Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн М овогт Ц.Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл М овогт Ц.Т /РД:.../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 07 дугаар сарын 10-наас  2021 оны 07 сарын дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод байрлах байшингийн ариун цэврийн өрөөнөөс Б.Б-ний эзэмшлийн Redmi Note-10 5G  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ийм муухай зүйл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэргээ ухаарч байгаа. 2021 оны 07 сарын 11-ний өдөр хадам ээжийн цаасан хайрцагтай утаснаас 1 утас авсан. Тухайн үед манай эхнэр утасгүй болчихоод би утсаа өгөөд би өөрөө утасгүй болчихоод байхаар нь тэр утаснаас нь авчихсан. Тэгээд дараа нь авсан утсаа барьж яваад унагааж эвдээд хогийн саванд хаясан. Тэр утсыг хотоос авчраад амьдарч байсан байрныхаа нойлын өрөөнд тавьсан байхаар нь авсан гэв.

Хохирогч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “Би Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй худалдааны төв дотор талд гар утасны худалдаа үйлчилгээ явуулдаг. 2019 оноос хойш Улаанбаатар хотод “TEDY” нэртэй гар утасны худалдаа үйлчилгээ явуулдаг газарт гар утасны худалдаа наймаа эрхэлдэг У гэх хүнтэй харилцаж, гар утас захиалж бөөний үнээр авдаг. 2021 оны 07 дугаар 08-ны өдөр У эгчийн ... дугаарын гар утас руу залгаж 6 төрлийн 38 ширхэг гар утас захиалсан. Орой 18 цагийн орчимд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хооронд том оврын ачааны тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөдөг Б-ийн ... дугаарын гар утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Улаанбаатар хотод байна гэж ярихаар нь та Улаанбаатар хотоос ирэхдээ миний гар утаснуудыг аваад ирэх үү гэж асуухад за гэж хэлээд чиний гар утсыг надад өгөх хүний гар утасны дугаарыг өгчих гэж хэлээд би У эгчийн гар утасны дугаарыг өгсөн. 21 цагийн орчимд У эгч миний гар утас руу залгаад чиний гар утаснуудыг нөгөө авч явах хүнд чинь өгсөн талаар ярьсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б-ийн хүүхэд А-аас нь Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Э” худалдааны төвийн гудамжинд цаасан хайрцагтай гар утаснуудыг хүлээж авсан. Тэгээд би ажил дээрээ ирээд цаасан хайрцагтай гар утаснуудыг задлаад нэг бүрчлэн гар утаснуудыг өөрийн хайрцагнаас нь гаргаж үзэхэд “ Redmi Note-10 5G” маркын гар утасны хайрцаг дотор гар утас нь байхгүй, гар утасны цэцэглэгч, өнгөгүй кес байсан. Бас гар утас нь тоогоороо байсан. Тэгээд би У-ийн гар утас руу залгаж нэг гар утас дутуу байна гэж ярихад би бүрэн явуулсан гэж ярьсан. Мөн би Б-ийн гар утас руу залгаж Улаанбаатар хотоос явуулсан гар утаснуудаас нэг гар утас дутуу байна, таньд өгсөн хүн бүрэн өгсөн гэж ярьсан талаар хэлэхэд би ёстой мэдэхгүй байна, хэрэггүй чиний утсыг авсан байна гэж ярьсан. Замын-Үүд суманд 07 дугаар сард цар тахалтай холбоотой тэг зогсолт хийсэн байсан тул Б эгчийн гэрт 2-3 хоног болсон. Би “ Redmi Note-10 5G” маркын гар утсыг 505.000 төгрөгөөр аваад, 560.000 төгрөгөөр зарж борлуулдаг. Миний худалдаж авсан “ Redmi Note-10 5G” маркын гар утас нь 2021 оны загвар, шинэ тул ямар нэг содон шинж тэмдэг байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад Замын-Үүд суманд амьдардаг Б гэх эмэгтэй хүн миний гар утас руу залгаад энэ хүнээс миний захиалсан гар утаснуудыг аваад ирэх үү гэж ярихаар нь за гэж хэлсэн. 21 цагийн орчим Б-ний захиалсан гар утаснуудыг өгөх гэж байгаа гээд энэ эмэгтэй хүн миний гар утас руу залгахаар нь би тухайн үед завгүй байсан тул 21 дүгээр хороололд амьдардаг Г-ын таньдаг эгчид хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Г-ын таньдаг эгчээс цаасан хайрцагтай, скочоор баглаж боосон гар утаснуудыг авсан. Тэгээд би манай хүргэн Т-ийн хамт том ачааны тээврийн хэрэгслээр Замын-Үүд суманд 07 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд би Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотод амьдардаг байшингийн хуучин ариун цэврийн өрөөнд Б-ний цаасан хайрцагтай гар утаснуудыг оруулж тавьсан. Тэгээд манай хүүхдүүд А Б-д цаасан хайрцагтай гар утаснуудыг хүлээлгэж өгсөн. Би Улаанбаатар хотоос авч ирээд амьдардаг байшингийн хуучин ариун цэврийн өрөөнд тавьсан. Тэгээд би 07 дугаар сарын 11-ний өдөр ажлаар Улаанбаатар хот руу явсан. Манай гэрт хүргэн Т, том охин Г, / манай охин Г-ыг А гэж дууддаг/ дунд охин Б, бага охин Х, бага хүү Т нар үлдсэн. Ц.Т нь 2019 оноос хойш манай том охин Г-ын нөхөр буюу манай хүргэн, М.Э гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Б.Б гэх хүнийг бага зэрэг танина учир нь тэр  хүн манай гар утасны лангуунаас  байнга гар утас олон тоогоор  нь худалдаж  авдаг. Би тэр хүнд гар утас зараад  ойролцоогоор 1 жил орчим болж байна. Тэр Б гэх Дорноговь аймгийн Замын-Үүдэд гар утасны лангуутай гэсэн. Би Б гэх хүнтэй 2020 онд фэйсбүүкээр дамжуулж танилцаж байсан. Би хамгийн сүүлд Б гэх хүнтэй 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод уулзсан тэр хүн манай ажил дээр ирээд гар утаснууд бөөндөж авахаар ирсэн. Б.Б нь фэйсбүүкээр холбогдоод 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Xiaomi маркийн нөтэ 8 маркийн 6гб рам 128-тай гар утас 2 ширхэг, Xiaomi маркийн нөтэ 8 про мар 8гб рамтай 128-тай 10 ширхэг, Xiaomi маркийн 10 икс 4гб рамтай 128-тай 6 ширхэг Xiaomi маркийн нөтэ 10 5 жи маркийн 4 гб рамтай 128-тай гар утас 8 ширхэг, Xiaomi 9 маркийн гар утас 4гб рамтай 64-тэй 5ширхэг, Xiaomi 9А маркийн гар утас 4гб рамтай 64-тэй 5 ширхэг гар утас буюу нийт 34 ширхэг Xiaomi маркийн гар утас захиалсан. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Б-тэй  холбогдоод гар утсыг чинь бэлдчихлээ миний дүү авч явах унаагаа олоорой би тэр унаанд чинь хүргэж өгье гэсэн удалгүй Б.Б нь над руу залгаад та энэ хүнд өгчих өө наад хүн чинь манай эгч байгаа юм гээд Б гэх ... гэсэн гар утасны дугаартай хүнтэй холбогдоод аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд манай охин С овогтой Н нь тухайн Б гэх хүнтэй холбогдоод Сонгино-Хайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байрлах Миний дэлгүүрийн хойно байрлах үсчингийн газар аваачиж өгсөн манай охиныг гар утаснуудыг нь аваачиж өгөхөд Б гэх хүн нь би хот руу орох болоогүй байна наад үсчиндээ оруулаад тавьчих гэж хэлсэн гэсэн. Би Б.Б гэх хүний захиалсан гар утаснуудыг бор өнгийн хайрцганд хийж өгч явуулсан тухайн хайрцаг нь дээрээ өндөгний хайрцгаар тагласан байсан гадна талаараа бүхэлдээ скодчихсон байсан. Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед фэйсбүүкээр холбогдоод У эгчээ нэг хайрцагтай 1 ширхэг Xiaomi Hөтэ 10 5 ЖИ маркийн гар утас нь байхгүй байна хайрцаг дагалдах нь байна зөвхөн гар утас нь алга байна гэж хэлсэн.  Тийм асуудал огт байхгүй би тухайн өдөр Б.Б гэх хүнд зарсан гар утаснуудаа бор өнгийн хайрцаганд хийгээд дээр нь өндөгний хайрцгаар таглаад том Скочоор бүхэлд ороож байгаад явуулсан ямар нэгэн задарч унах асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай хүү Ц.Т нь 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгт явж хүмүүжсэн. 2007 оноос 2016 он хүртэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 23 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийг 9 дүгээр анги төгссөн. 2016 оноос 2019 он хүртэл Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд авто инженер мэргэжлээр суралцаж төгссөн. 2019 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж, аав, ээждээ тусалж байна. 2018 оны 03 дугаар сард эхнэр Г-той танилцаж гэр бүл болсон. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Манай хүүхэд Ц.Т нь зан харилцааны хувьд даруухан, ямар нэг муухай зан авир байхгүй. Дуу цөөтэй хүүхэд, түргэн ууртай боловч, уур нь хурдан гардаг. Төрөл садан болон ах дүүсийн дунд нэр хүндтэй хүүхэд, өмнө ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай хоёр хүүхдийн гэр бүлийн харилцаа сайн, ямар нэг хэрүүл маргаан гарч байгаагүй. Бас цуг хамт амьдардаггүй тул зарим зүйлийн талаар сайн мэдэхгүй. Манай хүүхэд тамхи болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үзээгүй. Энэ тал дээр ямар нэг муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 сарын 14-ний өдрийн “Гар утас Redmi Note-10 5G” маркийн гарч 1 ширхэг 560,000 төгрөгний үнэтэй гэсэн “ 912/1821 тоот дүгнэлт /хх-ийн 27-29/

Шүүгдэгч Ц.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49/

Нийслэлийн  Баянгол дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт / хх-ийн 53/

Шүүгдэгч Ц.Т-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/

Хохирогч Б.Б-д хохирол 560,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүгдэгч М овогт Ц.Т нь 2021 оны 07 дугаар сарын 10-наас  2021 оны 07 сарын дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод байрлах байрны ариун цэврийн өрөөнөөс Б.Б-ний эзэмшлийн Redmi Note-10 5G маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 560,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ц.Т-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд би ажил дээрээ ирээд цаасан хайрцагтай гар утаснуудыг задлаад нэг бүрчилэн гар утаснуудыг өөрийн хайрцагнаас нь гаргаж үзэхэд “ Redmi Note-10 5G” маркын гар утасны хайрцаг дотор гар утас нь байхгүй, гар утасны цэцэглэгч, өнгөгүй кес байсан. Бас гар утас нь тоогоороо байсан. Тэгээд би У-ийн гар утас руу залгаж нэг гар утас дутуу байна гэж ярихад би бүрэн явуулсан гэж ярьсан. Мөн би Б-ийн гар утас руу залгаж Улаанбаатар хотоос явуулсан гар утаснуудаас нэг гар утас дутуу байна, таньд өгсөн хүн бүрэн өгсөн гэж ярьсан талаар хэлэхэд би ёстой мэдэхгүй байна, хэрэггүй чиний утсыг авсан байна гэж ярьсан. Замын-Үүд суманд 07 дугаар сард цар тахалтай холбоотой тэг зогсолт хийсэн байсан тул Б эгчийн гэрт 2-3 хоног болсон. Би “ Redmi Note-10 5G” маркын гар утсыг 505.000 төгрөгөөр аваад, 560.000 төгрөгөөр зарж борлуулдаг. Миний худалдаж авсан “ Redmi Note-10 5G” маркын гар утас нь 2021 оны загвар, шинэ тул ямар нэг содон шинж тэмдэг байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч  Т.Б-ийн Тэгээд би манай хүргэн Т-ийн хамт том ачааны тээврийн хэрэгслээр Замын-Үүд суманд 07 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд би Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотод амьдардаг байшингийн хуучин ариун цэврийн өрөөнд Б-ний цаасан хайрцагтай гар утаснуудыг оруулж тавьсан. Тэгээд манай хүүхдүүд А Б-д цаасан хайрцагтай гар утаснуудыг хүлээлгэж өгсөн. Би Улаанбаатар хотоос авч ирээд амьдардаг байшингийн хуучин ариун цэврийн өрөөнд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч О.У-ийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 912/1821 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Т нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдад 560,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 560,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Т нь 560,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Ц.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын хяналтын прокурортой хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах талаар тохиролцож шүүхэд хэргийг ирүүлсэн байна.

 Иймд шүүгдэгч Ц.Т-т ял оногдуулахдаа түүний хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн зэрэг байдлуудыг харгалзан  прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор  ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ц.Т /РД:.../-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ц.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                                Д.Ц