| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2113001310142 дугаартай хэргийг 2020 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б овгийн А-ы Б /БЙ88040918/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Жтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бы мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001310142 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Жоос 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирогч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед Ховд аймаг руу явахаар болж хөрш н.Серик гэх хүний дэлгүүрээс барилгын шат асуух гэж орсон. Тус дэлгүүрт ороход Ө.Жыргау, н.Есен гэх 2 залуу архи ууж байсан ба би тэдний хамтаар 0.5 литрийн Алтан түрүү нэртэй архийг хувааж уусны дараа н.Есөн яваад өгсөн. Тэгээд Ө.Жыргау бид хоёр дахин нэг шил 0.5 литрийн Алтан түрүү нэртэй архи авч хувааж ууж байхад гаднаас А.Б, Д.Айланыш нар орж ирсэн. Тэгээд бүгдээрээ А.Бы машинд сууж сумаас гарч Х.Мирас гэх залуугийн хажууд очиж архи ууж байсныг санаж байна. Тэрнээс хойш ямар асуудал болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний нүд хөхөрсөн Толбо сумын 1 дүгээр багийн иргэн н.Т гэх хүний гэрийн гадаа А.Бы машин дотор сууж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр нэг нэгнийгээ сайн таньдаг болохоор эвлэрсэн. Надад учирсан хохирлыг А.Б бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.А-*ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Б бид хоёр н.Серик гэх хүний дэлгүүрээс тосол авах гэж ороход Т.Ж, Ө.Жыргау, н.Серик нар нэг шил архи ууж байсан. Бид хоёр тосол аваад гарахад бидний араас Т.Ж, Ө.Жыргау нар гарч ирээд манай машинд сууж бид дөрөв Х.Мирасын байсан газарт очсон. Тэгээд А.Б машинаас нэг шил архи гаргаж нөгөө архийг Т.Ж, Ө.Ж, А.Б, Х.Мс нар уугаад сууж байхад Т.Ж босоод сууж байсан А.Быг татаж босгож ирээд мордож унагаагаад заамдах үед А.Б чи яах гээд байгаа юм бэ? гэж Т.Жын нүүр тус газар тохойгоороо нэг удаа цохисон ба Х.Мирас бид хоёр салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А, Т.Ж, Ө.Ж, А.Б нар ирж машинаас буугаад нэг шил архи гаргаж нөгөө архийг уугаад сууж байтал Т.Ж босож сууж байсан А.Быг татаж босгож, мордож унагаагаад заамдах үед А.Б чи яах гээд байгаа юм бэ? гэж Т.Жын нүүр тус газарт тохойгоороо нэг удаа цохисон. Тухайн үед Т.Жын хамраас цус гарч бид нар цусыг усанд угаалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 394 дугаартай “...Т.Жын биед зүүн нүдний дээд, доод зовхи нилэнхүүдээ хүрэн ягаан цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай. Хамрын нурууны баруун талд хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн тийш мурийсан, зүүн талын амьсгал саадтай байна. Зүүн ташаанд хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хамт архи уугаад Т.Жтай ялимгүй зүйлээс болж маргалдаж, улмаар зодсон. Би тохойгоороо Т.Жын нүүрэн тус хэсэгт цохиж түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би Т.Жт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч А.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р х/, гэрч Д.А, Х.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ болон шүүгдэгч А.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Бы үйлдлийн улмаас хохирогч Т.Жын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд хохирогч Т.Ж нь согтуугаар шүүгдэгч А.Быг татаж унагааж, заамдаж зодохыг завдсан буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
А.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлснөөр гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилсан болох нь хохирогч Т.Жын мэдүүлгээр нотлогдож байх энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч Т.Ж хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч А.Б нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч А.Бы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д ”Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Бд оногдуулсан зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бд шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ы Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчүүлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б