| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 184/2017/01007/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 340
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багт оршин суух, Оточ овгийн Пүрэвдаваагийн Пүрэвдуламын нэхэмжлэлтэй,
Хууль бусаар цагдан хоригдсон болохыг тогтоолгож, төрөөс 22128800 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч С.Дуламсүрэн, хүсэлт гаргагч П.Пүрэвдулам, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, төрийг төлөөлж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэвдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр О.Самбуу-Ёндон нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барж, 3-20 насны 4 хүүхэдтэй үлдэж, өрх толгойлсон эмэгтэй болсон. Нөхрийн маань нас барах гол шалтгаан нь үндэслэлгүйгээр олон хоног цагдан хоригдсоноос болж уушигны өвчтэй болж улмаар хавдар болж нас барсан. Нөхөр маань 122 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. Талийгаач нөхрийнхөө үндэслэлгүйгээр цагдан хоригдсон болон бусад зардалд гарсан нийт 22128800 төгрөгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын байгууллага буюу төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай шүүхэд хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач О.Самбуу-Ёндонг эрүүгийн хэрэгт шалгаж сэжигтнээр татах болсон үндэслэл юу юм бэ? Энэ хүний хэрэг цагаатгагдсан байгаа ч хэргийн мөрдөн байцаалтанд шалгах үед сэжигтнээр тооцох, сэжигтнээр тооцсоны дараа яллагдагчаар татах нөхцөл бүрдсэн байсан. Хэрэг гарсан өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг Төрийн ордны орчимд тодорхой шийдвэр гаргуулахаар бүлэг этгээдүүд буу шийдэм агсаж энэ хэргийг үйлдсэн. Энэ үед талийгаач О.Самбуу-Ёндон идэвхтэй оролцсон. Энэ үйлдэл нь түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татах үндэслэл болсон. Ийм үндэслэлүүд байгаа учраас талийгаач О.Самбуу-Ёндонг яллагдагчаар Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3, 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар яллагдагчаар тооцож, 4 сарын хугацаанд цагдан хорьсон байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнээр тооцсон үндэслэл шалтгаан хангалттай тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлийн 177.2, 149 дүгээр зүйлийн 149.3-т заасан үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ийм учраас үндэслэлгүйгээр цагдан хоригдсныг тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Цагдан хоригдсон 123 хоногоор тооцож байна. Тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм. О.Самбуу-Ёндон 192000 төгрөгийг 123 хоногийн хугацаанд олох байсан уу? гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Өмгөөлөгчийн зардал 2000000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар тогтоож, гаргуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Пүрэвдулам нь Хууль бусаар цагдан хоригдсон болохыг тогтоолгож, төрөөс 22128800 төгрөг гаргуулах-ийг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Пүрэвдулам нь хүсэлтийн шаардлагаа Үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хугацааны хохирол 17128200 төгрөг, бусад зардалд 5000000 төгрөг гэж тодруулсан.
Хүсэлт гаргагч П.Пүрэвдулам нь талийгаач О.Самбуу-Ёндонгийн хууль бусаар цагдан хоригдсоны хохирлыг шаардах эрхтэй болох нь 1996 оны 07 дугаар сарын 04-ны өдөр бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
О.Самбуу-Ёндон нь Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3, 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэгдэн нийт 122 хоног цагдан хоригдсон болохыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр 21-ний өдрийн 126 дугаар тогтоолоор тогтоож, уг тогтоолыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 297 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр 21-ний өдрийн 126 дугаар тогтоолоор О.Самбуу-Ёндонг цагаатгасан тул түүнд учирсан хохирлыг төрөөс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Пүрэвдулам нь О.Самбуу-Ёндонг 122 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гээд цагдан хоригдсон 1 өдрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгөөр тооцон 17128200 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хэрэгт О.Самбуу-Ёндонгийн 2012-2016 онд авсан хөдөлмөрийн хөлсний талаарх нотлох баримтаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг гаргаж өгсөн ба Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Самбуу-Ёндонгийн цагдан хоригдсон хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээгээр тооцон төрөөс гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. О.Самбуу-Ёндонгийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тооцохдоо цагдан хоригдохын өмнөх 3 сарын буюу 2013 оны 06, 07, 08 дугаар саруудад авч байсан хөдөлмөрийн хөлсний дундажаар тооцоход 1 сарын 563480 төгрөг, 1 өдрийн хөдөлмөрийн хөлс нь 26208 төгрөг байна. О.Самбуу-Ёндонгийн хууль бусаар цагдан хоригдсон 122 хоногт тооцогдох хөдөлмөрийн хөлсийг 3197421 төгрөг гэж тооцож, төрөөс гаргуулан хүсэлт гаргагчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд О.Самбуу-Ёндонгийн цагдан хоригдсон 1 өдрийг 192000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа талаар тайлбарласан ч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан журмаар нэмэгдүүлээгүй болохыг дурдав.
Хүсэлт гаргагч П.Пүрэвдулам нь өмгөөлөгчийн зардал 5000000 төгрөгийг шаардсан ба өмгөөлөгч Б.Манлайжав, Б.Энхтуяа нартай байгуулсан гэрээ, төлбөр төлсөн тасалбар хэрэгт авагдсан байх тул хууль зүйн туслалцаа авсан хөлс 5000000 төгрөгийг хүсэлт гаргагчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Самбуу-Ёндонг 122 биш 123 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч О.Самбуу-Ёндонг 122 цагдан хоригдсон болохыг тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Самбуу-Ёндонгийн хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлс 3197421 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 5000000 төгрөгийг хүсэлт гаргагч П.Пүрэвдуламд олгох, уг мөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын тусгай сангаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Монгол улсын Засгийн газрын тусгай сангаас О.Самбуу-Ёндонгийн үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хугацааны цалин болох 3197421 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5000000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13931379 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Т.БАДРАХ