Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 336

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, Булаг овгийн Долгорсүрэнгийн Батбэхийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батбэх шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батбэх Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Батбэх нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 230 тоот архивын лавлагаа, гэрч С.Төмөр, В.Бира, О.Цэрэнчимэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Батбэх өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Батбэх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 307 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБулаг овгийн Долгорсүрэнгийн Батбэхийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА