Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/034

 

Э.Дт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 304 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №10 тоот эсэргүүцлээр Э.Дт холбогдох эрүүгийн 1714003420035 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Э.Д, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Сайн-Оюут” дунд сургуулийн эрэгтэй хүүхдийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Сайн-Оюут” дунд сургуулийн эрэгтэй хүүхдийн дотуур байранд арван найман насанд хүрээгүй хохирогч Д.Лг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэвч яллагдагч Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн сургуулийн дотуур байрны амьдрагч Д.Л, ******* нарыг дэглэж гарт нь юм бариулж зогсоосон, суниалгасан, арван найман насанд хүрээгүй хохирогч *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр суниалгаж баруун зүүн шанаанд цохисон, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр арван найман насанд хүрээгүй хохирогч Д.Л, *******, *******, *******, *******, ******* нарыг зодож тэлээгээр ороолгосон бөгөөд Д.Лгийн биед хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан байна.

Яллагдагч Э.Дын дээрх үйлдэл нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “шүүх болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” мөн конвенцийн 19 дүгээр зүйлийн 1-д “оролцогч улсууд бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, зүй бусаар хандхаас хамгаалах зорилгоор бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” мөн 37 дугаар зүйлийн а-д “хүүхдэд эрүү шүүлт тулгах, хүнлэг бусаар доромжлон харьцах буюу шийтгэхгүй байх” гэсэн зарчим болон Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэсэн зарчмуудыг зөрчсөн байх бөгөөд өөрөөр хэлбэл яллагдагч Э.Д нь арван найман насанд хүрээгүй хохирогч Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч мөн арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэсэн байх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ

Прокурор ******* 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар эсэргүүцэлдээ: Э.Дыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Сайн-Оюут” сургуулийн эрэгтэй хүүхдүүдийн дотуур байранд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй иргэн Д.Л, *******, *******, , , , нарыг айлган сүрдүүлж зодож харгис, хэрцгий хандах гэх хэрэгт яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад Э.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1-д заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийн шинжгүй байсан тул прокурорын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Яллагдагч Э.Дын хүүхдүүдийн гарыг өргүүлж, цохиж, зодож байгаа үйлдэл нь харгис хэрцгий шинжтэй үйлдэл биш болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулхаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс Э.Дт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт нотолж чадаагүй байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Дыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Сайн-Оюут” дунд сургуулийн эрэгтэй хүүхдийн дотуур байранд арван найман насанд хүрээгүй хохирогч Д.Лг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Сайн-Оюут” сургуулийн дотуур байранд амьдардаг насанд хүрээгүй Д.Л, ******* нарыг гарт юм өргүүлж зогсоох, суниалгах, насанд хүрээгүй *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр суниалгах, баруун зүүн шанаан тус газарт нь цохих, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Д.Л, *******, *******, *******, *******, ******* нарыг зодож өмдний тэлээгээр ороолгох зэргээр хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодь болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим төрлийн гэмт хэргүүдэд заасан “удаа дараа” гэхийг 2 буюу түүнээс дээш үйлдсэн байхыг ойлгох бөгөөд “хэрцгий харьцах”, “сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэх” гэдэг нь тарчлаах шинжтэй, гарт нь юм өргүүлэн зогсоох, суниалгах, хүүхдийг өөрийнх нь хүсэл зоригын эсрэг ямар нэгэн үйлдэл хийхийг болон хийхгүй байхыг албадах, бие махбодийн өвдөлт үүсгэсэх, тохуурхан даажигнах зэрэг аливаа үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл Э.Д нь Д.Л, *******, *******, *******, *******, ******* нарын эсрэг удаа дараа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад түүний уг үйлдэл холбогдлыг Прокурор 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №07 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №304 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ