Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суудаг, ... ажил эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 3 сар, 13 хоногийн хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,  

-Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар, 2 хоногийн хяналтын хугацаа тогтоож суллагдсан, У овгийн Х.Б /РД:.../-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн хөгжлийн ... тоот байшингийн баруун талд Г.Б-ийг тонгорсоны улмаас шилэн дээр унаж, улмаар баруун дал хэсэгт нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад точекийн байр руу М ахыг хайхаар явсан. Тэгээд хөгжлийн ... тоот балгас болсон 2 давхар байшингийн тэнд Б, М ах, шар Н, Т, Н, Х, бас харж байгаагүй нэг хүн 0,75 литрийн 2 шил “Ерөөл” архи уучихсан сууж байсан. Тэгээд тэнд бид нар хамт уусан. Хүмүүсийг явсны дараа Б ах бид хоёр үлдээд 0,75 литрийн Ерөөл архи талаасаа доогуур үлдчихсэн байсныг хуваагаад уусан. Б ах янз бүрийн юм яриад байхаар нь та чимээгүй бай л даа гэсэн чинь “Чи миний дууг хорьдог хэн юм бэ” гээд босож ирээд цамцнаас заамдаад авахаар нь “тавь аа ах” гэсэн чинь тавихгүй байхаар нь би тонгороод унагачихсан. Тэгээд Б ах газар хэвтээд “яая” гээд байхаар нь босгож ирээд харсан чинь далнаас нь цус гараад байсан. Тэгээд “ах наадах чинь болохгүй юм байна, эмнэлэг явж үзүүлье” гэсэн чинь “жоохон шалбарчихсан байна яав л гэж” гээд бид хоёр үлдсэн архиа дуусгаад гэр, гэр рүүгээ явцгаасан. Би хийсэн хэрэгтээ  гэмшиж байгаа,  Б ахад хохирол төлбөр өгсөн. Би хэрэгт холбогдсоны дараа  МЧ-1, 2, 3 дээр харуул хамгаалалтын ажил хийдэг болсон, сарын 400,000 төгрөгийн цалинтай. Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амондо гудамжинд байдаг ээжийнхээ гэрт сэрээд тэгээд тэндээс 08 цагийн үед гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гудамжинд хамт архи уудаг хүмүүстэйгээ таарсан, би яг нэрсийг сайн мэдэхгүй. Тэгээд тэд нартай нийлээд шараа тайлах санаатай 100 граммын шилтэй архи 2 ширхэгийг авч уугаад би согтчихсон. Тэгээд ухаан мэдрэлгүй явж байгаад эмнэлэг дээр ухаан орсон. Намайг ухаан ороход миний баруун дал хэсэгт оёдол тавьж байсан, надад ямар ч гомдол санал байхгүй,  би өөрөө согтуу байсан тул юман дээр  унасан ч байж магадгүй, сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг хэрэг явдлыг 15 цаг өнгөрч байх үед ээжийнхээ вакциныг Соёл спортын ордонд хийлгэчихээд буцаж явахад 2 дугаар цэцэрлэгийн хажуухан талд манай ах Б дээгүүрээ шалдан, өөрийн өмсөж явсан фудволкоо барьчихсан, нэлэнхийдээ цус болчихсон байдалтай ганцаараа алхаад явж байсан. Би харангуутаа сандраад машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би уг хэрэг явдлыг 15 цаг 30 минутын үед эгч О-аас мэдсэн. Манай эгч над руу залгаад “Б ах хүнд хутгалуулсан явж байхад нь ээж бид хоёр олоод эмнэлэг рүү аваад явж байна” гэхээр нь би эмнэлэг рүү яаралтай явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний ууган хүү Б нь 1981 оны  04 дүгээр сарын 11-нд Замын-Үүд суманд төрсөн, 1989 онд Замын-Үүд сумын 1 дүгээр сургуульд элсэн орж 1992 онд сургуулиасаа гарсан. Тэгээд энэ үеэс хойш эмээ, өвөөгийнхөө гэрт суудаг болсон.  Урьд өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж  байсан. Би яг хэзээ юунаас болж гэдгийг нь сайн санахгүй байна. Б нь их эрх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ дуу муутай тайван хүн. Архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэчихээрээ заримдаа агсам согтуу тавьдаг, зарим үедээ  зүгээр гэртээ  орж ирээд унтчихдаг. Б ханиалгаад байдаг, хөл нь бас хаяа өвдөөд байдаг. Хүн амьтан дуудахгүй бол  ажлаа хийгээд яваад байдаг, харин найзууд нь дуудахаар гарч яваад архи уучихдаг, нэг уухаараа 2-3 хоног уудаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 09 сарын 30-ны өдрийн “...1. Г.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Г.Б-ийн баруун даланд  гүн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Г.Б-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 04/218 тоот дүгнэлт /хх-ийн 40-41/

Шүүгдэгч Х.Б урьд нь 9 удаагийн ял шийтгэл эдэлж байсан талаарх байдлыг агуулсан эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 68-69/

Шүүгдэгч Х.Б-ны ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б, хохирогч Г.Б нар нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Хөгжлийн ... тоот байшингийн баруун талд архи ууцгаасан байх бөгөөд хохирогч Г.Б нь тухайн үед шүүгдэгчийг заамдаж авсан, түүнийг тавь гэхэд тавихгүй байснаар үл ойлголцол үүсч, шүүгдэгч Х.Б нь хохирогч Г.Б-ийг тонгорч, шилэн дээр унагасны улмаас баруун даланд гүн зүсэгдсэн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2021 оны 09 сарын 30-ны өдөр 04/218 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Б-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.О, Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 09 сарын 30-ны өдөр 04/218 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Б нь гомдол саналгүй болохоо цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, түүнчлэн эхүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Х.Б-ыг бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан “тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах, түүнчлэн өмгөөлөгч нь шүүгдэгчийн ажил эрхэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү“ гэсэн дүгнэлтийг харгалзан, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овгийн Х.Б-ыг /РД:.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У овгийн Х.Б /РД:.../-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц