Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 175/ШЦТ/114

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Ц.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А ”танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шалбаг овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2131002210147 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,*******гийн *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.*******тай маргалдаж, нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.*******тай маргалдаж, нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]

2. Хохирогч Б.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 01 цагийн алдад Атар гэх газар руу очоод 6 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй “Соёолж” нэртэй пиво аваад буцаад гэр рүүгээ явж байтал гадаа хүчтэй бороо ороод машин маань хий эргээд явж чадахгүй болсон. Тэгээд зам гайгүй болохыг хүлээх зуур Булгаа гэх хүнтэй хамт 3 пиво хувааж уусан. Зам гайгүй болохоор нь гэр рүүгээ хөдлөөд зам муухай байгаа байх гэж бодоод голынхоо доогуур тойроод явж байтал Шагдар гэж айлын адууны хашаанд хүмүүс адуу бариад байхаар нь очоод машинаасаа буугаад бүх хүмүүстэй “Сайн байна уу?” гэж мэндэлсэн. Тухайн үед ******* буюу Жагаа хочтой залуу юм дуугарахгүй байхаар нь 2-3 удаа сайн байна уу гэж асуусан боловч дуугарахгүй байсан. Би түүнд хандаж “чи яасан сонин юм бэ? хүн сайн байна уу? гэж мэндлээд байхад дуугарахгүй юм” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Удалгүй ******* гэр лүүгээ яваад дүү *******ыгаа дагуулаад ирсэн. Би хэсэг байж байгаад явах гээд эргэж хараад явж байтал миний араас гүйж ирээд цохиж унагаагаад дээрээс дэвссэн. Үүний дараагаар би ямар нэг юм санахгүй байгаа. Хэсэг ухаангүй байж байгаад босоод иртэл миний зүүн талын хацар хэсэг бүхэлдээ өвчин орчихсон, хөндүүртэй цус гарсан байдалтай нэг л биш болчихсон байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Ц.*******ын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Шагай морь бариад өгөөрэй гээд тэр хавийн хүмүүст хэлсэн байсан. Намайг гэрт байхад Жагаа ах орж ирээд хамт явсан. Морины хашаан дээр очиход Лхагвасүрэн наад талд нь ******* зогсож байсан. Бид 2 очиход Боогий нэлээн согтсон байдалтай найгаад бид хоёр луу ирээд ална шүү гээд л хүрээд ирсэн. Тэгсэн Жагаа ах хөөш чи нааш ирээ хоёулаа учраа олоё, дүүг зүгээр байлга гээд цааш нь дагуулаад аваад явсан. Тэр үед би *******гийн хамт явсан залуутай юм яриад зогсож байсан. Боогий, Жагаа ах хоёр заамдалцаж аваад цохилцсон. Тэгэхээр нь би тэр хоёр луу гүйж байхад Боогий арагшаагаа эргээд унаж байсан. Би Жагааг аваад тэндээс явсан. Тэнд байсан хүмүүс явсан. Би *******д ганц ч гар хүрээгүй. Бидний хооронд муудалцаж маргалдах зүйл гараагүй...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ц.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жагаа надад мотоциклоо өгч бай гэртээ оччихоод ирье гээд унаад явсан араас нь шорттой унаж тусаад байсан согтуу залуу ална аа чамайг гээд байсан. Оолоо ирээд нөгөө хоёртой мэндлээд хүмүүс адуугаа тууж байна, уул руу гарчихвал та хоёр тууж өгөхгүй гээд Лхагвасүрэн бид хоёрыг явуулсан. Бид хоёр цаашаа явж байхад хашааны тэнд ******* *******г цээжин хавьд нь өшиглөөд унагаахад ******* унахдаа хашаа мөргөж унасан. ******* босож ирэхдээ зүүн шанаа хавиас нь цус гарсан байдалтай босож ирсэн. Босож ирээд хамт явсан залуу нь цагаан өнгийн портерт суулгаад аваад явсан. *******гээс өөр хүн *******г цохиж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг[4],  

5. Гэрч С.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* Шагай руу дайрахаар нь манай нөхөр бид хоёр салгасан. ******* согтуу хөл дээрээ чүү ай тогтоод хүмүүс рүү дайраад байсан. Бас хажуудаа Эрдэнэт билүү Булганых гээд нэг хүн дагуулсан явж байсан....” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч С.Лхагвасүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг эмнэг бариад зогсож байхад “та нар мэнд ус асуухгүй том болжээ” гээд Жагаа руу дайраад байсан. ...Оолоо ирээд мэнд ус мэдэлцээд “та нар боль наад морь малыг та нар уулнаас авчрахгүй, наад хэд чинь авчрах гэж зовно шүү” гэж хэлээд “сайхан танилцая” гэсэн. Би нөгөө эмнэг морины бугуйлнаас барьсан байхад хойд талд хүмүүс түчигнээн болсон...” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Ц.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[7],

8. Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 299 дугаартай шинжээчийн: “...1.Б.*******гийн биед эрүү ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8], 9.Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас[9], 10.Эмнэлгийн баримтууд[10], 11.Өвчний түүх[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******д эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг нөхөн төлснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсан болно.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шалбаг овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ