Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/584

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ө.Т / өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарууд овогт Өлзийбатын Тд холбогдох эрүүгийн 2111 00000 0675 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 11 байрны 57 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шарууд овгийн Өлзийбатын Т, /РД: ..../,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн орчим иргэн Э.Энхбатыг “18-89 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо унтаж байхад нь “Самсунг А-21 эс” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 476,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь                                

Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2021 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах хогийн цэг дээр дөнгөж үүр цайгаад өглөөний 06 цагийн үед очиход хогийн цэг дээр цагаан саарал өнгийн приус маркийн машин байсан ба машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр нэг залуу баруун талын цонхоо онгойлогчихсон унтаж байхаар нь машин дотор байсан хар өнгийн гар утсыг баруун гараараа чимээ гаргахгүйгээр сэмээрхэн аваад улмаар тэр гар утсыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн гадна талд гар утас зардаг ченж залууд тэр өдрийнхөө 08 цагийн үед 70,000 төгрөгөөр зарсан. Тэгээд 70,000 төгрөгөө бэлнээр аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Родон бөмбөгөр” худалдааны төвийн 1 давхрын архи, пивоны худалдааны тасгаас 0.75 литрийн 2 ширхэг “Хараа” гэх нэртэй архи, үзэмний шүүс ундаа, мөн 5 ширхэг хуушуур худалдаж аваад “Бөмбөгөр” худалдааны төвийн надтай хамт архи ууж, тэнэмэл байдлаар амьдардаг найзуудтайгаа дээрх архийг хуваагаад уугаад сууж байхад цагдаа нар ирээд танай цагдаагийн хэлтэс дээр авчираад дараа нь шууд эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хоносон. Тэр гар утас хар өнгөтэй байсан ба гадуураа ямар нэгэн гэр, хавтасгүй бөгөөд тухайн гар утасны маркийг огт мэдэхгүй байна. Мөн тэр өдөр надтай хамт Баяраа явж байсан хэдий ч Баяраа намайг гар утсыг машины цонхоор хулгайлаад авч байгааг хараагүй, дээрээс нь шууд мэдээгүй, мөн би тэр гар утсыг авангуутаа өмднийхөө баруун талын халаасандаа хийгээд авсан явсан. Миний хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг яаралтай шийдэж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн гар утсыг буцааж хүлээлгэж өгч, хохирлыг бүрэн барагдуулсан. Би 2005 онд нөхөр маань нас бараад тэр өдрөөс хойш миний бие сэтгэл санаагаар унаад гэр орноосоо яваад, архинд орж, одоо байнгын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төв” “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо лааз сав цуглуулах түүнийгээ тушааж худалдах зэргээр мөнгө олж өдөр өдрөө өөрийгөө залгуулж, тэнэмэл байдлаар амьдарч байна. Миний бие 4 хүүхэдтэй, хамгийн бага хүү Бямбасүрэнгийн Сугарсүрэн нь 18 жилийн турш Бүгд Найрамдах Япон Улсад амьдарч байна, мөн том хүү Бямбасүрэнгийн Санчигсүрэн Хаан банканд эдийн засагч ажилтай, дараагийн хоёр дахь хүүхэд том охин Бямбасүрэнгийн Хонгорзул Капитрон банкны эдийн засагчаар ажиллаж байгаад одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Харин бага охин Бямбасүрэнгийн Алтанзул нөхөртэй хамт Бүгд Найрамдах Солонгос Улс Монгол Улс хооронд амьдарч байгаа. Хүүхдүүд намайг харж ханддаг хэдий ч би өөрөө архичин болчихсон ба би өөрөө тэд нарт дараа болоод яах вэ гээд явж байна даа. Би өөрөө 2013 онд тэтгэвэрт гарсан ба 8 жилийн турш тэтгэврээ авч байна, сард тэтгэврийн мөнгө 350,000 төгрөг ордог ба тэр мөнгөөрөө архи уучихдаг юмаа. Мөн би 1979 онд Монгол Улсын их сургуулийн химийн ангийг биологич мэргэжлээр төгсөөд одоогийн 82 дугаар сургууль.. Төмөр замын 51 дүгээр сургуулиудад хими, биологийн багшаар ажиллаж байгаад багшийн ажлаа 2013 оноос тэтгэвэртээ гараад хийхээ больсон ба 2015 онд тэнэмэл байдалтай амьдарсан...” гэх /хх-ийн 41-43х/,

Хохирогч Э.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед хувиараа такси үйлчилгээнд явахаар өөрийн “15-89 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гарсан. Гадуур хүн зөөж таксинд явсаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 03 цаг өнгөртөл явсан ба нойр үнэхээр хүрээд байсан учир Бөмбөгөр худалдааны төвийн ард байрлах Орон зай төвийн хогийн цэгийн орчим машинаа байрлуулж тавиад унтсан. Тэгээд 05 цагийн үед сэрэхэд миний цээж хэсэгтээ тавиад унтсан гар утас маань байхгүй байсан, машин дотроо хайгаад олоогүй, гар утсанд хийж ашиглаж байсан 88242624 дугаарын утас руу залгахад утас дуудаад авахгүй байсан. Миний машин дотроосоо алдсан гар утас “Самсунг А-21 эс” загварын гар утас байсан. “ гэх /хх-ийн 18-20х/,

Гэрч Г.Төрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн үед “Теди” гар утасны худалдааны төвийн гадаа ирж иргэдээс гар утас худалдан авч, зарахаар зогссон. 08 цагийн үед 60 гаран насны эмэгтэй ирээд манай охины гар утас байгаа юм, эгч нь зараад буудал орж ус цасанд орох гэсэн юм, 100,000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Барьж яваа гар утсыг нь үзэж хараад, гайгүй гар утас байхаар нь 70,000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд за тэгье надад гар утасны маань сим картыг аваад өгчих гэсний дагуу би гар утасны дотор байсан сим картыг гаргаж өгөөд, бэлнээр 70,000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Тэгээд тухайн утас кодтой байсан учир кодыг нь тайлаад өөрийн машины урд талын хайрцагт хийсэн. Маргааш нь надад гар утас зарсан 60 гаран насны эмэгтэй цагдаагийн алба хаагчийн хамт ирж надад хулгайн гар утас зарсан болохоо тайлбарласан учир би цагдаагийн алба хаагчид гар утсыг хураалгасан. Тухайн 60 гаран насны эмэгтэйн надад зарсан утас “Самсунг А21 эс” загварын гар утас байсан. Ард таг нь бараан өнгөөр солонгорсон, ардаа хурууны хээ уншдаг, дэлгэцийн зүүн дээд буланд камертай гар утас байсан. ...Тухайн 60 орчим насны эмэгтэй хүн надад гар утас зарах үедээ ганцаараа явган ирсэн байсан.” гэх /хх-ийн 27-28х/,

 Дамно ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” зэрэг болно. /хх-ийн 30-31х/,

 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-ийн 11-14х/,

 Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7х/,

 Гэрч Г.Төрбат нь “иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож, мэдүүлэг өгөхгүй, 70,000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 58х/,

Шүүгдэгч Ө.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/,

Ял шалгасан хуудас /хх-ийн 49х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Т нь өөрийн гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн орчим иргэн Э.Энхбатыг “18-89 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо унтаж байхад нь “Самсунг А-21 эс” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 476,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх, шүүгдэгч Ө.Тд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирогч ямар нэг гомдол саналгүй гэх зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ө.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт нийт 11 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргасныг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарууд овгийн Өлзийбатын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт нийт 11 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргасугай.

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Тыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×       П.АРИУНБОЛД