Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00005

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Э.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамалд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Э.Т надад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 3 дугаар хороонд 30х20=600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосныг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний эзэмших эрхийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бичиж олгохыг Эрдэнэбулган сумын газрын даамалд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Э.Т миний бие Эрдэнэбулган сумын эрх бүхий албан тушаалтанд газар олгож өгнө үү гэсэн өргөдлөө гаргаж улмаар Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар 30х20=600 м2 газар эзэмших эрхтэй болсон юм. Тухайн үед сумын газрын даамал нь энэ  газартаа хашаагаа барьчих, тэгсний дараа газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг чинь бичиж өгье гэж хэлж байсны дагуу манай гэр бүлийнхэн 2017 онд газрын даамлын зааж өгсөн хэмжээгээр хашаа барьсан юм. Ийнхүү миний бие Эрдэнэбулган суманд газар дээрээ хашаа барьсан гэсэн бодолтойгоор Улаанбаатар хотод оюутан болж сурч байтал 2018 оны эхээр миний барьсан хашаанд өөр хүмүүс байшин барьж эхэлсэн мэдээлэл миний бие авсан. Энэ талаар юу болсныг Эрдэнэбулган суманд байдаг ээжээсээ тодруулахад сумын газрын даамал өөрөө өргөдөл бичээд энэ газартай ойролцоо өөр газар өгнө гээд ээжээр чинь гарын үсэг зуруулаад явлаа гэх зүйлийг ярьсан. Тэгэхэд миний бие “би энэ газрын эзэмших эрхтэй хүн байтал яагаад та гарын үсэг зурдаг юм бэ” гээд өөр бусад хүнд миний эзэмшиж байгаа газрыг олгосон талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр байгаа эсэхийг тодруулахаар сумын ЗДТГ-т удаа дараа хандсаны үндсэн дээр Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/364 дугаар албан бичгээр миний эзэмших эрх үүссэн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дугаар сумын Засаг даргын захирамж хүчинтэй хэвээр байгаа гэсэн хариу өгсөн. Тэр миний барьсан хашаанд байшин барьсан гэх хүмүүс болох Ш.М, түүний нөхөр С.Д нар нь Эрдэнэбулган Засаг даргын орлогч Б.Э-аар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамж гаргуулж хавсралтаар Э.Т надаас Ш.М-д 700 м2 газрыг шилжүүлсэн мэтээр хуурамч баримт бичиг үйлдсэнийг олж мэдсэн. Иймд Э.Т надад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 3 дугаар хороонд 30х20=600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосныг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний эзэмших эрхийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бичиж олгохыг Эрдэнэбулган сумын газрын даамалд даалгаж өгнө үү” гэв.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Ш.М нь энэ оны 5 дугаар сард хашаанд барьсан байшингаа буулгаж авах талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул бидний зүгээс энэ хугацааг хүлээх боломжтой нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын газрын  даамал  Ө.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Эрдэнэбулган сумын газрын даамал Ө.У нь Э.Т-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар 30х20=600 м2 газрыг сумын 4 дүгээр баг, 3 дугаар хороонд өмнө ажиллаж байсан газрын даамал болох Б.Н олгосон байна. 2017 онд миний бие газрын даамалаар ажилд ороод 5 дугаар сард иргэдийг газар дээрээ хашаа барих мэдэгдэлийг хүргүүлэн ажилласан. Үүний дагуу Э.Т нь газар дээрээ хашаа барьсан байсан. Энэ газар нь Ш.М-д давхар олгосон байсныг тухайн үед мэдээгүй. Ш.М-д Э.Т-ын ээж Н нь шилжүүлэх өргөдөл гаргаж улмаар гэрчилгээ бичиж олгосон байсан. Ш.М нь тухайн газар дээрээ байшингийн торх өрж барьсан. Ш.М-д шилжүүлсэн гэх 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/15, А/16 дугаар сумын Засаг даргын орлогчийн захирамжийг сумын Засаг дарга П.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Эрдэнэбулган сумын газрын даамал би Э.Т-д гэрчилгээ бичиж олгоё гэхэд Ш.М нь би хохирч үлдэх гээд байна гэж гомдол гаргасан. Иймд энэ хоёр иргэн зөвшилцөж зохицвол миний зүгээс газрын гэрчилгээг гаргаж өгөх боломжтой байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.Т-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би тус сумын Засаг даргын Тамгын газрын даамалд газар эзэмших хүсэлт тавьсанаар 2017 оны 2 дугаар сарын эхээр газрын даамал намайг дуудсан тэгээд очиж уулзахад газрын даамал надтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Би тухайн үед уг газрыг өөр бусдынх гэдгийг мэдээгүй тул уг маргаанд оролцох хүсэлгүй байна. Газрын даамал нь энэхүү газрыг надад эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил газартай давахцуулан олгосноор маргаан үүссэн байна. Энэ талаар холбогдох хүмүүстэй уулзахад сумын Засаг дарга болон газрын даамал нь “нэгэнт өмнөх газрын даамлын буруугаас ийм асуудал болсон байна таныг бид хохироохгүй танд өөр газар олгож өгье” гэсэн тул би сумын газрын даамал, сумын Засаг дарга нарын хүсэлтийг зөвшөөрч Э.Т-ын гэх газрыг чөлөөлж өгнө. Харин уг газар дээр барьсан торхоо урин дулаан болсон үед буюу 2020 оны 05 дугаар сард буулган авах хүсэлтэй байгааг минь анхаарч, намайг ийм боломжоор хангаж өгөхийг нэхэмжлэгч талд даалгаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Э.Т нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамалд холбогдуулан “Э.Т надад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 3 дугаар хороонд байршилтай 600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосныг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний эзэмших эрхийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бичиж олгохыг Эрдэнэбулган сумын газрын даамалд даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

1. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны А/79дүгээр захирамжаар иргэн Э.Түвшинтулгад Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 3 дугаар хороонд байршилтай 600 м.кв газрыг гэр бүлийн хэргцээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч  /ХХ-6 хуудас/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогчийн 2017 оны А/16 дугаар захирамжаар иргэн Э.Т-аас Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 3 дугаар хороонд байршилтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр  олгогдсон эрхийг иргэн Ш.М-д шилжүүлжээ. /ХХ-7 хуудас/

2. Улмаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны А/79 дугаар захирамжаар иргэн Э.Т-д Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 3 дугаар хороонд байршилтай 600 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон эрхийг Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамжаар иргэн Ш.М-д шилжүүлсэн шийдвэрийг Эрдэнэбулган сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө.... өөрчлөх, хүчингүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

3. Харин тус сумын газрын даамал  нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад хуульд заасан  үүргээ хэрэгжүүлж зохих ёсны ажиллагааг гүйцэтгэхээс татгалзсан эс түйлдэхүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн  сумын газрын даамал ...тухайн иргэнтэй ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн, газрын даамлын зохих ёсоор үүргээ хэрэгжүүлээгүй явдал нь /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, буруутай албан тушаалтны үйл ажиллагааны улмаас  иргэн Э.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн нь  нотлогдож байх тул  Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 3 дугаар хороонд байршилтай 600 м2 газрыг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Э.Т-тай эзэмших эрхийн гэрээ байгуулж, түүнд гэрчилгээг олгон, улсын газрын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Эрдэнэбулган сумын газрын даамалд даалгаж шийдвэрлэв.   

4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д” Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно ...”  гэх заалтыг зөрчин иргэн Э.Т-ын газар эзэмших хууль ёсны эрхийг бусдад буюу Ш.М-д шилжүүлсэн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр  буюу Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч даргын 2017 оны А/16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас  гуравдагч этгээд Ш.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөөгүй гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан Эрдэнэбулган сумын газрын даамлын газар эзэмших эрхийн гэрээ байгуулж,  гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Э.Т-д Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжийг үндэслэн  Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг 3 дугаар хороонд байршилтай 600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ  олгон, улсын бүртгэлд бүртгэхийг Эрдэнэбулган сумын газрын даамал Ө.У-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж  иргэн Э.Т-д олгсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН