Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 06

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хүдэртэйн буян ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Хүдэртэйн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 тоот тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 тоот шийдвэрээр манай Хүдэртэйн буян ХХК-д хэрэглээний 200 куб метр модыг нөхөн олгуулах талаар Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Пүрэврэнцэн

Хариуцагч: Т.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай Хүдэртэйн буян ХХК Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2011 онд байгуулагдаад эдүгээ хүртэл мод бэлтгэл, мод үржүүлэг, ойн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/307 тоот тушаалаар ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх эрхийг гурван жилийн хугацаатайгаар авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/380 тоот тушаалаар дээрх тусгай зөвшөөрлүүдийг 3 жилээр сунгасан.

Нэгдүгээрт манай Хүдэртэйн буян ХХК Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 тоот шийдвэрээр хэрэглээний 200 куб метр мод, түлээний 100 метр куб модыг гэм хорыг арилгах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гарсан.

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа Хүдэр сумын ИТХ-д хүсэлт өгсөн боловч биелүүлээгүй ирсэн ба 2018 оны модны хуваарь олгохдоо манай компанид өгөх ёстой цэвэрлэгээний огтлолын 200 куб метр модыг шүүхийн шийдвэр биелүүлсэн болгож өөрчлөн олгосон. Өөрөөр хэлбэл хуваарилах ёстой модоо нэрийг нь шүүхийн шийдвэр биелүүлж байгаа мэтээр өөрчлөн олгосон юм. Үүнийг би хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 78 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан түлээний 100 куб метр модыг нэмж олгосон. Би сумын ИТХ-д хэрэглээний модоо авах талаар дахин хүсэлт гаргахад дараа модны нэмэлт хуваариар хэрэглээний модыг чинь олгоё гэж байсан. Гэвч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар бас олгосонгүй.

Хоёрт 2019 оны Хүдэр сумын ИТХ-ын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар манай компанид ганц куб метр мод хуваарилсангүй. Учир юун гэвээс сумын ИТХ Хүдэр сумын Ойн ангийн саналыг хэт баримталж, бусад албан тушаалтны нөлөөнд автах байдлаар шийдвэр гаргалаа.

Энэ өдөр сумын хурал хуралдахаас өмнө миний бие Хүдэр сумын ИТХ-д мод авах учир байдлаа бичгээр илэрхийлж хүсэлт гаргаж байсан билээ. Тухайлбал өмнөх оны шүүхийн шийдвэрийн биелүүлээгүй үлдсэн 200 куб хэрэглээний модоо авах, мөн манай компанийн ойн санд цэвэрлэгээний огтлолын, цэвэрлэгээний ажлын мод байхгүй бол миний 50 хувийн эзэмшлийн Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-ийн ойн сангаас хамтран ажиллах байдлаар мод бэлтгэх боломжтой гэдгийг илэрхийлж байсан.

Гэтэл эл бүгдийг үл тоомсорлон манай Хүдэртэйн буян ХХК-д мод олгосонгүй. Хүдэр сумын ИТХ-ын төлөөлөгчид шүүхийн шийдвэр яадаг юм гэж ярьдаг улс. Мод олгуулах талаар Хүдэр сумын ИТХ-д 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл гомдлыг хүлээж авсангүй.

Мод хуваарилах Хүдэр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар манай Хүдэртэйн буян ХХК-д удаа дараа шүүхийн шийдвэр болон хуваарилах ёстой модоо өгөхгүй байгаа нь манай компанийг байнга ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй. Иймээс Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 тоот тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 тоот шийдвэрээр манай Хүдэртэйн буян ХХК-д хэрэглээний 200 куб метр модыг нөхөн олгуулах талаар Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны модны хуваарийг тогтоосон. Ойн тухай хуулийн дагуу Сэлэнгэ аймгаас ирүүлсэн модны хуваарийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргадаг. 120 дугаартай тогтоолоор манай компанийг ойн сандаа нөөц байхгүй, үйлдвэрлэлийн арчилгаа цэвэрлэгээний эрх байхгүй гэсэн үндэслэлээр 2019 онд мод олгоогүй гэж шийдвэр гаргасан. Гэвч манай компани өөрийн ойн сандаа нөөц байхгүй ч миний эзэмшлийн Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-ийн ойн санд модны нөөц байдаг. Сэлэнгэ аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газраас би хоёроос гурван жилийн өмнө тодорхойлолт авч байсан. Энэ үед би модны тусгай зөвшөөрөлтэй компани Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм уу тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг юм уу гэж асууж байсан. Гэтэл Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж бичгээр хариу өгсөн. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнээс агуулгаараа юу харагдаж байна вэ гэхээр тухайн компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Хөвсгөл аймгийн нутагт очиж үйл ажиллагаа явуулж болно гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр заавал өөрийн ойн сандаа үйл ажиллагаа явуулна гэсэн үндэслэл байхгүй. Модны хуваарийг хийхдээ тусгай зөвшөөрөлтэй компани бүрээр хийнэ гэж хуульд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчсөн. Гэтэл манай компани арчилгаа, цэвэрлэгээний огтлолын тусгай зөвшөөрөлтэй учраас хуульд заасны дагуу модны хуваарьт заавал орох ёстой. Тухайн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэнэ гэсэн өгүүлбэр хуульд заасан байдаг. Энэ нь менежментийн төлөвлөгөөний дагуу мод олго гэсэн зүйл заалт биш. Үндэслэнэ гэдэг нь өөр агуулгатай. Хэрэв менежментийн төлөвлөгөөний дагуу модны хууваарийг хийнэ гэж хуульд заасан бол өөр нэг ойлголт. Гэтэл үйлдвэрлэлийн огтлолтой арчилгаа цэвэрлэгээний огтлолтой компани модны хуваарьт орно гэж хуульд тодорхой заасан. Энэ 120 дугаар тогтоол гараад нэг жилийн хугацаанд хэрэгжсэн. Гэтэл өөрийн ойн санд нөөцтэй компаниуд өөрийн ойн санд бэлтгэж чадахгүй боллоо. Бусдын ойн сан руу ордог. Хэрэв манай компани нөөцгүй ч гэсэн модны хуваарь авсан бол өөрийн эзэмшлийн Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-ийн ойн сан руу ороод модоо бэлдээд авах байсан.

Менежментийн төлөвлөгөөний агуулга нь хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт сумын ойн менежментийн төлөвлөгөө, хоёрдугаарт нөхөрлөл аж ахуйн нэгжийн менежментийн төлөвлөгөө гэж байдаг. Аймгийн ойн менежментийн төлөвлөгөө сумын ойн менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан хийдэггүй. Гэтэл сумын менежментийн төлөвлөгөөгөөр үндэслэн модны хуваарийг хийнэ гэж хуульд тусгасан. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд бусдын ойн сан руу орж мод бэлтгэхдээ сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэж ордог. Ийм боломжууд байсаар байтал манай компанийг хохироосон. Иймд Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 120 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад зөвхөн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хохирлоо нөхөн барагдуулмаар байна. 2019 оны 06 дугаар сард нэмэлт модны хуваарь өгөхдөө манай компанийг нөөцгүй гэх үндэслэлээр хассан. Гэтэл манай компанид 40 метр куб цэвэрлэгээний огтлолын нөөц байсан. Би 40 метр куб цэвэрлэгээний модыг Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-нд тусгаарлалт хийгээд, түүндээ гоожингоо тушаагаад болж л байна. Ингээд амьдрал дээр ингэж хэрэгжиж байхад үндсэн модны хуваариар манай компанид мод олгоогүй нь буруу шийдвэр болсон. Хэрэв үнэхээр сумын ойн сангийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн аж ахуйн нэгжүүд өөрийн ойн сандаа модоо бэлтгэх байсан бол бусад аж ахуйн нэгжийн ойн санд мод бэлтгэсэн нь 120 дугаар тогтоол өөрөө хууль бус тогтоол болсон гэж үзэж байна.

Дараагийн асуудал нь 2017 онд манай компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад, шүүхийн шийдвэр гарч 200 метр куб хэрэглээний мод олгох шийдвэр гарсан. Тухайн жилийн модны хуваариар манай компанид зайлшгүй олгох ёстой модоо өгөлгүй, шүүхийн шийдвэрээр олгосон модоо өгсөн. Гэтэл өөр компанид нэмж өгсөн. Тиймээс бид нөхөж авна. Ийм хоёр байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа Хүдэртэйн Буян ХХК-д Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаартай шийдвэрийн дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 1 дүгээр сарын 20-ны 77 дугаартай, 2018 оны 2 дугаар сарын 10-ны 77 дугаартай тогтоолоор тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлэн олгосон байна.

2015 онд ирсэн шүүхийн шийдвэрийн бичгийг 2015 он 2016 онуудад биелүүлээгүй байсныг 2017 оны 12 сард иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн шүүхийн шийдвэрийн шийдвэрийг энэ бүрэн эрхтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь биелүүлж ажилласан байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сумын Ойн анги, Засаг даргаас ирүүлсэн санал. Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1 дэх заалт, 32.3.2 дахь

заалтуудыг тус тус үндэслэн хэлэлцэн шийдвэрлэж олгосон.

Хүдэртэйн Буян ХХК нь өөрийн эзэмшлийн ойн сангийн хэсэглэл ялгаралд ойн нөөц нь үйлдвэрлэлийн огтлолтын нөөцтэй байгаа нь ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1 дэх заалтад хамааран олгох боломжгүй байна. / Үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлгүй /Хэрэв Хүдэртэйн буян ХХК нь өөрийн эзэмшлийн ойн санд дээрээ арчилгаа цэвэрлэгээний огтлолтын нөөцтэй байсан бол ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь заалтаар олгох боломжтой байлаа.

Иймд Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай тогтоол нь Хүдэртэйн Буян ХХК-ийн эрх ашиг үйл ажиллагааг нь хохироогоогүй болно.

Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-ны хувьд ойн санг гэрээгээр эзэмшдэг аж ахуй нэгж учраас ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтаар модны хувиар олгох боломжгүй мэргэжлийн байгууллагын эрхгүй компани юмаа...гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай тогтоолоор Хүдэртэйн буян ХХК-нд олгох ёстой байсан модны хуваарийг олгоогүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал модны хуваарийг аж ахуйн нэгжид олгохдоо Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Аж ахуйн нэгж, нөхөрлөлд модны хуваарь олгохдоо дээрх хуульд зааснаар Ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно гэсний дагуу Хүдэртэйн буян ХХК үйлдвэрлэлтийн огтлолын нөөцтэй, арчилгаа цэвэрлэгээний нөөцгүй. Тусгай зөвшөөрөл нь болохоор үйлдвэрлэлийн огтлолын эрхгүй, арчилгаа цэвэрлэгээний эрхтэй байдаг учраас Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг зөрчиж байх тул олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-д 40 метр куб олгосон гэж тайлбарлаж байна. Яагаад гэвэл үүнд ойн менежментийн төлөвлөгөөгөөр тусгай зөвшөөрөлгүй, нөхөрлөл ойн сангийн гэрээ эзэмших эрхтэй аж ахуйн нэгж цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэл хийж болдог.

Тийм учраас огтлолт биш, үйлдвэрлэлийн огтлолт биш, арчилгаа цэвэрлэгээний огтлолт биш, цэвэрлэгээний ажлын мод бэлтгэх хуваариар мод олгосон тул Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-д олгосныг ойлгоорой. Хүдэртэйн буян ХХК нь Сэлэнгэ мөрөн байгаль далай ХХК-аасаа 2 хэсэглэлийг авч менежментийн төлөвлөгөө хийснээр арчилгаа цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрх нь үүсэж байгаа юм. Нөгөө талаар сумын ойн менежментийн төлөвлөгөө нь нийт Хүдэр суманд 260 хэсэглэл байдаг. 186000 ойн сан бүхий газартай, түүний аж ахуйн нэгжийн квартал хэсэглэл буюу сумын ойн менежментийн төлөвлөгөөгөөр нэг аж ахуйн нэгжид задарч очдог. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хувь компанид хандаж, нэмүүлж ойн менежментийн төлөвлөгөө хийлгэхээр, тэр нь сумын ойн менежментийн төлөвлөгөөнөөс зөрөх асуудал гардаг. Бидний хувьд сумын менежментийн төлөвлөгөөг гарын авлага мэт ашиглаж хууль тогтоожмийг баримтлан ажилладаг. Учир нь Таван жил тутамд мэргэжлийн байгууллага, яам хамтарч ойн зохион байгуулалтыг боловсруулж, сумын ойн менежментийн төлөвлөгөөг хийдэг. Сумын ойн менежментийн төлөвлөгөөг ашиглан 24 мэргэжлийн байгууллага, ойн санг эзэмшиж байгаа 19 нөхөрлөл, 12 аж ахуйн нэгж, Монгол улсын хэмжээнд нийт 156 ойн санг эзэмшиж байгаа.

2017 оны шүүхийн шийдвэрээр Хүдэр амжаа ХХК, Хүдэртэйн буян ХХК-нд 2015, 2016 онд олгогдоогүй модны хуваарийг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой учир 2018 онд дээрх хоёр компанид мод олгосон. 2019 онд 200 метр куб хэрэглээний мод буюу түлээний хуваарийг олгох гэтэл Хүдэртэйн буян ХХК-ийн 2019 оны ойн менежментийн төлөвлөгөөнд түлээ гэсэн заалт байхгүй байсан тул шүүхийн шийдвэр, хуулийн зохицуулалт хоёр хоорондоо зөрчилдсөн. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, мод олгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс болон Байгал орны газар луу тогтоол гарахаас өмнө тогтоолын төслөө хянуулдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг бие даан шийдвэр гаргах эрхтэй, гаргасан шийдвэрээ цуцлах эрхтэй гэсний дагуу тодорхой зөвлөмжүүдийг хүргүүлдэг. Зөвлөмжөөр ирсэн хариуг дахин хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг гэв.

Гуравдагч этгээд аж ахуйн нэгжүүд болон нөхөрлөлүүд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй... гэжээ.

Гэрч Б.Энхтулга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн зохион байгуулалтын ажил хийгдэж ойн сангийн нөөцийн хэмжээг Ойн Таксаци ХХК-иар 2017 онд тогтоолгосон. Тухайн ойн сангийн нөөцийг БОАЖ Яамны ойн нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ойн нөөцийн хэмжээг тогтоосон материалыг цаашид ашиглах эсэх асуудлаар шийдвэр гаргадаг. Дээрх тогтоосон нөөцөд тулгуурлан ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага ойн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулдаг. Тухайн нөхөрлөлүүд, аж ахуйн нэгжүүдийн боловсруулсан ойн менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн БОАЖ-ын газраас хянаж баталдаг. Хүдэртэйн Буян ХХК-ийн ирүүлсэн ойн менежментийн төлөвлөгөөг хянаж үзэхэд тухайн компанийн эзэмшиж буй ойн санд арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх нөөц байхгүй байсан учраас танайх энэ жил модны хуваарь авч чадахгүй юм байна гэдгийг тухайн компанийн захирал Пүрэврэнцэн гэдэг хүнд тайлбарлаж хэлсэн.

Ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт зааснаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх, шийдвэр гаргах хэрэгжүүлэх, хяналт тавих эрх нь ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дугаар зүйлд зааснаар Засаг даргад олгосон байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргаас саналыг Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж тухайн оны модны хуваарь батлагддаг...

...Тухайн компанийг дордуулах хувийн сонирхол надад байхгүй. БОАЖ Яамны ойн нөөцийн зөвлөлийн хурлаар баталгаажсан ойн зохион байгуулалтын материалыг үндэслэж тухайн компанийн ойн менежментийн төлөвлөгөөний төлөвлөлтийг зөв хийгдсэн эсэхийг хянаж үзэхэд Хүдэртэйн Буян ХХК-ийн төлөвлөгөөнд дурдсан ойн санд бэлтгэх модны нөөц байхгүй байсан учраас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн, ойн сангийн нөөцийн хэмжээг тогтоосон Ойн Таксаци ХХК-д мэдэгдэхэд дахиад нөөц байгаа мэтээр урьд ирүүлсэн төлөвлөгөөнөөс бага хэмжээгээр төлөвлөж ирүүлсэн нь БОАЖ Яамны ойн нөөцийн зөвлөлийн хурлаар баталгаажсан ойн зохион байгуулалтын талаарх мэдээлэлтэй зөрж байсан учраас би хасалт хийж явуулсан. Ямар учраас Хүдэртэйн буян ХХК-ийн ойн менежментийн төлөвлөгөөнд цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх модны төлөвлөлтийг хассан талаар захирал Пүрэврэнцэн гэдэг хүнд тайлбарлаж хэлсэн...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг Хүдэртэйн буян ХХК нь Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаартай шийдвэрээр Хүдэртэйн буян ХХК-д хэрэглээний 200 куб метр модыг нөхөн олгуулах талаар Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 120 дугаартай тогтоолын зөвхөн Хүдэртэйн буян ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай 2019 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай тогтоолоор тус суманд ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 38 компани, 18 нөхөрлөлд тус сумын нутаг дэвсгэрийн ойн сангаас үйлдвэрлэлийн болон хэрэглээний мод, түлээний мод бэлтгэх хуваарийг баталжээ.

Дээрх хуваариар Хүдэртэйн буян ХХК, Мөнххантайшир ХХК, Улаан шугуй ХХК, Зэрлэгийн шугуй ХХК, Мөрөнболд-Эрдэнэ ХХК, Хүдэр-Од трейд ХХК, Хүдэр Өсөх Ирээдүй ХХК, Хэрсийн гол ХХК, Хангайн буудай ХХК-дад ойн санд үйлдвэрлэлийн огтлол явуулах эрхгүй ойн санд ашиглалт явуулах нөөцгүй үндэслэлээр үйлдвэрлэлийн болон хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарь олгоогүй байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 120 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Хүдэртэйн Буян ХХК нь ойн сандаа үйлдвэрлэлийн огтлолын зориулалтаар мод бэлтгэх нөөцтэй боловч үйлдвэрлэлийн огтлолт явуулах эрхгүй учраас мод хуваарилаагүй, ойн санд цэвэрлэгээний огтлолт явуулах нөөцгүй үндэслэлээр мод хуваарилаагүй байна.

Хүдэртэйн буян ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

1/ мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх,

2/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зориулалтаар ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг авч 2018 онд 3 жилээр сунгуулсан байна. Харин үйлдвэрлэлийн огтлол явуулах чиглэлээр тусгай зөвшөөрөл аваагүй, эрхгүй болох нь тогтоогдож байна.

Хүдэртэйн буян ХХК нь 2018-2022 он хүртэлх ойн менежментийн төлөвлөгөөг 2018 онд Ойн Таксаци ХХК боловсруулсан / хх-н 60-66-р хуудас / байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус компанийн ойн менежментийн төлөвлөгөөг дүгнэхдээ тухайн Хүдэртэйн Буян ХХК-ийн ойн нөөцөд цэвэрлэгээний огтлолт болон цэвэрлэгээний ажлаар модны нөөцгүй харин үйлдвэрлэлийн огтлолын нөөцтэй болохыг ойн нөөцийн мэдээллийн сангийн forest программаар шалгаж тогтоосон болох нь тус компанийн ойн менежментийн төлөвлөгөөг хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт / хх-н 61-р хуудас/, шүүхэд ирүүлсэн албан тоот, гэрч Б.Энхтулга, Г.Цэнгэлзаяа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хүдэр сумын Засаг дарга болон Ойн ангиас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/09 дугаартай албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн нөхөрлөл аж ахуйн нэгжүүдийн ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хуваарийн саналыг ирүүлэхдээ нэхэмжлэгч Хүдэртэйн Буян ХХК нь ойгоос үйлдвэрлэлийн огтлол явуулах эрхгүй, ойн санд цэвэрлэгээний огтлолт, болон цэвэрлэгээний ажил явуулах нөөцгүй тухай саналыг хүргүүлжээ / хх-н 169-173-р хуудас/.

Иймд Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон хэрэглээний мод, түлээний хуваарийг батлахдаа ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Хүдэртэйн Буян ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай тогтоолын Хүдэртэйн Буян ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаартай шийдвэрээр Хүдэртэйн Буян ХХК-д хэрэглээний 200 куб метр модыг нөхөн олгуулах талаар Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор / хх-н 14-р хуудас / нэхэмжлэгч компанид 200 куб.м модыг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдолтой байгаа тохиолдолд уг 643 дугаартай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байх тул уг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хүдэртэйн Буян ХХК-ийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаартай шийдвэрээр Хүдэртэйн Буян ХХК-д хэрэглээний 200 куб метр модыг нөхөн олгуулах талаар Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ОДБААТАР