| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2021/0089/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт А.Г-т /РД:.../ холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч А.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн ... тоотод Ц.Б-ийг толгой, нүүр хэсэг, зүүн талын шанаа, баруун талын гуя хэсгийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Өглөө 05 цагийн үед болсон асуудал. Нөхөр үснээс татахаар нь маргаж, тэгээд нүүрийг зүссэн байсан. Бидний маргаж муудах үед охин маань хамт байсан, хөгжлийн бэрхшээлтэй, одоо 6 настай. Би хүний бие барьж өгч орлого олдог, Б хүний машин тэрэг засч орлого олдог, хааяа найз нөхөд ирээд уудаг нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний биед гэмтэл учраагүй. Эмчилгээний зардалд эмнэлэгт ор хоногийн мөнгө 50,000 төгрөг төлсөн“ гэсэн мэдүүлэг
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод хамтран амьдрагч буюу эхнэр А.Г, охины хамт амьдардаг. Эхнэр А.Г бид хоёрын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүс, би болохоор А.Г архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэх тал дээр анхаарч хааяа нэг удаа бид хоёрын дунд гэр бүлийн хэрүүл маргаан гарч, зодож цохиж, нэг нэгийгээ биед гэмтэл учруулж байсан удаа байсан. Миний бие сүүлийн 2-3 хоног архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, манай эхнэр намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр бас архи согтууруулах ундааны зүйл дагаад хэрэглэж байсан. Тэгээд архины асуудлаас болж эхнэр бид хоёрын дунд хэрүүл маргаан гарах болсон. 2021 оны 09 дүгээр 18-ны өдөр эхнэр бид хоёр гэртээ байж байхад таньдаг М надаас машины талаар юм асуух гэж ирээд манайд “Ерөөл” нэртэй 0,75 литрийн хоёр шил архи бид гурав хувааж уусан. М орой манай гэрээс гараад явсан. Тэгээд эхнэр, охин бид гурав үлдээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гээд бид хоёр хэрүүл маргаан гарсан. Манай эхнэр гэрийн зүүн талын буйдан орон дээр унтаж амарсан. Би нилээн муудсан гэрийн хоймор хэсэгт ганцаараа суугаад хэсэг унтаж амарсан. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө үүрээр 05 цагийн орчимд би эхнэрийн унтаж байсан гэрийн зүүн талын орон дээр эхнэрийн хажуу талаар орж унтах гэж байгаад бид хоёр хоорондоо муудалцаж, нэг нэгийгээ ганц нэг удаа цохих шиг болсон манай эхнэр нэг мэдэхэд ногоон өнгийн иштэй жижиг хутгаар миний нүүр хэсэг, зүүн талын шанаа хэсэг, баруун талын гуяны хэсэгт хэд хэдэн удаа зүсчихсэн юм. Тэгсэн чинь хутгаар зүссэн газраас цус гараад байхаар нь манай эхнэр эмнэлэг дуудаж үзүүлэх талаар хэлэхээр нь би эмнэлэг орохгүй гайгүй байна гэж хэлээд хэвтэж амарсан. Эмчилгээний зардал тавин мянган төгрөг гарсан. Надад эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/
Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн13/
Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай эгч А.Г нь 2015 оноос хойш одоо хүртэл хамтран амьдрагч Ц.Б, охин Б.Ц-ийн хамт амьдарч байна. Манай эгчийн зан харилцааны хувьд даруухан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муухай зан авир гаргах гээд байдаг юм. Б-ний Ц нь ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Замын-Үүд суманд төрсөн. Б.Ц нь хөгжлийн бэрхшээлтэй, ярьж чадахгүй хүүхэд байдаг. Б.Ц-ийг төрсөн ээжээс нь өөр хүн асарч хамгаалахад хэцүү байдаг. Ц.Б гэх хүнийг манай төрсөн эгч А.Г-тэй 2013 онд танилцаад тэрнээс хойш хамтран амьдрах цагаас хойш мэднэ. Ц.Б нь сүүлийн 7-8 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж байна. Уг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй үедээ даруухан, ажилд сайн хүн, ямар нэг муухай зан авир байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муухай зан авиртай болдог. Манай эгч А.Г хүний толгой тархи барьж мөнгө олдог, Ц.Б-ний хувьд барилгын ажил, машин тэрэг янзалж засаж мөнгө төгрөг олдог. Мөн хүүхдийн халамжийн мөнгө авч гэрийн орлого нь болдог. Манай эгч, хүргэн ах хоёроор хүмүүс ажил хийлгээд хөлсөнд нь архи согтууруулах ундааны зүйл өгөөд бас архи уугаад байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ А.Г нь 2013 оноос хойш манай төрсөн дүү Ц.Б-тэй хамтран амьдарч байгаа. Төрсөн охин Ц нь хөгжлийн бэрхшээлтэй. Манай дүү Ц.Б 2000 онд Замын-Үүд суманд шилжиж ирээд машины засвар үйлчилгээ эрхэлж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Зан харилцааны хувьд даруухан, их дөлгөөн хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 09 сарын 22-ны өдрийн “1. Ц.Б-ийн биед толгой болон нүүрний олон тооны зүсэгдсэн шарх
гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэсэн 04/195 тоот дүгнэлт /хх-ийн 40-41/
2021 оны 09 сарын 19-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчилгээ хийлгэсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 45-52/
Шүүгдэгч А.Г нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-66/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-77/
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 сарын 06-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-80/
Шүүгдэгч А.Г-ийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Ц.Б-тэй маргалдаж, толгой, нүүр хэсэг, зүүн талын шанаа, баруун талын гуя хэсгийг хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр 04/195 тоот дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 09 сарын 22-ны өдөр 04/195 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Б нь “Манай гэрт хоол унд хийхэд ашигладаг ногоон иштэй хутгаар зүсэж гэмтэл учруулсан. ... Надад эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх тул шүүгдэгч А.Г-ийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал буюу хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэг, хараа нэртэй архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй 24 см урт хутга 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй 18.5 см урт хутга 1 ширхэг, шаргал өнгийн урд хэсэгт төмөр 12.5 см урт иштэй, ажлын хэсгийн урт 15 см нийт урт 27.5 см заазуур 1 ширхэг, хар өнгийн хуванцар 12 см урт иштэй, ажлын хэсгийн урт 15 см нийт 27 см урт заазуур 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А.Г-ийг /РД:.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Г-ийн 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэг, хараа нэртэй архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн заазуур 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоноггор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц