| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0071/Э |
| Дугаар | 175/ШЦТ/109 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 175/ШЦТ/109
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч П.*******,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2031002950195 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, *******гийн *******, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч П.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтуугаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр 06-95 СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ иргэн З.Хуланг дайрч, амь насыг нь хохироосон ба дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтуугаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр 06-95 СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ иргэн З.Хуланг дайрч, амь насыг нь хохироосон ба дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “...Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Хохирлын хувьд шүүхийн шийдвэрийг харна..” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад ээж нь ирээд хэлэхдээ: Зам дээр очоод хэвтэх хэмжээний согтолттой байгаагүй гэж хэлсэн. Миний хүү сайхан охины амь насыг хохироосон. Надад хэлэхдээ миний нүдний үзүүрт эмэгтэй хүн байсан гэж ээждээ хэлсэн байсан. Чи эргээд хайсан юм бол яагаад хараагүй юм бэ? Би өглөө нь хайхад цамцны тасархай олдсон. Өдийд миний охин ээждээ харагдаад байж байх байсан. Хөхнөөсөө гараагүй нялх хүүхэд үлдсэн. Хоёр хүүхэд нь өдөр болгон ээжийгээ нэхээд байдаг. Үнэхээр их гомдолтой байна. Эдийн засгийн хувьд маш их хохиролтой байна. Цалингийн зээлтэй байсан. Үүнийг нь бид нар төлөөд л явж байна. Надтай нэг ч удаа энэ хүмүүс утсаар яриагүй. Үнэхээр хэцүү байна. Хуульд юу гэж заасан байна түүгээр нь шийдэх байх. Та нар бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгээд гараад ирнэ. Гэтэл миний охин шороон дор байна. Надад үнэхээр хэцүү маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн 202 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө үүрээр 06 цаг 05 минутанд Цагааннуур сумын эмнэлгээс над руу утсаар яриад “Хулангийн ээж мөн үү?” гэхээр нь “мөн байна” гэсэн чинь “манай ажлын урд******* урд шөнө осолд орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Отгонжаргалын хамт өөрийнхөө автомашинтай Цагааннуур сум руу гараад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг өнгөрч байхад осол болсон газар дээр шууд ирсэн. Тэгэхэд уг газар цагдаа нар ирчихсэн, үзлэг хийгээд байж байсан. Миний хувьд болсон хэргийн талаар бол мэдэхгүй. Хэрэг болох үед З.Хулангаас тусдаа амьдарч байсан.Ямар ч байсан автомашинд дайруулсан гэдэг ойлголттой байна. Би осол гаргасан жолоочид гомдолтой байна. Осол гаргачихаад миний охиныг зам дээр нь орхиод явсанд эвлэрч чадахгүй байна. Би нийт 26,607,846 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай талийгаачийн ажил явдал дээр нэг эмэгтэй ирж уулзсан. Тэгээд “уучлаарай, энэ сайхан охиныг миний хүү амь насыг нь бүрэлгэчихлээ” тэгээд 2 хүүхдийг нь өнчрүүлчихлээ гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд би тэр хүнийг манай охин З.Хуланг дайрсан хүн юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр хүн ажил явдалд нь хэрэглээрэй гээд бэлнээр 1,000,000 төгрөг, нэг бяруутай өгсөн. Манай охиныг дайрсан жолоочийн талаас манай охиныг дайрсан жолоочийн талаас манай охиныг нөхөртөө зодуулдаг, гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан мэтээр яриад байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Талийгаач З.Хулан нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой нас барсан. Үүнтэй холбоотойгоор дараахь мөнгөн хохирол учирсан. Үүнд:
1. Оршуулгын зардалд нийт 14,248,915 төгрөг;
2. Талийгаач З.Хулан нь “Гялс” төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 600,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд би үүнийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 634,520 төгрөгөөр төлж хаасан;
3. Талийгаач нь “Баянмөнх хаан” ломбардаас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөгийн зээл авсан байсныг би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 262,500 төгрөгөөр төлж хаасан;
4. Талийгаачийн “Төрийн банк”-наас авсан байсан цалингийн зээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 365,000 төгрөг төлсөн. Одоо 10,712,911 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
5. Өнөөдөр мэдүүлэг өгөхөөр Түшиг сумаас аймгийн төвд ирсэн бензиний мөнгө 19,000 төгрөг болсон. Ийм учраас осол болсон жолоочоос 25,877,846 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.Болдбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр Нүрзэд эмнэлэгт ажилладаг. Ууганаа,*******, Цэндээ бид хэд Цэндээгийн гэр рүү явсан. Тэгээд бид 5 авсан архиа хувааж уугаад сууж байтал 21 цаг өнгөрч байхад талийгаач******* гэрээсээ гараад явсан.*******гийн нөхөр Цэндээ гарч яваад буцаж орж ирсэн. Тэгээд бид нар “яасан” гэсэн чинь “манай эгч яг ард байдаг, тэдний гэр рүү орсон юм шиг байна” гэсэн. Ууганаа манай эхнэр Нүрзэд бид 2 гэр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Ууганбаярын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Золжаргалын утсанд дуудлага ирээд “манай ах ******* “машин “Ник” шатахуун түгээх станцын хажууд жалга руу орсон байна, татаад өгөөч” гэж байна” гэхээр нь бид 2 хамт очоод цэнхэр өнгийн Портер-2 маркийн 06-гаар эхэлсэн, сайн санахгүй байна машиныг татаж дийлэхгүй байсан болохоор би Найдан ах руугаа 23:00 цагаас 00:00 цагийн хооронд гэж санаж байна яриад том түлшний машинаар татаж гаргуулсан чинь ******* ах жалганаас гараад бид нартай юм ярихгүй шууд машинтайгаа “Ник” шатахуун түгээх станцын хойд талд байдаг “Элгэмсэг” хотхоны зүүн талаар тойроод төв замаараа баруун зүг рүү яваад өгсөн. Тэгээд Золжаргал татлагаа авах гээд бид 2 араас нь явтал гүйцэхгүй байсан ба ******* хурдтай давхиад яваад өгсөн. Тэгэхээр нь зогсоод “Залуус” хотхоны замаар явж байгаад зүүн зүг рүү эргээд төв зам руу явж байтал машины гэрэлд зам дээр хэвтсэн байдалтай хүн байх шиг байхаар нь нь бид 2 лавшруулан ойртож хартал эвгүй байдалтай хүн зам дээр хэвтэж байхаар нь шууд эмнэлгийн гадаа ирэхэд Золжаргалын ээж Нүрзэд, аав Хуягаа нар ирсэн. Тэгээд эмнэлгийн гадаа эмчийг 30-40 минут хүлээж байгаад 3олжаргалын аав Хуягаа цагдаа дуудлаа гээд явсан. Тэгээд Золжаргал бид 2 эмчийг ирэхэд хамт хэргийн газар руу явсан. ...Золжаргал бид 2 очоод машин холбож байхад ******* нь Золжаргалыг “машиныхаа гэрлийг унтраа, гэрэлгүй татаад гаргачих” гээд сандарсан байдалтай хэлж, ярьж байсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Б.Золжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ах ******* нь 99500907 гэсэн дугаарын утаснаас над руу залгаад “миний машин “Ник” шатахуун түгээх станцын баруун талд нүхэнд орчихлоо, татаад өг” гэж хэлсэн. Тэгээд Ууганбаяр бид 2 очоод татаж гаргах гэтэл гаргаж дийлэхгүй байсан. Тэр газар очоод бараг 1 цаг гаран болсон. Ямар ч байсан их удсан. Тэгээд бүр дийлэхгүй болохоор нь Ууганбаяр нь Найдан гэх ахыгаа дуудаж ах нь ирж, татаж өгсөн. ******* нүхнээс гарчихаад шууд давхиад яваад өгсөн. Тэгээд машиныг нь татсан олсоо авах гээд Амараа ахын гэр рүү явж байтал зам дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд эмнэлэг орж эмчид хэлсэн. Би зам дээр хэвтэж байсан хүнийг харчихаад шууд ээж, аав руугаа залгаад “зам дээр хүн хэвтэж байна, үхчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн гадаа очиход ээж, аав хоёр араас ирсэн. Тэгээд аав цагдаа дуудлаа гээд явсан ба Ууганбаяр бид 2 эмнэлгийн машиныг дагуулаад араас нь очсон. ...Машиныг нь татаж байхад ******* машин тэргээ хурдан гаргах гээд байгаа юм шиг байсан. Жаахан сандарсан байдалтай байсан. Тэгээд намайг машиныхаа гэрлийг унтраа гээд байхаар нь би их гэрлээ унтраагаад нэмэлт гэрлээ асаасан...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Б.Амарсанаагийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэнэт гэрийн хаалга болон цонх хүн цохиод байхаар нь босоод хартал ******* байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “би машинтайгаа явж байгаад хүн дайрчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хүн дайрчихсан бол тэр газраасаа хөдлөөд явчихсан юм уу?” гэж асуусан чинь “сандраад цаашаа яваад нүх рүү ороод зогссон” гэж хэлсэн. Тэгээд би “чи хаана хүн мөргөсөн юм бэ?” гэж асуухад “хойно төв зам дээр мөргөсөн” гэж хэлсэн. Би яг мөргөсөн газрыг нь заалгах гэтэл төв зам дээр гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би төв зам руу хартал осол болсон шинжгүй, машинууд зүгээр яваад байсан болохоор нь *******той хамт машин руу нь явсан. Тэгсэн чинь манай гэрийн зүүн хойд талд нүх рүү орсон байсан. Тэгээд машиныг нь гаргах гэтэл гарахгүй болохоор нь дүү рүү нь ярьсан чинь дүү нь болох Золжаргал, Ууганбаяр нар ирсэн. ...П.******* нь архи уух нь уусан байсан боловч өөрийн ухаантай зүгээр байсан...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч М.Мөнхтулгын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө 01:30 цагийн орчим унтаж байхад манай гадаа машин ирээд зогссон. Тэгсэн чинь ******* орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ их бодолд орчихсон байдалтай байсан. Тэгээд хэсэг сууж байснаа “би машинтайгаа явж байгаад хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгэж ярьж байснаа “хүн юм болов уу? сүнс юм болов уу? гэж хэлсэн. ******* хэсэг сууж байгаад унтсан. Харин миний нойр хүрэхгүй хулжаад байхаар нь унтахгүй хэвтэж байтал Батхуяг ах, эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд *******ыг босгоод цагдаа руу явна гээд явсан...” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч Г.Батхуягийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө 02 цагийн үед манай эхнэрийн утас руу төрсөн хүү Золжаргал залгаад “******* ах хүн мөргөчихсөн юм уу? шүргэчихсэн гэж яриад байна” гэж ярихаар нь би эхнэртэйгээ гараад *******ын ээжийг аваад бид 3 гараад явж байтал манай хүүхэд дахиж залгаад “яах аргагүй мөргөсөн байна, замын хажууд хүн хэвтэж байна, бид 2 айгаад ойртож чадахгүй байна” гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байр руу явсан. Тэгээд цагдаа дээр ирчихээд эмнэлэг рүү очиж хэлсэн. Эмнэлэг дээр манай хүүхэд Ууганбаяр хоёрыг үлдээчихээд би эхнэр болон *******ын ээжтэй хамт цагдаа дагуулаад нөгөө газрыг хайж байгаад олсон. Тэгсэн чинь Найдан гэдэг айлын чанх ард төв замын урд талд шороон зам дээр нэг хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч Х.Цэнд-Аюушийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач З.Хулан миний эхнэр байгаа юм. Бид хоёр 2017 оноос хойш гэр бүлийн харилцаатай байх болсон. Багахүү 1 ой, 7 сартай Ц.Золжаргал бид хоёрын дундаас гарсан хүүхэд юм. Харин том охин 7 настай Т.Оюунтүлхүүр З.Хулангийн урдны нөхрөөс олсон хүүхэд юм. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Би 2020 оны 09 сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад “Тариан цацрал” ХХК дээрээ очоод хойшоо 100 орчим км “Хар горхи гэх газар луу явсан.Тэгээд 2020 оны 09 сарын 13-ны орой 19 цагийн үед Цагаан нуур сумын төвд ажил дээрээ ирсэн.Тэгсэн манай эхнэр З.Хулан болон хамт ажилладаг Ууганжаргал, Нүрзэд эгч, түүний нөхөр Болдбаатар нар ирээд намайг ажил дээрээс авсан. Тэгээд бид нар Нүрзэд эгчийн автомашинтай сумаас урагшаа толгой дээр гараад 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэр архийг Болдбаатар ах, талийгаач*******, Ууганжаргал бид дөрөв хувааж уусан.Тэгээд ахиад нэгшил 0.75 литрийн Вит /нэртэй байсан байхаа/ архи аваад бид нар бүгдээрээ манай гэрт очсон. Талийгаач******* нилээн согтуу байсан. Тэгээд авсан архиа ууж дуусгаагүй талийгаач гэрээс гарлаа гэдгээ хэлэхгүйгээр явчихсан байсан. Би араас нь*******г хайгаад “Залуус” хорооллын гудамжаар хайж явсан. Тэр үед ц^г 21 цаг 30 минут болж байсан байх. Тэгээд би*******г манай хүргэн Ганбатын гэрт ороод унтчихсан юм байх гэж бодоод тоогоогүй. Тэгээд удаагүй 22 цагийн үед Болдбаатар ах, Нүрзэд эгч, Ууганжаргал нар манай гэрээс хамтдаа явцгаасан...” гэх мэдүүлэг[11],
12. Гэрч Г.Ууганжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд сумын урд овооны доор автомашинтай зогсож байгаад Нүрзэд эгчийн авсан 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи хувааж уусан. Тэгээд бид нар*******гийн нөхөр Цэнд-Аюушийг ажил дээрээс нь очиж авсан. Бид нар нийлээд сумын урд овоон дээр гараад ууж байсан архиа дуусгасан. Тэгээд Цэнд-Аюуш нэг шил архи авчих, гэрлүү очье. Автомашинд тухгүй байна гэсэн чинь******* дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгээд талийгаач*******гийн гэрт нь очсон.******* нилээн согтуу байсан бөгөөд гэртээ авч очсон архиа ууж байхдаа л гадагшаа гарна гээд тогтож чадахгүй байсан. Цэнд-Аюуш бол сүүлд уулзсан болохоор эрүүл байсан. Тэгээд*******г гэрээсээ гарах гээд байхаар нь би*******г орон дээр нь хэвтүүлсэн юм. Тэгсэн чинь******* ахиад босоод ирчихсэн гарна гээд байж байсан. Тэгээд удаагүй Болдбаатар ах, Нүрзэд эгч бид гурав Цэнд-Аюушийн гэрээс гараад би гэр рүүгээ харьсан. Намайг гэрт очиход 22 цаг болж байсан. Тэгсэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад манай ажлын ээлжийн сувилагч Цолмон миний утас руу залгаад******* автомашинд мөргүүлээд нас барчихсан байна гэнээ. Яаралтай ажлын хүмүүсийг цугла гэж байна гэсэн. Тэгээд би ажил дээр ирсэн. ...Анх очиход Цэнд-Аюуш,******* нарын хоёр хүүхэд нь гэртээ байгаагүй. Болдбаатар ах, Нүрзэд эгч бид гурвыг Цэнд-Аюушийн гэрээс явахад Цэнд- Аюуш гэртээ байсан. Харин*******г гэртээ байсан үгүйг би санахгүй байна. Ямар ч байсан Цэнд-Аюуш 00 орчихоод гарч ирж байсан...” гэсэн...” гэх мэдүүлэг[12],
13. Гэрч Ч.Нүрзэдийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Болдбаатар, Ууганжаргал бид гурав Цэнд- Аюушийн гэрээс орой 22 цаг болж байхад гарахад Цэнд-Аюуш гэртээ үлдсэн.******* гэрээсээ гарчихсан байсан. Тэгсэн нөхөр нь*******г хойшоо хүргэн Ганбаагийн гэрлүү явчихдаг юмаа гэж байсан юм. Ер нь гэрт нь байж байхад л******* гарч ороод яваад байсан юм.******* их согтуу байсан...” гэх мэдүүлэг[13],
14. Шүүгдэгч П.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Манай гэр сумын төвөөс хойшоо байдаг учир харих санаатай “Залуус” хорооллоос зүүн хойшоо шороон замаар явж байхад баруун гар талаас нэм юм гэнэт өнхрөөд ороод ирэх шиг болсон. Тэгээд би тормоз гишгэж чадаагүй, тэр зүйл автомашины дугуйны голоор гарах шиг болсон. Тухайн үед би 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Тийм удаан явж байгаагүй юм. Тэгээд би хүн дайрчих шиг боллоо гэж бодоод ойролцоогоор 300-400 метр хол яваад эргээд юу дайрснаа харах гээд буцаад очих гэж яваад бороо ороод үерийн ус болчихсон шуудуунд орчихсон. Тэгээд би хүн дайрсан газар руугаа яваагүй...” гэх мэдүүлэг[14],
15. Гэрч Г.Хажидмаагийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би гурван хүүтэй. П.******* манай бага хүү байгаа юм. Цагааннуур сумаас баруун зүгт 60-70 км орчим газарт мал малладаг. Эхнэр, 3-7 насны хүү, охины хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой. Манай хүү тамхи татдаггүй, архи уудаггүй хүүхэд байгаа юм. Дөлгөөн ааш зантай, хүмүүстэй мэнд, устай явдаг. Ян бүрийн муу зуршилгүй...” гэх мэдүүлэг[15],
16. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.З.Хулангийн биед гавал тархины ил гэмтэл: Гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, олон хавирганы хугарал, баруун зүүн уушгины хатгагдсан олон тооны шарх, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун чамархай, баруун шанаа, зүүн чих, баруун бугалга, баруун зүүн гуянд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, зүүн эрүүнд цус хуралт бүхий, ар нуруу, баруун шилбэ тавхай, зүүн хөлний шагай, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гадны хүнд биетийн хүчтэй цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой гэмтэл. 3. Талийгаач 3.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болмон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Талийгаач З.Хулан нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 5. Талийгаач З.Хулан нь тухай гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна. 6. Талийгаач З.Хуланд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тухайн гэмтлүүдийг авсан даруйдаа амь насаа алдсан байна. 7. Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. 8. Талийгаач З.Хулан нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 9. Талийгаач З.Хулан нь ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ. 10. Талийгаач З.Хулан нь гавал тархины ил гэмтэл, гавал ясны цөмөрсөн хугарал тархины эдийн эвдрэл, няцрал, олон хавирганы хугарал, баруун зүүн уушгины хатгагдсан олон тооны шарх, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт зэрэг хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт[16],
17. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн “...1. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн залуус гэр хорооллын шороон замд жолооч П.******* нь цэнхэр өнгийн 06-95 СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад З.Хуланг дайрч амь насыг нь хохироосон нь зам тээврийн осол мөн. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 /Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; 2. Портер-2” маркийн 06-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно. /Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 3. Явган зорчигч З.Хулан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг 5.2 Харанхуй үед гэрэлтүүлэггүй зам болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зам буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл эд зүйлстэй явбал зохино гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 4. Жолооч П.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт[17],
18. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22. Бичиг баримт хураан авсан тэмдэглэл, хуулбарууд[22], 23. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[23], 24.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[24], 25.П.*******ын “Төрийн банк”-ны дансны хуулга[25], 26.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], 27. Шүүгдэгч П.*******ын тээврийн хэрэгслийн лавлагаа[27], 28.Шүүгдэгч П.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа[28], 29. Шүүгдэгч П.*******ын оршин суугаа газрын тодорхойлолт[29], 30.Шүүгдэгч П.*******ын хувийн баримт тогтоосон баримт[30], 31.Хохирлын баримт[31], 32.Талийгаач З.Хулангийн зээлийн гэрээний хуулга[32], 33.Хохирогчоос шүүх хуралдааны шатанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт, мөн өмгөөлөгчийн 2,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Талийгаач согтуу байсан уу гэдэг дээр дүгнэлт хийлгэх гээд байх шиг байна. Шүүх хуралдаан өөрөө хүмүүжлийн шинж чанартай. Тийм учраас хэн хэнийгээ бодох хэрэгтэй. Хохирол төлбөр дээр: Бид нар эрүүгийн хэрэг шийдэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч ямар зохицуулалтаар шүүх нотлох баримтыг эх хувиар эсвэл нотариатаар баталгаажуулсан байх гэж заасан байсныг харсан бэ? Нөгөөтэйгүүр бид нар хууль тогтоомжид нийцүүлэх нь зүйтэй. Та нараас хүүхдээ алдсан хүн ганц хоёр зуун мянган төгрөг нэмээд яахав дээ. Байгаа баримтаа бид нар гаргаж өгсөн. Үүнийг шүүх үнэлэх үүрэгтэй. Цаг үеийн нөхцөл байдал дүгнэлт хийгээрэй. Хуулийг битгий дур зоргоороо тайлбарлаарай. 8,000,000 төгрөгийн асуудал байна. Энэ бярууг бид нар хэлэлцээгүй 600,000 төгрөг үнэлэх асуудлыг хэлэлцээгүй. Бяруугаа буцаагаад ав. Нөхцөл байдал ийм байна. Гэхдээ энэ цаана нь эрдэнэт хүний амь нас хохирсон. Ард нь хүүхдүүд үлдсэн. Энэ хүний цалинг хүүхдүүд нь авах боломжтой байсан байна. Үүнийг одоо хэлэлцэхгүй гэвэл иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. Хуульд нийцэхгүй нотлох баримтыг хэлэлцэхгүй орхичих” гэсэн санал, дүгнэлтийг хийсэн.[33]
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Бид нарын зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хохирол төлбөр 8,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирол төлбөрийн тал дээр санал санаачилга гаргаж байсан. Талийгаач*******гийн төрсөн аав нь мөн уулзаад хууль ёсны хохирогчоор тогтоогдсон хүнд хохирол төлнө гэж хэлсэн. Монгол улсад цар тахалтай үед биечлэн уулзах боломжгүй нөхцөл байдал байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгч оршуулгын төлөөлөгч 15,000,000 төгрөг гаргасан гэж хэлсэн. Би үүний баримтыг хуулбарлаж аваад тооцоход 9,152,900 төгрөг гэсэн баримт гаргаж байгаа. Ажил явдалд 1,000,000 төгрөг өгсөн. Нэг бярууг 600,000 төгрөг гэж мөрдөгч хэлсэн байсан. Шүүх хурал дээр 8,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн. Тэгэхээр оршуулгын бодит зардал дууссан гэж үзэж байна. Хохирогчийн талаас цалингийн талаарх албан бичиг авчирсан байна. Нийгмийн хамгааллын тушаал дээр сүүлийн 3 сарын цалингаар дундаж тогтоодог. Энэ баримт нь нотариатаар гэрчлээгүй байна. Түүнээс биш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхэнд халдаагүй гэдгийг хэлмээр байна. Энэ баримт яагаад нотлох баримтаар тогтоодохгүй гэхээр хаанаас хэзээнээс авсан талаар тодорхойгүй. Хүний гар дээр тавьсан зэд дээр 1,777,000 төгрөг баримт, 457,000 төгрөг баримт байна. Үүнийг дээд шүүхийн тайлбар дээр оршуулгын бодит зардал дээр хамаарахгүй гэж заасан байна. Нөхөн төлбөр дээр 508,3-д зааснаар түүнийг тэтгэвэр зөрүү гаргахаар хууль үйлчилж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдалд заналхийлсэн зүйл ярьж болохгүй. Зээлийн асуудал дээр зээлдэгч өөрөө нас барсан тохиолдолд эрсдлийн санд оруулдаг. Хэрвээ оруулаагүй бол энэ талаарх баримтаа шүүхэд өгөх хэрэгтэй. Яагаад ийм зүйлийг яриад асуугаад байсан юм бэ? гэхээр энэ зүйл дээр анализ хийх үүднээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шаардсан. Гялс төгрөг гэх ломбардад мөнгө төлсөн гэх асуудал яригдаж байгаа. Үүнийг миний үйлчлүүлэгч аваагүй учраас үүнийг гаргах боломжгүй гэж үзэж байна. Тэтгэмж тогтоосон хуудас нь хүүхдийн хэдэн сар авч байна гэх баримтаа гаргаж өгөөгүй. Үүнийг авч байгаа дэвтэр байдаг. Үүнийг мөн шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өгсөн баримт дээр өндөр нас гэж бичсэн байна. Үүнийг ойлгомжгүй байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[34]
Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг Эрүү, Иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 6.1.4-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тогтооно” гэж тайлбарлажээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн “...Хүний гар дээр тавьсан зэд дээр 1,777,000 төгрөг баримт, 457,000 төгрөг баримт байна. Үүнийг дээд шүүхийн тайлбар дээр оршуулгын бодит зардал дээр хамаарахгүй гэж заасан байна” гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм.
Хүний амь нас хохироогүй бол оршуулгын зардал гарахгүй, амь хохирогчийн ах дүү, төрөл, төрөгсөд, ойр дотны хүмүүс, оршуулгын ажил явдалд оролцох хүмүүсийн гар дээр тавих буяны зүйл “Зэд” авахгүй байх байсан. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул оршуулахтай холбогдон гарах зардал, зэд, 49 хоногийн зардал, гэм хор учруулсны төлбөр гарах нь зайлшгүй шалтгаант холбоотой гэж үзнэ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд түүний ард (2 нас, 8 сартай хүү, 8 настай охин) 2 хүүхэд өнчирөн хоцорсон тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ******* нь шүүгдэгчээс нийт 26,607,840 /хорин зургаан сая зургаан зуун долоон мянга найман зуун дөчин/ төгрөгийн хохирол, гэм хорын төлбөр нэхэмжлэх эрхтэй. Үүнд: Оршуулгын зардал 15,335,820 төгрөг /13,321,668 (оршуулгын зардал)+1,714,152 (49 хоног зардал), цалингийн зээлийн үлдэгдэл 10,375,000 төгрөг, талийгаачийн Баянмөнх ломбарданд тавьсан гинжийг авсан 262,500 төгрөг, Гялс төгрөг ХЗХ-ноос авсан зээл 634,520 төгрөг, 2-8 насны 2 хүүхдэд 18 нас хүртэл гарах гэм хорын төлбөр, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 10 минутын завсарлага авч, шүүгдэгч П.*******ын зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 8,000,000 /найман сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. Ажил явдлын үеэр 1 сая төгрөг нөхөн төлсөн байна.
Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******оос оршуулгын зардалд 17,607,840 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,
-мөн журмын 3.4, 5.1-д зааснаар шүүгдэгч П.*******оос насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулах нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч А.Энхтуяагаас: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон мөн хуулийн 27.11 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймээс шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирол төлбөр зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 4 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эдгээрийг нэмж нэгтгэн нийт 4 жил, 9 сар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна..” гэсэн ялын саналыг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “Прокурорын тавьсан саналтай санал нэг байна. Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдэж байгаа арга барил, хэргийн газрыг орхин явж байгаа гэх зэрэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ял шийтгэлийн хувьд нөхцөл байдалд нь дүгнэлт хийгээрэй гэж хэлмээр байна” гэсэн санал, дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас: “Миний хувьд жилийн хугацаанд үнэхээр хэцүү байлаа. Охин үрээ алдсан эх хүн. Нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Би хүн шүү дээ. Ирээд уулзсан бол эргээд би энэ хүнийг бодох байсан. Гэтэл намайг хүн гэж үзээгүй. Үр хүүхдээ мөнгөөр үнэлж байгаа юм шиг үнэхээр хэцүү байна. Маш их гомдолтой байна. Намайг үл тоож байгаа байдалтай байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгээс: “Хохирогчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Нөхцөл байдлыг хараарай гэж хэлсэн. Бидний зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй гэж хэлсэн. Энэ хүн өнөөдрийг хүртэл харамсан гашуудаж ирсэн. Өөртэй чинь уулзах гэж олон удаа оролдсон. Тулаад уулзах гэхээр хэцүү байдаг юм байна гээд хохирогчийн төрсөн эцэгтэй нь уулзаад хэлж байсан. Сэтгэл гаргаагүй зүйл байхгүй юм шүү гэдгийг хэлмээр байна. Таныг охиноо мөнгөөр үнэлсэн гэж хэн ч бодоогүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөр дээр ямар нэгэн маргаан байхгүй нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд хорих ялын хэмжээг доош татах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн зүйл ангид багтаж байна. Энэ гэмт хэрэг өршөөлд хамрагдаж байх тул өршөөлд хамруулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Шүүгдэгч П.*******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хүний амь насыг хохироосон, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлэхгүйгээр хэргийн газраас зугатаасан үйлдэл нь түүнд оногдуулахад ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзсэн.
Шүүхээс шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх тус тус хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолбол зохилтой.
Энэхүү хэрэгт битүүмжилсэн 06-95 СЭҮ улсын дугаартай, “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч П.*******т буцаан олгох нь зүйтэй.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн өмдний материалын хэсэг, бор шаргал өнгийн үс, хөх өнгийн джинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Шүүгдэгч П.*******т энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хоривол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан: “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх тус тус хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх тус тус хэсэгт зааснаар 720 цаг (720х8 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******т оногдуулсан 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
6. Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын төлбөр 26,607,840 /хорин зургаан сая зургаан зуун долоон мянга найман зуун дөчин/ төгрөгнөөс шүүгдэгч П.******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9,000,000 /есөн сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******оос оршуулгын зардалд үлдэгдэл 17,607,840 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д тус тус зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,
-мөн журмын 3.4, 5.1-д зааснаар шүүгдэгч П.*******оос насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд нөхөн оруулсугай.
7. Энэхүү хэрэгт битүүмжилсэн 06-95 СЭҮ улсын дугаартай, “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч П.*******т буцаан олгосугай.
8. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн өмдний материалын хэсэг, бор шаргал өнгийн үс, хөх өнгийн джинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9. Шүүгдэгч П.*******т энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ