Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00918

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02849 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

З.Ц-д холбогдох,

23.335.680 төгрөг гаргуулах үндсэн,

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ААС инвест ББСБ ХХК-аас УБГ 01-04 улсын дугаартай, Тоёото Лексус ЭлЭкс570 маркийн автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, автомашины урьдчилгаанд 32.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 50.000.000 төгрөгийг худалдан авч байгаа автомашинаа барьцаалуулан зээл авч, зээлтэй байх хугацаандаа машинаа унаж байгаад, 1 сарын дотор төлье, гэхдээ зээлийн гэрээгээ 12 сарын хугацаатай байгуулахаар тохиролцсон. Ингээд З.Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай ААС инвест ББСБ-тай зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, 53.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. З.Ц- нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 3.171.991 төгрөг төлөх ёстойгоос 2.250.000 төгрөг төлсөн буюу 921.991 төгрөг дутуу төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 441 хоногийн зээлийн хүү 25.696.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.139.280 төгрөг, үндсэн зээл 50.000.000 төгрөг, бүгд 80.835.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 83.335.680 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл, бусад хөрөнгөөс гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: нэхэмжлэл гаргасны дараа машинаа 60.000.000 төгрөгөөр тохиролцон буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, үлдэх шаардлагаас хүү 15.696.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.139.280 төгрөг, өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг нийт 23.335.680 төгрөг гаргуулж өгнө үү на. Бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч З.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирал Ц.Басбаяр нь өөрийн өмчлөлийн машинаа анх 82.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингээд машинаа миний өмчлөлд шилжүүлээгүй атлаа заль мэх хэрэглэн шилжүүлсэн хөрөнгө болгон төөрөгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон 50.000.000 төгрөг зээлсэн мэтээр дүр исгэн гэрээ хийсэн. Ингэхдээ хүү авахгүйгээр амаар тохирсон атлаа хүү авахаар хуурамч гэрээ хийсэн. Тухайн үед надад зээлийн гэрээг уншиж танилцуулаагүй. Ц.Басбаяр нь манай нөхөр Х.Баяндалайд итгэл үнэмшил үзүүлэн өөрийн эзэмшлийн машинаа худалдах нэрийдлээр бэлнээр 32.000.000 төгрөг авсан боловч гэрээ байгуулж, нэр дээр нь шилжүүлээгүй, биднийг 37.000.000 төгрөгөөр хохироосон. Би зээл аваагүй учраас нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч З.Ц- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Автомашин худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгох зөвшөөрөлтэй, түүнээс биш гүйцэтгэх захирал хувийн машинаа бусдад худалдчихаад өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл өгөөд өөрийн дансанд авсан нь үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн хэлцэл. Иймд ААС инвест ББСБ ХХК-тай байгуулсан 2017 оны 6 сарын 05-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9, 57.1.2, 58.2.2, 58.3.3-д заасныг зөрчсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бусаар авсан 37.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: З.Ц-, Х.Баяндалай нар автомашиныг худалдан авах, урьдчилгаа төлж, машиныг унаж явах, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хүүтэй, хэсэгчлэн төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг Ц.Басбаяр хүлээн авснаар талуудын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн, өөрийн худалдан авч байгаа автомашины хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхэд мөнгө нь хүрэлцэхгүй байснаас худалдагчид автомашины үнийн үлдэгдлийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх, үлдэгдлийг зээлийн хувьд хүүтэй буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг худалдагч зөвшөөрч, хүлээн авснаар хууль зүйн агуулгаараа худалдан авагч хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг дуусгавар болж, оронд нь үлдэгдэл мөнгийг хэсэгчлэн төлөх, сар бүр 3,5 хувийн хүү төлөх зээлийн гэрээний үүргээр солигдсон. Гэрээнд талууд гарын үсгээ зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болсон дээрх гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02849 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-17/06/05 тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ААС инвест ББСБ ХХК-иас 37.000.000 төгрөг гаргуулан З.Ц-д олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Ц-гээс зээлийн гэрээнээс учирсан хохиролд 23.335.680 төгрөг гаргуулахыг хүссэн ААС инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 52.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ААС инвест ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид 552.300 төгрөгийг, З.Ц-гээс тэмдэгтийн хураамжид 342.950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Ц.Баяндалайгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хураамжид төлсөн 342.950 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 703 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 2 дах заалтуудыг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж үнэлээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 317 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

З.Ц- нь 2017 оны 06 сарын 05-ны өдөр бизнесийн зориулалттай А-17/06/05 дугаартай зээлийн гэрээг “ААС Инвест ББСБ” ХХК-тай хийсэн байна. З.Ц- нь уг зээлийн гэрээнд дурьдсан 50,000,000/тавин сая/төгрөгийг автомашины үнэд өгөх зорилготой байсан. Зээлдэгч З.Ц-д зээлийн гэрээнд заасан 50,000,000 төгрөгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүрэг үүсэх байсан. “ААС Инвест ББСБ ” ХХК нь З.Ц-д зээлийн гэрээнд заасан 50,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн нотлох баримт байхгүй, зээлдэгч тал түүнийг хүлээн аваагүй байхад олох байсан орлого гэж хүү 15,696,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,139,280 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг бүгд 23,335,680 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлээр үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн өмчлөлд шилжүүлэх... үүргийг хүлээнэ” гэж заасан байхад. Фидуцийн гэрээний зүйл болох Ц.Басбаярын эзэмшилд байгаа автомашиныг үүрэг хүлээгч З.Ц-гийн өмчлөлд шилжүүлээгүй эсвэл “ААС Инвест ББСБ” ХХК-ний эзэмшилд шилжүүлэн аваагүй баиж фидуцийн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн... хэлцэл болохыг нотолж байгаа юм. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, ...” гэж зохицуулжээ. Гэтэл зээлийн гэрээний зориулалтыг бизнесийн зориулалтаар гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх автомашин худалдан авахад зориулсан зээл, уг зээлийн мөнгө З.Ц-д хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон, автомашин худалдан авахад зориулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 317 дугаартай магадлалыг хүчингүй болгож. анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 18-ны өдрийн 02849 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч З.Ц-гээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 83.335.680 төгрөг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 23.335.680 төгрөг болгон багасгахдаа шаардлагын үндэслэлээ хохирол гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлэхээр тохирч 2017 оны 6 дугаар сарын 5-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ /хэргийн 11-14 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгаа “...хариуцагч нь гүйцэтгэх захирал Ц.Басбаярын өмчлөлийн УБГ 01-04 дугаартай Тоёото Лексус Эл Экс 570 маркийн автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 32.000.000 төгрөг төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг тус ББСБ-аас зээлж төлсөн, худалдан авсан машинаа фидуцийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн боловч эзэмшиж, ашиглаж байсан, зээлийн төлбөрт 5.000.000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр 60.000.000 төгрөгт тооцон машинаа буцаан авсан тул үлдэх төлбөрийг гаргуулна” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээлийн мөнгийг шилжүүлээгүй, ...худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан, машинаа буцаан авсан” гэсэн тайлбар гаргаж, улмаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 37.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлд хариуцагчаас гадна Ц.Баяндалай гарын үсэг зуржээ /хэргийн 36 дугаар тал/.

Фидуцийн гэрээнд дурдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байгаагаас гадна уг машин нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч машины урьдчилгаа төлбөр 32.000.000 төгрөгийг худалдагч Ц.Басбаярт төлсөн байхад анхан шатны шүүх уг мөнгийг нэхэмжлэгч буюу А ХХК-с гаргуулж З.Ц-д олгох болсон үндэслэлээ шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсанаас гадна анхан шатны шүүх Ц.Баяндалайгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.950 төгрөгийг буцаан олгосон атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгчээс 37.000.000 төгрөг гаргуулсан нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх сөрөг нэхэмжлэлийг эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж буйн алин болох нь тодорхой бус байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 274.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ