Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/700

 

     2021        11          09                                    2021/ШЦТ/700

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч А.Д

хохирогч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000003 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “ХХХХХХХ” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ХХХХХХ дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 000 байрны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эгч, 0000 насны хоёр охины хамт ХХХХ дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот эгч ХХХХ-нд түр амьдарч байгаа гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй,

ХХ00000 дугаарын регистртэй, Б овогт А-ны Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ХХХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э-тэй маргалдаж толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний биед зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, нуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнтэй адилхан тул дахин мэдүүлэхгүй. Ер нь бол тиймэрхүү үйл явдал болсон байсан. Би архи уугаад хэсэг ухаан балартаж, тэгээд л Э-тэй муудалцаж түүнийг зодож цохисон гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд гэж 100.000 төгрөг өгсөн. Бас эмнэлгээр явж үзүүлсэн. Цаашид гарах хохирлыг нь төлөх болно гэв.

 

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаа дээр байхдаа болсон үйл явдлыг бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Эдгээр мэдүүлэг, баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хохирол төлбөрийн хувьд тухайн үед надад Дөлгөөн 100.000 төгрөг өгсөн. Одоо 2.5 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна. Энэ юуны мөнгө вэ гэхлээр сорви арилгах лазерь эмчилгээний зардал гэж эмч тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Хохирлоо барагдуулах юм бол өөр гомдол гээд байх зүйлгүй гэв.   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Э “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн найз А-ийн гэрт 21 цагийн үед Н-той хамт очсон. Тэгээд А, Н бид гурав 2 шил 0.75 литрийн Улаанбаатар гэх архи, 2 ширхэг Сэнгүр пиво авч уусан. А Д-ийг дуудсан. Д 23 цагийн үед 1 шил Улаанбаатар 0.75 литрийн архи авч ирсэн. Д-ийг ирэхэд талаас доогуур шилтэй архи үлдсэн байсан. Бид дөрөв Д-ний авчирсан архийг уугаад Английн пример лиг үзсэн. Тоглолтын явцад Д бид хоёр хоорондоо нэгнээрээ тоглож байгаад хөнгөн маргалдаж мэтгэлцсэн. Энэ үед Н, А хоёр тасраад унтаад өгсөн. Д бид хоёр харин ариун цэврийн өрөө орж тамхилчхаад ширээн дээр буцаж ирж суугаад удаагүй байхад би тасраад ухаангүй болсон байсан. Над руу ямар ч байсан стакан шидэж байх шиг байсан. Тэгээд миний дээр гараад толгой руу архины шилээр цохиж толгой хагалсан архины шилний хэлтэрхийгээр миний нүүр рүү дарах гээд би гараараа хааж байхад А салгаж байх шиг байсан. Би толгойгоо хагалуулчихаад ухаан орсон. Д ч бас больсон. Тэгээд бид нар гэмтэл орж миний шархыг боолгуулж оёулсан” /хх-н 26-30/ гэж,

гэрч Б-ын А “... тухайн өдөр би ХХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод гэртээ байж байхад орой 20 цагийн үед найз Н, Э хоёр заал авчхаад ирлээ гээд нэг шил Улаанбаатар гэх нэртэй 0.75 литрийн архи авчирсан. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уусан. 22 цаг болж байхад би Д-нийг хүрээд ирэх үү, бид гурав уугаад сууж байна гэхэд Д за тэгье гээд 23 цагийн үед Д ажлаасаа ирлээ гээд орж ирсэн. Д-нийг ирэхэд Улаанбаатарын 0.75 литрийн архиа уугаад дууссан, дахиад нэг шил 0.75 литрийн архиа задлаад талдаа оруулсан байсан. Д бас гаднаас нэг шил архитай орж ирсэн санагдаж байна. Бид дөрөв зурагтаар хөл бөмбөг үзэж байхдаа нэг нэг баг дэмжиж сансандаа барих уу гээд тоглож ярьж байсан. Би Д-нийг ирээд удаагүй байхад зурагт үзэж байгаад тасраад унтаад өгсөн. Унтаж байхад Н намайг сэрээхэд би Н-д уурлаад бид хоёр маргалдаад эвлэрээд Н унтаад өгсөн. Н-ийг унтаад удаагүй байхад гал тогооны тэнд шил хагарах чимээ сонсогдсон тэгээд би очиход Э-ийн толгойноос цус гараад толгойгоо бариад сууж байсан/хх-н 38-39/ гэж,

гэрч Ц-ын Г “... С бид хоёр тэднийхээс гараад ХХХХ орохын наах нь талд Плей стейшнээ мартаад буцаад гэрт хамт ороход Э-ийн толгойн баруун билүү зүүн хэсгээс цус гараад Д болохоор нүүр нь цус болчихсон гал тогооны хэсгийн коридорт зогсож байсан. А хаалга онгойлгож өгсөн бөгөөд ямар нэгэн юм яриагүй. Н-ийг тухайн үед анзаараагүй. Коридор хэсэгт шилэн стакан хагарчихсан харагдаж байсан” /хх-н 43-44/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Э-ийн биед зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон улаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 492 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 50-51/ байх бөгөөд дээрх бичгийн баримтууд шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч А.Д өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” /хх-н 83-84/ гэж мэдүүлж байжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт А-ны Д-нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Д-ий хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 67/,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 69/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Өнөөдрийн байдлаар хохирогч Б.Э сорви арилгах лазерь эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэж “Сорбус мед” ХХК эмнэлгийн тодорхойлолтыг шүүхэд гаргасан болно.

Эмчилгээний зардлын энэ баримтыг шүүх үгүйсгээгүй боловч уг эмчилгээ бодитой хийгдээгүй байгаа тул хохирогчийн нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл ирээдүйд ямар хэмжээний зардал гарахыг шүүх урьдчилан дүгнэж шийдвэрлэж болохгүй.

Харин хохирогч Б.Э-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас үзвэл хэдийгээр найз нөхдийн хүрээнд, хэн аль нь архидан согтуурсан үедээ, үл ялих зүйлээр маргалдаж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгджээ.

Гэвч дээрх байдал нь шүүгдэгч А.Д-ийг эрүүгийн хариуцлага болон хохирол төлбөр төлөхөөс чөлөөлөх, хохирогч Б.Э-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хаах үндэслэл болохгүйг шүүгдэгч А.Д цаашид анхаарвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

Тухайлбал, улсын яллагч Г.Ган-Эрдэнэ шүүгдэгч А.Д-д 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь ял бодитой хэрэгжих хийгээд ялын төрлийн хувьд зохимжгүй юм.

Учир нь, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй шүүгдэгчид шүүх торгох ял оногдуулах нь уг ял биелэгдэхгүй байх, хохирогчийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэлийг бий болгоно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ны Д-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэлээ жич гаргах хохирогч Б.Э-ийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ