Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/033

 

Б.Мт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мт холбогдох эрүүгийн 1714000000191 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Алдар овогт Б.М, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 оны 5 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 1-11 тоотод Б.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Алдар овогт Бүүвэйн Мыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Б.Мыг 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Б.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг устгуулхаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Б.Мын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Мт буцаан олгож, түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие шийтгэх тогтоолыг хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Учир нь түүнд ийм зүйл ангиар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед шүүх хурал болохоос өмнө би шүүх хуралдааны товыг мэдээгүй, над руу залгаж хэлээгүй шүүхээс яриагүй. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цаг өнгөрөөгөөд би найз *******, ******* нарын хамт Б.Мынд очсон, очихдоо нилээн халамцуу очсон бөгөөд нэг шил архи авч очсон. Бид Б.Маар хоол унд хийлгэж, мах чануулж идээд нэг шил архи хувааж уусан. Энэ үед *******ы цагаан мах эргэж хэвтэж байгаад архиндаа болоод унтсан. Харин ******* нилээн согтоод тасраад нөгөө талын орон дээр унтсан. Би Б.Мтай уурхайд том тэрэг барьж чадах уу гэхэд Б.М нь чадахгүй гэсэн. Би согтсон байсан учраас үг хаяж яахлаараа чаддаггүй юм олон жил жолооч хийчихээд гэсэн. Тухайн үед би нилээд хэмжээний согтолттой байсан учраас болсон үйл явдлыг бүдэг бадаг санадаг. Ямар ч байсан Б.М над руу хутга авч намайг ална гэж дайраагүй гэдгийг маш сайн мэдэж байна. Бид хоёр ноцолдоод газар унасны дараа нэг мэдэхэд цус гарсан байсан. Ноцолдож байхад Б.М хутга бариагүй байсныг лавтай сайн санаж байна. Би энэ талаараа ч байцаагчид хэлж байсан. Сүүлд сонсож байхад намайг хоол идэж, яс мөлжиж байсан хутгаа барихаар нь Б.М салгах гэж байгаад л газар унасан гэсэн. Би Б.Мтай өс хонзон байхгүй. Намайг хутга барьж алж хядах ч хүн биш байгаа юм. Иймд би тус шийдвэрийг үнэнд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд Б.Мын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Мыг хохирогч Б.Бын бие махбодид зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан хэмээн шийтгэх тогтоолд дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: Хэргийн нөхцөл байдлаас харахад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим миний үйлчлүүлэгч Б.Мыг гэртээ хүүхдүүд харж байх үед нь хохирогч Б.Б гэрч *******, ******* нар нь их хэмжээний согтолттойгоор ирсэн. Дахин нэг шил архи авч ирэн түүнийгээ хуваан уун, мах идэж байгаад гэрчүүд архиндаа согтон унтацгаасан байдаг. Үүний дараа хохирогч нь миний үйлчлүүлэгчтэй маргалдан зүй бус авир гаргасан бөгөөд миний үйлчлүүлэгчийг заамдан барьж авахад хойш нь түлхэхэд ширээн дээр мах идэж байгаад тавьсан хутга гарт нь таарч авсаныг салгах гэж оролдож байгаад газарт унаж хохирогч гэмтэл авсан байдаг. Харин хохирогчийг санаатай алах болон гэмтээх айлгах гэсэн санаа зорилго байгаагүйгээс гадна эд мөрийн баримт болох хутгыг миний үйлчлүүлэгч барих далайх, дүрэх үйлдэл хийгээгүй байдаг, энэ талаар ч зарим нэг зүйлийг хохирогч болон гэрчүүд хэлдэг. Гэтэл шүүхээс Б.М нь бусдад санаатай хүнд хохирол учруулсан байна, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд Б.Бын биед хэвлийн баруун доод хэсгээр орж нарийн гэдэсний чацархай гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд 1200 мл цус хуралт, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт болон хэргийн бүрдэл хангагдсан мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтаар нотлогдсон гэж үзлээ гэжээ.

Өмгөөлөгч миний зүгээс болон Б.Мын хувьд Б.Бын бие махбодид хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирсан гэдэгтэй маргадаггүй бөгөөд харин түүнд гэмтэл учруулах шууд болон шууд бус санаа зорилгыг агуулаагүй байсан гэдгээ шүүх хуралдаанд болон прокурорын шатанд илэрхийлсээр ирсэн. Хэрэв зөвхөн дээрх гэмтлүүд учирсан гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр Б.Мыг бусдад санаатайгаар хохирол учруулсан гэж дүгнэвэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн тухай ойлголт өрөөсгөл болох байх. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь ганцаараа гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулахгүй гэж үзэж байна. Хохирогч хутгыг барьсан байх явцад миний үйлчлүүлэгч салгахаар ноцолдох үед 2 гартаа ээлжлэн барьж аваад өгөхгүй байсан талаар Б.М мэдүүлдэг бөгөөд үүнийг хохирогч үгүйсгэдэггүй нь тухайн үйлдэл болсон байх боломжтойг харуулдаг. Харин дээрх үйлдлийг хийх болон хутга салгахаар оролдож ноцолдож, эмх замбараагүй нөхцөл байдал бий болж унах үед дүгнэлтэд дурдсан гэмтлүүд учрах бүрэн боломжтой юм.

Тус гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч холбогдох болсон гол шалтгаан нөхцөл санаа сэдэлт зорилгын хувьд санаатай үйлдлийн шинж байгаагүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу буюу тухайн хутга гэх мэс нь бусдад хор уршиг учрах боломжтой, хэрэв ноцолдож байгаад унавал хэн алиныгаа гэмтээх боломжтой гэдгийг Б.М мэдэх ёстой байтал мэдэлгүйгээр газарт унаж хутганд гэмтэн дээрх хор уршиг учирсан байх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогчид тус гэмтлийг учруулахыг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинж чанар, санаа зорилгын байдал хэрэгт авагдаагүй байна. Санаатай үйлдэл нь заавал хор уршиг учруулахыг хүсч зориуд хор уршиг учруулсан байх шинжийг агуулах ёстой.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 1-11 тоотод Б.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн “...юунаас болж барилцаж авсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр барилцаад авсан ноцолдож байтал гэдэс рүү нойтон оргиж салахад гэдэснээс цус гарч байсан, тэгээд түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байгаа юм..., ...бид хоёр барилцаж аваад гэрийн зүүн талын орны өмнө унасан тэгээд босоод ирэхэд миний гэдэс хавьд нойтон оргиж би гараараа дарж үзэхэд цус гарч байхаар нь Б.Мт чи намайг хутгалсан юм уу гэж хэлэхэд Б.М нь үгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 20-23, 24-27-р тал/

Гэрч *******ын “...******* залгаад чи хурдан хүрээд ир Б.Быг Б.М хутгалсан байна, нилээд их цус гоожсон байна нээрээ шүү чи хурдан ир гэсэн..., ...******* нь дахин над руу залгаад хурдлаарай ирж байгаа юм уу цус алдаад үхэх гэж байна гэж хэлсэн..., ....тэгээд гэрт ороход гэрийн зүүн талын орны өмнө манай нөхөр газар хэвтсэн байдалтай намайг хараад би 2 хүүхэддээ амьд харагдмаар байна, хурдан намайг авраач гэж хэлээд доошоо тонгойсон, тэгэхэд Б.М нь гэрийн хойморт газар түрүүлгээ хараад хэвтсэн, ******* нь чи ямар муухай юм нэгнийгээ алчихлаа гээд Б.Мыг өшиглөөд байсан. Б.М нь босоод Б.Бын хажууд очоод суухад гаднаас ******* орж ирсэн. Б.М нь болохоор ******* ахыг ороод ирэхэд дүүгээ уучлаарай энэ чинь томроод байхаар нь хутгалчихсан гэж хэлж байсан..., ...Б.Бын гэдэс, хэвлий хэсэгт, гуяны ар тал руу хутгалсан бас цээж хэсэгт хутгаар зүссэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30-р тал/

Гэрч *******ийн “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Бын эхнэр ******* нь залгаад Б.Б хүнд хутгалуулсан юм шиг байна та цагдаад дуудлага өгөөд түргэн дуудаадах гэсэн. Ингээд цагдаа, түргэнд дуудлага өгөөд 9 дүгээр багийн 1-11 тоотод очиход гэрт *******, Б.Баас гадна 3 хүн байсан. Б.Б нь гэрийн баруун талд доошоо харсан, толгой нь үүд рүү харсан байдалтай газар хэвтсэн, гэрийн шалаар нилээн их цус гоожсон, согтуу найзууд намайг хутгалчихлаа гээд байсан. Хэн нь яасан юм гэхэд хажууд нь сууж байсан Б.М гэх залуу би ингэсэн юм гээд сууж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31- 32-р тал/

Гэрч *******гийн “...Б.М гэрийнхээ баруун талын баганын дэргэд суучихсан, ******* зуухны доод талд энэ хоёр чинь ингэчихлээ гэж хэлээд зогсож байсан..., ...Б.Мыг Б.Бын хөлөнд хутгалсан юм байхдаа гэж хараад байж байтал эргүүлээд харсан чинь гэдэснийх нь баруун талд бас хутгалсан байсан..., ...******* болохоор унтаж байгаад сэрэхэд ийм юм болчихсон Б.М нь хутгаа арчаад ширээн дээр тавьчихсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-35-р тал/

Гэрч *******гийн “...нойрон дунд хүн уйлаад байх шиг байхаар нь сэрээд харсан чинь Б.М нь уйлчихсан би хүн алчихлаа гээд ширээнийхээ зүүн талд суусан, гэрийн хоёр баганын голд шар бор иштэй хутга байсан. Харин Б.Б нь болохоор гэрийн зүүн талын орны урд талд толгой нь хаалга руу чиглэсэн доошоо харсан хэвтэж байсан..., ...Б.Бын хэвтэж байгаа газар нь нилээд их хэмжээний цус гарсан байхаар нь би юу болоод байна гэж Б.Маас асуухад Б.М нь би хүн алчихлаа гээд уйлаад байсан өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38-р тал/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хохирогч Б.Бын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн №12 дугаартай “...1.Б.Бын биед хэвлийн баруун доод хэсгээр орж нарийн гэдэсний чацархай гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд 1200 мл цус хуралдалт, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 44-45-р тал/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9-р тал/, хохирогч Б.Бын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 86-111-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулан Б.Мын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Ийнхүү дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, уг нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагыг зөв тогтоосон нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хохирогч Б.Баас анхан шатны шүүх шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, Б.М нь миний биед санаатай гэмтэл учруулаагүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч ******* шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулахгүй, Б.М нь хохирогчийн гартаа барьсан байсан хутгыг салган авах явцдаа биед нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү хэмээн тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Быг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор хохирогчоор тогтоон түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхтэйг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогч эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1-д “...анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна...” мөн зүйлийн 2-т “...хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй...” хэмээн заасан, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Бын 88171967 дугаарын утсаар холбогдон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 149-р тал/ хэрэгт авагдсан байх тул шүүхээс хохирогчийн эрхийг хязгаарлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Бын гартаа барьсан хутгыг салган авах явцад газарт унан биед нь гэмтэл учруулсан гэж, хохирогч Б.Б ноцолдон газар унасны дараа гэдэснээс цус гарсан байсан, Б.М над руу хутга авч дайраагүй гэж тус тус мэдүүлдэг хэдий ч гартаа хутга барьсан хүнтэй газарт унан ноцолдоход өөрийнх нь болон өөртэй нь ноцолдож буй хүний биед ямар нэгэн гэмтэл учирч болох бөгөөд, Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан байсан хэдий ч түүнийг хүсч хохирогчтой ноцолдон биед нь хохирол учруулсан тул Б.Мыг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан шинжээчийн дүгнэлт нь Б.Мын гэм буруугийн хэлбэрийг нотлохгүй, харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хохирлын талаар тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй хийгдэх ажиллагаануудын нэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөв тодорхойлсны эцэст Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчид ял оногдуулахад зайлшгүй баримтлах нотлох баримтуудын нэг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Шүүгдэгч Б.Мын 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ