Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 339

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 31-8 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Боржигон овгийн Зандангийн Төмөрчөдөрийн хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг, хүсэлт гаргагч З.Төмөрчөдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Төмөрчөдөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1978 оноос 1981 он хүртэл ачигч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын үр тарианы тасагт 1984 оноос 2000 он хүртэл тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг ташаарч Зандан гэдгийг Данзан гэж бичсэнээс болоод ажилласан жил ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд 1985 онд олгосон 106222 дугаартай хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Зандангийн Төмөрчөдөр намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

З.Төмөрчөдөр нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч З.Төмөрчөдөр нь 106222 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1001 тоот лавлагаа, Хархорин сангийн аж ахуйн даргын 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 118 тоот, Орхон түшээ гүн хувьцаат компаний захирлын 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалууд, гэрч Д.Пагма, М.Эрдэнэбат, Ж.Ганчимэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 106222 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр овгийн Боржигон овгийн Зандангийн Төмөрчөдөр мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА