Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/701

 

   2021          11           09                                    2021/ШЦТ/701                                     

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч С.У

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 09-нд Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” их сургуульд оюутан, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт ХХХХХ дүүрэг 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ХХ000005 дугаарын регистртэй, Д овогт С-ийн У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.У нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Э-ыг цахим тоглоомын бооцооны дансыг нь цэнэглэж өгнө гэж хуурч төөрөгдөлд оруулан 600.000 төгрөгийг өөрийн авга ах Ц.З-ын ХААН банк дахь 5000000000 тоот дансаар шилжүүлэн авсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан 600.000 төгрөгийн хохирлыг барагдуулах болно. Харин прокуророос 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулна гэж байгаа ийм хэмжээний мөнгө надад байхгүй, олдохгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т-гийн Э “... би 2021 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 20 минутын үед ХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 тоот хаягт гэртээ байж байхдаа өөрийн цахим бооцооны дансаа цэнэглүүлэх гээд “Фэйсбүүк” цахим хаягаараа “1XBETMONGOLIA” гэсэн фейсбүүк цахим групп хаягаас “БЕТ” цахим данс цэнэглэж өгнө гэсэн зарын дагуу “Т” гэх фейсбүүк асуудалгүй найдвартай цахим данс цэнэглэж өгнө гэсэн. Тэгэхээр нь би Т гэх хаягтай фейсбүүкээр холбогдож “БЕТ” цахим дансаа цэнэглүүлэхээр болсон. Тэр хүн намайг цэнэглүүлэх 600.000 төгрөгөө 000000 дугаарын данс руу хийчих, эзэмшигч нь З гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 000000 дугаарын ХААН банкны данснаасаа 600.000 төгрөгийг “Э 0000” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараагаар Т гэсэн цахим хаяг миний “E” гэх хаягийг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдэж цагдаагийн байгууллагад хандсан” /хх-н 28-29/ гэж,

яллагдагч С-ийн У “... би 2021 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд Төв аймгийн Эрдэнэсант суманд ноос ноолуур худалдаж авах ажил хийдэг байсан. Ажилласан хугацааны цалин болох 1.000.000 төгрөгийн цалинг “Бэт” гэх цахим бооцооны дансаа цэнэглүүлэхээр хүнд өгч залилуулсан. Үүнээс хойш надад мөнгөний хэрэг их гарч байсан учир би намайг залилсан хүн шиг өөр хүн залилах санаа төрсөн. Тэгээд би  “Т” гэсэн хуурамч хаяг фейсбүүк хаяг нээж, фейсбүүк дээр “Бэт” цахим бооцооны данс цэнэглэж өгнө, холбогдоорой гэсэн зар байршуулсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 27-ны шөнө нэг хүн Бэт цахим дансаа 600.000 төгрөгөөр цэнэглүүлмээр байна гээд холбогдохоор нь би тэр хүнд цэнэглэж өгнө гэж худлаа хэлж 600.000 төгрөгийг нь аавын дүү болох З-ын ХААН банкны 00000 дугаарын данс руу хийлгэсэн. Дараа нь З-ын данснаас өөрийн данс руу хийсэн” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч С.У-ын үйлдсэн “залилах” гэмт хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тухайн гэмт хэргийн шинжээр дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... цахим хэрэгсэл ашиглаж” гэсэн шинжийг хангаж байна.

Гэтэл прокуророос яллагдагч С.У-ыг яллахдаа “залилах” гэмт хэргийн энэ шинжийг нь орхигдуулжээ.

Энэ байдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгох бөгөөд хэргийг прокурорт буцаах үндэслэл мөн.

 

Гэвч шүүх шүүгдэгч С.У-т холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв. Учир нь, “... цахим хэрэгсэл ашиглаж” гэсэн залилах гэмт хэргийн шинж нь тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу үндсэн шинжид хамаарч байна.

Өөрөөр хэлбэл хуулийн тухайн зүйл хэсгийн шинж хүндрүүлэх шинжид нь хамаарч, гэм буруутай этгээдэд /шүүгдэгчид/ ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхөөр, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байвал яалт ч үгүй хэргийг прокурорт буцаах нөхцөл үүснэ.

 

Иймд шүүх шүүгдэгч С.У-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, цаашид дахин ийм алдаа гаргахгүй байхыг яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа хяналтын прокурор Д.Батзаяад анхааруулав.

 

Шүүгдэгч С.У-ын үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 27-ны шөнө үйлдэгджээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл: “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”.

Энэ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ зүйл хэсгийн үзэл санаа нь хэрвээ “залилах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн солих гэсэн ойлголт болохоос биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй үүнд: /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/ гэсэн ойлголт юм.

 

Иймд шүүгдэгч С.У-т 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх шаардлагагүй, нөгөө талаас ашиггүй байдлаар өршөөлийн хууль хэрэглэх нь тухайн хүний /шүүгдэгчийн/ эрх зүйн байдалд цаашид сөргөөр нөлөөлнө гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.У-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хохирогчийн зүй бус үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзав.

 

Улсын яллагч Д.Батзаяа шүүгдэгч С.У-т 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь ял бодитой хэрэгжих хийгээд ялын төрлийн хувьд зохимжгүй байна.

Учир нь, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй шүүгдэгчид шүүх торгох ял оногдуулах нь уг ял биелэгдэхгүй байх төдийгүй хохирогчийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэлийг бий болгох тул шүүхээс шүүгдэгч С.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.У-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 33/ гэх мэт баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Т.Э-д учруулсан 600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.У-аас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч С.У шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Д овогт С-ийн У-ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.У-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч С.У зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. С.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-аас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.У-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ