Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/035

 

 Д.Гд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 311 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №12 дугаар эсэргүүцлээр Д.Гд холбогдох эрүүгийн 1814000730057 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сартуул овогт Д.Г, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй,

Д.Г нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Д.Г нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шинжээчийн 1. Б.Дн биед баруун VII, VIII дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи болон алимны салстад цус хуралт, дух хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 3-н удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх баруун VII, VIII дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Харин тархи доргилт, баруун дээд зовхи болон алимны салстад цус хуралт дух хамарт зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан байхад яллах дүгнэлтэд хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан талаар дурдаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан “...учруулсан хохирол”-ыг тусгана гэснийг зөрчсөн, мөн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор Д.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт “2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Д.Г нь Б.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул” гэсэн атлаа Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан зөрчил гаргасан байна.

Мөн шүүгдэгч Д.Гд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ унины модны тайрдас шилбүүрийг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байхад уг хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шилбүүрийг эд мөрийн баримтаар хураагаагүй байх тул уг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу хураан тооцож, хавтаст хэрэгт бэхжүүлэх зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №12 тоот эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж дараах байдлаар үндэслэл муутай болсон.

1. Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулахдаа яллагдагч нь нэг удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүдийг учруулсан тул аль хүнд зэргийн гэмтэл учруулсанаар нь тухайн хэргийг зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтэл тус бүрээр хэргийг зүйлчлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан талаар нэг бүрчлэн бичсэн. Өөрөөр хэлбэл ямар гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан, ямар гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичсэн болно.

2. Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай тогтоолын Олсон нь хэсэгт Д.Г нь Б.Дг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан талаар бичсэн боловч харин тогтоолын тогтоох хэсэгт “хөнгөн хохирол учруулсан” гэж алдаатай бичсэн нь тогтоогдож байх боловч хэргийг зүйлчлэх, шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд уг алдааг шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

3. Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч Б.Дтай сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад унины модны тайрдас шилбүүрийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааг хийх шаардлагагүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Д.Г нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Гичгэнэ” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дг зодож биед нь баруун VII, VIII дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи болон алимны салстад цус хуралт, дух хамарт зулгаралт буюу хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №126 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 22-23-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” хэмээн хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Д.Г нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцээгүй байгаа болно.

Мөн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №60 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 31-р тал/-ын “Олсон нь”, “Тогтоох нь” хэсгүүд хоорондоо эрс зөрүүтэй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт бусад эд зүйлийг тооцно” хэмээн заасан бөгөөд Д.Г нь тухайн гэмт хэргийг үйлдэж хохирогчийн биед гэмтэл учруулахдаа модны тайрдсаар хийсэн шилбүүрийг ашигласан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байхад уг зүйлийг эд мөрийн баримтаар хураан аваагүй нь буруу буюу прокурорын эсэргүүцэлд гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад эд мөрийн баримтыг хураан авах шаардлагагүй хэмээн дурдсанчлан эд мөрийн баримтыг хураан авахгүй байх хуулийн боломжгүй юм.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №311 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны №12 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ