Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 175

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг Хуурч 1 дүгээр хэсэг үтрэм 2-41 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Нямдоржийн Отгонсансарын /ПЗ-86022303/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 8-29 тоотод оршин суух, 43 настай, эмэгтэй, одоо Цагааннуур сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Цариг овогт Гомбодоржийн Сугар /МХ-73100306/ /Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд/  холбогдох         

“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Отгонсансар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Отгонсансар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 тоот тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилд орж ажлаас халах тушаал гарах хүртэл хугацаанд ажиллаж байсан. Гэтэл Г.Сугар захирал ажилдаа орж намайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр хууль бусаар чөлөөлсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэлийн шаардлагаа 3 үндэслэлээр гаргасан. Үүнд:

  1. Цагааннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  5/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулах
  2. Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах. Би нэмэгдэлтэйгээ нэг сард 699.948 төгрөг авдаг байсан учраас 3 сар 21 хоногийн цалин 4.104.231 төгрөг гаргуулах
  3. Ажилгүй байсан хугацааны шимтгэлийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Миний бие нь Үндэсний биеийн тамир дээд сургууль төгсөж ирээд тус сургуульд захиралын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаал гарган биеийн тамир, эрүүл мэндийн багшаар 2010 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн ажилласан. 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг жирэмсэн байхад ажлаас халж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу бид эвлэрэн хэлэлцэж захиралын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай тушаалаар ажилдаа буцан орсон боловч миний бие нь жирэмсэн байсан учраас шууд жирэмсний амралтаа аваад төрчихөөд ажилдаа орох гэж захирал дээр 2-3 удаа хүсэлтээ бичээд орохоор “чамайг авахгүй” гээд байхаар нь нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас дахин сургуулийн захиргаанд хүсэлт гарган 2015 оны 08 дугаар сарын 27-ний өдөр ажилдаа орсон. Г.Сугар багш ажилдаа ороод намайг дахин ажлаас халсан юм. Миний бие нь Л.Гантөмөр багшаас өмнө ажилд орсон. Түүнээс биш би хүний оронд тухайлбал Л.Гантөмөр багшийн оронд түр ажилд орсон багш биш юм. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэх.       

Шүүх хуралд уншин сонсгосон хариуцагч Г.Сугарын шүүхэд гаргасан тайлбараас:

Г.Сугар миний бие нь Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд захиралаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 тоот тушаалаар багш Н.Отгонсансарыг биеийн тамирын багшаас чөлөөлсөн. Чөлөөлсөн үндэслэл нь:

1.2015-2016 оны хичээлийн жилийн эхэнд Н.Отгонсансар ажилд орж манай сургууль биеийн тамирын 3 багшийн орон тоон дээр 4 –лээ ажиллаж ирсэн байсан.

2.Миний бие 2016 оны 09 дүгээр сард ажилд ороход үндсэн багш Л.Гантөмөр чөлөөгөөр Солонгос Улсад биеэ эмчлүүлэхээр явсан байсан. Ингээд чөлөөтэй байгаа багшийн оронд 9-10 сард ажиллуулсан. Багш Л.Гантөмөрийн чөлөөний хугацаа дуусч ажилд орох хүсэлтээ гаргасан. Энэ тухай Н.Отгонсансарт удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудас өгсөн.

3. 2016-2017 оны хичээлийн жилд манай сургууль биеийн тамирын 3 багшийн цагийн нормтой. 1-12 дугаар ангийн нийт 66 цаг биеийн тамирын хичээлтэй. 1 багшид 22 цаг ногдож байна. БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/97/237 тоот тушаалын хавсралт “Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцон олгох журам”-ын 2.11-т багшийн 7 хоногт хичээл заах цагийн ачааллыг 19-өөс байна гэж заасан байдаг.

Иймд бид хууль дүрэм зөрчиж 19 цагаас доош цагийн ачаалалтай илүү орон тоогоор багш ажиллуулах боломжгүй юм.

...Тус сумын сургуулийн захирал миний бие Г.Сугар нь 2011 онд иргэн Н.Отгонсансарыг жирэмсэн байхад нь ажлаас нь халсан шалтгаанаар шүүхээр орж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот “Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”...захирамжийг үндэслэн иргэн Н.Отгонсансарыг 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн авч 9-12 сарын цалинг олгосон байдаг. Иргэн Н.Отгонсансар нь 2012 оны 02 дугаар сарын 10-нд төрж 2014 оны 02 дугаар сар хүртэл хуулийн хугацаанд 2 жил нийгмийн даатгалаа төлүүлсэн. Ажил эрхлэх тухай хүсэлтээ гаргаагүй 2015 оны 08 дугаар сар хүртэл огт уулзаагүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж тооцох бүрэн үндэслэлтэй. Гэвч миний бие жирэмсний амралт 2015 оны 03 дугаар сард авч төрөөд амралттай байх хугацааанд захиралын ажлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Цэндсүрэнд хүсэлт гаргаж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг дахин үндэслэн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот ажилд орох тушаал гаргуулсан байсан. Энэ өдрөөс эхлэн биеийн тамирын багш нар норм цаг дутуу үйл ажиллагаа явуулж ирсэн байсан.

Ажил албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх, иргэнийг ажилд авах эрх нь хууль зүйн хүрээнд засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг. Энэ тухай зөвлөгөөг Сэлэнгэ аймгийн хууль зүйн хэлтсээс лавласан болно. Ингэхээр захиралын ажлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэндсүрэнгийн гаргасан Б/16 тоот тушаал үндсэндээ хууль бус хүчингүй тушаал болох нь харагдаж байгаа...гэжээ.

Хариуцагч Г.Сугараас шүүхэд гаргасан “Шүүх хуралд оролцох боломжгүй тухай” хүсэлтээс:

Г.Сугар миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй байна...Миний бие шүүгчийн гаргасан захирамжийн дагуу захирамжийг шүүгчийн туслахаас цахим хэлбэрээр хүлээн авч нэхэмжлэгчийн тайлбар болон шаардсан шаардлагын дагуу нотлох баримтыг заасан хугацаанд шударгаар гаргаж өгсөн болно. Миний бие эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй тул гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж бодит үнэнийг тогтооно гэдэгт итгэж байна гэжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Отгонсансар нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд /захирал Г.Сугар/ холбогдуулан                “...Цагааннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  5/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, би нэмэгдэлтэйгээ нэг сард 699.948 төгрөг авдаг байсан учраас 3 сар 21 хоногийн цалин 4.104.231 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны шимтгэлийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Иймд миний шүүхэд гаргсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь :

Н.Отгонсансар нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн багшаар 2010 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу тус сургуулийн захиралын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай тушаалаар ажилд нь буцаан авсан гэх боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь жирэмсэн байсан учраас шууд жирэмсний амралтаа аваад төрчихөөд ажилдаа орох гэж захирал дээр 2-3 удаа хүсэлтээ бичээд орохоор “чамайг авахгүй” гээд байхаар нь нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас дахин сургуулийн захиргаанд хүсэлт гарган 2015 оны 08 дугаар сарын 27-ний өдөр ажилдаа орсон...” гэх тайлбараас үзэхэд шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай захирамж гарснаас хойш жирэмсний амралтаа авч, төрөөд ажилдаа дахин ороогүй болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Нэхэмжлэгч нь тус сургуулийн захиралын 2015 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар ажилдаа орж, зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Г.Отгонсансарыг Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/75 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тус тус заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалт нь ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлт гаргаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан заалт нь “...аж ахуй нэгж байгууллага...татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн“ гэх үндэслэлүүдийг заасан байх бөгөөд энэ хоёр заалтын ямар үндэслэлийг барин ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй байна.  

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон эсвэл орон тоо нь хасагдсан...ажилтны тоог цөөрүүлсэн талаар хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд түүнийгээ нотолж чадаагүй болно.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:”... Иргэн Н.Отгонсансар нь 2012 оны 02 дугаар сарын 10-нд төрж 2014 оны 02 дугаар сар хүртэл хуулийн хугацаанд 2 жил нийгмийн даатгалаа төлүүлсэн. Ажил эрхлэх тухай хүсэлтээ гаргаагүй 2015 оны 08 дугаар сар хүртэл огт уулзаагүй хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж тооцох бүрэн үндэслэлтэй. Гэвч миний бие жирэмсний амралт 2015 оны 03 дугаар сард авч төрөөд амралттай байх хугацааанд захиралын ажлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Цэндсүрэнд хүсэлт гаргаж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг дахин үндэслэн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот ажилд орох тушаал гаргуулсан байсан...Ажил албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх, иргэнийг ажилд авах эрх нь хууль зүйн хүрээнд засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг...” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай “Г.Цэндсүрэнг сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох тухай” захирамж гарган ажиллуулсан байх бөгөөд захирал нь Шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай захирамжийг үндэслэн ажилд томилсныг хууль зөрчсөн буруутай гэж үзэхгүй бөгөөд шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Н.Отгонсансарын хувьд хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар  “...ажил албан тушаалыг хэвээр хадгалах” орон тоо гэж үзнэ.

Мөн хэрэгт нотлох баримт болгон гаргасан Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 61, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01, 2014 оны 03 дугаар сарын 24-нйи өдрийн 23, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/6 дугаартай тус тус гаргасан “Цалин шинэчлэх тухай” тушаалуудын 2016 оноос бусад хавсралтуудад Н.Отгонсансар ажиллаагүй мэт харагдаж байгаа хэдий ч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан лавлагаагаар тус сургуульд 2010 онд 10, 11, 12 сард, 2011 он, 2012 он, 2013 он, 2014 оны 1, 2 сар, 2015 оны 08-12 сар, 2016 оны 1-10 сар хүртэл ажиллаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь нотлогдож байгаа нь нэхэмжлэгчийг тус сургуульд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан болохыг нотолж байна гэж үзнэ.    

Иймд Н.Отгонсансарыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн багшаар  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.104.231 төгрөг нэхэмжилснээс ажилгүй байсан 3 сар 21 хоногийн цалинг сарын үндсэн цалингаар тооцон гаргах нь үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин 535.286 төгрөг болох нь тус сургуулиас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан цалингийн картаар нотлогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалинг үндсэн цалингаар тооцон нийт 2.167.908 төгрөг гаргуулан Н.Отгонсансарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.936.323 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нь  үндэслэлтэй гэж  шүүх дүгнэв.

Хэрэгт хариуцагчаас Боловсрол, шижлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар тушаалын хавсралт “Бага боловсролын сургалтын төлөвлөгөө” 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/220 дугаартай тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын шинэчилсэн төлөвлөгөө”, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/275 дугаар тушаалын гуравдугаар хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 ангийн  сургалтын төлөвлөгөө”, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/103 дугаар тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө”, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай” тушаал хавсралтын хамт 3 хуудас, 2016-2017 оны хичээлийн жилд хичээл зааж буй багш нарын цагийн ачаалал зэрэг авагдсан болно.

Зохигчдоос шүүхэд нотлох баримт болгон гаргасан Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай “Ажилд авах тухай”, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай  “Ажилд эргүүлэн авах тухай”, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/6 дугаартай “Ажилд эргүүлэн авах тухай” тушаалууд, Шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2010-2017 онуудын “Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хичээлийн жилийн тайлан” 22 хуудас материал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн заалтыг  зөрчсөн байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг оролцогч гэнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас хэрэгт сургалтын менежер Д.Эрдэнэ-Оргил, номын санч М.Оюун-Эрдэнэ, нярав А.Тунгалагтуяа, биеийн тамирын багш Л.Гантөмөр, дотуур байрны багш Ц.Алтанцэцэг, Д.Байгалмаа, эцэг, эхийн зөвлөлөөс хэрэгт холбогдуулан тайлбарууд гарган ирүүлсэн байх бөгөөд дээрх иргэдийг энэ хэрэгт тайлбар гаргах эрх бүхий оролцогч гэж үзэхгүй, мөн тэдгээрээс гаргасан нотлох баримтууд болох тус сургуулийн захиралын тушаалуудын хуулбарууд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас 28 хуудас материалыг хасаж тооцох зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас  2.167.908 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд 46.350 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэрэгт нэхэмжлэгчийн тайлбар бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

            

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Отгонсансарыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн багшаар эгүүлэн тогтоож, мөн сургуулийн захиралын 2016 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 5/75 тоот тушаалыг хүчингүй болгосугай.   

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар   Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2.167.908 төгрөг гаргуулан Н.Отгонсансарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.936.323 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Отгонсансарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 46.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар сургалтын менежер Д.Эрдэнэ-Оргил, номын санч М.Оюун-Эрдэнэ, нярав А.Тунгалагтуяа, биеийн тамирын багш Л.Гантөмөр, дотуур байрны багш Ц.Алтанцэцэг, Д.Байгалмаа, эцэг, эхийн зөвлөлөөс хэрэгт холбогдуулан гаргасан  тайлбарууд, тус сургуулийн захиралын тушаалуудын хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн 28 хуудас материалыг хасаж тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА