| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0100/Э |
| Дугаар | 175/ШЦТ/107 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 175/ШЦТ/107
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2131001400109 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******ын *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 65-63 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай Б.******* нь тээврийн хэрэгслийн ачаан дээрээс унан нас барж, хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1-р багийн нутаг дэвсгэрт 65-63 СЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг үйлдэхдээ: Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 23.1. “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай Б.******* нь тээврийн хэрэгслийн ачаан дээрээс унан нас барж, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүнээс мөнгө авах гээд очоод буцахдаа хүүхдээ унагаасан. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2 км орчим газар явсан юм” гэжээ.[1]
2. Хохирогч Г.Цэрэнмаралын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 24 минутын үед ээж Дэлгэрмаа 95379644 тоот дугаарын утаснаас миний 80800494 дугаар луу залгаад “Хүүхэд машин дээрээс уначихлаа, ам хамраас нь цус гараад байна хурдан наашаа гар” гэж хэлсэн. “Тэгэхээр нь би хэн нь бэ?” гэхэд “*******” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгч Ургамалцэцэгт “******* унасан гээд ээж ярилаа” гэж хэлээд эгч Нарантуяаг цэргийн ангиас нь аваад нэгдсэн эмнэлэг ороод алсын дуудлага өгсөн. Тэгээд ээж дахиж залгаад “хурдан ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд Дарханаас Ургамалцэцэг, Наранмандах, Нарантуяа нарын хамт Хушаат /Энхтал/-руу гарсан. Тэгтэл Дарханы нэгдсэн эмнэлгийн 103-аас Нарантуяа эгч рүү залгаад “эмнэлэгт очсон юм уу, хамт байгаа хүн эсвэл эмчийнх нь утсыг өгчих, биеийн байдал ямар байгааг лавлая” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дахиж 103-аас залгаад “Эмнэлэгт ирэхдээ зүрх нь зогссон байсан байна. Нас барсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид 4 Хушаатад ирээд ээжтэй уулзахад “Амжсангүй ээ” гэж хэлж байсан. Надад ээж хэлэхдээ “Аръяа, ******* 2 өвөөгийнхөө машины ачаан дээр сууж явж байгаад *******ыг унагачихлаа” гэж хэлсэн. ******* бол 8 сартайгаасаа хойш тогтмол эмээ, өвөө хоёр дээрээ байсан. ******* байранд байж чаддаггүй, их хөдөлгөөнтэй бас ковидтой байгаа болохоор гадагш гаргаж чаддаггүй учир энд байдаг юм. Талийгаач маань Б.******* өвөөдөө их хайртай байсан, хаана л өвөө нь байна тэнд дагаж явдаг байсан. Аръяа 1, нас 2 сартайгаас хойш энд байгаа юм. ******* эмнэлгийн хяналтад байгаагүй. Суурь өвчин байхгүй. Ер нь бол хоёр хүүхэд багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн юм. Тухайн үед би нөхрийн хамт “Бүрдэл майнинг” гэдэг уурхайд 20 өдөр ажиллаж, 10 өдөр амардаг хэлбэрээр ажил хийдэг байсан тул өвөө, эмээд нь харуулдаг байсан. Тэгээд би 2020 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан, бас манайх Улаанбаатар хот руу нүүсэн болохоор 2 хүүхдээ авахаар Дарханд ирсэн боловч ковид гээд хөл хорио тогтоосон. Би Аръяа, талийгаач хоёрыг 2021 оны 02 дугаар сарын эхээр Дарханд эгчийндээ авч ирсэн юм. Тэгтэл ******* маань “байрнаас гармаар байна, өвөө эмээ дээрээ очмоор байна. Хонь хагалж идмээр байна” гэх зэргээр байнга яриад байсан учир өвөө, эмээ хоёр нь 2 дугаар сарын сүүлээр ирээд аваад явсан юм. Б.******* нь манай ээж Дэлгэрмаатай 2005 оноос гэр бүлийн харилцаатай болоод амьдарч байгаа. Их даруу төлөв, дөлгөөхөн хүн. Архи бол нээх их уудаггүй хүн юм. Надад гаргах санал хүсэлт байхгүй байна...”гэх мэдүүлэг[2],
3. Насанд хүрээгүй гэрч Б.Аръяагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмээ өвөөг Доржбатаас мөнгө аваад ир гэсэн. ...******* гэрээс гараад өвөөгийн машин дээр гарахаар нь би бас гарсан. ...Тэгээд өвөө машинаа бариад худаг дээр очоод Доржоо ахаас мөнгө авсан. ...Тэгээд буцаж явахдаа өвөө яаруу явсан...өвөөгийн машин эргэж байхад ******* машины ачааны урд хэсгээс барьж байснаа тавиад хойшоо явсан. Тэгээд өвөө гэрийн үүдэнд зогсоход би хойшоо харахад *******ын цамц нь газар унасан юм шиг харагдахаар нь би өвөөд хэлэхэд өвөө бид хоёр яваад очиход *******ын ам хамар хоёроос цус болчихсон хөдлөхгүй байсан...тэгээд өвөө *******ыг тэврээд гэрт ороод эмээгийн хамт эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч З.Дэлгэрмаагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр өөрийн эзэмшлийн 65-63 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гарсан. Тэгээд удалгүй бага зээ болох Б.*******ыг тэврээд орж ирсэн. Юу болсон "алаар асуутал машины тэвшин дээр байж байгаад замын эргэлтэн дээр уначихлаа гээд тэврээд ороод ирсэн юм...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ө.Доржбатын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“ “...******* ах өөрийнхөө цэнхэр өнгийн портертой машины тэвшин дээр хоёр зээ нь тэвшний урд талаас барьсан байдалтай зогсоод явж байсан” гэх мэдүүлэг[5],
6. Мөнгөн хүлэг авто сургуулийн багш шинжээч С.Оюундэлгэрийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 27 дугаартай "...Б ******* нь 65-63 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхад тухайн тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан 5 настай Б.******* нь унаж нас барсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 23 хүн тээвэрлэх: 1.Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, 23.9. дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт .../энэ дүрмийн 23.2, 23.3 -т зааснаас бусад тохиолдолд/ 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МЫ5 130 13216 стандарт шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байршуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална" гэх заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт[6], 7. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 31 дугаартай “талийгаач нь дээрх гэмтлийг авах үедээ нас барсан. ...суурь ясны хугарал нь үхлийн шалтгаан болно...” гэх дүгнэлт[7], 8.2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2604 дугаартай “...Б.******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[8], 9. Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Г.Цэрэнмарал нь “Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.*******т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолж, түүний 571481 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолж, түүний 571481 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ