Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-89 тоотод оршин суух, эмэгтэй, 38 настай Боржигин овогт Төмөрбаатарын Энхчимэгийн /ЧМ-78102423/ нэхэмжлэлтэй:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 235 тоотод оршин суух, эрэгтэй, 54 настай, Сэлэнгэ аймгийн Биеийн тамирын газарт дасгалжуулагч ажилтай Урианхай овогт Готовын Ганхуяг /МЬ-62040813/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 001 тоотод оршин суух, эрэгтэй, 30 настай, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Оточ овогт Гинжхуягийн Энхсайханд /МП-86051975ХХХХ/ холбогдох

“ 4.000.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганхуяг, хариуцагч Г.Энхсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

 2014 оны 10 сард Г.Энхсайханд “Nissan pulsar” маркийн авто машиныг аман гэрээ байгуулан 4.000.000 төгрөгөөр тохиролцон зарсан. Тухайн үед Г.Энхсайхан нь миний эхнэр н.Гантуяагийн төрсөн эгч н.Ганчимэгтэй гэр бүл байсан. 2015 онд н.Ганчимэгээс салан Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд “Сэнтий” нэртэй автомашины суудлын бүрээс оёдог оёдлын цехтэй. Өдийг хүртэл автомашины төлбөр болгож ямар ч мөнгө төлөлгүй намайг хохироож байна. Иймд Г.Энхсайханаас машины үндсэн мөнгө болох 4.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай дүү Э.Амарсайхан нь 2014 онд Г.Энхсайханд “Nissan pulsar” маркийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр зарсан гэсэн. Тухайн үед эд нарын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй ам хэлцэл хийн тохиролцсон байсан. Тухайн үед бичиг баримтыг Г.Энхсайханы нэр дээр шилжүүлэх гэсэн боловч шилжүүлэх боломжгүй болсон учраас шилжүүлээгүй өгсөн гэсэн. Би бодохдоо Г.Энхсайханд итгээд л өгсөн юм шиг байгаа юм. Э.Амарсайхан ярихдаа “Машины эд ангийг нь салгаад сэлбэг болгосон сурагтай” гэж байсан. Яг эдний хооронд болсон нарийн ширийн зүйлийг миний хувьд сайн мэдэхгүй. Иймд Г.Энхсайханаас машины үндсэн мөнгө болох 4.000.000 төгрөгийг Э.Амарсайханд гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Г.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 11 дүгээр сард Э.Амарсайхан нь “машин хямдхан зарна” гэхээр нь очиж үзтэл машин нь хойноосоо цохиулчихсан байхаар нь би нэг унаж үзээд тэгээд уг “машиныг авъя” гэж бодож байтал машины эзэмшигч нь тодорхойгүй машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан учир уг машиныг авахаа больсон.  Гэтэл Э.Амарсайханы эхнэр С.Ганчимэг нь 2013 оны 1 дүгээр сард авсан машин болох “Ниссан санни” маркийн машинтай андуураад байх шиг байна. Би Э.Амарсайханы урьд эхнэр С.Ганчимэгээс  “Ниссан санни” маркийн машиныг 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр машинтайгаа андуураад байх шиг байна. Би Э.Амарсайханаас ерөөсөө машин аваагүй. Т.Энхчимэг гэдэг хүнийг танихгүй. Би Т.Энхчимэг гэдэг хүнээс машин аваагүй гэх.    

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч С.Ганчимэгийн шүүхэд гаргасан мэдүүлгээс:

...Сар өдрийг нь сайн санахгүй байна. 2014 оны өвөл болсон асуудал байгаа юм. Г.Энхсайхан эхлээд “машин худалдаж авъя” гэж Э.Амарсайхантай ярьсан юм шиг байна лээ. Тэгээд бид хоёр Э.Амарсайханы гэрт нь очоод 2014 оны өвөл цагаан сарын дараа байсан шиг санаж байна. /оройн 20-21 цагийн үед/ машины түлхүүрийг Э.Амарсайханаас авсан. Машин нь Э.Амарсайханы ажил дээр таван шарын автобусны буудлын тэр хавьд байсан. Тэндээс Г.Энхсайхан бид хоёр машиныг нь очиж авсан. Тэрнээс хойш машин Г.Энхсайханы эзэмшилд байсан.

Э.Амарсайханы машин байсан байх. “Nissan pulsar” гэсэн маркийн бараан өнгөтэй, улсын дугаарынх нь эхний 2 үсэг нь УБ байсан, дугаар нь 03-35 гэж байсан. Г.Энхсайхан аваад Э.Амарсайханд өгөөгүй. Бид хоёрыг салаагүй байхад л Э.Амарсайхан машиныхаа мөнгийг авъя гэж яриад байдаг байсан. Тэр үед нь Г.Энхсайхан “барилгын ажлын цалин буухаар өгнө” гэж хэлээд яваад байдаг байсан. Г.Энхсайхан бид хоёр 2015 оны 03 сард салсан. Г.Энхсайхан хотод барилгын ажил хийдэг байсан, “барилгын ажил эхлэхээр мөнгийг нь өгнө” гэж хэлээд авч байсан юм. Э.Амарсайхан, Г.Энхсайхан нар хэдэн төгрөгөөр тохиролцож машин авсан талаар...мэдэхгүй байна, өөрсдөө ярилцсан байх. Миний хажууд энэ талаар яриагүй.

Машин өгч, авалцахдаа бичиглэсэн зүйл огт байхгүй. Амаараа л ярилцсан байх. Ярилцахад нь би байгаагүй, яг юу ярьсан талаар мэдэхгүй. Г.Энхсайхан нь Э.Амарсайханы гэрийг мэдэхгүй учраас би гэрийг нь зааж өгч, хамт очиж машиныг нь авсан юм. Тэр үед машиныг “хүнд дамжуулж зарна” гэж авсан. Зарсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би дамжуулж зарах гэж авч байна гэж ойлгосон. Машин одоо хаана байгааг сайн мэдэхгүй. Тэр үедээ Баянхошуунд айлын хашаанд аваачна гэж байсан. Тэндээ аваачсан байх. Машин одоо хаана байгаа талаар би мэдэхгүй гэжээ.   

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Энхчимэгийн нэхэмжлэлтэй Г.Энхсайханд холбогдох “4.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.  Учир  нь:

Шүүхэд Т.Энхчимэгийн нэхэмжлэлтэй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Амарсайхан оролцохоор иргэн Г.Энхсайханд холбогдуулан “Машины төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчид машинаа зарсан этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2014 оны 10 сард Г.Энхсайханд “Nissan pulsar” маркийн авто машиныг аман гэрээ байгуулан 4.000.000 төгрөгөөр тохиролцон зарсан... Өдийг хүртэл автомашины төлбөр болгож ямар ч мөнгө төлөлгүй намайг хохироож байна. Иймд Г.Энхсайханаас машины үндсэн мөнгө болох 4.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэх, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай дүү Э.Амарсайхан нь 2014 онд Г.Энхсайханд “Nissan pulsar” маркийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр зарсан гэсэн... Яг эдний хооронд болсон нарийн ширийн зүйлийг миний хувьд сайн мэдэхгүй. Иймд Г.Энхсайханаас машины үндсэн мөнгө болох 4.000.000 төгрөгийг Э.Амарсайханд гаргуулж өгнө үү.” гэх, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 11 дүгээр сард Э.Амарсайхан нь “машин хямдхан зарна” гэхээр нь очиж үзтэл машин нь хойноосоо цохиулчихсан байхаар нь би нэг унаж үзээд тэгээд уг “машиныг авъя” гэж бодож байтал машины эзэмшигч нь тодорхойгүй машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан учир уг машиныг авахаа больсон... Т.Энхчимэг гэдэг хүнийг танихгүй. Би Т.Энхчимэг гэдэг хүнээс машин аваагүй” гэх тайлбар мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч нь Э.Амарсайхан байж болох бөгөөд нэхэмжлэгч нь Т.Энхчимэг гэсэн байгаа нь нэхэмжлэгчээ зөв тодорхойлоогүй гэж үзнэ.

Э.Амарсайхан нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь ойлгомжгүй, ямар учраас итгэмжлэлээсээ татгалзаж дамжуулан итгэмжлэл олгож байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь “Nissan pulsar” маркийн машиныг харилцан тохиролцож ам хэлцэл хийн худалдан авсан болон өгсөн талаарх ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, үүнийгээ нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Т.Энхчимэгийн нэхэмжлэлтэй Г.Энхсайханд холбогдох “4.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

              6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА