Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 1-р багт оршин суух,иргэн Гүнээ овгийн Р.У-ийн нэхэмжлэлтэй,

                 Гуравдагч этгээд:Увс аймгийн Малчин сумын 1-р багт оршин суух,иргэн Тайж овгийн Б.А,

                Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Засаг даргад холбогдох,

          Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 дугаартай захирамжийн Б.А-д холбогдох хэсэг болон 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.У, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд Б.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Р.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Малчин сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжийн Б.А-д холбогдох хэсэг болон 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай хадам аав Т.Д нь Малчин сумын 1-р багийн нутаг буюу Хартолгойд байрлах өвөлжөөнд 2012 он хүртэл мал маллан амьдарч байгаад 2012 оны 8 сард нас барсан. Д.М бид хоёр 2000 онд гэр бүл болон Малчин сумандаа мал маллан амьдарч байгаад 2010 оноос аавынхтай хамт тухайн өвөлжөөг эзэмшиж эхэлсэн бөгөөд уг өвөлжөөнд одоо болтол мал маллан амьдарсаар байна. Энэхүү өвөлжөөнд хадам аав Т.Дүгэр 30-д жил өвөлжиж эзэмшсэн ба манайх 10 дахь жилдээ өвөлжиж байна. Манай нөхөр Д.М нь 2017 оны намар өвчний улмаас нас барсан юм.

            Аав маань тухайн газарт өвөлжөөний зориулалтаар 1997 оны 09 сарын 22-ны өдөр газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Ингэхдээ тухайн үед Б.Я гэх хүнтэй хамтран эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг ба Б.Я нь 2000 оны эхээр Улаанбаатар хотруу шилжиж явсан. Б.Я-г шилжих үед өвөлжөөний эзэмших хэсэгт нь ногдсон мөнгийг өгсөн гэдэг ба энэ үеэс эхлэн аав дангаараа эзэмшиж эхэлсэн. Аав маань 2012 онд гэрчилгээгээ сунгуулахаар сумын газрын даамалтай уулзахад энэ гэрчилгээг сунгах шаардлагагүй гээд буцаасан байсан. Гэтэл 2019 оны намар Б.А гэгч залуу манайх үе удмаараа 30 гаруй жил амьдарч ирсэн өвөлжөөг өөрийнхөө өвөлжөө гэж марган манайхыг буйрнаас хөөж өвөлжөөнд маань ирж манайтай хамт буусан. Улмаар Б.А нь 2006 онд гэрчилгээ гаргуулж авсан гэж надад хэлсэн. Бид өнөөдрийг болтол бидний үе удмаараа эзэмшиж ирсэн өвөлжөөнд давхардуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэдгийг мэдээгүй явж ирсэн.

          Улмаар миний бие манай өвөлжөөний газар дээр давхардуулан гэрчилгээ олгосон байгаа нь хууль бус байна гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий өвөлжөөний газарт Малчин сумын Засаг даргын захирамжаар хэд хэдэн удаа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Манай эзэмшиж байгаа өвөлжөөний газарт 2006 оны 01 сарын 10-ны өдөр Б.Ж-д Малчин сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 03-ны өдрийн 03 тоот захирамжийг үндэслэн 0074679 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2007 оны 06 сарын 21-ний өдөр Б.А-д Малчин сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 03-ны өдрийн 15 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 190700386 дугаар бүхий 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр 0118829 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2014 оны 08 сарын 20-ны өдөр Ж.О-д Малчин сумын Засаг даргын 2014 оны 08 сарын 11-ний өдрийн А/77 тоот захирамжийг үндэслэн 7 жилийн хугацаатай 000490264 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 09 сарын 27-ны өдөр Б.А-д Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжийг үндэслэн 30 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар 000645934 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд тус тус гарчээ. Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 дугаар захирамжаар Малчин сумын 1-р багийн иргэн Ж.О-ын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа 700м2 газрыг Б.А-д зориулалтаар нь шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

          Хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 06-ны өдөр Б.А-д Малчин сумын засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжийг үндэслэн 700 м2 газрыг 30 жилийн хугацаатайгаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

     Энэхүү нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж байна.

Р.У миний бие Д.М-н хууль ёсны эхнэр бөгөөд манай хадам аав Т.Д-г амьд байх үөэс эхлэн өнөөдрийг болтол тухайн өвөлжөөнд мал маллан амьдарч байгаа бөгөөд энэхүү өвөлжөөг тэргүүн ээлжинд эзэмших эрхтэй гэж үзэж байна.

         Иймд Малчин сумын засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжийн Б.А-д холбогдох хэсэг болон 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий өвөлжөөний зориулттай газрыг Б.Я, Т.Д нарт 1997 оны 15 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байдаг. 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ж-д 1997 оны захирамжийг үндэслэн уг газрыг эзэмшүүлсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүйгээс бидний үе дамжсан өвөлжөө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл  Б.Я, Т.Д нарт 1997 оны 15 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн уг өвөлжөөг эзэмшүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. 2006 онд Б.Ж-д уг газрыг эзэмшүүлэхдээ Б.Я-гээс эрх яаж шилжсэн  бэ? гэдэг нь тогтоогдоогүй байна. Мөн Ж-аас А-д эрх шилжсэн баримт байхгүй байна. Малчин сумын Засаг даргын 1997 оны захирамжийг үндэслэж газар эзэмшүүлээд байгаа нь хууль бус байна. Малчин сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/77 дугаар захирамжаар  Ж.О-д газар эзэмшүүлсэн. Ингэхдээ тухайн газар эзэмшүүлэх гэрчилгээн дээрээ ямар зориулалтаар газар эзэмшүүлж байгаа нь тусгагдаагүй. Б.А нь уг өвөлжөөг Б.Я-гээс өвлөгдөж ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч эрх шилжсэн зүйл байхгүй ба Б.О нь шинээр газар эзэмшиж байгаа гэрчилгээ байна. Маргаан бүхий захиргааны акт болох Малчин сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжаар Б.О-с Б.А-д газар эзэмших эрх шилжүүлсэн байна. Уг захирамжийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Малчин сумын Засаг дарга юуг үндэслэж Б.О-д уг газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй байгаа. Учир нь уг өвөлжөөг Т.Д, Б.Я нар хамтран эзэмшиж байсан ба Б.Я, Т.Д нараас Б.О-д эрх шилжүүлсэн баримт байхгүй байна.  Тийм учраас 2016 оны А/97 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Р.У-ийн нөхөр нь Т.Д-ийн хүү Д.М 2010 оноос хойш уг өвөлжөөнд өвөлжиж ирсэн. Р.У өвөлжөөг Б.А-д эзэмшүүлсэн гэдгийг мэдээгүй байсан ба 2019 оны намар Б.А нь Р.У-ийн өвөлжөөн дээр ирж буухад нь мэдсэн. Ингээд эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

             Хариуцагч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын Баяндал багийн иргэн Б.А, Р.У нар нь өвөөлжөөний маргаантай байгаа нь үнэн болно. Энэ талаар нэмж гаргах тайлбар байхгүй тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Гуравдагч этгээд Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нагац аав Баатар гэж хүн байсан. Нэгдэл гэж байхад манай нагац аав Баатар нь уг өвөлжөөнд өвөлжиж нэгдлийн мал малладаг байсан. Манай ах Я 8 настай байхдаа манай нагац аав Баатр-ынд очиж амьдарч эхэлсэн. 1992 онд манай ах Б.Я гэр бүлтэй болж уг өвөлжөөнд манай нагац аавтай хамт өвөлжиж мал маллаж эхэлсэн. Нэгдэл тарахад Т.Д гэж хүн манай нагац аавыг гуйгаад уг өвөлжөөнд 1993 оноос манай ах Б.Я-ийн хажууд ирж өвөлжиж эхэлсэн байдаг. Тэгээд манай ах 2000 онд Булган аймаг шилжиж нүүхдээ энэ өвөлжөөг надад үлдээгээд явсан. Тэгэхэд нь уг өвөлжөөний гэрчилгээг өөрийн ах Ж-д өөрийн нэр дээр шилжүүлж ав гээд өгсөн. Манай ах Ж нь 2006 онд уг өвөлжөөний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. 2008-2009 онд манай ах Ж уг өвөлжөөн дээр Т.Д гуайн хамт өвөлжиж байгаад 2010 оны хавар нас барсан. Тэгээд Ж ахын эхнэр О эгч уг өвөлжөөний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Орлом эгч 2016 онд надтай уулзаад чи өөрийнхөө өвөлжөөг өөрийн нэр дээр шилжүүлж ав гээд миний нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулж өгсөн. Манай ах Я Булган аймаг шилжиж нүүснээс хойш Д гуай намайг гуайгаад уг өвөлжөөн дээр өвөлждөг байсан. 2011 оны үед Д гуай нас барсан. Тэр жил Р.У-н нөхөр М нь Малчин сумын 1-р багийн нутаг Гоо гэх газарт өвөлжөөтэй байснаа зарсан гэдгийг хүнээс сонсоод М-тай уулзаж одоо би өвөлжөөндөө айл буулгахгүй өөрөө авна гэдгээ хэлэхэд найз нь чиний Хар толгойн өвөлжөөнд чинь 6 жил өвөлжөөд өвөлжөөг чинь өгмөөр байна гэж гуйхад нь би зөвшөөрч 2011 оны намраас Мандах өвөлжиж эхэлсэн. Тэгээд М 2017 онд нас барсан. М бид 2 найз нөхдийн холбоотой байсан учраас Р.У-ийг би өвөлжөөн дээрээ 2 жил өвөлжүүлсэн. Тэгээд би 2019 оны намар Р.У-тэй утсаар ярьж одоо өөрийн өвөлжөөн дээрээ дахин айл буулгаж өвөлжүүлж чадахгүй гэдгээ хэлээд өөрөө ирж буусан. 2014 онд манай нагац эгч Б уг өвөлжөөний асуудлыг ярилцаж надад эзэмшүүлэхээр ирэхэд нь би М-тай ярилцаад тохирсон байгаа гээд явуулсан. Тэгээд эгч маань 2015 онд нас барахдаа уг өвөлжөөг надад эзэмшүүлэхээр гэрээслэл бичиг үлдээсэн байсан. “Хар толгой” гэх өвөлжөөнд манай нагац аав Б нь нэгдлийн мал 1985 он хүртэл маллаад тэтгэвэртээ гарсан. Нэгдэл тарахад манай нагац аав өвөлжөөг эзэмшиж аваад манай ах Б.Я-д өвлүүлэн өгсөн. Би Я ахыг Булган аймаг шилжихэд нь хашааны үнэ гэж зохих ёсны хөрөнгө өгсөн” гэв.

         Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар болох Малчин сумын 1-р багийн “Хар толгой” гэх газарт байрлах өвөлжөөг Т.Д, Б.Я нарт хамтран эзэмшүүлсэн байдаг. 1997 оноос хойш миний үйлчлүүлэгч Б.А-ийн ах Б.Я эзэмшиж байгаад Б.А-д өвлүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Малчин сумын газрын даамал П.Э гэрчийн мэдүүлэгтээ “1997 оны  үед Малчин сумын Засаг даргын 1997 оны нийтлэг захирамжаар иргэдэд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлдэг байсан ба үүнээс хойш 4-5 удаа газрын гэрчилгээ солигдож шийнэчлэгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “Хар толгой” нэртэй өвөлжөө нь Б.Алтангэрэлийн нэр дээр бүртгэгдсэн байгаа” гэж мэдүүлжээ. Уг өвөлжөөний газрыг урд нь Б.А-ийн ах Б.Я, Б.Ж нар эзэмшиж байсан ба Б.Ж нас барснаар түүний эхнэр О-д шилжсэн байдаг. Тэгээд 2016 онд Б.О-оос Б.А-д газар эзэмших эрхийг Малчин сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжаар шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч,хариуцагчийн тайлбар,хэргийн оролцогчид,тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч Р. анх шүүхэд Малчин сумын газрын даамалд холбогдуулан 2006 оны 0074679 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Малчин сумын Засаг даргад холбогдуулан “Малчин сумын Засаг даргын 2016 оны 9 сарын 27-ны өдрийн А/94 дугаартай захирамжийн Б.А-д холбогдох хэсэг болон 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

           Нэхэмжлэгч Р.У нь өвөлжөөний газрын эзэмшлийн маргааны талаарх гомдлыг Увс аймгийн Засаг даргад гаргасан боловч Увс аймгийн Засаг даргаас 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 1/1505 дугаартай албан бичгээр маргаанаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх тухай хариуг өгчээ.

           Иймд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг шийдвэрлүүлэхээр дээд шатны Засаг даргад хандсан гэж үзсэн болно.

           Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Р.У нь Д.М-ын хууль ёсны эхнэр бөгөөд хадам аав Т.Д-ийг амьд байх үеэс эхлэн өнөөдрийг болтол тухайн өвөлжөөнд мал маллан амьдарч байгаа тул энэхүү өвөлжөөг тэргүүн ээлжинд эзэмших эрхтэй тул өвөлжөөг Б.А-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр хууль бус” гэж тодорхойлжээ.      

           Хариуцагчийн зүгээс “Б.А, Р.У нар нь өвөлжөөний маргаантай байгаа нь үнэн бөгөөд нэмж гаргах тайлбар байхгүй тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан болно.

           Гуравдагч этгээд Б.А-ийн хувьд “Т.Д манай нагац ааваас гуйж энэ өвөлжөөнд анх буусан. Бидний нагац ааваас бидэнд өвлөгдөж ирсэн өвөлжөөг Р.У булаацалдаж байгаад гомдолтой” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 дугаартай захирамжаар Ж.О-ын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа 700м2 газрыг Б.А-д шилжүүлэн “Хар толгой” нэртэй өвөлжөөний газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2016 оны 09 сарын 27-ны өдөр 000645934 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд гэрчилгээг 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр сольж шинэчлэн олгосон байна.

           Б.А-д эзэмшүүлсэн газрын 8509000537 нэгж талбарын дугаартай хувийн хэрэгт Б.А-д газар эзэмших эрх шилжихээс өмнөх эзэмшлийн талаарх баримтууд авагдсан бөгөөд өмнө нь Ж.О-д Малчин сумын Засаг даргын 2014 оны 08 сарын 11-ний өдрийн А/77 дугаартай захирамжаар 7 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

           Ж.О-д “Хар толгой” гэх нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээс өмнө 2006 оны 01 сарын 10-ны өдөр Б.Ж гэх иргэнд сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 03-ны өдрийн 03 тоот шийдвэрийг үндэслэн 0074679 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд Б.Ж нь Ж.О-ын нөхөр байсан байна.

           Б.А, Р.У нарын маргаж буй “Хар толгой” нэртэй өвөлжөөнд хэн хэзээ өвөлжиж байсан талаарх үйл баримтын хувьд Б.А-ийн өвөө болох Б болон Р.У-ийн хадам аав Т.Д нар 1993 оноос, дараа нь Б.Я, Т.Д нар хамт өвөлжиж байгаад Б.Я өөр аймаг руу шилжсэн, 2008-2009 онд Б.Я-ийн ах Б.Ж, Т.Д нар өвөлжиж, Б.Ж 2010 онд, Т.Д 2012 онд нас барсан байна. Т.Д хүү Д.М 2012 оноос эхлэн өвөлжиж байгаад 2017 онд нас барснаас хойш түүний эхнэр Р.У уг өвөлжөөнд өвөлжиж байна.

           “Хар толгой” өвөлжөөнд ямар хүмүүс өвөлжиж байсан талаарх дээрх үйл баримт нь  гуравдагч этгээд Б.А-ийн шүүхэд гаргасан “энэ өвөлжөөнд нагац аав Б өвөлждөг байсан ба нэгдэл тарахад Т.Дүгэр гэж хүн манай өвөөг гуйж уг өвөлжөөнд 1993 оноос өвөлжсөн. Манай ах Бачаагийн Я-ийн хамт өвөлжиж байсан байдаг, 2008-2009 онд ах Ж Т.Д гуайтай хамт өвөлжсөн ба ах маань 2010 онд нас барсан.Т.Д гуай нас барснаас хойш хүү Д.М өвөлжсөн” гэсэн тайлбар, гэрч Д.Б-ийн “Манай аав Д 1993 оноос хувьчлалаар малтай болж Б гуайтай хамт өвөлждөг байсан ба Б гуай нас барахад Б.Я манай аавынтай өвөлжсөн байдаг, аавыг нас барснаас хойш дүү Д.М маань уг өвөлжөөнд өвөлжиж байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

           Б.А-ийн хувьд 2019 оны намраас “Хар толгой” өвөлжөөнд бууж Б.А, Р.У нар хамт өвөлжиж байгаад одоо уг өвөлжөөнөөс нүүсэн байгаа талаар тайлбар гаргасан болно.

           Б.Я болон Т.Д нарт уг “Хар толгой” гэх нэртэй газар хамт өвөлжиж байх үед өвөлжөөг 1997 оны 9 сарын 22-ны өдөр 425 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хамтран эзэмшүүлжээ.

Гэрчилгээнд газар эзэмшүүлэх үндэслэл нь Малчин сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийдвэр гэж бичигджээ.

     Малчин сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 27-ны өдрийн 15 дугаартай захирамжаар малчдын өвөлжөө,хаваржааны бууцны эдэлбэр газрыг 1997.03.03-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулж гэрчилгээжүүлэхийг даалгасан байна.

        Б.Ж-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрт үндэслэлийг Малчин сумын Засаг даргын 1997 оны 03 сарын 03-ны өдрийн 03 тоот шийдвэр гэж дурдсан боловч уг огноо дугаар бүхий захирамж байхгүй, харин Малчин сумын Засаг даргын 1997 оны 01 сарын 09-нийн өдрийн 03 дугаартай захирамж байх бөгөөд энэ нь иргэн Т.Д буцалтгүй тусламж олгох тухай захирамж байна. Мөн гэрчилгээнд хаана ямар нэртэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

       Түүнчлэн Газрын тухай хууль 2002 онд шинэчлэн батлагдаж 2003 оноос мөрдөгдөж эхэлсэн байхад 1997 оны шийдвэрийг үндэслэл болгохоор бичигдсэн байдал зэргээс үзэхэд Б.Ж-д олгогдсон гэрчилгээ хууль ёсны шаардлагыг хангаагүй байсан байна.

        Үүнийг үндэслэн Б.Ж-ын эхнэр О-д өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дараа нь Б.А-д өвөлжөөг эзэмшүүлэхээр шилжүүлж шийдвэрлэгдсэнийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

      Малчин сумын газрын даамал П.Эн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “1997 оны үед малчдад өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэхдээ сумын Засаг даргын нийтлэг захирамжийг үндэслэл болгож байсан байдаг ба үүнээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээ 4-5 удаа солигдсон байдаг.Т.Д гуай нэг удаа гэрчилгээгээ сунгуулъя гэж ирж уулзаж байсан ба уг өвөлжөө нь Б.Ж гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй байгааг хэлж байсан.Түүний хүү Д.М сүүлийн жилүүдэд өвөлжиж байхдаа газар эзэмших талаар өргөдөл гаргаж байгаагүй” гэж мэдүүлжээ.

     Нэхэмжлэгч Р.У-ийн хувьд нөхөр Д.М-ын хамт 2012 оноос хойш Хар толгой нэртэй өвөлжөөнд өвөлжиж байгаа боловч Д.М, Р.У нарт өвөлжөөг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна.

             Газрын тухай хуулийн 9,10 дугаар зүйлд газрын нэгдмэл санг ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилсан байх ба өвөлжөөний газар нь хөдөө аж ахуйн газарт хамаарагдахаар байна.

           Өөрөөр хэлбэл иргэдэд эзэмшүүлж болох өвөлжөөний газар нь мал аж ахуй эрхэлдэг иргэдийн өвлийн улирлыг өнгөртөл нутаглах хашаа хороо бүхий буурь юм.

         Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж зохицуулсан байна.

          Хэргийн оролцогчид өвөлжөөний газрыг эзэмших үндэслэлийнхээ талаар нэхэмжлэгч Р.Уранчимэг нь хадам аав олон жил өвөлжиж ирсэн, нөхөр М-ын хамт 2012 оноос хойш өвөлжиж байгаа гэж, гуравдагч этгээд Б.А нь өвөө Баатар, ах Б.Я, Б.Ж нарын өвөлжиж байсан өвөлжөө тул дүүгийн хувиар өвөлжөөг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд 2019 оны мал тооллогоор Р.У нь 710 тооны мал ,Б.А нь 747 тооны мал тоолуулсан малчин өрхүүд байна.

 “Хар толгой” нэртэй өвөлжөөний газрыг 1997 онд Т.Д болон Б.Я  нарт эзэмшүүлсэн гэрчилгээнд газрыг эзэмшүүлэх хугацааг тодорхойлоогүй ба газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан баримтгүй хэдий ч тухайн гэрчилгээг хүчингүйд тооцсон шийдвэр байхгүй байна.

         Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д  “газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж” болохыг зохицуулжээ.

      Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр заасан ба мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

         520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

         520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ байхаар заажээ.

       Т.Д-ийн хүү Д.М маргаан бүхий өвөлжөөнд өвөлждөг байхад буюу 2014 онд өвөлжөөг иргэн Ж.О-д, 2016 онд Б.А-д шилжүүлэн эзэмшүүлэхээр Малчин сумын Засаг дарга шийдвэрлэж байсан байх ба захиргааны байгууллагын зүгээс Д.М нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх эсэхийг тодруулахгүйгээр бусдад дангаар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байх ба Д.М 2017 онд нас барснаар эхнэр Р.У хууль ёсны өвлөгчийн хувьд өвөлжөөний газрыг эзэмших эрхийг хэрэгжүүлж болох этгээд болсон байна.

        Иймд Б.А-д “Хар толгой” гэх газрыг дангаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 дугаартай захирамжийн Б.А-д холбогдох хэсгийг болон түүнийг үндэслэн Б.А-д олгосон 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Р.У-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Гуравдагч этгээд Б.А нь хуульд заасны дагуу өвөлжөөний газрыг нэхэмжлэгчтэй хамтран эзэмшихээр хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Мөн гуравдагч этгээд Б.А шүүх хуралдаан дээр “нагац эгчээс өвөлжөөний талаар үлдээсэн гэрээслэл” гэх бичгийн баримтыг гаргаж өгсөн ба энэ нь нотлох баримтын ач холбогдолгүй болохыг дурдав.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Малчин сумын Засаг даргын тамгын газраас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн А/94 дугаартай захирамжийн Б.А-д холбогдох хэсэг, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 000024167 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.У-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн Малчин сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.