Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121        

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бдаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  С.Н,

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хийн Жэд холбогдох эрүүгийн 2113000000100 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Б ХХК-нд зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 8, аав, 2 дүү, эхнэр хүүхдүүдийн хамт тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш овгийн Хийн Ж, регистрийн дугаар: ******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 6 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн Ч.Бгийн эзэмшлийн **** УВХ улсын дугаартай “Honda Logo” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан төрсөн хүү Х.Дийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 6 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн Ч.Бгийн эзэмшлийн **** УВХ улсын дугаартай “Honda Logo” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а-д заасан ”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд сууж явсан төрсөн хүү Х.Дийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  буюу “Зарья” нэртэй авто угаалгын газрын гадна талын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,CD бичлэг /хх-ийн 12-р тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р тал/,

Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 19-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хийн “Миний бие өөрийн хүү болох Х.Ж, түүний эхнэр А, тэдний хүүхдүүд болох Х.Д, Ж.Д, Ж.З нарын хамт амьдардаг юм. Х.Жийн том хүү болох Х.Дийг би албан ёсоор үрчилж авсан бөгөөд тэрээр миний нэрээр овоглогддог. Манай бэр А нь 4 дэх хүүхдээ гаргах гээд жирэмсэн байсан ба 2021 оны 06 сарын 11-ний өдөр кесар хагалгаанд орж хүүхдээ төрүүлсэн. Бэр А амаржсан өдөр Х.Ж түүнийг сахиж шөнө хажууд нь хоносон. Х.Ж 2021 оны 06 сарын 13-ны өглөө Ад цай хүргэж өгөөд гэрт ирсний дараа манай гэрт ойрхон байдаг найз нь болох Хий гэрт туслахаар явсан юм. Х.Ж Хий гэрээс хэдэн цагийн үед ирснийг сайн санахгүй байна. Ирээд гэрт оролгүй хашаанд байсан машинаа унаад 3 хүүхдээ дагуулаад яваад өгсөн. Түүний хаашаа явсан талаар би мэдээгүй. Орой Х.Жийн найз болох Хээс Ж хүүхдүүдтэйгээ машинтайгаа гэрлүүгээ ирж байх замдаа зам тээврийн осол гаргаж хүү болох Х.Д нас барсан гэдгийг сонссон. Хүн болгон тээврийн хэрэгсэл жолооддог. Хэн зам тээврийн осол гаргахыг хүсэх бэ дээ. Нэгэнт ач хүү болох Х.Д маань золгүй байдлаар нас барсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч Д.З-кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 06 сарын 13-ны өдөр 14 цаг 30 минутын орчим байх Тирлик захруу өөрийн эзэмшлийн “Соrса” маркийн саарал өнгийн суудлын машинаараа очоод буцаж гэрлүүгээ ирж байх замд буюу Ховд голын гүүрний 3 замын уулзварын хойд зүг талын зам, Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр авто замын баруун зүг талд байрлах “Х” шатахуун түгээх станцын үнийн самбарыг **** УВХ улсын дугаартай “logo” маркийн хөх өнгийн суудлын авто машин жолооч талаараа мөргөсөн байдалтай зогсож байсан. Би машинаа зогсоогоод гүйж очиход машины жолооч талд гадаа нэг эмэгтэй хүүхэд уйлаад зогсож байсан. Би машинруу дөхөж очиж цонхоор нь харахад жолоочийн суудал нь хойшоо дэлгэгдсэн жолооч нь суудал дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба тэрээр ухаан алдсан байдалтай байсан. Би уйлаад зогсож байсан хүүхдийг аргадаж цагдаагийн газарт дуудлага өгчихөөд хүүхдүүдийн хажууд зогсож байхад эрэгтэй хүүхэд нь машин дотор нэг хүүхэд байгаа гэж хэлэхээр нь би машины туслах талын хойд хаалгыг татахад онгойхгүй байсан ба урд хаалгыг нь онгойлгох гэхэд хаалга нь бариулгүй байсан. Тэгээд би жолооч талын хойд хаалгыг онгойлгож машинруу ороход хойд талын суудалд хүн байгаагүй ба дараа нь туслах талаар очиход туслах талын урд талын хаалгыг дотор талаас нь онгойлгож машинаас гарч эргэж гадна талаар нь очиход туслах талын урд суудлын урд хэсэгт 1 эрэгтэй хүүхэд баруун хажуу талаараа толгой нь машины ричак машины салоны хооронд баруун тийшээ чиглэсэн байдалтай, толгой хэсэг жолооны хүрдний аюулгүйн /ослын/ дэр чиглэсэн байдалтай, хоёр хөл нь суудлын урд хэсэгт нугалсан байдалтай, зүүн гар нь биеийн хажуу хэсэгт байрлалтай хэвтэж байсан. Би хүүхдийн гарыг татаж үзэхэд нас барчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

Гэрч Т.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 35 минутын орчимд байх, эхнэрээ эмнэлэгт үзүүлчхээд машинаараа гэрлүүгээ Ховд голын гүүрний хойд талын гурван замын уулзвараас эргээд явж байтал уг гурван замын уулзварын хойд зүг талын замд “Х” шатахуун түгээх станцын хажууд манай компанид ажилладаг Х.Жийн хөх өнгийн “Logo” маркийн машин нь осолд орсон байдалтай зогсож байсныг анзаарч, эргэж уг газарт очсон. Намайг уг газарт очиход Х.Жийн дээрх машин нь “Х” ШТС-ын үнийн самбарыг жолооч талаараа буюу баруун талын урд гуперын булан хэсгээр мөргөсөн, жолооч талын урд хаалга нь онгорхой байдалтай зогсож байсан ба машины гадаа түүний хоёр хүүхэд нь уйлаад зогсож байсан. Тэдний хажууд Заманбек гэх зүс таних залуу утсаар цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд зогсож байсан. Машины жолоочийн суудал хойшоо дэлгэгдсэн байсан ба дээр нь Ж дээшээ харан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Жолоочийн хажуугийн суудлын урд хэсэгт толгой нь ричак, машины урд салон хооронд баруун хажуу талаараа, нүүр нь баруун тийш чиглэсэн байдалтай Жийн том эрэгтэй хүүхэд нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан.

Тухайн үед Ж нь өөрийнхөө машинтайгаа 3 хүүхэдтэйгээ явж байсан байгаад осолд орсон байсан. Түүний ослоор нас барсан хүүхэд нь 8 настай Д гэх хүүхэд байсан. Жийн эхнэр Х.А 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр амаржиж хүүхэдтэй болсон ба тухайн өдөр Ж манай хашаанд барьж байсан байшингийн ажилд туслаад 16 цагийн үед эхнэртээ хоол цай хүргэж өгнө гээд явчихсан. Манай эхнэр өглөө нь надад Ж шөнөжин архи уусан юм шиг байна лээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

Гэрч Ш.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Иргэн Х.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр **** УВХ улсын дугаартай “Honda Logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад манай ШТС-ын Өлгий сумын 6 дугаар багийн нутагт байрлах үнийн самбарын мэдээллийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Уг үнийн мэдээллийн самбарт эвдрэл гэмтэл гараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 06 сарын 20-ны өдрийн 26 дугаартай “Талийгаач Ж.Дийн биед гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, авто ослын гэмтэл, гавлын суурь ясны хугарал, их тархины зүүн чамархай, дагзны дэлбэнгийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, дэлүүний няцарсан задрал. Хэвлийн цус алдалт, шок. Тархины дарагдал, няцрал, хаван, тархины эдэд эрс цус дүүргэлт, тэжээл хувирал. Хүзүү хоолойн урд хэсэгт бүхэлд хамарсан улаан хүрэн өнгийн зулгарсан цус хуралттай, зүүн мөрний дээд хэсэгт цээжний зүүн дээд хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах, механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач Х.Д нь  дээрх задлан шинжилгээний оношинд тусгагдсан тархины битүү хавсарсан хүнд гэмтэл болон дэлүүний няцарсан задралын улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 68-70-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн “Иргэн Х.Жийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Х.Жийн биенээс авсан гэх цусанд 1.4% промилли этилийн спирт илрэв. Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт/108-109-р тал/,

Мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Жолооч Х.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр **** УВХ улсын дугаартай “Ноnda Logo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, 3.4-ийн б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-ийн в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох,

23.8.”Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэл байршуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална”,

12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад байдлаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хх-ийн 139-141-р тал/,

Техникийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай “1.Х.Жийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан гэх “Logo” маркийн **** УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна.

2.“Logo” маркийн **** УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дараах эд ангиуд эвдэрч гэмтсэн байна.Үүнд: Урьд гупер, нүүр, баруун талын крыло, салхины шил, баруун талын урьд том гэрэл, радиатор, радиаторын хүрээ, копуд, цахилгаан утас холбох трубкууд, дотуур шанаа зэрэг эд ангиуд эвдэрч гэмтсэн байна. Дээрх эвдэрсэн эд ангиуд нь хатуу биетийг мөргөсний улмаас үүссэн байна. “Logo” маркийн **** УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гадны хатуу биетийг мөргөсний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүсч, асааж шалгах боломжгүй болсон байв. Иймд уг тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө бүрэн бус байсан эсэхийг тогтоох боломжгүй, зам тээврийн осол болоход уг тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 118-119-р тал/,

Шүүгдэгч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манайх 3 хүүхэдтэй бөгөөд том хүү Д нь 8 настай ба манай аав Хийн нэрээр овоглогддог, аав маань үрчилж авсан. 2 дахь хүү маань Динислам, 7 настай, бага нь болох Зейнел охин 3 настай. Эхнэр А 4 дэх хүүхдээ тээж байсан ба тэрээр 2021 оны 06 сарын 11-ний өдөр амаржиж бид хүүхэдтэй болсон. Эхнэр маань эмнэлэгт байгаа болохоор би 2021 оны 06 сарын 13-ны өглөө цай хүргэж өгөөд буцаж гэрт ирээд найз Хий гэрт явган очиж тэдний хашаанд барьж байгаа байшингийн ажилд нь тусалж байгаад 12 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирээд хүүхдүүд болох Динислам, Д З нарын хамт машинаараа 12 цагийн үед ах болох Б-ын гэрт очсон. Бын гэрт очиход тэд гэртээ байгаагүй бөгөөд гэрийнхээ хажууд нэг айлын байшинг барих ажил хийж байсан ба би тэнд нь очсон. Би Хий гэрт очихоос өмнө 0.5 литрийн лаазтай Сэрүүн гэх шар айрагнаас 1 ширхэг уусан байсан ба дараа нь Бтай хамт 0.33 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан. Би Бтай хамт архи уугаад түүнтэй юм яриад сууж байх үед хүү Д намайг явъя гээд байсан. Тэгээд би 3 хүүхдээ аваад тэндээс 13 цагийн орчимд гараад гэрлүүгээ ирж байх замд буюу Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн харалдаа ирэх үед Д надад замын баруун талд байдаг мод тарьсан хашааг зааж “аав мод гоё ургасан байна, тиймээ” гэж ярьж байсан ба дараа нь хойно сууж байсан Динислам намайг “аав” гэж дуудах үед машин замын хашлагад дөхөж ирсэн.Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би ухаан алдсан байсан. Миний бие болсон явдалд маш их харамсаж, гэмшиж байна. Би зам тээврийн осол гаргасны улмаас том хүүгээ алдаж, сэтгэлийн зовлонд унасан. Надад маш хэцүү байна. Энэ бүхэн надаас болсон, миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Тухайн үед шүүгдэгч Х.Жийн жолоодож явсан **** УВХ улсын дугаартай “Honda Logo” маркийн тээврийн хэрэгсэл нь Увс аймгийн иргэн Ч.Бгийн нэр дээр бүртгэлтэй, Х.Жийн эзэмшилд байсан нь гэрч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Миний бие худ болох Б гэх хүнээс 2021 оны 5 дугаар сарын 15-ны үед **** УВХ улсын дугаартай автомашиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад Х.Жэд 1.500.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд би анх худалдаж авсан Бэд “би танаас авсан машиныг өөр хүнд худалдсан, та бичиг баримтыг нь сольж өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн машиныг Х.Жэд худалдах үед туслах хойд талын дугуйн стүвсний шарик эвдэрсэн байсныг сольж өгсөн. Машинд өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, хэвийн ажиллагаатай байсан. Мөн урд хоёр суудлын хамгаалах бүс хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/, гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Миний бие **** УВХ улсын дугаартай “Logo” маркийн хөх өнгөтэй суудлын автомашиныг М.М гэх хүнээс авах ёстой байсан 1.250.000 төгрөгийн авлагад тооцон авч, А.Жд 1.200.000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/, гэрч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Миний бие **** УВХ улсын дугаартай “Logo” маркийн хөх өнгөтэй суудлын автомашиныг 2021 оны 4, 5 сарын үед Увс аймгийн Ховд сумын иргэн Чойжилсүрэнгийн Б гэх хүнээс худалдаж авч, Н.Б гэх хүнд өгөх ёстой байсан 1.250.000 төгрөгийн өрөндөө өгсөн. Ч.Бгээс машин худалдаж авахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Тухайн үед Ч.Б нь мал төллүүлээд завгүй байгаа тул дараа дуудсан үед Баян-Өлгий аймагт ирж машиныг нэр дээр шилжүүлж өгье гэсэн. Түүнээс хойш би завгүй явсаар байгаад машиныг нэр дээрээ шилжүүлж амжаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”**** УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 4,5 сарын үед Баян-Өлгий аймгийн иргэн М гэх хүнд 1.200.000 төгрөгөөр худалдсан. Гэхдээ нэр дээр нь шилжүүлж өгч чадаагүй байгаа” гэх мэдүүлэг/хх-ийн 61-р тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Амь хохирогч Ж.Д нь миний хүү Х.Жийн төрсөн хүү бөгөөд би түүнийг багад нь албан ёсоор үрчилж авсан. Талийгаач хүү маань надаар овоглодог. Би хэдийгээр ач хүү Ж.Дийг үрчилж авсан ч талийгаач маань аав, ээжтэйгээ, бид бүгдээрээ хамт амьдардаг байсан. Хүүгээ алдсандаа харамсаж байгаа ч нэгэнт болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг учраас төрсөн хүү Х.Жэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, хүсэлтийг,

Шүүгдэгч Х.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н дэмжин оролцож, шүүгдэгч Х.Жэд хуулийн хөнгөлөлт үзүүлэн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 6 сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн Ч.Бгийн эзэмшлийн **** УВХ улсын дугаартай “Honda Logo” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а-д заасан ”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан төрсөн хүү Х.Дийн амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Х.Ж нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна. 

Гэтэл шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 6 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, 12.3/ “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ж.Дийн цогцост гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, авто ослын гэмтэл, гавлын суурь ясны хугарал, их тархины зүүн чамархай, дагзны дэлбэнгийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, дэлүүний няцарсан задрал, хэвлийн цус алдалт, шок, тархины дарагдал, няцрал, хаван, тархины эдэд эрс цус дүүргэлт, тэжээл хувирал. Хүзүү хоолойн урд хэсэгт бүхэлд хамарсан улаан хүрэн өнгийн зулгарсан цус хуралттай, зүүн мөрний дээд хэсэгт цээжний зүүн дээд хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралт зэрэг гэмтэл учирсан байх ба Ж.Д нь тархины битүү хавсарсан хунд гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон,

Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч Х.Жийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв.

Түүнчлэн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.Жийг зам тээврийн осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөнгөн зэргийг согтолттой байсныг тогтоожээ.

Иймд шүүгдэгч Х.Жийн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11-12 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Бгийн эзэмшлийн **** УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а, 12.3-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Ж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүү Ж.Дийн  амь насыг  болгоомжгүйгээр хохироосон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Ж.Дийн амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Х.Жэд холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Х.Жийг “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Жийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Х.Жийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас түүний хүү Ж.Дийн амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзэх бөгөөд хохирол, хор уршиг нөхөн сэргээгдэх боломжгүй.

Шүүгдэгч Х.Ж нь өөрийн төрсөн хүү амь хохирогч Ж.Дийг төрсөн эцэг Аы Хид үрчлүүлсэн нь тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Хийг тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт ”Х.Ж нь зам тээврийн осол гаргаж, болгоомжгүй байдлаар хүү Ж.Дийн амь насыг хохироосон тул надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.Д нь миний нэр дээр бүртгэлтэй ч бид бүгдээрээ хамт амьдардаг байсан, тэр бас Х.Жийн төрсөн хүү юм” гэж мэдүүлсэн, “Х” шатахуун түгээх станцад гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй талаар гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Жээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Жт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х “Болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг учраас хүү Х.Жт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч Х.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н дэмжин оролцож, шүүгдэгч Х.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Ж нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 166-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд болон шүүгдэгч Х.Ж нь гэмт хэргийн улмаас төрсөн хүүхдээ алдсан, ар гэрийн нөхцөл байдлын хувьд одоо эхнэр, бага насны 3 хүүхэд, өндөр настай эцгийн хамт амьдарч, тэднийг асран хамгаалдаг, тухайн ам бүлд Х.Жээс өөр ажил хийдэг хүн байхгүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Жт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Х.Жэд  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 

Шүүгдэгч Х.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Х.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас

өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн  гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Х.Жээс  гаргуулах хохирол төлбөргүй зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.5-д заасантай тус тус нийцжээ.

Иймд шүүгдэгч Х.Жийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, ял шийтгүүлсэн зүйл, хэсэг зэргийг тус тус харгалзан үзэж, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн өршөөлд хамруулан, шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Х.Жийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Х.Жт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, чөлөөлөх зохицуулалт Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд байхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч  Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Жт оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэснээр түүнийг цагдан хорих үндэслэл бий болоогүй тул шүүгдэгч Х.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш- ургийн овогт Хийн Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жт оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, хэргийн хамт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар  оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч М.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.Б