Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0570

 

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0570

Улаанбаатар хот

 

 

                                          Г.Г***ийн нэхэмжлэлтэй

                                             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***,

 

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Г.Г***,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 429 дүгээр хорих анги, Төрөлжсөн эмнэлгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 429 дүгээр хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Г.Г***т сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цолны цалинг буцаан олгохыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0524 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***.

Хэргийн индекс: 128/2022/0165/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г***ээс шүүхэд хандан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 429 дүгээр хорих анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Г.Г***т сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цолны цалинг буцаан олгохыг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0524 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 429 дүгээр Хаалттай хорих анги-Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Гантөмөрийн Г***т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 сарын хугацаагаар хассан цолны мөнгийг Г.Г***т буцаан олгохыг 429 дүгээр Хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргад даалгаж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг шууд үгүйсгэж, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг зөрчсөн,

3.2 Хэргийн оролцогчдийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн буюу маргаан бүхий актаар хариуцагч байгууллагад учирсан хохирол их бага талаар дурдаагүй,

3.3 Маргааны үйл баримтыг бодитой зөв дүгнээгүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч анхан шатын шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 429 дүгээр Хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Гантөмөрийн Г***т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалаар Халдвар судлаач эмч, хошууч Гантөмөрийн Г*** нь албан тушаалын тодорхойлолт заагдсан үүргээ биелүүлээгүй, ангийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авалгүй дур мэдэн “Түвшинбилиг төгөлдөр” ХХК-иас бараа материал, ариутгалын бодис авч ирүүлсэн, бараа материалыг дутуу авч ирснийг мэдсэн ч танилцуулалгүй орлогод авахуулж, анги байгууллагад хохирол учруулах үйлдэл гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, 2.1.13, 2.1.14 дэх заалтыг зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид цолны мөнгийг 2 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан.

3. Нэхэмжлэгчээс “...Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон төрийн албаны шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох албан тушаалтнуудад нь танилцуулж, ажлын байрны тодорхойлолд заасан “Ариутгагч хүлээж авах” ажлыг гүйцэтгэн, анги байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй байхад хохироосон мэтээр хандаж, надад хамаатуулан хууль бус шийдвэр гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...Г.Г*** нь өөрийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан "Албан тушаалын зорилго: зорилтыг ..халдвар гарахаас урьдчилан сэргийлж ариутгал, халдваргүйтэлийг чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж, удирдан зохион байгуулахад оршино, Зорилт:2. ариун цэврийг сахиулах ажиллагаанд хяналт тавих" хэрэгжүүлэхдээ өөрийн ажил үүргийн хуваарь, “Т*** т***” ХХК-тай байгуулсан гэрээний 4 дэх заалтыг тус тус зөрчиж, өөрт шууд хамаарахгүй үйлдлийг дур мэдэн хийж байгууллагад шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай бараа материалын тооцоо судалгааг гаргаж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, худалдан авалтын зөвшөөрөл, төлөөлөх эрх авалгүйгээр төсвийн шууд захирагч, ангийн даргын ажил үүрэгт хамаарах асуудлаар дур мэдэн шийдвэр гаргаж худалдан авалт хийсэн, мөнхүү худалдан авсан бараа материалыг орлогод бүртгэн авхуулсан, албан хаагчид хууль бус үүрэг даалгавар өгч нөлөөлсөн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/183 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм-ийн зохих 2.1.14 дэх заалт болон үйл ажиллагаанд мөрддөг бусад дүрэм, журмыг зөрчсөн” хэмээн тус тус тайлбарлан маргажээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” хэмээн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.2.1-д "хорих анги, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тушаал, шийдвэр гаргах, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих", 273 дугаар зүйлийн 273.2.9-д удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах" 273.2.13-д "хуулиар хориглосон бусад", 281.1.1-д "цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах" хэмээн,

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид "албан хаагч" гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” хэмээн тус тус заасан.

Тухайн тохиолдолд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 429 дүгээр Хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн “тархвар судлаач их эмч”, “ариутгагч” болон “эм зүйч” албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд “тархвар судлаач их эмч”-ийн ажлын байрны тодорхойлолтод “Эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариун цэврийн бүтээгдэхүүн, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн тооцоог гаргаж ажиллах” гэж, “ариутгагч”-ийн ажлын байрны тодорхойлолтод “гэрээт байгууллагаас ариутгалын бодисыг авч, бодисын идэвх чанарыг лабораторын шинжилгээгээр баталгаажуулах” гэж, “эм зүйч” албан тушаалын тодорхойлолтод “эмийн зарцуулалтад хяналт тавьж, эм био бэлмдэл, эмнэлгийн хэрэгсэл, бусад бараа материалын тайланг сар, улирал, жилээр гаргаж тайлагнах” хэмээн тухайн байгууллагад хэрэглэгдэх ариутгалын бодис, бараа материалыг бэлтгэх, худалдан авах чиг үүргийг ямар албан тушаалтан хэрэгжүүлэх нь нэг мөр тодорхой тусгагдаагүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд “Ариутгагч” албан тушаалтан нь гэрээт байгууллагаас ариутгалын бодисыг авч, бодисын идэвх чанарыг лабораторын шинжилгээгээр баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлэх тусгасан бөгөөд хэрэгцээт бодис, бараа материалыг аваагүй, нөөцлөөгүй байхад “Баривчлах төвөөс ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхээр албан бичиг ирүүлсний дагуу яаралтай, боломжит арга хэмжээг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, зөвшилцөж гэрээт байгууллагаас бараа материалыг авч, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Г.Г*** нь маргаан бүхий захиргааны акт гарах үндэс болсон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг худалдан авахтай холбоотойгоор тус ангийн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, тэднээс өгсөн зааврын дагуу ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан “удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах” болон “хуулиар хориглосон бусад” үйл ажиллагааг явуулсан гэх хүрээнд нэхэмжлэгчийг хэзээ үйлдсэн, ямар үйл ажиллагааг хамааруулан ойлгож байгаа болох нь тодорхойгүй, тухайн үндэслэлтэйгээ холбоотойгоор Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан журмын дагуу зөрчлийг шалган тогтоох үйл ажиллагааг явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг дагуу хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА