Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 175/ШЦТ/105

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Э.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******т холбогдох 2131000000129 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Сүхбаатар хөгжилт, тохижилт” ОНӨААТҮГ-т зоорины харуул ажилтай, ам бүл 3, эгч, 2 дүүгийн хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 076 тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,  *******ын *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч А.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч А.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. 2015 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Хохирогчийн байр, хоолны мөнгийг байнга өгдөг. Эмчилгээний зардалд 320,000 төгрөгийг төлсөн.” гэжээ.[1]

2. Хохирогч А.*******ын 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн алдад Э.******* нь над руу залгаад ПСМК-д байдаг Сутай дэлгүүрийн гадаа сууж байна. Ирээд намайг ав гэж хэлсэн. Би таксинд суугаад гэрт нь хүргэж өгсөн. ...би гэрт нь очоод цүнх, утсаа үлдээгээд бие засах зорилгоор 00 орсон. Намайг бие засаад ирэх хооронд гадна хаалга цоожилчихсон байсан. Би хаалга, цонх нүдээд байж байтал ******* гэрээсээ гарч ирээд над руу хүн унтуулсангүй пизда чинь гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохиод унагаачихсан. Би босч ирээд хэрэлдтэл намайг ахин модоор цохиод унагаачихсан. Газар уначихсан байхад тоосгоор толгой руу цохиод миний толгойг хагалсан. ...Түүний дараа ******* гэртээ ороод хаалгаа цоожилчихсон би тэгэхээр нь модоор цонхыг нь хагалсан. Тэгтэл дахин гарч ирээд модоор 2 гар луу цохисон би гэрлүү нь гүйж ороод утсаа аваад зугтаасан. 2015 оноос хойш хамтран амьдарсан ба 2021 оны 04 сараас хойш тусдаа амьдрах болсон...” гэх мэдүүлэг,[2]

3. Гэрч А.Болдбаатарын 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:....2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим хадмынхаа гэрт байхад А.******* нь миний утас руу залгаад намайг ******* зодоод байна. Би Дорнын говь гэх газрын урд байна ирээд авчих гэхээр нь *******ын гэрт очиж хүүхдийн аваад ПСМК ороод эгчийгээ авсан. Тухайн үед толгойноос нь цус гарсан байдалтай гудамжинд алхаж байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч А.Бүрэнжаргалын 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...юу болсон гэж асуухад ******* намайг тоосгоор цохисон. Тэгээд бас модоор цохисон гэж хэлсэн. Толгойноос нь цус гарсан. 2 гар нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Шүүгдэгч  Э.*******ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. А.*******тай сайн дураараа эвлэрсэн, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах талаар ярьж тохирсон байгаа...” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны  шинжээч С.Бүрэнжаргалын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай “...1. А.*******ын биед хуйханд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[6],

7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Хувийн байдал тогтоосон баримтууд[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Э.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулсугай.

5. Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ