Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/709

 

2021          11           11                  2021/ШЦТ/709                                     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Н.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, БНХАУ-ын ХХХХ хотын Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3; эх, дүүгийн хамт ХХХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХХ 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ000000 дугаарын регистртэй, Б овогт Н-н А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, “Кензо” баарны зүүн талын автомашины зогсоол дээр хохирогч О.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд дахин мэдүүлэхгүй. Яагаад гэхлээр би цагдаагийн газарт очоод үнэн зөвөөр мэдүүлсэн. Тэр бүгдийг прокурорын яллах дүгнэлтэд бичсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй.

Хохирол төлбөрийн хувьд би хохирогч Б-д нийт 4.630.000 төгрөг төлсөн. Хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй гэсэн тайлбарыг хохирогч Б бичиж, шүүх рүү ирүүлсэн. Би бас хохирогч руу мөнгө шилжүүлж байсан дансны баримтуудыг шүүхэд нотлох баримтаар давхар гаргаж өгье.

Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, найз охиныхоо гар утасны сэлбэг зардаг лангуун дээр сууж байгаа гэв.    

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ийн Б “... 2021 оны 8 дугаар сарын 23-нд найз охин Г, найз Э, Т нарын хамт 02 цагийн үед ХХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” баарны зүүн талын автомашины зогсоол руу такситай орж байх үед нэг залуу шууд таксины хойд талын гупер өшиглөх чимээ гарахаар нь таксины жолооч ах буугаад яаж байгаа юм бэ та нар гэтэл, тэр танихгүй согтуу залуу буугаад ир та нар гээд орилоод байхаар нь манай найз Т юу болоод байгаа юм бэ гээд таксинаас буугаад яасан юу болсон юм бэ гээд нөгөө орилоод байсан залуу дээр очиход Т-гийн нүүр рүү нь нэг залуу алгадсан. Тэгэхээр нь би найз охин Г-ийн хамт нөгөө залуу дээр очиход тэр залуутай хамт явж байсан нэг эмэгтэй манай найз охиныг хараалын үгээр доромжлоод, дагз руу нь тэр охин гараараа цохихоор нь яаж байгаа юм бэ гээд дундуур нь ороход араас нь нэг залуу гарч ирээд миний хамар руу цохисон. Тэнд нэг л залуу агсан тавиад байсан тэр залуу миний хамар руу гараараа цохисон. Тухайн үед миний хамар руу цохиход зүүж явсан нүдний шил хагарсан. Би нүдний шилээ Солонгос улсаас 250.000 вонноор авч байсан. Мөн баруун гарынхаа бугуйнд зүүж явж байсан монетон бугуйвч алга болсон. Би нүдний шилээ 500.000 төгрөгөөр, монетон бугуйвчаа 800.000 төгрөгөөр тус тус үнэлж байна /хх-н 13-15/ гэж,

гэрч Т-лийн Г “... 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед найз залуу Б, Т, Э нарын “Кензо” баарны зүүн талын автомашины зогсоол руу автомашинтайгаа орж байх үед таксины жолооч ах машинаа зогсоогоод машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэж асуухад нэг эрэгтэй хүн та нар бүгдээрээ буугаад ир гээд хашхираад агсам тавиад байсан. Тэр үед Тэмүүжин машинаас буугаад яагаад байгаа юм бэ гээд тухайн согтуу залуучууд дээр очсоны дараа нь найз залуу Б, Э бид 3 буугаад Т дээр очиход нэг эмэгтэй над руу дайраад намайг хэл амаар доромжлоод байсан ба найз залуу нь миний дагз руу цохих шиг болсон. Хажуу талаас манай найз залуу яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу Б-ийн хамар руу гараараа цохисон. Б-ийн хамраас нь цус гарч шил нь газар унаад хагарсан байсан. Мөн гарынхаа бугуйнд зүүж явсан монетон бугуйвч нь алга болсон байсан” /хх-н 21-22/ гэж,

гэрч Х-ын Т “... Гэрэлзаяа тухайн залуутай муудалцаад байсан ба тухайн залуугийн араас 2 эмэгтэй, 2 эрэгтэй ирсэн. Нэг махлагдуу охин Г үхсэнээ хараав гээд хэл амаар доромжлоод байхаар нь Г тухайн охиныг чи зүгээр хол бай гэж хэлэхэд намайг алгадсан залуу Г-ийн ар дагз руу нь цохисон ба тэр үед Г-ийн найз залуу Б уурлаад тухайн залуу дээр очиход тэр залуу Б-ийн хамар руу нэг удаа цохисон” /хх-н 37-38/ гэж,

яллагдагч Н А “... би учруулсан хохирлоо барагдуулна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад татгалзахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна” /хх- 61-62/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор О.Б-ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна гэсэн 7824 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 44-45/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт Н-н А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогч О.Б-гийн эзэмшлийн монетон бугуйвч алга болж, нүдний шил нь хагарсан гэжээ.

Хохирогчийн эд зүйл алга болсон, гэмтэж хагарсныг Эрүүгийн хуулийн тухайлсан зүйл хэсгээр зүйлчлэх боломжгүй буюу энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлэхгүй байна. Харин хохирогчоос алдагдсан эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.А-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзав.

Тухайлбал, согтуурсан үедээ олон нийтийн газар хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан зодож байгаа шүүгдэгч Н. А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” аль тохирох, зохимжтойг нь сонгох нь зүйтэй.

 

Яллагдагч Н.А “... би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Стилла” гэх баарны хажуу талын автомашины зогсоолд хохирогч О.Б-тай муудалцан зодолдож хохирол учруулсан. Үүндээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Мөн хохирогч О.Б-д учирсан хохирол, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 89/ гэсэн хүсэлт гаргаж,

улмаар прокуророос шүүгдэгч Н.А-д холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Н.А-д оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Шүүгдэгч Н.А цаашид өөрийн хувийн байдлаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Н.А-д оногдуулж байгаа торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын саналыг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох ба үүнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.Б “... хохиролд нийт 4.630.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.А-д гомдол, саналгүй ...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичиж шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгчийн туслах утсаар холбогдоход “... би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Харин шүүх шүүгдэгч Н.А-гийн хохирол төлсөн тухай шүүхэд гаргасан нотлох баримт болох хохирогчид мөнгө шилжүүлсэн дансны баримтуудыг тулгаж үзэхэд 3.640.000 төгрөг, 262.000 төгрөг, 900.000 төгрөг нийт 4.802.000 төгрөг болж байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.А-гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /73/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-н А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.А торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ