Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жүүжээ овогт Т.У-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 11 сарын 04ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хил хооронд тээвэр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн  хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн  ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн  2017/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  бие эрүүл, Ж овогт Т.У /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2021 оны 10-р сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ш.Э-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Найзындаа очиж 1 шил архи уугаад сүүлдээ эхнэртэйгээ маргалдаад ийм зүйл болчихлоо гэв.

Шүүгдэгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Ш.Э-тай хэрэлдэж улмаар уураа барьж дийлэлгүй Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Би тухайн үед согтуу, хийсэн хэргээ сайн санахгүй байсан ч дараа нь хамтран амьдрагч Э-тай ярилцсанаар эргэж санасан. Би хийсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч байна. Э-ын эрүүл мэндэд халдах болсон шалтгаан нь ойрд уулзаагүй найзтайгаа уулзаад жаахан юм ярьж суух гэхэд хажуугаас Э явъя гээд тайван байлгахгүй байсан нь бид 2-ын дунд хэрүүл болж би согтуудаа биеэ барьж дийлээгүй явдал юм. Би Э-аас уучлалт гуйсан ба намайг уучилсан, надаас хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Э-ын биеийн байдал одоо хэвийн байгаа ба бид 2 эвлэрсэн, цугтаа амьдарч байгаа. Би дахин ийм гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргахгүй байж чадна. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...мотоциклтэй 2 хүнтэй таараад манай нөхөр "архи хаанаас авах вэ" гээд асуусан чинь бид нарыг дагуулаад явсан. Тэгээд нэг газраас С гэх хүний Хаан банкны данс руу 30,000 төгрөг шилжүүлж 0,75 литрийн Ерөөл архи авсан. Архиа авчихаад буцаад М гэх хүний хашаанд очиж У, М, танихгүй залуу гурвуулаа архи хувааж уусан. Уугаад байж байхад нь ажлын хүмүүс ардаас залгаад “Шпилкээ олсон юм уу?, ирж байна уу" гээд У руу залгаад байсан. Тэгээд би У-т хандан “Одоо болно, яасан ажил төрлөө больдоггүй юм бэ?" гээд жоохон уурласан чинь нөгөө 2 залуу нь "за за бид 2 орлоо" гээд хаалга хүчтэй хаагаад гараад явсан. Тэгэхэд У над руу уурлан “Яасан зэвүүн гичий вэ чи?, миний 2 найзын нүдэнд намайг нэр хүндгүй болголоо” гээд уурлахаар нь би “чи яасан гэж уурлаад байгаа юм” гэсэн чинь У "чи яасан овоо муу писта вэ? чи яагаад явъя гэж хэлдэг юм” гээд уурласан. Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байсан чинь У “Би чамайг хөдөө очиж ална гээд" хойшоо шороон замаар аваад явсан. Явж байгаад хээр талд нэг газар зогсоод “Чам шиг янхныг мөчлөөд алаад нуучихсан байхад чамайг хэн олдог юм” гээд заналхийлж үсдэж байгаад баруун гараараа зүүн хацарт нэг алгадсан. Энэ үед хамраас цус гойжсон. Тэгэхээр нь би "Чи яасан гэж намайг зодоод байгаа юм" гэсэн чинь “Чамайг гүйцээгээд алчихъя” гээд зүүн чих рүү баруун гараараа цохьсон. Тэгээд У "Чи ханьдаа халамжгүй, эр эрийн дэвсгэр болсон эм" гэж доромжлоод нилээд уурлаж байгаад гэнэт тамхи татаад тайвширсан. Тэгснээ “Энд юу хийж яваа юм, би чамайг яагаад зодчихов" гээд ханийгаа ахиж зодохгүй гээд үнсээд миний уруулыг хазсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь уурлаад намайг миний өмсөж байсан ногоон эрээн цамцаар боогоод миний дээрээс дараад суучихсан. Тэгээд би тийчэгнэж байгаад хүзүүнд нь майжсан. Тэгсэн чинь намайг үсдэж босгож ирээд гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би уйлаад өвдгөөрөө гэдсээ хамгаалаад суусан. Сууж байсан чинь гэнэт У тамхи татаж тайвшраад бид хоёр ярилцсан. Тэгээд бид хоёр тэндээс хөдлөөд гэр рүүгээ харья гээд явсан. Наашаа явж байгаад хүзүүнд нь маажсан хэсэг нь өвдсөн юм шиг байгаа юм гэнэт уурлаад “Чи ер нь яахаараа намайг мааждаг юм" гээд машинаа зогсоогоод машины шил мөргүүлээд, үсдэж зодсон. Тэгээд дахиад тамхи татаад дахиад тайвширчихсан. Гайгүй тайвширч байгаад гэнэт дахиад уурлаад үсдээд машины сандлын арын дэр мөргүүлээд, шанаанаас атгаад байсан. Тэгснээ гэнэт тавьчихсан. Энэ үед би машины хаалгыг нь онгойлгоод машин ирж байгаа харагдахаар нь үсрээд буучихсан. Тэгсэн чинь ардаас хөл нүцгэн хөөгөөд байсан. Хөөж байгаад миний ардаас үсдээд дэгээдээд унагасан. Би газарт баруун хөмсөг хэсгээрээ элсэн дээр унасан. Тэгээд У "Чамайг запрушкны ёонкс дотор мөчилж шатаана" гээд намайг машин руугаа чирсэн. Тэгээд машин дотроо суулгаад “Яасан овоо муу гичий вэ чи, надаас амьд гарч чадахгүй чи" гээд заналхийлсэн. Намайг заналхийлээд байхаар нь би "Цагдаад хэлнэ ээ" гэсэн. Тэгсэн чинь намайг ахиж үсдэж арагш нь дараад миний дээрээс суучихсан. Дээр суучихаад "Чиний шулуун гэдсээр төмөр шургуулаад хүчиндэж тамлана, чи хуулийн байгууллагаар намайг барахгүй ээ" гэж заналхийлсэн. Тэгээд би уйлаад "Би цагдаад хэлэхгүй одоо больё" гээд гуйсан чинь үсдэж байснаа тавиад дээрээс босоод бид хоёр ярилцаж эхэлсэн. Тэгээд гэртээ харья гээд дахиад тэндээсээ хөдөлсөн. Тэгээд явж байгаад чөлөөт бүсийн орох хаалганы харалдаа дахин зогссон. Тэгснээ У гэнэт "Чи яагаад ханилсан ханьдаа өмнөх амьдралаа ярьдаггүй юм" гээд дахиад уурласан. Тэгэхээр нь би "Чамд ярих шаардлага байхгүй” гэсэн чинь чи хэлэх ёстой гээд намайг алгадаад үсдэж дараад зодсон. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Харин У миний хамрын цусыг долоогоод миний өөдөөс нулимсан. Тэгээд “Надаас өмнө унтаж хэвтэж байсан бүх эрчүүдээ хэл” гэж дарамтлаад “наад гэдсэн дотор байгаа хүүхэд чинь миний хүүхэд биш биз дээ үнэнээ хэл” гээд гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд давтаж хэлээд орилоод гар нуруу руу гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би "Чи ямар ч тайлбар хэлээд ойлгохгүй юм байна" гээд цонх руу хараад уйлаад суусан. Намайг сууж байхад хажууд “Ямар хүнтэй унтаж хэвтье гэж бодоод байна, зөрж байгаа машинуудаас сонгох гэж байна уу" гэх мэтээр хараагаад байсан. Тэгэхээр нь би хариу хэлэхгүй байсан чинь тамхиа татаад тайвшраад машинаа хөдөлгөөд гэр байран дунд зогсоод “одоо гэртээ харь, би харихгүй, маргааш гэхэд зайлсан байгаарай" гэж хэлээд хаалгаа онгойлгохгүй байгаад байхаар нь би өөрөө онгойлгоод буусан чинь "Чи надад үнсүүлдэггүй янхан уу" гэхээр нь "Би чамд үнсүүлэхгүй гэж хэлээд" зугтаад нэг ногоон байшингийн ард ороод нуугдсан. Тэгээд явахыг нь хүлээгээд хэсэг суусан. Тэгээд явахаар нь би ардаас нь хөдлөөд ... тоотод очоод гэр рүүгээ орох гэж нилээд эргэлзэж зогсож байтал гэрийн гадаа машинтайгаа очоод зогсчихсон байсан. Тэгээд над руу нааш ир ханиа" гэж байсан. Тэгэхээр нь би “Яах гэж байгаа яргачин минь, нөгөө хэдийн нүдэн дээр учраа олъё" гэж хэлээд гэр рүү гуйгээд орсон. Тэгсэн ардаас "Ална аа пизда минь" гэж хэлээд машиндаа суугаад гэрийн гаднаас хөдлөөд явчихсан. Тэгээд би А ахыг дуудаад У орж ирэв үү гэсэн чинь мэдсэнгүй гээд гэрлээ асаасан. Тухайн үед би утсаа хайгаад ердөө олоогүй. Тэгээд нөгөө хэдээс асуусан чинь "Таны утас орны дээр байсан, байхгүй болчихож, У ах орж ирээд авчихсан юм шиг байна" гээд мэдэхгүй байсан. Тэгээд нөгөө хэдэд болсон явдлыг яриад эмнэлэг орж үзүүлсэн. Уг асуудалд маш их гомдолтой байна, миний сэтгэл санаа маш их хямарсан байна” гэжээ.  /хх-ийн 22-27/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн хх-ийн 7-8/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 9-13/

Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/

2021 оны 10-р сарын 15-ны өдрийн 04/239 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-Ш.Э-ын биед гэмтэл учирсан байна.

-Ш.Э-ын биед баруун хөмсөгний сүүл хэсэг зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, дээд уруулын дотор талд салстанд язарсан шарх, хүзүүний урд хэсэгт, хүзүүний зүүн талд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд цус хуралтууд, зүүн чихний арт талд хөхлөг сэртэн орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

- Ш.Э-ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“ гэх дүгнэлт /хх-ийн 36-37/

Шүүгдэгч Т.У нь урьд захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-55/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/

Шүүгдэгч Т.У-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Т.У нь 2021 оны 10-р сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Д аймгийн З сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ш.Э-ыг зодож, эрүүл мэндэд баруун хөмсөгний сүүл хэсэг зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, дээд уруулын дотор талд салстанд язарсан шарх,  хүзүүний урд хэсэгт, хүзүүний зүүн талд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд цус хуралтууд, зүүн чихний арт талд хөхлөг сэртэн орчимд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Т.У-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.У-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг...Чам шиг янхныг мөчлөөд алаад нуучихсан байхад чамайг хэн олдог юм” гээд заналхийлж үсдэж байгаад баруун гараараа зүүн хацарт нэг алгадсан. Энэ үед хамраас цус гойжсон. Тэгэхээр нь би "Чи яасан гэж намайг зодоод байгаа юм" гэсэн чинь “Чамайг гүйцээгээд алчихъя” гээд зүүн чих рүү баруун гараараа цохисон. Тэгээд У "Чи ханьдаа халамжгүй, эр эрийн дэвсгэр болсон эм" гэж доромжлоод нилээд уурлаж байгаад гэнэт тамхи татаад тайвширсан. Тэгснээ “Энд юу хийж яваа юм, би чамайг яагаад зодчихов" гээд ханийгаа ахиж зодохгүй гээд үнсээд миний уруулыг хазсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь уурлаад намайг миний өмсөж байсан ногоон эрээн цамцаар боогоод миний дээрээс дараад суучихсан. Тэгээд би тийчэгнэж байгаад хүзүүнд нь майжсан. Тэгсэн чинь намайг үсдэж босгож ирээд гэдэс рүү өшиглөсөн ...машины шил мөргүүлээд, үсдэж зодсон. Тэгээд дахиад тамхи татаад дахиад тайвширчихсан. Гайгүй тайвширч байгаад гэнэт дахиад уурлаад үсдээд машины сандлын арын дэр мөргүүлээд, шанаанаас атгаад байсан. Тэгснээ гэнэт тавьчихсан. Энэ үед би машины хаалгыг нь онгойлгоод машин ирж байгаа харагдахаар нь үсрээд буучихсан. Тэгсэн чинь ардаас хөл нүцгэн хөөгөөд байсан. Хөөж байгаад миний ардаас үсдээд дэгээдээд унагасан. Би газарт баруун хөмсөг хэсгээрээ элсэн дээр унасан. Тэгээд У "Чамайг запрушкны ёонкс дотор мөчилж шатаана" гээд намайг машин руугаа чирсэн. Тэгээд машин дотроо суулгаад “Яасан овоо муу гичий вэ чи, надаас амьд гарч чадахгүй чи" гээд заналхийлсэн. Намайг заналхийлээд байхаар нь би "Цагдаад хэлнээ" гэсэн. Тэгсэн чинь намайг ахиж үсдэж арагш нь дараад миний дээрээс суучихсан. Дээр суучхаад "Чиний шулуун гэдсээр төмөр шургуулаад хүчиндэж тамлана, чи хуулийн байгууллагаар намайг барахгүй ээ" гэж заналхийлсэн. Тэгээд би уйлаад "Би цагдаад хэлэхгүй одоо больё" гээд гуйсан чинь үсдэж байснаа тавиад дээрээс босоод бид хоёр ярилцаж эхэлсэн. Тэгээд гэртээ харья гээд дахиад тэндээсээ хөдөлсөн. Тэгээд явж байгаад чөлөөт бүсийн орох хаалганы харалдаа дахин зогссон. Тэгснээ У гэнэт "Чи яагаад ханилсан ханьдаа өмнөх амьдралаа ярьдаггүй юм" гээд дахиад уурласан. Тэгэхээр нь би "Чамд ярих шаардлага байхгүй” гэсэн чинь чи хэлэх ёстой гээд намайг алгадаад үсдэж дараад зодсон. Тэгэхэд миний хамраас цус гарсан. Харин У миний хамрын цусыг долоогоод миний өөдөөс нулимсан. Тэгээд “Надаас өмнө унтаж хэвтэж байсан бүх эрчүүдээ хэл” гэж дарамтлаад “наад гэдсэн дотор байгаа хүүхэд чинь миний хүүхэд биш биздээ үнэнээ хэл” гээд гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд давтаж хэлээд орилоод гар нуруу руу гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн хх-ийн 7-8/,  гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 9-13/, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/,   2021 оны 10-р сарын 15-ны өдрийн 04/239 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.У нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.У нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Ш.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Ш.Э нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.У-т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь торгуулийг ялыг сайн дураар төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т.У /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.Ц