоожоо сольсон чинь Б хөрөөдөөд дотроос нь юм зөөж авч яваад байгаа юм. Бүр удаа дараа ийм үйлдэл гаргасан. Дотор цоожоо сольё гэхээр 40,000, 50,000 төгрөг болохоор сольж чадахгүй байгаа юм. Түлхүүр өгөхгүй байсан болохоор л ийм зүйл болчихлоо. Харилцан зодолдсон, санаатайгаар маажаагүй. Хамт зодолдсоноос болоод хумс орсон юм шиг байна лээ” гэжээ.

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед би З сумын ...-р байрны хажуугаар гэр рүүгээ явж байгаад хуучин хамтран амьдарч байсан Б-ны ... улсын дугаартай машиныг хараад түлхүүрийг авсан. Тэр үед Б-ны одоогийн хамт амьдарч байгаа Б тэр машиныг унаж явж байсан юм билээ. Би хүүхдүүдэд маань энэ машин үлдэх ёстой байсан юм даа гэж бодоод дотор гомдсон сэтгэлдээ хөтлөгдөж тэр түлхүүрийг зүгээр авсан. Б өөдөөс муухай аашлахаар нь хэргээр цаашаа түлхүүрийг өгөлгүй алхсан. Үүнээс болоод бид хоёр зууралдаж газар унасан ба би Б-ийн эрүүл мэндэд халдаж гэмтээсэн. Ердөө ийм л зүйл болсон. Би Б-ийн эрүүл мэндэд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Тухайн үед уур, гомдолдоо бухимдаад л Б-ийн эрүүл мэндэд халдсан. Уг нь тэгж болохгүйг мэдсэн ч биеэ барьж чадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Хохирогч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 10 сарын 13-ны өдөр 18 цаг 50 минутын үед би ...-р байрны гадаа мах зараад явж байсан. Тухайн үед гэрч М хамт байсан. М эгчид мах хиллэж өгөөд зогсож байсан чинь хүүе чиний машины түлхүүрийг нэг эмэгтэй унтраагаад аваад гүйчихлээ гэхээр нь эргээд харсан чинь Б сумын цэцэрлэгийн хажуугаар цаашаа явж байсан. Тэгээд араас нь очоод чи яагаад машины түлхүүр авчихаж байгаа юм бэ? гэхэд битгий хуц энэ миний хоёр хүүхдийн машин. Чи орох эрхгүй гэж над руу дайрсан. Тухайн үед зарж байсан адууны мах Б-ны ээжийнх нь эзэмшлийнх. Би өөрийнхөө ч юмыг зараагүй. Мөн энэ машинд чинь миний түлхүүр байгаа гэсэн үг энэ хүн нэг ч унагаагаагүй. Тухайн үед машины түлхүүрээ авах гэж энэ хүнтэй маргалдсан. Маргалдахад энэ хүүхний биед би түрүүлж хүрээгүй. Намайг үсдэж эхэлсэн гэж худлаа хэлж байна. Чи цагдаагаа дуудаж авчраад түлхүүрээ ав гэсэн. Энэ хүн цагдаа шүүхээр яваад сурчихсан юм байна лээ. Тэгээд цагдаа дуудаад байж байтал намайг энэ хүүхэн ирээд үсдсэн чинь М эгч хүрээд ирсэн. М эгчид утсаа өгөөд дэлгэрэнгүй хэлээд дуудчих гэсэн. Цагдаа ирж байх хооронд үсдэлцсэн. Тухайн газарт ямар ч боржур байгаагүй, ямар ч хөлөө хальт гишгэж унасан зүйл байгаагүй. Хогийн савны хажууд болсон асуудал шүү дээ. Хогийн савны хажууд байсан хагарсан цементийг би хоёр удаа барьсан нь үнэн. Гэхдээ би цохиогүй, зүгээр л далайсан. Хэрвээ цохих юм бол би өөрөө гэм буруутан болно гэдгээ ойлгож байсан. Хальт цохьсон гэж худлаа ярьж байна. Хэрвээ хальт цохьсон бол ямар ч тэнэг хүн шүүх цагдаа гээд явна. Тэгээд энэ хүүхний мөрөн дээрээс нь барьсан чинь чи тавь гэхээр нь би үгүй чи зугтаах гээд байгаа биз дээ гээд хамт машин дээрээ очсон. Цагдаа ирэхгүй байхаар нь яасан бэ? гээд залгатал одоо очиж байгаа гэсэн. Удаагүй цагдаагийн машин гэрлээ анивчуулаад ирэхэд энэ хүүхэн хэргийн газраас зугтсан. Цагдаа ирээд яасан юу болсон гэтэл машины түлхүүр аваад явчихлаа гээд тайлбарлаж хэлээд гэрийг нь зааж өгөөд гэрт нь эхний удаа очиход байгаагүй, хэрэг болсон газраар хайгаад мөн байхгүй байхаар нь дахиад гэрт нь очтол гэртээ байж байсан. Тэгээд машиныхаа түлхүүрийг олж авсан. Би сорви арилгуулах эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. Хүн харахад халтартаад муухай харагдаад байгаа юм. Би өөрөөсөө мөнгө гаргаад эмчилгээ хийлгэе гэхээр тухайн салоны сорви арилгах материал нь байхгүй хил хаасантай холбоотой бараагаа татаж чадахгүй байгаа гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр ирчих байх. Нэг оролт нь 70,000 төгрөг, 2 цаг 30 минутын хугацаатай. 1 курс нь 5 хоногийн хугацаатай. 1 курсээр эмчлүүлнэ гэх юм бол 350,000 төгрөг төлөх юм байна лээ. Арьсны онцлог, арьсны нөхөн төлжихүйгээс шалтгаалаад хэдэн курс орох вэ? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 курс нь 350,000 төгрөг гэж үнийн дүнгээ надад хэлсэн. Би одоо Б-тай хамт амьдардаг нь үнэн. Энэ хүүхэн байнга дарамталдаг. Манай гэрийн цонхыг 2 удаа хагалсан. Эхнийхийг нь би өөрөө шиллээд энэ хүүхэнд ямар ч гомдол гаргаагүй. Гэтэл дахиж ирээд хамаг цонх хагалчихсан. Тэр нь дээр бол хохирлоо барагдуулсан. Гэрийн хаалгыг хашааны хаалга нүдэж байгаа юм шиг балбадаг, гэрийн үүдэнд юм бичээд орхисон байдаг. Мессежээр намайг эцэг эхтэй минь хамт доромжилдог. 06 сарын 11-ний өдөр бас энэ хүүхнээр нүүрэндээ маажуулсан. Тэр салон надад хэдэн курс эмчилгээ хийж байж хумсны сорвийг арилгах юм тэр бүх мөнгийг би энэ хүүхнээс гаргуулах хүсэлтэй байна. Сохор зоос ч илүү авахгүй...” гэв.

Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны 18:50 цагийн орчим би Д аймгийн З сум ...-р байрны гадаа хамтран амьдрагч Х.Б-ны эзэмшлийн ... дугаарын тээврийн хэрэгсэлтэй адууны мах зараад байж байсан юм. Надтай хамт танил эгч болох М байсан ба намайг хүнд мах жинлэж өгөөд байж байтал М эгч хөөе, машины чинь түлхүүрийг хүн сугалж аваад гүйчихлээ гэсэн. Хартал сумын цэцэрлэгийн хажуугийн явган хүний замаар цаашаа Д.Б явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод машины түлхүүр авъя, яагаад чи авдаг юм бэ? гэтэл Б энэ чинь миний хоёр хүүхдийн машины түлхүүр гээд өгөөгүй. Үүнээс болоод бид хоёр маргалдаад зогсож байтал Б миний үснээс зулгаасан ба би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Б миний үснээс зулгааж байхдаа миний нүүрний хэсэг эргэн тойронд хумсаараа маажчихсан. Нилээн удаан харилцан үсдэлцэж байгаад өөрсдөө салцгаасан. Түлхүүр өгөхгүй байсан ба бид хоёр хэрэлдээд л байсан. Би Б-тай үсдэлцэхээсээ өмнө цагдаад дуудлага өгсөн ба үсдэлцээд салсны дараа цагдаа ирсэн. Б цагдаа ирж байгааг хараад зугтаачихсан. Би Э цагдаатай хамт Б-ын гэрт нь араас нь очтол гэртээ байгаагүй, буцаад мах зарж байсан газраа ирээд эргээд Б-ын гэрт очсон чинь Б гэртээ байсан ба машины түлхүүрийг цагдаа Б-аас авч өгсөн. Ийм л зүйл болсон...” гэжээ.  /хх-ийн 10-11/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед Ө.Б бид хоёр тэдний ... улсын дугаартай машинтай Б-ийн хамт хүнд мах зараад байж байсан. Б адууны мах зарж байсан, үлдсэн махыг нь би худалдаж авах гээд байж байсан. Б манай байрны хоёр дугаар давхарт байдаг болохоор би таньдаг юм. Тэгээд байж байтал Б-ийн машины түлхүүрийг хүн аваад явчих шиг харагдсан, харанхуй байсан болохоор тийм л юм шиг харагдсан. Их ууртай бололтой хүүхэн байсан ба хүүхдүүд рүү машины гэрэл тусгалаа гэж уурлаад гэрлийг нь унтраачих уу гэж бас бодсон. Тэр эмэгтэй машины түлхүүр аваад цаашаа явчихаар нь би Б-т тэр эмэгтэй чиний машины чинь түлхүүрийг авчих шиг боллоо гэхэд байсан юмаа үлдээгээд араас нь орилоод явсан ба би машин болон махыг нь хараад үлдчихсэн, хойноос нь яг тэр үедээ яваагүй. Б, тэр эмэгтэй хоёр харагдахгүй байсан ба би хэсэг хүлээж байгаад хойноос нь очсон. Машины түлхүүр авдаг эмэгтэйг Б гэдэг гэсэн, сүүлд нь тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж байхад нь сонсож мэдсэн. Тэгээд намайг тэр хоёр дээр очиход Б, Б хоёр зууралдчихсан газар өнхрөөд байсан ба Б нь хагарсан цемент шиг зүйл барьчихсан байсан. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад хоёуланг нь босгосон. Тэр хоёр болихгүй надад дийлдэх ч үгүй юм билээ буцаад л бие биенийхээ үснээс зууралдаад эхэлсэн. Миний үгэнд орохгүй байсан, бас надад дийлдэх шинжгүй болохоор нь ахиж ойртоогүй. Тэгж байж байгаад Б, Б хоёр өөрсдөө салаад хэрэлдээд байсан. Нэг эрэгтэй хүн юмуу, нэг машин л булаацалдаад байгаа бололтой, тиймэрхүү утгатай хэрүүл хийгээд байсан. Тэгээд Б нь цаашаа яваад өгсөн, Б бид хоёр машин дээрээ иртэл цагдаа ирсэн...” гэжээ.  /хх-ийн 16/

2021 оны 10-р сарын 18-ны өдрийн 04/246 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ө.Б-ийн биед зүүн нүдний дээд талд, зүүн хацарт хүзүү, зүүн чихний ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. “Гэмтлийн зэрэг тогтоох ..ам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 23-24/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

Шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, М ХХК-ийн цалингийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 36-37, 39-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10-р сарын 13-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Д аймгийн З сумын ...-р байрны гадна хохирогч Ө.Б-тэй маргалдан улмаар зүүн нүдний дээд талд, зүүн хацарт хүзүү, зүүн чихний ар талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Д.Б-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... М эгчид мах хиллэж өгөөд зогсож байсан чинь хүүе чиний машины түлхүүрийг нэг эмэгтэй унтраагаад аваад гүйчихлээ гэхээр нь эргээд харсан чинь Б сумын цэцэрлэгийн хажуугаар цаашаа явж байсан. Тэгээд араас нь очоод чи яагаад машины түлхүүр авчихаж байгаа юм бэ? гэхэд битгий хуц энэ миний хоёр хүүхдийн машин. Чи орох эрхгүй гэж над руу дайрсан. ...Тухайн үед машины түлхүүрээ авах гэж энэ хүнтэй маргалдсан. Маргалдахад энэ хүүхний биед би түрүүлж хүрээгүй. Намайг үсдэж эхэлсэн гэж худлаа хэлж байна. Чи цагдаагаа дуудаж авчраад түлхүүрээ ав гэсэн. Энэ хүн цагдаа шүүхээр яваад сурчихсан юм байна лээ. Тэгээд цагдаа дуудаад байж байтал намайг энэ хүүхэн ирээд үсдсэн чинь Мөнгөнчимэг эгч хүрээд ирсэн. М эгчид утсаа өгөөд дэлгэрэнгүй хэлээд дуудчих гэсэн. Цагдаа ирж байх хооронд үсдэлцсэн. Тухайн газарт ямар ч боржур байгаагүй, ямар ч хөлөө хальт гишгэж унасан зүйл байгаагүй. Хогийн савны хажууд болсон асуудал шүү дээ. Хогийн савны хажууд байсан хагарсан цементийг би хоёр удаа барьсан нь үнэн. Гэхдээ би цохиогүй, зүгээр л далайсан. Хэрвээ цохих юм бол би өөрөө гэм буруутан болно гэдгээ ойлгож байсан. Хальт цохьсон гэж худлаа ярьж байна. Хэрвээ хальт цохьсон бол ямар ч тэнэг хүн шүүх цагдаа гээд явна. Тэгээд энэ хүүхний мөрөн дээрээс нь барьсан чинь чи тавь гэхээр нь би үгүй чи зугтаах гээд байгаа биз дээ гээд хамт машин дээрээ очсон.  ... Би сорви арилгуулах эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. Хүн харахад халтартаад муухай харагдаад байгаа юм. Би өөрөөсөө мөнгө гаргаад эмчилгээ хийлгэе гэхээр тухайн салоны сорви арилгах материал нь байхгүй хил хаасантай холбоотой бараагаа татаж чадахгүй байгаа гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр ирчих байх. Нэг оролт нь 70,000 төгрөг, 2 цаг 30 минутын хугацаатай. 1 курс нь 5 хоногийн хугацаатай. 1 курсээр эмчлүүлнэ гэх юм бол 350,000 төгрөг төлөх юм байна лээ. Арьсны онцлог, арьсны нөхөн төлжихүйгээс шалтгаалаад хэдэн курс орох вэ? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 курс нь 350,000 төгрөг гэж үнийн дүнгээ надад хэлсэн. Би одоо Б-тай хамт амьдардаг нь үнэн. Энэ хүүхэн байнга дарамталдаг. Манай гэрийн цонхыг 2 удаа хагалсан. Эхнийхийг нь би өөрөө шиллээд энэ хүүхэнд ямар ч гомдол гаргаагүй. Гэтэл дахиж ирээд хамаг цонх хагалчихсан. Тэр нь дээр бол хохирлоо барагдуулсан. Гэрийн хаалгыг хашааны хаалга нүдэж байгаа юм шиг балбадаг, гэрийн үүдэнд юм бичээд орхисон байдаг. Мессежээр намайг эцэг эхтэй минь хамт доромжилдог. 06 сарын 11-ний өдөр бас энэ хүүхнээр нүүрэндээ маажуулсан. Тэр салон надад хэдэн курс эмчилгээ хийж байж хумсны сорвийг арилгах юм тэр бүх мөнгийг би энэ хүүхнээс гаргуулах хүсэлтэй байна. Сохор зоос ч илүү авахгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед Ө.Б бид хоёр тэдний ... улсын дугаартай машинтай Б-ийн хамт хүнд мах зараад байж байсан. Б адууны мах зарж байсан, үлдсэн махыг нь би худалдаж авах гээд байж байсан. Б манай байрны 2 дугаар давхарт байдаг болохоор би таньдаг юм. Тэгээд байж байтал Б-ийн машины түлхүүрийг хүн аваад явчих шиг харагдсан, харанхуй байсан болохоор тийм л юм шиг харагдсан. Их ууртай бололтой хүүхэн байсан ба хүүхдүүд рүү машины гэрэл тусгалаа гэж уурлаад гэрлийг нь унтраачих уу гэж бас бодсон. Тэр эмэгтэй машины түлхүүр аваад цаашаа явчихаар нь би Б-т тэр эмэгтэй чиний машины чинь түлхүүрийг авчих шиг боллоо байсан юмаа үлдээгээд араас нь орилоод явсан ба би машин болон махыг нь хараад үлдчихсэн, хойноос нь яг тэр үедээ яваагүй. Б, тэр эмэгтэй 2 харагдахгүй байсан ба би хэсэг хүлээж байгаад хойноос нь очсон. Машины түлхүүр авдаг эмэгтэйг Б гэдэг гэсэн, сүүлд нь тэр 2-ыг хоорондоо хэрэлдэж байхад нь сонсож мэдсэн. Тэгээд намайг тэр 2 дээр очиход Б, Б 2 зууралдчихсан газар өнхрөөд байсан ба Б нь хагарсан цемент шиг зүйл барьчихсан байсан. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад 2-ууланг босгосон. Тэр 2 болихгүй надад дийлдэх ч үгүй юм билээ буцаад л бие биенийхээ үснээс зууралдаад эхэлсэн. Миний үгэнд орохгүй байсан, бас надад дийлдэх шинжгүй болохоор нь ахиж ойртоогүй. Тэгж байж байгаад Б, Б 2 өөрсдөө салаад хэрэлдээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11,16/,   2021 оны 10-р сарын 18-ны өдрийн 04/246 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Ө.Б нь хавтаст хэрэгт эмчилгээний зардлын талаар нотлох баримт бүрдүүлээгүй тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Ө.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрөө эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрэхтэйг дурдах  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д 2 сарын хугацаагаар З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг хохирогч Ө.Б эс зөвшөөрч торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа нөхрөөсөө хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулж, одоогоор 01-10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, сард 420,000 төгрөгний цалинтай бөгөөд улс орон даяар КОВИД-19 халварт цар тахал тархаж, хүн амын амьжиргааны түвшин доройтсон, шүүгдэгчийн хувийн зан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 2 сарын хугацаагаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Д.Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ө.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрөө эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                    Д.Ц