| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0101/Э |
| Дугаар | 175/ШЦТ/106 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 175/ШЦТ/106
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Ө.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2131000000124 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг Дулаан Зөрлөг гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *******ийн *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.******* нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 49-р Точик гэх газар өөрийн эзэмшлийн 70-95 СЭА улсын дугаартай “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг үйлдэхдээ:
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 -д заасан: “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчин харанхуй үед орчны байдлыг шалган анхаарал сэрэмжтэй хөдөлгөөн эхлээгүй сэрэмж алдсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан: “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин Л.Эрдэнэцэцэгийг дайрсны улмаас түүний эрүүл мэндэд хуйхны язарсан шарх, хуйхны гавал яснаас салалт, хуйхны зөөлөн эдийн хий хуримтлал бүхий хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.******* өгсөн мэдүүлэгтээ: “Сумын эмнэлэгт анх хүргэж өгсөн. Нийт 250,000 төгрөг өгсөн. Дахиад мөнгө өгье гэхэд авахгүй гэсэн. Олон согтуу хүмүүс ирсэн. Олон нялх нойтон хүүхэд байсан тул өвөлжөөнд очиж уу гэсэн. Нилээд согтуу байсан тул та нар яв, харь гэж хэлсэн. Уух чадвартай хүн байгаагүй. Болорцэцэг их согтуу байсан тул хүргэж өгье гээд гарсан юм. Тухайн үед Отгонбаяр намайг уу уу гээд 3 хундага уусан.” гэжээ.[1]
2. Хохирогч Л.Эрдэнэцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт хонь авахаар зүс таньдаг Отгонбаяр, Болороо нар 17 цагийн үед ирсэн. 0.5 литрийн архи гарган бид дөрөв уусан. Манай нөхөр Гансүх ууж байгаад ******* ахынд зарах хонь байгаа явъя гээд хамт явцгаасан. ...******* ахынд нэг шил архи задлах шиг болсон би тасраад унасан байсан.Тэгээд би тэдний гэрт сэрсэн. ...бие засах гээд гарч явснаа санаж байна. ...тэрнээс хойш дахиад тасраад унасан юм шиг байна. ...Дахиад сэрэхдээ би ******* ахын өвөлжөөний дэргэд сэрэхэд миний толгой дээгүүр нэг л юм дайраад явчих шиг болсон. ...тэгээд би босоод хартал ямар машин гэдгийг нь мэдээгүй ******* ахын гаднаас машины арын гэрэл асаалттай доошоо уруудаад явсан тэр үед би толгойгоо бариад үхэж болохгүй шүү гээд ******* ахын гэр рүү мөлхөж байснаа санаж байна. ...тэгээд би ухаан алдсан байсан нэг сэрэхэд зөндөө хүмүүс ирсэн байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.Ариунжаргалын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрдэнэцэцэгийн биеийн байдал хүнд, толгойн хуйх нь нилэнхүйдээ ярагдчихсан, нүдний доод хэсэгт зүсэгдсэн шархтай, толгойноос нь цус гоожиж байсан. Зүүн гарын тохой хэсэгт мөн зүсэгдсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ш.Отгонбаярын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..би Гансүх ах Цэцэгээ эгч хоёрыг хүргэж өгөхөөр болсон боловч Цэцэгээ эгч явахгүй гээд байсан бөгөөд Гансүх ах охин гэрт ганцаараа байгаа явахгүй бол болохгүй гээд байхаар нь би Цэцэгээ эгчийг орхиод Гансүх ахыг хүргэж өгөхөөр явсан. ...Гансүх ахыг хүргэж өгчихөөд ирэхэд ******* ахын машин нь байхгүй байсан. ...үүднийх нь амбаарт Цэцэгээ эгч шалан дээр хэвтсэн байдалтай нүүр хэсэг нь битүү цус болсон хуйх хэсэг нь хойшоо ярагдчихсан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Сүхээ ахын машин манай гэрийн гадаа байхаар нь очиж энэ талаар хэлсэн. ...буцаад ирэхэд Цэцэгээ эгч ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байсан. ...Цэцэгээ эгчээс юу болчихов гэхэд ******* ахын машин хөдлөхөд дайрагдчихлаа гэж хэлж байсан. ...Тэгээд бид нар сумын эмнэлэгт дуудлага өгсөн. ...гэрт орсон хойноо ******* ах хүн дайрчихсан байна одоо яана аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч П.Гансүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаяр, манай эхнэр Цэцэгээ бид гурав гэрээс түрүүлж гарсан...гарахад манай эхнэр би явахгүй, энд хонолоо гэхээр нь за тэг тэг би харьж хүүхдээ харж хоноё, чи өглөө эрт ирнэ байх гээд Отгонбаяртай хамт гэр рүүгээ явсан...Цэцэгээ буцаад Сүхээ ахын үүдний амбаар луу орж байхаар нь би түүнийг цаашаа орсон гэж бодоод явсан...би гэртээ хариад хэвтэх гэж байтал Отгонбаяр буцаж ирээд Цэцэгээ эгч аймар болчихсон хуйх нь ярагдаад нил цус нөж болчихжээ гэхээр нь айж сандраад очиход үүдний амбаарт дээшээ хараад хэвтчихсэн ойртож харахад үснийх нь хуйх тэр чигээрээ ярагдчихсан байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Ж.Ичинхорлоогийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Болороо агсан шинжтэй байгаад байхаар нь гэрт нь хүргэж өгөхөөр болоод хүргэж өгөөд явж байтал Отгонбаяр араас сигналдаж дуудаад байхаар нь уулзахад Цэцэгээ эгчийн хуйх нь ярагдчихсан байна гэхээр нь очиход үүдний амбаарт цустайгаа холилдчихсон хэвтэж байсан...эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Г.Болорцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаяр, ******* ах хоёр л арай гайгүй байсан... Гансүх ах, Цэцэгээ эгч, Ичинхорлоо эгч бид нар нилээн согтсон...Цэцэгээ эгч анх уулзахдаа л архи уучихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг[7],
8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 255 дугаартай “...1. Л.Эрдэнэцэцэгийн биед хуйхны язарсан шарх, хуйхны гавал яснаас салалт, хуйхны зөөлөн эдийн хий хуримтлал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8],
9. Таван тунамал ХХК-ны шинжээч Ч.Жамбалсамбуугийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 07 дугаартай “...Ө.******* нь 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдлөх үйлдэл хийхдээ иргэн Л.Эрдэнэцэцэгийг гэмтээсэн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэх үндэслэлтэй юм. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан: “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчин харанхуй үед орчны байдлыг шалган анхаарал сэрэмжтэй хөдөлгөөн эхлээгүй сэрэмж алдсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан: “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож дээрх Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт[9],
10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 03 дугаартай “...Ө.******* гэж хаягласан цусанд 1.5 промили спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[10],
11. Шинжээч Т.Насанжаргалын “...Л.Эрдэнэцэцэг нь тухайн гэмтлийг авсан үедээ хөдөлгөөн хийх боломжтой.” гэх дүгнэлт[11], 12.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 14.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл[14], 15.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[16], 17. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[18], 19.Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[19], 20.Хувийн байдал тогтоосон баримт[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21],22.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол[22] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Л.Эрдэнэцэцэг нь “Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол 200,000 төгрөг авсан” гэснийг үндэслэн шүүгдэгч Ө.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ө.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ө.*******ад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэхүү хэрэгт Ө.*******ын эзэмшлийн 70-95 СЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчууд овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Энэхүү хэрэгт Ө.*******ын эзэмшлийн 70-95 СЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч нь буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ