Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 190

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р баг, Суварга 19 дүгээр гудамж, 14 тоотод оршин суух Сонгоол овогт Чойдорын Оюунчимэгийн /РД: МА-62022301/ нэхэмжлэлтэй                                                                                 

 “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 оны 05 сарын 24-ний өдрөөс эхлэн Алтанбулаг сумын цэцэрлэгт анх ажилд орсон. 2006 оны 09-р сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголд орж ажлаас хасагдсан. Улсад 18 жил ажилласан. 2016 оны 04-р сард тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд нийгмийн даатгалд шалгалт орж 1994.10.30-ны өдрийн тус цэцэрлэгийн гал тогоонд туслах ажилчнаар орсон тушаал байхгүй тул тэтгэвэрийг зогсооно гэсэн шаардлагын дагуу тушаал авах гэтэл олдоогүй. Мөн Сэлэнгэ  аймгийн Архивын газраас шүүлгэсэн боловч олдоогүй. Иймээс 1994.10.30-нд гал тогоонд туслахаар ажиллаж байсан тушаалыг шүүхээр шийдвэрлүүлэн өгнө үү гэжээ.                           

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Оюунчимэг нь тэтгэвэрээ цаг хугацаандаа авахаар болсон... энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон учир хэргийг хааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь шүүхэд “Ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “тэтгэвэрээ цаг хугацаандаа авахаар болсон... энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон учир хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА