| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0103/Э |
| Дугаар | 175/ШЦТ/104 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 175/ШЦТ/104
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Э.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2131001860132 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Болд Төмөр Гол” Баянгол уурхайн өрмийн машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 136 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******ийн *******, /*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ерөө” голын эрэг орчим 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед иргэн Т.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ерөө” голын эрэг орчим 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед иргэн Т.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардалд 4,700,000 төгрөг нөхөн төлсөн...” гэжээ.[1]
2. Хохирогч Т.*******ын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед манай найз Шүрэнцэцэг гэрт ирээд бид хоёр Ерөө голын эрэг орж архи уусан. ...Манай сумын Болдоо, Энхүүш, ******* нар ирсэн. ...Тэгээд *******тэй маргалдсан. ...******* миний баруун нүд рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,[2]
3. Гэрч А.Шүрэнцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******, ******* хоёр маргалдаад ******* нь *******ыг эхлээд цохьсон. Тэр үед хоорондоо барьцалдаж аваад боссон. ...тэгэхээр нь бид нар салгасан. *******ыг явъя гэсэн боловч би явахгүй, чи явж бай гэсэн ...юунаас болж маргалдсаныг мэдээгүй гэнэт л нэг нэгнийгээ цохиод барьцалдаад боссон....” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч С.Болдоогийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь *******ын нүүрлүү нь цохиход зөрүүлээд ******* нь цохиж байгаа харагдсан. ...Тэгээд нэг нэгнийгээ барьцалдаад боссон... ” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Э.Энхбаярын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хамт сууж байгаад *******, ******* нар нь хоорондоо маргалдсан ба ******* нь *******ын нүүрэн тус газарт нь цохиж харагдсан, зөрүүлээд ******* нь цохиод нэг нэгэнтэйгээ барьцалдаад боссон...” гэх мэдүүлэг[5],
6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаартай “1.Т.*******ын биед ухархайн ханын хугарал, тархи доргилт, толгойн хуйх, баруун зүүн нүдний салстад цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Т.*******ын биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх дүгнэлт[6],
7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эмчийн магадалгааны хуулбар[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөр 4,700,000 төгрөг төлсныг үндэслэн шүүгдэгч Э.*******г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баяд овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ