| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00204/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 346
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “МБ Инжиниринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Баттулга, Д.Дангаасүрэн нарт холбогдох “10.160.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МБ Инжиниринг ХХК-ийн Ерөнхий захирал А.Болд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Иргэн Д.Баттулга, Д.Дангаасүрэн нар нь ”Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр “МБ Инжиниринг” ХХК-иас Беларус мини тракторыг 7 ширхэг дүүжин агрегатын хамтаар зээлээр худалдан авсан юм.
Гэрээ ёсоор энэхүү техник хэрэгслийн үндсэн үнэ 8.000.000 төгрөг бөгөөд үүн дээр сар бүр 1 хувийн хүү бодож 12 сарын хугацаанд 960.000 төгрөгийн хүү төлөхөөр, хэрэв төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлөх үүргийг худалдан авагч хүлээхээр тохиролцсон болно. Харамсалтай нь худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тогтоосон хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй учир гэрээнд заасан төлбөр төлж дуусах хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцоход 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 150 хоног хугацаа хэтрүүлж алданги төлбөр нь 1.200.000 төгрөг болж байгаа юм. /8.000.000x0.1%=8.000X150 хоног=1.200.000 төгрөг/
Иймд худалдан авагч Д.Баттулга, Д.Дангаасүрэн нараас техник хэрэгслийн үнэд 8.000.000 төгрөг, 12 сарын хүү төлбөрт 960.000 төгрөг, алданги төлбөрт 1.200.000 төгрөг, бүгд 10.160.000 /арван сая нэг зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан “МБ Инжиниринг” ХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Д.Дангаасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие Д.Дангаасүрэн нь “МБ Инжиниринг” ХХК-иас Беларус мини тракторыг 7 ширхэг агрегатын хамт зээлээр авсан нь үнэн. Гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж чадаагүйн улмаас үүссэн алданги төлбөр хүүг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 200.000 төгрөгийг 5046329821 тоот дансанд, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг 5046329821 тоот дансанд хийсэн. Нэхэмжилж буй 10.160.000 төгрөгнөөс 700.000 төгрөгийг хасч 9.460.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.
Хариуцагч Д.Баттулга нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие Д.Баттулга нь иргэн Д.Дангаасүрэнгийн “МБ Инжиниринг” ХХК-иас худалдаж авсан тракторын гэрээ байгуулахад миний нэртэй газрын гэрчилгээ барьцаалагдсан нь үнэн. Иргэн Дангаасүрэн нь гэрээнд заасан хохирлыг хамтран хадлан тэжээл, тариа ногооны үе буюу 2017 оны 12 дугаар сарын дотор “МБ Инжиниринг” ХХК-д төлж хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй ... гэжээ.
Нэхэмжлэгч “МБ Инжиниринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхуяг нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Иргэн Д.Дангаасүрэн, Д.Баттулга нар 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагаас мини тракторын иж бүрдлийн хамт зээлийн нөхцөлтэйгээр худалдаж авсан. Уг техникийн төлбөрт 10.160.000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс 700.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 9.460.000 төгрөгийг Д.Дангаасүрэн, Д.Баттулга нараас нэхэмжилж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МБ Инжиниринг” ХХК нь хариуцагч Д.Дангаасүрэн, Д.Баттулга нараас 10.160.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нараас илүү нэхэмжилсэн 700.000 төгрөгөөс татгалзаж, 9.460.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.460.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 81.290 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 81.290 төгрөгний тал хувь болох 40.645 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 40.645 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “МБ Инжиниринг” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Баттулга, Д.Дангаасүрэн нарт холбогдох “9.460.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 81.290 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 81.290 төгрөгний тал хувь болох 40.645 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 40.645 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “МБ Инжиниринг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ