| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-10-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,
Хохирогч Х.Е, А.Т, А.С, З.Х, Д.Х, Т.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Ат холбогдох 2113000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав ээжийн хамт тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Б- ургийн Д-ийн А, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, регистрийн дугаар ******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 3 сарын 05,11-ний өдрүүдэд хохирогч А.Тыг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч А.Таас 2.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сард Х.Еыг Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний *** дүгээр ангид оруулж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А 2021 оны 03 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Ж.Аыг ахлагч бэлтгэх дамжаанд суралцуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний ээж Ү.Маас 4.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн иргэн М.Еыг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Еаас 2.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А 2021 оны 4 сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Еы хүү Е.Т, А.Сын хүү С.М нарыг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч А.Еаас 1.500.000 төгрөг, хохирогч А.Соос 1.500.000 төгрөг тус тус залилан авч хохирогч А.Е, А.С нарт нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 5 сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Аын хүү А.Мийг Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний *** дүгээр ангид оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 сарын 06-ны өдөр З.Хгийн хүү Х.Ныг ажилд оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.000.000 төгрөг залилж авсан,
Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 5 сарын 07-ны өдөр хохирогч Д.Хы хүү болох Х.Еийг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Хаас 3.000.000 төгрөг залилан авч, хохирогч Д.Хд нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Аыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэл худалдан авч, өөрийгөө цэргийн ангид ажилладаг гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Тыг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, хохирогч А.Таас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1.100.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг залилж авсан болох нь бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, хохирогч А.Т, шүүгдэгч Д.А нарын мессенжер чаатны хуулбар[1], хохирогч А.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын эхээр манай ах болох Т.Аын хүү болох А.М та ажилд орох уу манай нэг найз цэргийн ангид ажилд орох хүн хайж байна гэсэн. Би ямар ажил юм бэ гэхэд аймагт цэргийн ангид 4 орон тоо байна гэж байна гээд манай дүү рүү мессеж бичсэн байсан ба тус мессежийг надад уншуулсан. Улмаар би ***** гэсэн дугаар руу залгаж манай дүү чамайг ажилд оруулах хүн хайж байна, би ажилд орох хүсэлтэй байна, чи найдвартай оруулж өгч чадах уу, яг ямар орон тоо байгаа бэ гэхэд, ахаа би найдвартай оруулж өгч чадна, жолооч, нохойн хөтлөгч гэх мэт сул орон тоонууд байгаа, маргааш Улаанбаатар хотруу манай ангийн дарга явна, очоод шинээр ажил томилогдох алба хаагчдын үнэмлэх, хувцас зэргийг аваад буцаад 05 дугаар сарын эхээр ирнэ гэж хэлсэн. Маргааш өглөө нь уулзахаар болж өглөө 11 цагийн орчимд Өлгий сумын 5 дугаар баг, Гурван Эрдэнэ төвийн урд талд эхнэр Ж.Ал, дүү М нарын хамт уулзахад дээрх залуу өөрийгөө А гэж танилцуулаад Сагсайн цэргийн ангид 4 сул орон тоо байгаа, таныг жолоочийн орон тоонд оруулж өгье гэсэн юм. Та надад итгэхгүй бол танд баримт бичиж өгье. Урьд өдөр нь утсаар ярихдаа 2.000.000 төгрөг бэлдээд аваад ир, дээрх мөнгө таны хувцас, цэргийн батлах зэргийг авахад шаардагдана гэж хэлж байсан. Уулзах үедээ за та 2.000.000 төгрөгөөс боломжоороо өгч бай, дараа нь үлдэгдлийг нь өгнө биз гэсэн. Тухайн үед надад бэлнээр 900.000 төгрөг байсан ба түүнд өгч, баримт бичүүлж авсан. Мөн тухайн үед миний 2 хувь цээж зураг, иргэний цахим үнэмлэхний хуулбар, 3 үеийн намтар зэргийг авсан. А мөнгийг аваад би даргынхаа данс руу энэ мөнгийг шилжүүлнэ, дарга Улаанбаатар хотруу явсан гэж хэлсэн. Удалгүй 7 хоногийн дараа байх надруу дахин залгаж, та үлдэгдэл мөнгөө яаралтай олж өгөх хэрэгтэй байна гэхээр би 1.100.000 төгрөгийг бэлнээр нь талбай дээр уулзаад өгсөн, тухайн үед манай эхнэр болох Ж.Аийн хамт аваачиж өгсөн. Улмаар фэйсбүүкээр хаягаар түүнтэй ажилд оруулах асуудал юу болж байгаа талаар харилцахад удахгүй асуудлыг тань шийдвэрлэж өгнө та цэргийн дүрэм, цэргийн тангараг зэргийг цээжил гэж явуулсан. Тэр өдрөөс хойш одоог хүртэл намайг ажилд оруулаагүй, намайг залилан мэхэлсэн байна. Тухайн үед А нь цэргийн хувцас өмсөж өөрийгөө Сагсайн цэргийн ангид ажилладаг, дэд ахлагч цолтой, манай цэргийн хувцас солигдсон мөрөн дээр цол байдаг байсан бол одоо цээжин дээр байдаг болсон гэх мэтээр надад худал хэлж намайг итгүүлсэн” гэх мэдүүлэг[2], гэрч Ж.Алемгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхрийн ахынх нь хүүхэд болох Мт түүний найз болох Даулет овогтой А нь би С сумын Зэвсэгт хүчний ангид ажилладаг бөгөөд манай тэр ангид 4 хүнийг шинээр ажилд авахаар болсон. Чи 4 хүн олж өгч чадах уу гэх зүйлийг хэлсэн байсан. Тэгээд манай хадам дүү М тэр ажилд чинь 4 хүн яаж орох юм бэ яаж тэр хүмүүсийг ажиллуулах юм бэ гэхэд манай ангийн захирагч нэг хүнээс 2.000.000 төгрөг авч ажилд оруулна. Тэгэхдээ тэр хүн мөнгөө авсны дараа хотруу очиж материалыг нь бүрдүүлж тушаалын гаргаад авч ирэх болно гэх зүйлийг манай гэрт байх хугацаандаа нөхөр бид хоёрт хэлсэн. Тэгээд бид нар Мт тэр найз чинь үнэхээр зэвсэгт хүчний ангид ажилладаг юм уу ямар хүн байдаг юм уулзаад үзье гээд 2021 оны 03 сарын 05-ны өдөр Аыг дуудаж М ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарын урд талд бидний машин дотор уулзсан. Бид машиндаа Мын найзыг хүлээж сууж байхдаа цэргийн хувцас өмссөн улаан малгайтай хүн ирсэн бөгөөд тэрнээс бид нар ямар ажил юм бэ гэж асуухад тэр С сумаас Өлгий сумруу ажилчдыг зөөх пургоны жолооч холбоочин нохойн манаач, мөн том тэрэгний жолооч зэрэг 4 ажилд ажилчин авна гэж хэлсэн. Тэгэхэд нь манай нөхөр чи нээрээ ажилладаг юм уу чамд яаж итгэх юм бэ гэхэд би ажлын хувцастайгаа ирсэн байгаа биз дээ. Би дэд ахлагч цолтой худлаа ярихгүй гэж хэлээд та нар яг одоо мөнгөө өгөөрэй манай дарга өнөөдөр хотруу явах гэж байгаа гэхээр нь өөрсдийн бэлэн авч ирсэн 900.000 төгрөгийг Ат өгөөд явсан. Удалгүй хэд хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А ***** дугаарын утаснаас миний ***** дугаарын утас руу залгаж дарга үлдэгдэл мөнгөө явуулаарай гээд байна гэхээр нь би Өлгий сумын 3 дугаар багт байрлах Х банкнаас хүүхдүүдийн хадгаламжийг барьцаалан 1.000.000 төгрөгийн зээл авч үдээс хойш нь Атой Монгол банкны урд талын зогсоолд нөхөр Т болон хадам дүү М болон А бид 4 уулзаад бид нар Ат 1.100.000 төгрөг бэлнээр өгч өөрийнх нь гараас нь баримт бичүүлж аваад явсан. Тэгээд тэрнээс хойш ямар нэгэн чимээгүй байсан ба нөхөр маань чиний нөгөө ажил чинь юу болов гэж Аоос асуухад манай дарга хотоос ирээгүй байгаа карантинд байгаа гэж нэг хэлсэн дараа нь асуухад 05 сарын 01-нд цэрэг татлага явагдах үед та нарын тушаалыг цуг гаргаж ажилд авна гэж байна гэж нэг хэлсэн. Байнгын манай нөхөр лүү Фэйсбүүкээр чат бичиж энд ажилтай байна, тэнд ажилтай байна, та цэргийн тангараг цээжлээрэй гээд бид нарын ойлгохгүй цэргийн тангараг,дүрэм явуулж байсан юм[3]” гэх мэдүүлэг, гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын үед Д.А нь надад С сумын цэргийн ангид ажилд орох хүсэлтэй хүмүүс байвал надад хэлээрэй би тэднийг цэргийн ангид ажилд оруулж өгч чадна гэхээр нь би энэ талаар авга ах болох Тд хэлэхэд тэрээр зөвшөөрч намайг Атой уулзуул гэхэд би Тыг Атой уулзуулсан. Тухайн үед бид Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны урд уулзсан. Тэгээд Т, А нар хоорондоо ярьж тохиролцсон юм шиг байна лээ. Харин би Таас мөнгө авч зуучилсан асуудал бол байхгүй.Т, А нар нь хоорондоо уулзахдаа А Тд хэрэв чи ажилд ормоор байвал надад 2.000.000 төгрөг өг. Би уг мөнгийг чинь чиний ажлын хувцас, бусад бүрдүүлэх материалуудад зарцуулна. 2021 оны 05 дугаар сард ажил чинь эхэлнэ чамайг Сагсайн цэргийн ангид жолоочоор оруулж өгье гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр 2021 оны 3 дугаар сарын үед Ат 900.000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үед бид аймгийн төв талбайн хажууд уулзсан. Тэр үед Ты эхнэр болох Алемгүл хамт явсан. Үлдсэн мөнгийг нь өгөх үед би хамт байгаагүй. Т болон түүний эхнэр А нар хамт очсон гэж ярьж байсан. Тухайн үед А нь 2.000.000 төгрөг авсан талаар бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг[4], шүүгдэгч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 02 сарын дундуур үе байх миний найз болох М би ажилд орох хүн байна уу? гэж асуухад М нь байгаа манай нэг ах байгаа түүнийг оруулж чадах уу гэж хариулсан. Тэгээд би оруулж чадна гэж хэлсэн. Маргааш өглөө нь Мруу залгаад ах чинь юу болж байна ажилд орох юм уу? гэж асуухад М нь өнөөдөр уулзъя гэж байна Ха уулзах юм бэ гэхэд би М, Гурван эрдэнэ төвийн урд уулзъя гэж тохирсон. Өглөөний 11 цаг байсан байх цагийн сайн санахгүй байна. М надруу залгаад бид хэд ирсэн байна чи Ха байна хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очтол М болон түүний ах Т мөн Ты эхнэр болох нэг эмэгтэй 3-лаа машин дотор сууж байсан. Тэгээд Ттай танилцаад Т нь ямар ажилд оруулж өгөх юм бэ? юу хийх бол би хийж чадах болов уу? би цэргийн алба хаагаагүй болох юм уу? ажил нь хэзээ эхлэх юм бэ? гэж надаас асуусан. Би С сумын цэргийн ангид жолоочийн сул орон тоо гарч байгаа түүнд оруулж өгнө би найдвартай оруулж өгч чадна 2.000.000 төгрөг бэлэн өгвөл цэргийн алба хаагаагүй нь хамаагүй аргалаад оруулж өгч чадна ажил 5 дугаар сард эхэлнэ та орох юм уу? гэтэл за найдвартай оруулж өгч чадна гэвэл болж байна гэсэн. Тэгээд тохиролцоод шууд Спорт цогцолборын хажууд очоод Ты эхнэр болох эмэгтэй буугаад Казахстаны мөнгө болох тенгег Монгол төгрөгөөр солиулж бэлэн 900.000 мянган төгрөг авч ирж өгсөн. Тэгээд би тоолоод А.Тыг ажилд оруулж өгнө гэж 2 сая төгрөг авлаа гэж баримт бичээд гарын үсэг зураад Тд өгсөн. Би хэд хоногийн дараа Труу залгаад үлдэгдэл мөнгөө яаралтай олж өгөөч гэхэд Голомт банкны урд хүрээд ир гэсэн. Би очоод үлдэгдэл 1.100.000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Тухайн үед Т эхнэртэйгээ хамт явж байсан. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг[5] болон хохирогч А.Т, шүүгдэгч Д.А нарын харилцаж байсан мессенжер чаатны хуулбар, тэдгээрийн орчуулга[6] зэрэг баримтуудаар,
2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.Еыг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид “Урал” машины жолоочоор ажилд оруулж өгнө гэж хуурч, хохирогч М.Еаас 2.000.000 төгрөгийг залилж авсан болох нь 2021 оны 03 сарын 30-ны өдөр 2 сая төгрөг хүлээн авсан тухай гар бичмэл баримт[7], хохирогч М.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед манай худ болох А.М нь надад чи цэргийн ангид ажилд орох уу? надад нэг таньдаг хүн байгаа. Чи тэр хүнтэй яриад үз гээд Д.А гэгч хүний ***** утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд миний бие дээрх Д.А гэгч хүний ***** гэх утасны дугаарлуу нь залгахад Д.А нь надад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир би тэнд явж байна. Уулзаад ярилцъя гэхээр нь миний бие А.Мын хамт аймгийн эмнэлэг рүү өөрийн эзэмшлийн Crolla маркийн машинаар яваад очсон. Бид тэнд очоод Д.Аын утасны дугаарлуу нь залгахад тэрээр эмнэлгээс гарч ирээд миний машин дотор суугаад танилцсан. Тэрээр өөрийгөө С сумын цэргийн ангид холбоочноор ажилладаг. Чи уг цэргийн ангид ажилд ормоор байна уу? Манай цэргийн ангид жолооч хэрэгтэй байгаа юм. Хэрэв чи зөвшөөрвөл чамайг манай цэргийн ангийн “Урал” машины жолоочоор оруулж өгье гэсэн. Тэгээд би тийм бол оръё гэж зөвшөөрсөн ба Д.А нь надад урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөрэй, ажил 2021 оны 05 сарын 01-ний өдөр эхэлнэ. Тэгээд чамаас авсан мөнгийг хотруу явуулж чамд ажлын хувцас захиална.Тэгээд ч би одоо Сагсайруу ажил руугаа явах гээд байна. Хэрэв чи одоо өгнө гэвэл өг болохгүй бол амжихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Д.Ат тэгвэл би гэртээ очоод эцэг эхтэй зөвлөлдөөд ирье тэгж байгаад таньтай холбоо барья гэж хэлсэн ба тэндээс бид хэд салаад би гэртээ ирсэн. Гэртээ ирээд аав ээждээ Аын хэлснийг хэлээд надад мөнгө хэрэгтэй байна. Би ажилд ормоор байна гэсэн. Аав, ээж зөвшөөрөөд тэдэнд бэлэн байсан 1.500.000 төгрөгийг өгч, би өөрөө хар бор ажил хийж олоод хадгалж байсан 500.000 төгрөгийг нэмээд нийт 2.000.000 төгрөгийг тухайн өдөр нь 16 цагийн үед аав М, ээж Б, найз М нарын хамт аймгийн төвд байрлах Төрийн банкны урьд Д.Атой уулзаж дээрх мөнгийг өгсөн ба Д.А нь бидэнд 2.000.000 авсан гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд тэрээр ажил эхлэхэд би өөрөө хэлнэ, мөн надад хувцасны хэмжээгээ орой явуулчих гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш ажил өнөө маргаашдаа эхэлнэ гэж хэлдэг байсан ба сүүлд нь болохгүй болохоор нь Д.А руу залган би Улаанбаатар хотруу явж ажил хийх гээд байна. Чиний дээр хэлсэн ажил чинь бараг бүтэхгүй юм шиг байна. Чи одоо надаас авсан мөнгөө буцааж өг гэж хэлэхэд 2021 оны 06 сарын 05-ны өдөр орой 20 цагийн 1.500.000 төгрөгийг Д.Аын найз болох А.М надад авчирч өгөөд Д.Аын бичиж өгсөн баримтыг нь буцааж өг гэхэд би үлдсэн 500.000 төгрөгийг авчирч өгөөд ав. Үлдсэн мөнгийг маань хэзээ өгөх юм бэ гэхэд 10 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тэгээд би арваад хоногийн дараа Д.А руу залгаад үлдсэн мөнгөө авъя би Улаанбаатар хотруу явах гээд байна гэхэд цалин буухаар нь өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш би Д.Атой дахиж холбоо бариагүй.Түүнээс авах ёстой 500.000 төгрөгийг авч чадаагүй юм.”гэх мэдүүлэг[8], гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Еыг Атой танилцуулсан асуудал байхгүй. Энэ талаар Е өөрөө Таас сонсож мэдсэн ба намайг Атой уулзуулаад өгөөч гээд гуйхаар нь би Еыг Атой уулзуулсан. 2021 оны 4 сарын үед байх сар өдрийн сайн санахгүй байна. Тэр үед Төрийн банкны урьд Атой уулзаад мөнгөө банкнаас гаргаж бэлэн 2.000.000 төгрөгийг Ат өгсөн. Тухайн үед би хамт байсан ба хамт Еы аав болох М, ээж болох Бота нар хамт байсан. А нь 2.000.000 төгрөг авсан талаар баримт бичиж өгч байсан. 2021 оны 05 сарын үед А нь надтай бага сургуулийн хажууд уулзаад надад би ажилруугаа явж байна. Нөгөө Е надад өгсөн 2.000.000 төгрөгөө нэхээд байна, чи энэ 1.500.000 төгрөгийг Ед аваачаад өгчих. Үлдсэн 500.000 төгрөгийг би дараа нь өөрөө аваачиж өгөөд ямар нэгэн тооцоогүй гэсэн бичиг хийлгэж авна гэж надад хэлсэн ба тухайн үед би зөвшөөрөөд 1.500.000 төгрөгийг аваад би гэрт ирэхэд манай хөрш Е надаас ирж авсан...” гэх мэдүүлэг[9], гэрч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний хүүгийн найз болох М нь анх А гэх залууг манай хүү болох Етай танилцуулсан. А нь өөрийгөө танилцуулахдаа С сумын цэргийн ангид холбоочноор дэд ахлагч цолтой ажилладаг гэж танилцуулсан юм байна лээ. Тэгээд А нь миний хүү болох Еыг ажилд оруулж өгье. Ажилд орохыг тулд 2.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн байна. Энэ талаар миний хүү болох Е нь надад хэлэхэд би зөвшөөрөөд өөрийн хуримтлуулж байсан мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг авч 2021 оны 03 сарын 30-ны өдөр Атой Төрийн банкны урьд уулзаж 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн 2.000.000 төгрөгийг өгөх үед миний хүү болон Е, миний бие, бас М байсан. Тэр үед А нь цэргийн дүрэмт хувцастай ирэхээр нь түүнд итгэсэн юм. Аоос 2.000.000 төгрөг авсан талаар бичиг хийлгэж авсан байгаа. Хожим түүнийг цэргийн ангид ажилладаггүй биднийг хуурч мэхэлснийг мэдэж бид уулзаад зохих газарт нь гомдол гаргана. Чи бидний мөнгийг буцааж өг гэж хэлэхэд намайг байхгүй хойгуур манай гэрт ирж 1.500.000 төгрөг өгөөд үлдсэн 500.000 төгрөгийг 10 хоногийг дараа өгнө гэж хэлсэн гэсэн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй болно...” гэх мэдүүлэг[10], шүүгдэгч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сард манай найз М нь М-йн Е гэх залууг дагуулаад эмнэлгийн гадна Еы машинтай ирсэн. Тэгээд би эмнэлгээс гараад очтол машин дотор М, Е хоёр сууж байсан. Тэгээд би өөрийгөө танилцуулаад намайг А гэдэг С сумын *** дүгээр цэргийн ангид ахлагчаар ажилладаг. Манай ангид хэдэн хүний сул орон тоо гарсан учраас би ажилд орох хүн хайсан юм. Чамайг хүсвэл би оруулж өгч чадна шүү гэж хэлсэн. Тэгээд Е би цэргийн алба хаасан учраас заавал ормоор байна. Чи найдвартай оруулж өгч чадах юм уу? гэж надаас асуухаар нь би болно. Найдвартай оруулж чадна гэж хариулсан. Тэгээд Е нь ямар ямар материал шаардлагатай бэ? хэдэн төгрөг өгөх үү гэж надаас асуухаар нь 3 үеийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн хуудас, цээж зураг мөн 2.000.000 хэрэгтэй гэж би хариулсан. Тэгээд М.Е яг найдвартай гэвэл би гэрийхэнтэйгээ ярилцаад ирье гээд яваад өгсөн.Удалгүй 30 орчим минутын дараа Е, М-ийн хамт буцаад эмнэлгийн гадна ирсэн. Аав ээж хоёроо дагуулаад ирсэн байсан. Би аавд нь ажилд оруулж өгөх хүн би байна.Найдвартай оруулж өгч чадна, баталгаа бичиж өгнө гэж хэлэхэд Еы аав ажил нь хэзээ эхлэх юм бэ? яг найдвартай гэвэл шууд оруулъя гэж хэлсэн. Тэгээд би найдвартай итгэхгүй бол баталгаа бичиж өгч болно ажил нь 5 сарын дундуур эхэлнэ гэж хэлэхэд аав нь зөвшөөрч бид хэд Еы машинтай яваад Голомт банкны гадна ирээд Еы аав ээж хоёр нь дотогшоо орж ирээд мөнгө гарахгүй байна. Төрийн банкны хадгаламжаас очиж авъя гээд төрийн банкны гадаа ирж Еы аав ээж хоёр Төрийн банкруу орж хадгаламжаасаа 2.000.000 төгрөгийг бэлэн авчирч надад өгөөд надаас баталгаа гаргуулж авсан. Тухайн мөнгө өгөх үед М, Е, Е-ы аав, ээж, надтай нийлээд 5 хүн машин дотор байсан юм. Би 2.000.000 төгрөгөө аваад машинаас буугаад театрын хажуунаас такси аваад яваад өгсөн. 2021 оны 4 сарын дундуур М.Е надруу залгаад би ажилд орохооргүй болсон тул миний өгсөн 2.000.000 төгрөгийг надад буцаагаад өгөөч надад мөнгө хэрэгтэй байна би хотод очиж ажил хийхээр боллоо гэж хэлсэн. Тэгээд би за ойлголоо та түр хүлээж байгаарай таны мөнгийг удахгүй буцаагаад өгнө гэж хариу хэлсэн. 2021 оны 6 дугаар сард 1.500.000 төгрөгийг би найз болох Мт өгөөд наад мөнгөө Ед аваачиж өгөөд миний бичиж өгсөн баталгааг аваад ирээрэй үлдсэн 500.000 төгрөгийг нь удалгүй өгөх болно гэж хэлээрэй гэж хэлсэн. Мөнгөө өөрийн биеэр өгөлгүйгээр Маар өгүүлсэн учир нь цаг орой болсон байсан. Мөн Мийн хөрш айл болохоор нь Мт өгөөд явуулсан. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар,
2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Х.Еыг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид нохой хөтлөгчийн ажилд оруулж өгнө гэж хуурч, 2.000.000 төгрөг залилж авсан болох нь хохирогч Х.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай найз болох Мийн Е надруу залгаад цэргийн ангид ажилладаг нэг залуу байна, дээрх залуу нь 3 сая төгрөгөөр Сагсайн цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж байна, би 2 сая төгрөг өгөөд ажилд орохоор боллоо, чи ажилд орохгүй биз, дахиад нэг хүн ажилд оруулж өгнө гэж байна, чи уулзаад үзэх үү гэхээр нь би за тэгвэл би тэр залуутай чинь уулзаад үзье гэж хэлсэн. Улмаар талбай дээр М.Еы хамт уулзахаар очиход бордуу царайтай, 175 см орчим нуруутай, туранхай биетэй, цэргийн ногоон эрээн хувцас өмссөн, 20 орчим насны залуу байсан ба өөрийгөө А гэж танилцуулсан. Тэрээр уулзахдаа би Сагсайн цэргийн ангид ар талын ажлыг хариуцдаг, би манай байгууллагад шинээр ажилд орох хүн хайж байгаа юм, чи ажилд орох сонирхолтой байвал чамайг нохой хөтлөгчөөр ажилд оруулж өгье, чи хувцасны мөнгө гэж 2 сая төгрөг өгчих гэсэн. Би Аын ярьсанд зүйлд нь итгэж ажилд оруулж өгөх юм байна гэж бодоод 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл намайг А гэх залуу залилан мэхлэсэн байна” гэх мэдүүлэг[11], гэрч М.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2021 оны 03 дугаар сарын дундуур миний үеэл ах болох Т нь намайг ажилд орох уу, хэрэв ормоор байвал ***** гэх Аын дугаар өгсөн. Тэгээд би Аруу залгаад манай худ болох Мын хамт Атой очиж уулзаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14-15 цагийн үед миний найз болох Хажымуратын Е нь ажилд орох гэж аймгийн төв талбайд Атой уулзаад 2.000.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхөөс өмнөх өдөр нь А “..би одоо С сумруу ажилдаа явах гээд байна. Хэрэв ажилд ормоор байвал одоо мөнгөө авчирч өг гэхээр нь Х.Е нь бэлнээр 2.000.000 төгрөг аваачиж өгсөн. Тухайн мөнгийг Е бид хоёр хамт аваачиж өгсөн. Өөр хүн байгаагүй болно” гэх мэдүүлэг[12], шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Анх 2021 оны 03 дугаар сар байх би найз болон Мт ажилд орох 2-3 залуу хэрэгтэй байна, чи олоод өгөөч гэхэд М Мийн Е гэх залууд энэ тухай хэлж надтай танилцуулж байсан. Тэгээд М.Е нь найз болох Х.Ед намайг ажилд оруулж өгнө гэсэн тухай хэлээд миний дугаарыг өгсөн байна лээ. Нэг өглөө Х.Е гэх залуу надруу залгаж “.. ажилд оруулж өгөх залуу чи юу? Яг хэзээ оруулах юм бэ? Ямар ямар материал бүрдүүлэх үү, мөн хэдэн төгрөг өгөх үү?..” гэж утсаар асуусан. Тэгээд би мөн байна намайг А гэдэг, С сумын *** дүгээр цэргийн ангид ахлагчаар ажилладаг юм. Манайд хэдэн хүний орон тоо гарсан байгаа хүсвэл чи орж болно, 3 үеийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн хуудас мөн 2.000.000 төгрөг хэрэгтэй гэж хариулсан.Маргааш өглөө нь Мийн Е надруу залгаад “..манай найз ажилд орох материал, мөнгөө бэлэн болгосон байна, чи Ха байна..” гэхэд би талбай дээр байна, хуучин Х банкны хажууд хүрээд ир гэсэн. Тэгээд М.Е, Х.Е хоёр хуучин Х банкны хажууд ирээд бид 3 уулзсан. Тэгээд Х.Еаас бэлэн 2.000.000 төгрөг мөн ажилд орох материалын хамт аваад баталгаа бичиж гарын үсэг зураад Х.Ед өгсөн. Тухайн үед М.Е, Х.Е бид 3-лаа байсан. Тэгээд би мөнгөө аваад яваад өгсөн. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[13] зэрэг баримтуудаар,
2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч А.Еы хүү Е.Т, А.Сын хүү С.М нарыг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид ажилд оруулж өгнө гэж хуурч, хохирогч А.Еаас 1.500.000 төгрөг, А.Соос 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг залилж авсан болох нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн А.Е, А.С нараас 3.000.000 төгрөг авсан гэх баримт[14], хохирогч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү болох Т нь миний найз болох М-н нэг найз нь намайг цэргийн ангид ажилд оруулж өгье гэж байна. Тэдний дарга нь ажилд шинээр хүн авах гэж хайж байгаа юм. Тэгээд надад манай даргын утас гээд *****дугаарын утсыг өгсөн байсан. Би дээрх дугаар руу нь залгаж манай нэг хүүг ахлагчийн дамжаанд оруулж өгье гэсэн байна, энэ үнэн үү гэхэд тиймээ би байгууллагадаа 2 хүнийг шинээр ажилд авах гэж байгаа юм, та Ат 3 сая төгрөг өгчих. Би өөрөө Улаанбаатар хотод байна гэсэн. Тухайн үед би өөрийн хүү Т болон миний төрсөн дүүгийн хүү болох С.М нарыг ажилд оруулъя гэж нийт 3.000.000 төгрөгийг өгөхөөр болж. Утсаар тохиролцоо хийсэн юм. Харин 2021 оны 04 сарын 19-ний өдөр миний хүүгийн найз болох М, А нар ирээд та манай даргатай ярьсан байна. Таны хүүхдийн хувцасны хэмжээ авахаар ирлээ гэсэн ба Т, М нарын хувцасны хэмжээ авсан. Би Сагсайн цэргийн ангийн захирагч гэх хүнтэй *****дугаар утсаар холбогдож ярьж тохирсон тул Ат 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм.Улмаар А нь 3 сая төгрөг, Т, М нарын хувцасны хэмжээг аваад М-йн хамт явцгаасан. Гэтэл А нь биднийг залилан мэхэлж байсан байна” гэх мэдүүлэг, хохирогч А.Сын “2021 оны 04 дүгээр сарын эхээр байх манай төрсөн ах болох А.Е нь надаас хүү болох С.Мийг ажилд оруулах юм уу, Сагсайн цэргийн ангид ажилд оруулж өгнө гэсэн хүн байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би яг найдвартай оруулж өгч чадна гэвэл болж байна гэж хэлсэн. Тэгээд манай ах А.Е нь эхлээд тэр ахлагчийн дамжаанд суралцуулахад 1.500.000 төгрөг хэрэгтэй, дараа нь ажилд орсны дараа 1.000.000 хэрэгтэй гэж байна гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Манай ах А.Е нь тэр А гэх залуутай ярилцаж тохиролцсон. Би оролцоогүй. Хүү болох С.М-ийг ажилд оруулах гэж 1.500.000 төгрөг өгсөн нь үнэн. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдийн цайны өмнө байсан. Манай ах А.Е нь миний 99413616 дугаарлуу залгаад нөгөө ажилд оруулж өгөх хүн манайд ирсэн байна.Чи мөнгөө аваад манайд хүрээд ир гэхээр нь би мөнгөө аваад хүү болох С.Мийг дагуулаад очсон. Тэгээд 1.500.000 төгрөгийг ахдаа өгч манай ах өөрийнхөө 1.500.000 төгрөгтэй нийлүүлээд 3.000.000 төгрөгийг А гэх залууд өгсөн.Тухайн үед А түүний найз болох М миний бие хүү болох С.М, манай ах Е, түүний эхнэр Ж, хүү Т нар байсан...” гэх мэдүүлэг[15], гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А надад чи ажилд орох юм уу цэргийн ангид оруулж өгч чадна шүү гэж надаас асуухаар би за би бодож байж болно хичээлтэй юм чинь би аав, ээжээс асууж байгаад хэлье гэж хариулсан. Тэгээд хэд хоногийн дараа А нь надад ажилд орох 3 хүүхэд олж егөөч гэж хэлсэн. Тухайн үед би найз болох Елтай гэх залууд хэлтэл манайх Казахстан улсруу нүүх гэж байгаа тийм учраас би орж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа А бид хоёр уулзаад найз болох Т-ы гэрт очсон. Очтол Т аав Еы хамт гэрийнхээ гадна машинаа засаж байсан. Тэгээд А Ты аав болох Ед та хүүхдээ ажилд оруулах юм уу, би С сумын цэргийн ангид ажилладаг юм. Манай цэргийн ангиас өвөл хэдэн хүмүүс халагдсан. Тэрний оронд хүмүүс авахаар хайж байгаа. Манай дарга хотод ажлаар явсан. Надад ажилд орох хэдэн хүн ол гэсэн учир би ажилд орох сонирхолтой хүн хайж явна” гэж хэлсэн. Тэгээд Ты аав нь надад юу ч гэсэн дугаараа үлдээчих ажилд оруулж өгч чадаж байвал болж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь А надруу залгаад чи машинтай бол хүрээд ирээч хүнтэй очиж уулзаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Тыг дагуулаад 3-лаа М- гэх найзтайгаа очиж уулзсан. А мөн л Мт чи ажилд орох юм уу, би Сагсайн цэргийн ангид ажилладаг юм. Манай цэргийн ангиас өвөл хэдэн хүмүүс халагдсан. Тэрний оронд хүмүүс авахаар хайж байгаа. Манай дарга хотод ажлаар явсан надад ажилд орох хэдэн хүн ол гэсэн учир би ажилд орох сонирхолтой хүн хайж явна гэж хэлсэн. Тэгтэл М нь за би аав, ээждээ хэлээд үзье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа А надруу залгаад нөгөө Ты гэрт очоод ирье гэж хэлэхэд би за тэгье гэж хэлсэн. Тэгээд А такси аваад манай гэрийн гадна ирж намайг авсан. Бид хоёр “М” авто угаалгын гадна зогсоод хүлээж байтал Т аавтайгаа мөн М аавтайгаа 4-үүлээ ирээд, бид хоёр хойноос нь дагаад хуучин Х банкны АТМ-д Ты аав ороод мөнгө авч гарч ирсэн. Тэгээд шууд Ты гэрт очсон. Ты гэрт А бид хоёр ортол Т аавтайгаа М аавтайгаа Ты ээж 5-лаа байсан. Ты аав хоёр хүүхдийн ажилд орох мөнгө гэж 1.500.000, 1.500.000 нийт 3.000.000 төгрөгийг бэлэн тоолж бичлэг хийж зураг авч Ат өгсөн. А бэлэн 3.000.000 төгрөг тоолоод авсан. Тухайн үед би хамт явсан нь үнэн. Тэгээд бид хоёр Ты гэрээс гараад А намайг таксигаар гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг[16], шүүгдэгч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Еы хүү болох Е.Т, А.Сын хүү болох С.М гэх хүмүүсийг танилцуулж өгсөн хүн бол манай найз болох М юм. Би анх М гэх найзтайгаа танилцаж байхдаа би С сумын 0*** дүгээр ангид ахлагчаар ажилладаг гэж худлаа хэлж танилцаж байсан. Тухайн үед манай найз итгэсэн. 2021 оны 4 билүү 5 дугаар сард байх би М гэх найздаа чи ажилд орох юм уу? цэргийн ангид оруулж өгч чадна шүү гэж хэлэхэд манай найз М нь за би бодож байж болно, Казакстан улсад сурч байгаа юм чинь би аав ээжээс асууж байгаад хэлье гэж надад хариулсан. Хэд хоногийн дараа би найз болох Мгээс ажилд орох 2-3 хүн олж өгөөч гэж хэлсэн. Манай найз М зөвшөөрсөн. Хэд хоногийн дараа М надтай Т гэх залууг танилцуулсан. Ты гэрт очтол Т аав болох Етай хамт гэрийнхээ гадна байсан. би Ты аав болох Ед та хүүхдээ ажилд оруулах юм уу? би С сумын цэргийн ангид ажилладаг юм. Манайх ахлагчаар 2 хүн авахаар хайж байгаа гэж хэлсэн. Ты аав нь надад юу ч гэсэн дугаараа үлдээчих, манай эхнэр ажлаасаа ирэхээр нь бид ярилцаж байгаад хариу өгнө гэж хэлсэн. Манай найз М, Т бид 3-лаа М гэх залуутай очиж уулзсан. Би Мт чи ажилд орох юм уу, би С сумын цэргийн ангид ажилладаг юм. Манайх ахлагчаар 2 хүн авах гэж байгаа хэрэв чи ажилд орох хүсэл сонирхолтой байвал надад хэлээрэй гэж хэлсэн. Тэгтэл М нь за би аавдаа хэлээд үзье гэж хэлсэн. Би маргааш өглөө нь Ты аав болох Е руу залгаад юу болж байна, мөнгөө бэлэн болгосон уу гэж асуутал Мийн аав Е нь үдээс хойш бэлэн болгочихно, үдээс хойш аваарай гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нь би такси бариад М гэх найзаа дагуулаад бид хоёр “М” авто угаалгын гадна зогсоод хүлээж байтал Т аавтайгаа мөн М аавтайгаа 4-үүлээ ирээд бид хоёр хойноос нь дагаад хуучин Х банкны АТМ-д Ты аав ороод мөнгө авч гарч ирсэн. Тэгээд шууд Ты гэрт очсон. Ты гэрт ортол Т аав, ээжтэйгээ, М аавтайгаа 5-лаа байсан. Ты ээж гараад явсан. Ты аав хоёр хүүхдийг ажилд орох мөнгө гэж 1.500.000, 1.500.000 нийт 3.000.000 бэлэн тоолж надад өгсөн. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна “гэх мэдүүлэг[17] зэрэг баримтуудаар,
2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Хы хүү Х.Е-ийг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид оруулж өгнө гэж хуурч, хохирогч Д.Хаас 3.000.000 төгрөгийг залилж авсан болох нь зэвсэгт хүчний *** дүгээр ангийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 247 дугаартай албан тоот[18], хохирогч Д.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 5 сарын эхээр хөдөө гэртээ байхад манай хүү болох Х.Е Өлгий сумаас надруу утсаар залгаад та энэ нэг хүнтэй яриач аав гэсэн. Утсыг нь аваад ярихад манай сумын 4 дүгээр багт оршин суух А-тын хүү болох М утсыг авсан. М нь ярихдаа Е бид хоёр цэргийн ангид ажилд орохоор боллоо. Манай нэг найз ажилд оруулж өгье гэж байна.Та 3 сая төгрөг бэлдээд хүүдээ өгчих. Тэгвэл цэргийн ангид ажилд оруулахад саадгүй гэж хэлсэн. Би хариуд нь надад тийм их мөнгө өнөө маргаашдаа олдохгүй шүү дээ та юутай ч маргааш аймагт ирээд манай найзтай уулзаад үз гэж хэлсэн. Улмаар гэрт бэлэн байсан 2.000.000 төгрөгийг аваад маргааш өглөө нь таксигаар аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ирээд гэртээ ирээд хүүгээ дагуулан Мтай уулзахаар ярихад манай гэрт яваад очъё гэсэн. Удалгүй М нь А гэх залуугийн хамт ирсэн. Би урьд нь А гэх залууг огт харж байгаагүй. Танихгүй залуу байсан.Би А гэх залуугаас чи Ха юу хийдэг ямар учиртай залуу вэ гэж асуухад намайг А гэдэг би Сагсайн цэргийн ангид ажилладаг. Өглөө Өлгий сумаас ангийн алба хаагчдыг цуглуулан ажилд нь хүргээд орой буцааж авч ирдэг ажил хийдэг. Манай аав маань мөн Цэргийн ангид ажилладаг дарга хийдэг гэсэн. Тэгэхээр нь би аав чинь Ха байгаа юм би аавтай чинь уулзмаар байна гэхэд аав одоо Улаанбаатар хотод ажлаар явж байна. Манай аав удахгүй Улаанбаатар хотоос ирнэ. Би хэд хэдэн хүнийг ажилд оруулах гэж байгаа танай хүү болон М бусад залуусын хувцас, хэрэглэлийг захиалсан байгаа. Та 3 сая төгрөг өгөх юм бол шууд ажилд оруулна цэрэг татлага болох үеэр тушаал нь гарч ажилдаа орно гэж хэлсэн. Би Аын хэлсэн ярьсан зүйлд итгээд би бэлнээр авч ирсэн 2 сая төгрөгөө өгч хүү болох Еий хадгаламжид байсан 1.225.000 төгрөгийг гаргуулан авч үүнээс 1.000.000 төгрөг нэмж нийт 3 сая төгрөг өгсөн ба надад миний бие А Х овогтой Еээс 3 сая төгрөг авлаа ажилд оруулж өгнө гэж 2021.05.04 Д.А гэж гарын үсгээ зурж баримт хийж өгсөн. Гэтэл А биднийг залилан мэхэлсэн байна” гэх мэдүүлэг[19], гэрч Х.Е-й мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“..Би 2021 оны 3 дугаар сарын сүүлээр байх би найз болох Мтай уулзахад манай нэг найз Сагсайн цэргийн ангид ахлагчийн орон тоонд хүн ажилд авч байгаа юм байна чи орохгүй юм уу гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би манай аав ээжийн хажууд хүн байхгүй би ажилд орохгүй мал маллаж амьдрах бодолтой байгаа гэсэн юм. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын эхээр Мтай уулзахад чи цэргийн ангид ажилд орохгүй юм уу манай найз шууд оруулж өгье гэж байна. 3 сая төгрөг олчих гэсэн. Тэгэхээр нь би хөдөө байсан аавруугаа залгаж та энэ залуутай яриадхаач намайг ажилд оруулж өгье гэж байна гээд Мт утсаа өгсөн. Мтай утсаар ярихдаа танай хүүг цэргийн ангид ажилд оруулж өгье манай найз цэргийн ангид ажилд оруулах хүн хайж байгаа. Та 3 сая төгрөг бэлдээд тавьчих гэж ярьж байсан. Манай аав за тэгвэл би аймгийн төв орж байгаад чамтай болон танай найзтай уулзаж ярилцаж байгаад шийдье гэсэн. Маргааш нь манай аав хөдөөнөөс ирээд Мтай утсаар яриад би хөдөөнөөс ирлээ чи найзыгаа дагуулаад манай гэрт хүрээд ир гэсэн. Удалгүй М найз гэх Аыг дагуулаад манай гэрт хүрээд ирсэн. А би Сагсайн цэргийн ангид ажилладаг, би байгууллагадаа шинээр ажилд авах хүн хайж байгаа. Би Мыг бас ажилд оруулахаар болсон, дахин 2 залуу байгаа Улаанбаатар хотоос хувцас болон бичиг баримтуудыг нь захиалсан байгаа, та 3 сая төгрөг өгөх юм бол таны хүүг ахлагчаар ажилд шууд оруулж өгье гэсэн, 3 сая төгрөгийг дарга нартаа өгнө, мөн хувцас авна гэж байсан. Манай аав Аын саналыг зөвшөөрч 2 сая төгрөгийг бэлнээр өгч, АТМ-ээс 1 сая төгрөгийг гаргаж өгсөн болно” гэх мэдүүлэг[20], гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Еийг танина. Манай холын хамаатан болох Хы хүү юм. Бид нэг үеийнх ба 4 дүгээр сургуульд хоёр өөр ангид сурдаг. Е нь миний сайн найз, бид багын найзууд юм. Мөн миний бие Аыг танина. Бид хоёр 2021 оны 1 сарын үед анх танилцсан. Тэрээр өөрийгөө анх танилцуулахдаа би С сумын цэргийн ангид холбоочноор ажилладаг гэж танилцуулж байсан. Тухайн үед аймгийн залуучуудын дунд “Хамтдаа” гэх төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан. Бид 2021 оны 1 дүгээр сарын үед уг байгууллагын нэгэн үйл ажиллагааны үед очоод анх танилцаж байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн төрөл садангийн болон өс хонзонгийн асуудал байхгүй, зүгээр энгийн найзууд юм. 2021 оны 3 дугаар сарын үед байх А намайг цэргийн ангид ажилд орох хүсэлтэй хүн байвал хэлээрэй гэхээр нь би энэ талаар найз болох Ед хэлсэн. Би Еыг Атой танилцуулсны дараа Е А хоёр хоорондоо ярьж тохироод А нь Еыг ажилд оруулж өгөх талаар хэлсэн байна лээ. Тэр үед А нь Ед 3.000.000 төгрөг өгвөл чамайг ажилд оруулж өгнө гэж хэлсэн болохоор Е аавдаа энэ тухай хэлж зөвшөөрүүлсэн байсан ба Еий аав Х нь Аыг гэртээ дуудаж уулзсан. Тухайн үед би Аыг Хы гэрт дагуулж очсон. Намайг Аыг Хы гэрт дагуулж очиход Х, А нар нь өөрсдөө ярьж тохироод Х нь Ат 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед нь би хамт байсан ба Х, түүний эхнэр Сайлаухан, мөн хүүхдүүд нь байсан. Дараа нь өөрсдөө Атой уулзаж 1.000.000 төгрөг нэмж өгсөн талаар Е надад хэлсэн” гэх мэдүүлэг[21], шүүгдэгч Д.Аын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар,
2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.Аын хүү А.Мийг Баян-Өлгий аймгийн С сумын Хилийн цэргийн 0***-р ангид ажилд оруулж өгнө гэж итгүүлж, иргэн Х.Мартын Х банк дахь 5197260933 тоот дансаар дамжуулан хохирогч Т.Ааас 1.000.000 төгрөгийг залилж авсан нь хохирогч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Миний хүү болох А.М нь Өлгий сумын ЕБ-ын 4 дүгээр сургуульд 12 дугаар ангид суралцдаг юм. Манай гэр Толбо сумын 4 дүгээр багт хөдөө байдаг тул манай хүү Өлгий суманд ахынхаа гэрт байж сургуульдаа сурдаг. 2021 оны 04 дүгээр сарын эхээр манай хүү надруу утсаар ярьсан ба намайг нэг залуу Сагсайн цэргийн ангид ажилд оруулж өгье гэж байна. Хэдэн төгрөг өгөх юм бол шууд оруулаад өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг өг гэж байна гэхэд 2.000.000 төгрөгөөр оруулж өгье гэж байна гэсэн. Тэгэхээр би миний хүү аавд нь тийм их мөнгө байхгүй ах эгч нар чинь бас сургуульд сурч байна. Тэдний сургалтын төлбөр хоол ундны зардал гээд өчнөөн байна гэсэн. Улмаар манай хүү за аав би нөгөө залуутай дахин яриад үзье гээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа дахин манай хүү надруу залгаж ааваа би нөгөө залуутай ярилаа намайг 1.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгье гэж байна гэсэн. Би тэр залуутай чинь би өөрөө ярья гэхэд ааваа тэгвэл та одоо ярьчих миний хажууд байна гээд утсаа өгсөн. Утас авсан залуу өөрийгөө А гэдэг Сагсайн цэргийн ангид ажилладаг гэсэн. Би миний хүүг ажилд оруулж өгөхөөр болж байгаа юм байна чи ямар ажилд оруулж өгөх гэж байна. Чамайг оруулсны дараа ажлаас нь дахин гаргавал яах уу гэхэд тийм асуудал гарахгүй ахаа танай хүүхэд чинь ажилд ороод архи уухгүй тамхи татахгүй бол ямар нэгэн асуудал байхгүй гэсэн.За тэгвэл би хэд хоногоос сумын төв ороод чамд 1.000.000 төгрөг өгье чи миний хүүг найдвартай ажилд оруулж өг гэсэн. Би хүүтэйгээ ярьж чи наад залуугийнхаа дансны дугаарыг аваад надруу явуул гэхэд надруу Хдыхын М гэх хүний 5197260933 гэх дансны дугаарыг өгсөн. Би хүүхэдрүүгээ залгаад энэ данс Март гэж хүний данс байна шүү дээ чи дахиад өөрөөс нь асуу гэхэд манай хүү нөгөө залуутай ярьж асуухад би виза картаа АТМ-д залгиулчихсан. Тэгээд хүний данс ашиглаж байгаа юм. Наад данс руугаа мөнгийг хийчих гэсэн. Улмаар би сумын Х банкны салбараас 2021 оны 05 сарын 06-ны өдөр 5197260933 дугаар дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж гүйлгээний утга хэсэгт нь өөрийн нэр регистрийн дугаарыг бичиж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээсээ өмнө чи надад миний хүүг ажилд оруулж өгнө 1.000.000 төгрөг авсан талаараа баримт бичиж өг гэхэд та хүүхэддээ итгэхгүй байгаа юм уу гэхээр нь итгээд мөнгийг шилжүүлсэн боловч намайг дээрх этгээд залилан мэхэлсэн байна.Намайг залилан мэхэлсэн этгээдээр миний хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг[22], гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би А гэх залуутай 2020 оны 09 дүгээр сард анх танилцсан. Улмаар хэсэг хугацаанд Атой хэсэг хугацаанд найзлаад явдаг байсан. А нь надтай танилцахдаа л би Сагсайн цэргийн ангид ажилладаг гэж танилцуулсан. Харин 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр байх уулзахдаа цэргийн ангид ажилд орох хүсэл сонирхолтой хүн байна уу гэж асуусан. 2021 оны 05 дугаар сарын эхээр Атой уулзахдаа чи намайг ажилд оруулж өгөөч надад энгийн ажилтан байхад болно гэхэд чи тэгвэл манай байгууллагад ажилд ор л доо би чамайг оруулж өгье чамайг 2.000.000 төгрөгөөр оруулж өгье гэхээр нь би за тэгвэл би гэрийнхэндээ хэлээд үзье гэсэн. Тэгээд аавруугаа залгаж манай найз Сагсайн цэргийн ангид ажилд оруулж өгье гэж байна. 2.000.000 төгрөгөөр гэж хэлэхэд аав зөвшөөрөөгүй. Тийм их мөнгө байхгүй гэсэн юм. Тэгээд би Ат манай аав зөвшөөрсөнгүй тийм их мөнгө байхгүй гэж байна гэхэд за тэгвэл би чамайг 1.000.000 төгрөгөөр оруулж өгье чи ажилдаа орчхоод ажиллаж байгаад боломжоороо надад 1.000.000 төгрөг өг гэж хэлсэн тул би дахин аавруугаа залгаж хэлэхэд зөвшөөрч Атой утсаар ярьж 1.000.000 төгрөг түүнд өгч намайг ажилд оруулахаар тохирсон юм. Улмаар хэд хоногийн дараа А мөнгөө өгөхөөр болоход А нь Март гэх хүний дансны дугаарыг өгч аав 1.000.000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн юм. А нь биднийг залилан мэхэлж байсан байна. Би дээрх мөнгийг чухам юунд зарцуулсан болохыг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ та нарын албаны хувцас, материал бүрдүүлэхэд хэрэглэнэ гэдэг байсан. А нь надтай уулзахдаа байнга цэргийн ногоон эрээн хувцастай ирж уулздаг байсан. Би зарим нэг үед уулзъя гэхээр нь би ажилтай байна. Гэртээ байна гэдэг байсан байнга өөрөө надруу холбогдож уулздаг байсан” гэх мэдүүлэг[23], насанд хүрээгүй гэрч Б.Л-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие 2020 оны 12 дугаар сард “Хамтдаа” гэсэн бүлэгт гишүүн болж элсэн орсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сард Д.А нь Хамтдаа гэсэн бүлэгт орж ирсэн ба тэр үед анх танилцаж байсан. Тухайн үед анх танилцаж байхад А нь надад би Сагсайн цэргийн ангид ажилладаг, дэд ахлагч цолтой, 1 сарын амралттай байгаа гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд уулздаг болоод найзалж явж байгаад 02 дугаар сарын 11-ээс үерхэж эхэлсэн. Атой 2 сараас үерхэж байгаад 06 дугаар сарын дундуур салсан. Одоо ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй. Манай ээжийн нэр дээр бүртгэлтэй Х банкны 5197260933 тоот дансыг би 2020 оны 09 дүгээр сараас эхэлж ашиглаж байгаа. Манай төрсөн ах Солонгост ажил хийдэг, хааяа надад мөнгө явуулдаг болохоор би ээжийн дансыг ашиглаж эхэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Атой уулзаад хамт талбайн хажуу талын Х банкны АТМ-ээс Аын хүнээс авч байгаа мөнгө гэх 1.000.000 төгрөгийг аваад шууд өгсөн. Тухайн үед А бид 2 хоёр байсан. Бид хоёр Цамбагаравын таксины буудал хүртэл хамт алхаж очоод такси аваад намайг гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг[24], шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие найз болох Мтай танилцаад 3-4 сарын дараа байх Мт чи өөрөө ажилд орохгүй юм уу би оруулаад өгч чадна чамайг гээд 1.000.000 төгрөгөөр оруулаад өгье гэхэд М за би аавтайгаа ярилцаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд М аавтайгаа ярилцаад намайг аавтайгаа утсаараа яриулсан ба би намайг А гэдэг ажилд оруулж өгөх залуу би байна Мийн найз нь байна гэж Аад хэлэхэд М 12 дугаар ангиа энэ жил төгсөнө болох юм уу гэхэд би болно гэж хариулсан. Тэгээд надаас ямар ямар материал хэрэгтэй юм бэ гэж асуухад би 3 үеийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг мөн 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. А нь чи яг найдвартай оруулж өгч чадна гэвэл 1.000.000 төгрөгийг олж өгье гэж хэлэхэд би найдвартай оруулж өгч чадна итгэхгүй байвал баталгаа бичиж өгнө гэхэд А нь мөнгө нь хэзээ хэрэгтэй юм бэ гэхэд би өнөөдөр хэрэгтэй байна гэж хэлсэн. А нь одоо бэлэн мөнгө байхгүй 2 хоногийн дараа сумруу очно дансны дугаараа надруу явуулчих дансаар шилжүүлээд өгье гэсэн. Тэгтэл би надад одоогоор данс байхгүй Мийг 1 данс олоод явуулчих гэсэн. Тэгээд оройн би Мруу залгаад юу болж байна, данс олж явуулсан уу гэхэд М олдохгүй байна гэсэн. Тэгээд би маргааш нь Х-ын М гэх хүний данс олж явуулсан. Х.Март нь миний найз охин болох Лиманы ээж нь юм. Би найз охин болох Лиманд чи дансаа өгөөч нэг хүн 1.000.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлээд зөвшөөрүүлсэн. Би Лимантай үдээс хойш уулзаад дансанд чинь 1.000.000 төгрөг орсон юм уу гэхэд орсон гэсэн. Тэгээд бид 2 төв Х банкны АТМ-д очоод Лиман данснаасаа 1.000.000 авч өгсөн. Тухайн үед би АТМ дотор хүлээж байсан юм. Тэгээд би мөнгөө аваад Мруу залгаад мөнгө орсон байна 1.000.000 төгрөг авлаа гэж хэлсэн. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Ямар нэгэн хүнтэй үгсэн тохиролцож, хамтарч хийсэн зүйл бол байхгүй. Би өөрөө ганцаараа хийсэн юм. Мөн би энэ үйлдлийг хийхэд бусдын дарамт шахалт нөлөөнд автаагүй. Энэ хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би одоо 18 настай, аав Д, ээж М-т нарын хамт амьдардаг.Аав ээж хоёр маань тэтгэвэрт гарсан болохоороо гэрт байдаг. Өнгөрсөн жил сургуулиа төгссөн юм. Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй учраас мөнгөний хэрэгцээ гарч дээрх байдлаар ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуун, амар хялбар аргаар мөнгө олсондоо маш их харамсаж байна.Өөр хэлж ярих зүйл гэвэл Би өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгөх болно. Тийм учраас миний үйлдсэн гэмт хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар,
2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч З.Хгийн хүү Х.Н-ыг Баян-Өлгий аймгийн С сумын хилийн цэргийн 0*** дүгээр ангид ахлагчаар оруулж өгнө гэж хуурч, хохирогч З.Хгаас 4.000.000 төгрөг залилж авсан болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл[25], хохирогч З.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Атой 2021 оны 05 сарын 06-ны өдөр утсаар ярьж хүү Х.Нын хамт театрын хойд талын орон сууцны хажууд очиход А.М, Д.А нар хамт ирсэн. Тэгээд миний машинд А.М, Д.А, Х.Н бид 4 уулзаж би Д.Ат 4.000.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд мөнгө өгсөн нь үнэн болно гэсэн бичиг хийлгэж авсан болно” гэх мэдүүлэг[26], эд зүйл баримт бичгийг хэрэгт хавсаргах тогтоол[27], гэрэл зургийн үзүүлэлт[28], мөнгө хүлээн авсан тухай баримт[29], гэрч Ж.Маденнетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Д.Аын ээж нь юм. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр З.Х гэдэг хүн манайд ирээд “танай хүүхэд манай хүүхдийг ажилд оруулж өгнө гээд 4 сая төгрөг авсан, бүх бичиг баримтууд нь надад байгаа гэж хэлсэн. Тэгээд би мөнгө авсан нь үнэн нотлох баримттай бол цагдаад хандаарай гэж хэлээд хүү Д.Аоос чи энэ хүнээс 4.000.000 төгрөг авсан уу гэж асуухад авсан гэж хэлсэн. Тэр мөнгөө юунд зарцуулсан бэ гэхэд манай хүү огт хариулаагүй” гэх мэдүүлэг[30], хохирогч З.Хгийн дахин өгсөн₮ “Надад учирсан хохиролд Д.А ямар ч мөнгө өгөөгүй. Би Ат өгсөн 4.000.000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна” гэсэн мэдүүлэг[31], гэрч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр аав З.Х нь Д.А руу залгахад авто засварын газарт машинаа янзлуулж байсан гэж хэлэхээр нь аав бид хоёр очсон. Тэр үед Д.А нь бидний авч ирсэн мөнгийг авах гэсэн боловч аав маань чи энэ мөнгийг алга болгох байх, чамайг гэрт чинь хүргэж өгье, тэгээд тэнд очоод мөнгийг чинь өгье гэсэн. Тэгээд М, аав, А бид дөрөв аймгийн хөгжимт драмын театрын хажууд очиход Д.А нь театрын ард талд байрлах 5 давхар орон сууцыг зааж, би энд эгчтэйгээ амьдардаг, аав, ээж хөдөө мал малладаг гэж хэлсэн тул аав Д.Ат 4.000.000 төгрөг тоолж өгөөд Д.А намайг 2021 оны 6 дугаар сарын дундуур ажилд оруулахаар болж бид тохиролцоод явсан. Маргааш нь дахин Д.Атой холбогдож, аав, Х.Ертай ах бид гурав очиж, Аоос мөнгө авсан нь үнэн гэсэн бичиг хийлгэж авсан. Тухайн үед А нь С сумын ангийн захирагчийг М гэдэг гэж хэлээд аавд нэг утасны дугаар өгсөн боловч тэр нь холбогдохгүй байсан. Тэгээд аав Аын өөрийнх нь ***** дугаарт залгахад 1 хүн утсыг нь аваад “А ажил хийж байна гэж гэрийнхэндээ худлаа хэлээд хүмүүсээс мөнгө авсан байна, та нар ирж уулзаарай гэхээр нь бид гэрт нь очиж, Аыг биднийг залилж мөнгө авсныг мэдээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг [32], гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Д.А нь надад ажилд оруулах хүн хэрэгтэй байна гэхээр нь би хамт нэг ангид сурч байсан Х.Ныг танилцуулсан. Тэгэхэд Д.А Нын аав З.Хгаас Ныг ажилд оруулж өгнө гээд 4.000.000 төгрөг авсан юм. Тухайн үед Д.Аыг Хгаас 4 сая төгрөг авахад би хамт очсон” гэх мэдүүлэг[33], гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Тэгээд манай аав Х надруу залгаад дүү Х.Ныг ажилд оруулах гэсэн юм гээд миний Х банкны карт авч яваад дансанд үлдсэн байсан 3.600.000 төгрөгийг 2021 оны 6 сарын 05-ны өдөр АТМ-ээс гаргаж авсан” гэх мэдүүлэг[34], шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би З.Х болон бусад иргэдээс цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж бусдыг төөрөгдүүлэх аргаар мөнгө авсан хэрэг үйлдсэн нь үнэн юм. Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[35] зэрэг баримтуудаар,
2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ү.Мы охин Ж.Аыг цэргийн ангийн ахлагчийн дамжаанд оруулж өгнө гэж хуурч, хохирогч Ү.Маас 4.000.000 төгрөг залилж авсан болох нь хохирогч Ү.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А гэх залуу манай Ж.Атой хамт Баян-Өлгий аймагт 10 жилд сурч байсан хүүхэд байгаа юм. 2021 оны 06 сарын 06-ны өдөр би Өлгий аймагт очсон. Тэгэхэд манай охин Ж.А надад манай найз А цагдаагийн ахлагчийн сургуульд сурч байгаа намайг Хилийн цэргийн ахлагчийн сургуульд оруулж өгье гэж байна гэхээр нь 2021 оны 06 сарын 18-ны өдөр охиноо дагуулаад Х банкны төв дээр очиж Атой уулзахад А нь манай охиныг Хилийн цэргийн сургуульд оруулж өгнө гэхдээ сургалтын төлбөр болон хувцасны мөнгө, байрлах байрны мөнгө гээд нийт 4 сая төгрөг надаас нэхсэн. Тэгээд би Х банкны нэг данснаас 2 сая төгрөгөөр 2 удаа мөнгө аваад Ат бэлнээр өгсөн. Бэлнээр өгөхдөө Аын мөнгө авч байгаа бичлэгийг хийж авсан” гэсэн мэдүүлэг[36], гэрч Ж.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ерөнхий боловсролын сургуулийг 2020 онд төгссөн бөгөөд сургуульд байхдаа Д.А гэх хүүхэдтэй тэмцээн уралдаанд орж байгаад танилцсан юм. Би 2020 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Их засаг их сургуульд суралцахаар хуваарь авсан хэдий ч суралцаагүй, цэргийн сургуульд суралцах хүсэл сонирхолтой байсан бөгөөд гэртээ хэсэг хугацаанд байсан юм. Гэтэл 2021 оны 03 дугаар сард манай найз болох Д.А нь цэргийн ногоон эрээн хувцас өмссөн надтай ирж уулзаад би Сагсайн цэргийн ангид ахлагчаар ажиллаж байгаа гэж хэлсэн. Хувцасных нь энгэрт А гэсэн нэртэй хувцас өмсөж ирдэг байсан ба намайг цэргийн сургуульд суралцах сонирхолтойг А мэддэг тул чи ахлагчийн сургуульд суралцах уу би чамайг оруулж өгье гэсэн. Би Аоос чи яаж ахлагчийн сургуульд элсэн орсон юм гэхэд би 6.700.000 төгрөгийн хахууль хүнд өгч байгаад элсэн орсон. Чи 4.000.000 төгрөг олж өгч чадах юм бол чамайг ахлагчийн сургуульд оруулж өгье гэж байна чи орох уу гэж хэлэхэд би ээжтэйгээ ярьж байгаа хариу өгье гэсэн. Тэгээд энэ тухай ээж Мд хэлэхэд тэр найзтай чинь уулзъя гэсэн ба 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзахаар болсон. Атой утсаар ярьж Х банкны урд очиж уулзсан бөгөөд А ирэхдээ цэргийн ногоон эрээн өнгийн хувцас, бреткэн малгай, хагас түрийтэй гуталтай ирсэн ба ээжид би таны охиныг ажилд оруулж өгье та 4 сая төгрөг өгчих гэсэн. Танай охин ахлагчийн дамжаа төгсөөд шууд ажпын байраар хангагдаж томилогдоно, таны өгсөн мөнгөөр хувцас, орон байр, хоолны мөнгөнд зарцуулна гэж хэлсэн. Улмаар манай ээж Ат 4 сая төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь бид Аыг ахлагчийн сургуульд сурдаггүй болохыг олж мэдэж, түүнд залилуулснаа ойлгосон юм...”гэх мэдүүлэг[37], шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 06 дугаар сард байх найзуудаараа уулзахад АА ирсэн юм. Тэгээд орой нь би гэртээ очоод АА руу чатаар залгаад чи юу хийж байна ажилд орохгүй юм уу? гэж асуутал АА ямар ажил юм бэ? би сургуулиа төгсөөгүй болох юм уу? гэж надаас асуусан. Би болно, тэр хамаагүй С сумын *** дүгээр цэргийн ангид орон тоо байгаа хүсвэл чамайг би оруулаад өгч чадна шүү гэж хэлсэн. Тэгээд АА нь надаас ямар материал шаардлагатай юм бэ? гэж асуухад би 3 үеийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн хуудас, цээж зураг мөн 4.000.000 төгрөг хэрэгтэй гэж хариулсан.Тэгээд АА нь яг найдвартай юм уу? хэрэв баталгаатай юм бол би ээжид хэлээд материалаа бүрдүүлье гэж хэлээд надаас миний утасны дугаар авсан. Маргааш өдөр нь ААы ээж надруу залгаад нөгөө ажилд оруулах залуу мөн үү. Яг найдвартай ажилд оруулах юм уу? Ямар ямар орон тоо байгаа юм бэ? гэж надаас асуухад би яг ямар орон тоо байгааг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ажилд оруулж өгч чадна, хэрэв итгэхгүй байвал баталгаа бичиж өгч болно шүү гэж хариулсан. Тэгээд ААы ээж М нь зөвшөөрөөд, би тэр өдөр нь 16 цагийн үед байх ААы ээжийг гэрээс нь очиж аваад бид хоёр төв Х банкны АТМ-ийн гадна ААыг хүлээсэн. Удалгүй АА ирж материалаа надад өгсөн. Тэгээд ААы ээж АТМ-руу ороод 4.000.000 бэлэн авч гарч ирсэн. Тухайн үед АА бид хоёр АТМ-ийн гадна сандал дээр суугаад хүлээж байсан юм. Тэгээд бид 3 спорт цогцолборын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй байна нэг салонд очоод ААы ээж охиноо ажилд оруулахаар надад бэлэн 4.000.000 төгрөгийг тоолж өгсөн.Тухайн үед ААы ээж болох М, АА, ААы дүү байсан. Тэгээд би 4.000.000 төгрөг авсан талаар баримт бичиж өгсөн юм. Миний бие ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг[38] зэргээр тус тус тогтоогдож байх ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2021 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд 8 удаагийн үйлдлээр, нэр бүхий 9 хохирогчоос нийт 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөг залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Д.Ат холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүх хуралдаанд биечлэн оролцсон хохирогч Х.Е, А.Т, А.С, З.Х, Д.Х, Т.А нар нь “шүүгдэгч Д.А нь бидний хохирлыг барагдуулаад өгчихвөл түүнд гомдол саналгүй” гэх тайлбар, хүсэлтийг,
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол болох 19.500.000 төгрөгийг ажил хийж бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй гэснийг түүний өмгөөлөгч Х.Бакен дэмжин оролцож, шүүгдэгч Д.Ат хуулийн хөнгөлөлт үзүүлэн, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамруулах дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн С суманд байрлах Хилийн цэргийн 0*** дүгээр ангид ажилладаггүй болох нь тогтоогдож байх ба тэрээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдаас төлөвлөн цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл худалдаж авч, тухайн хувцасны энгэрт өөрийн нэрийг бичиж байрлуулан, өөрийгөө тухайн цэргийн ангид ажилладаг, цэргийн ангийн захирагчийг М гэдэг, тэр хүнтэй ярьж ажилд оруулж өгнө гэж хохирогч нарт итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон нь нотлогдож байна.
Улмаар өөрийгөө цэргийн ангид ажилладаггүй гэх бодит байдлыг нэр бүхий 9 хохирогчоос нууж, тэдгээрийг төөрөгдүүлж, С сумын цэргийн ангид ажилд оруулж өгнө хэмээн хуурч, цэргийн ангийн захирагч М- гэх зохиомол хүнийг бий болгон, тухайн цэргийн ангийн захирагчтай холбоо барихыг хүссэн хохирогч нарт өөрийн эзэмшилд байгаа өөр утасны дугаарыг өгч, тэдэнтэй М гэх нэрээр холбогдон “Би С сумын цэргийн ангийн захирагч М гэх хүн байна, Улаанбаатар хотод явна, та өөрөө, эсхүл хүүхдээ ажилд оруулахаар бол Ат мөнгөө өгөөрэй, найдвартай ажилд оруулна, таны өгсөн мөнгийг А надруу шилжүүлнэ, би тэр мөнгийг цэргийн дүрэмт хувцас, бусад зүйлд зарцуулна” гэх зэргээр ярьж, итгэл төрүүлж, хохирогч Х.Е, А.Т, А.Е, А.С, З.Х, Д.Х, Т.А, Ү.М, М.Е нарын эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, нэр бүхий 9 хохирогчид нийт 21.000.000 төгрөгийг бодит хохирол учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.Аын үйлдэл нь “залилах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байна.
Тэрээр гэмт үйлдлээ 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Аын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэгт гэрч А.М хамтран оролцсон болох нь тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Д.Аын гэмт үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 21.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ед учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч М.Е, гэрч А.М, шүүгдэгч Д.А нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх ба үлдэх 19.500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Аоос гэмт хэргийн хохирол, хор уршигт 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан хохирогч Т.Аад, 2.000.000 (хоёр сая) төгрөг гаргуулан хохирогч Х.Ед, 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, хохирогч Ү.Мд, 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, хохирогч З.Хд, 2.000.000 (хоёр сая) төгрөг гаргуулж, хохирогч А.Тд, 3.000.000 (гурван сая) төгрөг гаргуулж, Д.Хд, 500.000 (таван зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч М.Ед, 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч А.Сд, 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч А.Ед тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.А нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Цахим хэрэгсэл ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан байх бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Учир нь тэрээр хохирогч М.Ед учирсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн байх боловч уг хохирлыг залилах гэмт хэрэг үйлдэж төлсөн нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан,
Хохирогч Х.Е, А.Т, А.С, З.Х, Д.Х, Т.А нар нь “Шүүгдэгч Д.Аоор хохирол нөхөн төлүүлэхийн тулд аль болох хорих ял оногдуулахгүй байх талаас нь шийдвэрлэж өгнө үү” гэх санал, хүсэлтүүдийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен нь шүүгдэгч Д.Ат улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
Иймд шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдал болон шүүгдэгч Д.А нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг болон түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан .......Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, .......... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын 08-ны хооронд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцөлийг хангаж байна.
Хэргийн зүйлчлэлийн хувьд Д.Аын холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус үндэслэн Д.Аыг өршөөлд хамруулан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Д.Аын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн 1 дүгээр багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.” гэж заажээ.
Шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд насанд хүрээгүй байхдаа залилах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан нь тогтоогдож байх бөгөөд хяналтын 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Д.А нь нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Д.Аын гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг арилгах, түүнийг гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэхээс урьдчилан сэргийлэх,гэмт хэргийн хор уршгийг ухамсарлан ойлгуулах, буруу зан зүйлээ засах, амьдралын зөв дадал, хэвшил олгох зорилгоор шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1,2.2-д зааснаар шүүгдэгч Д.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмаар шүүгдэгч Д.Аын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалан үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ат шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийдвэрлэснээр Д.Аыг цагдан хорих үндэслэл бий болоогүй тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ат 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Аоос гэмт хэргийн хор уршигт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр багт оршин суух, БЙ72051819 регистртэй, хохирогч Т-йн Аад,
- 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 13 дугаар багт оршин суух, БЭ78080930 регистртэй, хохирогч А-йн С нарт тус тус олгосугай.
5.Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ат зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.
10. Шүүгдэгч Д.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан журмаар, Д.Ат авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг мөн хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлэн, биелэлтийг хангуулан ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б
[1] 2-р хх-ийн 23-32-р тал
[2] 2-р хх-ийн 47-48-р тал
[3] 2-р хх-ийн 50-51-р тал
[4] 2-р хх-ийн 54-55-р тал
[5] 2-р хх-ийн 71-72-р тал
[6] 2-р хх-ийн 26-38-р тал
[7] 2-р хх-ийн 136-р тал
[8] 2-р хх-ийн 140-141-р тал
[9] 2-р хх-ийн 144-р тал
[10] 2-р хх-ийн 145-р тал
[11] 1-р хх-ийн 94-р тал
[12] 1-р хх-ийн 97-р тал
[13] 1-р хх-ийн 111-112-р тал
[14] 2-р хх-ийн 173-р тал
[15] 2-р хх-ийн 179-180-р тал
[16] 2-р хх-ийн 186-р тал
[17] 2-р хх-ийн 201-202-р тал
[18] 2-р хх-ийн 86-р тал
[19] 2-р хх-ийн 101-102-р тал
[20] 2-р хх-ийн 106-107-р тал
[21] 2-р хх-ийн 110-р тал
[22] 1-р хх-ийн 45-46-р тал
[23] 1-р хх-ийн 50-52-р тал
[24] 1-р хх-ийн 57-р тал
[25] 1-р хх-ийн 170-р тал
[26] 1-р хх-ийн 192-193-р тал
[27] 1-р хх-ийн 175-р тал
[28] 1-р хх-ийн 175-р тал
[29] 1-р хх-ийн 176-р тал
[30] 1-р хх-ийн 203-р тал
[31] 1-р хх-ийн 197-р тал
[32] 1-р хх-ийн 206-207-р тал
[33] 1-р хх-ийн 210-211-р тал
[34] 1-р хх-ийн 216-р тал
[35] 1-р хх-ийн 230-231-р тал
[36] 1-р хх-ийн 139-141-р тал
[37] 1-р хх-ийн 147-148-р тал
[38] 1-р хх-ийн 164-165-р тал